Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 118/ШШ2021/0004

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас халах тухай Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий иргэн Ч.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар эгүүлэн томилогдон ажиллаж байгаад Боловсролын тухай хуульд өөрчлөлт орж сургуулийн захирлыг сумын Засаг дарга томилохоор болсон. Хуулийн өөрчлөлтэй холбогдуулан ******* сумын Засаг дарга С.******* 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон. Гэтэл сумын Засаг дарга С.******* нь гүйцэтгэлийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, улс төрийн үйