Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2017/00693

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт оршин суух, Б овогт Жы Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БӨ Сургуульь /захирал Х.Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч БӨ Сургуульийн захирал Х.Х, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Н шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 8 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 2920900 төгрөг, ажилгүй байсан хугацааны 8 сарын цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлд 312300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож өгөх тухай.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Ж.Б намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар БД Сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр "Ажилд томилох тухай" 74 тоот тушаалаар намайг тус сургуульд англи хэлний цагийн түр багшаар томилсон юм. Одоо би багшийн ажлыг хийж байна. Ж.Б би ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн юм. Иймд багш Б миний 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ныг хүртэл ажилгүй байсан 8 сарын цалин хөлсний нөхөн олговорт 2920900 төгрөг, ажилгүй-байсан 8 сар хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 312300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн нь 32421999 төгрөг юм гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд ажилгүй байсан. Иймд энэхүү ажилгүй байсан хугацааны олговор 2920900 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Мөн энэ хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 312300 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч БӨ Сургуульийн захирал Х.Х шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Быг ажил олгогч захирал Х.Х 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 74 тоот тушаалаар мэргэжлийн дагуу Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/ 00065 шүүхийн магадлал Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Англи хэлний цагийн түр багшаар ажилд томилсон. Мэргэжлийн дагуу ажиллаж байгаад Ж.Б нь би Иргэний хэргийн анхан шатны шийдвэр, Аймгийн эрүү.иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний боловсролын хичээл заах ёстой гэж Аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хандсанаар 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын 81 тоот тушаалаар Иргэний боловсролын багшаар томилсон. Одоо Иргэний боловсролын багшаар ажиллаж байгаа. Иргэн Ж.Быг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 109 тоот тушаалаар Түүх нийгмийн багшаар түр хугацаагаар томилсон. Учир нь дунд ангийн 7, 8 дугаар ангид Иргэний боловсролын хичээл нь 9 цагтай. Улмаар Ж.Быг мэргэжлийн бус багш гэсэн өргөдөл гомдол ард иргэдээс удаа дараа ирснээр хувийн хэрэг материалуудыг шалгаж үзэхэд мэргэжил нь Англи хэлний багш-Нийгмийн ажилтан тул 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захирлын 02 тоот тушаалаар чөлөөлсөн болно.Ж.Бы нэхэмжлэлтэй танилцахад: 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл 8 сарын цалин хөлсний нөхөн олговор олгуулахыг дурдсан байна. Иргэн Ж.Б 2016-2017 оны хичээлийн жилийн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хичээлийн хуваарьт тусгагдсан цагаар 7 хоногт Иргэний боловсролын хичээл 7, 8-р ангиудад 9 цагийн хичээл ордог. Үндсэн багшаар ажиллаагүй.

Бага дунд боловсролын тухай хуулиар багшийн 7 хоногийн ажлын цаг нь 40 цаг байна. Сургуулийн багш 7 хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил 6 цагтай тэнцэх буюу ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ноогдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана гэж заасан байдаг. /БСШУ-ны сайд. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007.08.31 ний 307/91/237 тушаалын 10, 11 дүгээр зүйл заалт/

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007.08.31-ний 307/91/237 тушаалын хавсралтын Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 23, 24 дүгээр заалтыг үндэслэн цагийн хөлс олгодог. Тус журмыг үндэс болгон Ж.Бы ажиллаагүй хугацааны сар бүрийн цагийн тооцоог, цалин хөлсийг дунд ангийн сургалтын менежер А.Ж, ня-бо Д.З нараар тооцоолуулахад 2017 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын 1-ний хүртэлх хугацааны гарт олгох цалин хөлс 442260 төгрөг, НДШимтгэл 64325 төгрөг гарсан байгаа. Харин Ж.Бы ээлжийн амралтын хувьд Монгол улсын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дугаар заалтад заасанчлан, сургуулийн багш нарын СХЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хурлаар хэлэлцэж баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.8 заалтыг үндэслэн цагийн багшаар түр ажилласан багш Ж.Бд амралтын мөнгө олгогдохгүй. Түүнчлэн иргэн Ж.Бы хөдөлмөрийн иргэний ажил амралтын горимд амралт эдлэх хугацаа амралтын мөнгөний хэмжээг тусгаагүй. Энэ нь амралтын мөнгийг нэхэхгүй, олгогдохгүй гэсэн санааг агуулж байгаа юм. Түүнээс гадна Ж.Бы 2017 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны гарт нь олговол зохих 442260 төгрөгөөс Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас тогтоосон актыг үндэс болгон байгууллагад учруулсан хохирлыг суутган авах болно. Иймд иргэн Ж.Бы нэхэмжлэлд дурдсан мөнгийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй, хэсэгчлэн төлөх НДШимтгэлийг 64325 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хариуцагч БӨ Сургуульийн захирал Х.Х шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Бы нэхэмжлэлтэй танилцахад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 8 сарын нөхөн олговрыг гаргуулахыг хүссэн байна. Иргэн Ж.Б нь 2016-2017 оны хичээлийн жилийн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хичээлийн хуваарьт тусгагдсан цагаар 7 хоногт Иргэний боловсролын хичээлийг 7, 8 дугаар ангиудад 9 цагийн хичээл ордог. Үндсэн багшаар ажиллаагүй. Тухайн хичээлийн хуваарийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Бага, дунд боловсролын тухай хуулиар үндсэн багшийн долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг байна. Сургуулийн багш долоо хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил 6 цагтай тэнцэх ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана гэж заасан байдаг. Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тушаалын 10, 11 дүгээр зүйл заалтад байгаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тушаалын хавсралтын Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 23, 24 дүгээр заалтыг үндэслэж цагийн хөлсийг олгодог. Тус журмыг үндэс болгож Ж.Бы ажиллаагүй хугацааны  сар бүрийн цагийн тооцоог, цалин хөлсийг дунд ангийн сургалтын менежер А.Жанал, нягтлан бодогч Д.З нараар тооцоолуулахад 2017 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны гарт олгох цалин хөлс 442260 төрөг, нийгмийн даатгалын шимтгэл 64325 төгрөг гарсан байгаа. 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 5 дугаар сар хүртэлх Ж.Бы багшийн нөхөн олговрын тооцоог сургуулийн сургалтын менежер А.Жаналаар тооцуулж гаргасан. Үүнд зааснаар 1 дүгээр сард сурагчдын амралт 2 долоо хоног болсон. /1-р сарын 06-аас 16-ны өдөр хүрэл/. 1 дүгээр сард 2 долоо хоног ажилласан. Тэгэхээр 9х2=18 цаг, 2+4=6 цаг /1-р сарын 2, 3, 4, 5 өдрүүдэд 6 цагийн хичээл заасан/. 2 дугаар сард цагийн сарын амралт 7 хоног /3х9=27 цаг/, 3 дугаар сард 9х4=36 цаг, 4 дүгээр сард сурагчдын амралт 2 долоо хоног /9х2=18 цаг/, 5 дугаар сард /9х4=36 цаг/ заах ёстой байсан. Үүгээрээ тооцож үзэхэд Ж.Б нь 2017 оны 1 дүгээр сард 24 цаг -109490, 2 дугаар сард 27 цаг-123177 төгрөг, 3 дугаар сард 36 цаг-164235 төгрөг, 4 дүгээр сард 18 цаг-82118 төгрөг, 5 дугаар сард 36 цаг-164235 төгрөг, нийт 643253 төгрөг гарч байгаа бөгөөд үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 64325 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татвар 15000 төгрөг, ашиг орлогын татвар 121670 төгрөг суутгахад суутгалын дүн 200996 төгрөг, гарт олгох хэмжээ 442260 төгрөг байна. Харин Ж.Бы ээлжийн амралтын хувьд Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дугаар заалтад заасанчлан, сургуулийн багш нарын Сурган хүмүүжүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэж баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.8 дахь заалтыг үндэслэн цагийн багшаар түр ажилласан Ж.Бд амралтын мөнгө олгогдохгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.8-д тэтгэвэр тэтгэмж авах эрх үүснэ. Үндсэн багшид ногдох амралтын мөнгө, урамшууллын мөнгө олгогдох бөгөөд цагийн багшаар ажилласан багшид амралтын мөнгө, урамшууллын мөнгө олгогдохгүй гэж заасан. Тийм учраас 2017 оны 07, 08 дугаар сарын амралтын мөнгө олгогдохгүй гэж үзэж байна. Иргэн Ж.Б хөдөлмөрийн гэрээний амралтын горимд амралт эдлэх хугацаа, амралтын мөнгөний хэмжээг тусгаагүй. Энэ нь амралтын мөнгийг нэхэхгүй, олгогдохгүй гэсэн санааг агуулж байгаа юм. Түүнээс гадна 2017 оны 01 дүгээр сарын 06 дугаар сарын 01-ний хугацааны гарт нь олговол зохих 442260 төгрөгөөс аймгийн санхүүгийн албаны Санхүүгийн хяналт аудитын албанаас тогтоосон актыг үндэс болгон байгууллагад учирсан хохирлыг суутгаж авах болно. Иймд нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжилж байгаа мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч БӨ Сургуульийн захирал Х.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Бы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт манай сургууль нь хариуцагчаар оролцож байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр түүний нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлж байсан билээ. Тус хариу тайлбараар Ж.Бд 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад илүү олгосон цалин хөлсийг суутгаж авахаа илэрхийлсэн байсан юм. Тэрхүү илүү олгосон цалин хөлсийг Ж.Бы нэхэмжилж буй үнийн дүнгээс заавал хасуулахын тулд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ж.Б нь 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад үндэслэлгүйгээр илүү цалин хөлс авч байсан нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр актаар тогтоогдсон юм. Хэрэв сөрөг нэхэмжлэл гаргахгүй юм бол Ж.Бы ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо дээрх үндэслэлгүйгээр илүү олгогдсон цалин хөлсний дунджаар тооцогдож болзошгүй байна. Мөн түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны олговроос байгууллагад учруулсан хохирлыг заавал хасаж тооцохгүй бол төрийн байгууллага хохирч үлдэх эрсдэлтэй байна. Ж.Б нь 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад илүү авсан цалин хөлс нь түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй салшгүй холбоотой байх тул илүү олгосон 492996 /дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Ж.Б би БӨ сургуулийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 492996 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэхүү 492996 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасуулахад татгалзах зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч БӨ Сургуульиас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хүртэлх ажилгүй байсан 8 сарын цалин хөлсний нөхөн олговорт 2920900 төгрөг, ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлд 312300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгохыг тус тус хүсжээ.

Хариуцагч БӨ Сургуульийн захирал нь “...Ж.Б 2016-2017 оны хичээлийн жилийн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хичээлийн хуваарьт тусгагдсан цагаар 7 хоногт Иргэний боловсролын хичээл 7, 8-р ангиудад 9 цагийн хичээл ордог, үндсэн багшаар ажиллаагүй, цагийн багшаар ажиллаж байгаа, Ж.Бы нэхэмжлэлд дурдсан мөнгийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй, хэсэгчлэн төлөх, Нийгмийн даатгалын шимтгэлийн 64325 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэж тайлбарлаж маргасан болно. 

Нэхэмжлэгч Ж.Б нь БӨ Сургуульийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийдвэрээр Ж.Быг БӨ Сургуульийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00065 дугаартай магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлалаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь ажлаас халагдаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах үндсэн эрхтэй гэж үзлээ.

Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ж.Б нь ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоноор ажилтан Ж.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажил олгогч урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч Ж.Б нь ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Бы хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 0829458 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр нэхэмжлэгч Ж.Бы ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу ажилтан Ж.Бы ажилгүй байсан хугацааны цалинг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр /10, 11, 12 саруудын/ тооцож ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хариуцагч БӨ Сургуульийн захирал нь “...ажилтан Ж.Б нь 09, 10, 11 саруудад илүү цалин авсан нь улсын байцаагчийн актаар тогтоогдсон, цагийн багш учир Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын хавсралтын Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, зарим албан тушаалтын цалин хөлсийг тооцож олгох журмын 23, 24 дүгээр заалтыг үндэслэн цагийн хөлс олгодог” гэх боловч Ж.Быг ажилд нь эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, уг шийдвэрт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 109 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын талаар дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дурдсан байх ба ажилтныг /багшийг/ цагийн багш, түр багшийн ажилд томилох талаар Хөдөлмөрийн тухай хуулинд зохицуулалт байхгүй учир хариуцагчийн энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч БӨ Сургуульийн захирлын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар хариуцагч Ж.Б нь шүүхэд бичгээр тайлбараа гаргасан учир нэхэмжлэгч БӨ Сургуульийн захирлын шүүх хуралдааны шатанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Бы 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хүртэлх ажилгүй байсан 8 сарын цалин хөлсний нөхөн олговорт 2920900 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлага 492996 төгрөгийг хасаж, 2427904 төгрөгийг хариуцагч БӨ Сургуульиас гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” /шимтгэлийн дүн 11%/, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу ажилтны хууль бусаар ажлаас халагдсан, ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлд 312300 /2920900 төгрөгийн 11%/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, мөн сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, БӨ Сургуульийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 95 дугаартай тушаалууд нь энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Хариуцагч БӨ Сургуульийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66850 төгрөгөөс 61684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 5166 төгрөгийг төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч БӨ Сургуульийн санхүүгээс 61684 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгох нь зүйтэй байна. 

Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бы ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2427904 /хоёр сая дөрвөн зуун хорин долоон мянга есөн зуун дөрвөн/ төгрөгийг БӨ Сургуульийн санхүүгээс гаргуулан олгож, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэлд 312300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг үүрэг болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1- зааснаар хариуцагч БӨ Сургуульийн 492996 /дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ж.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БӨ Сургуульийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66850 төгрөгөөс 61684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 5166 төгрөгийг төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч БӨ Сургуулийн санхүүгээс 61684 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд тус тус олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.Б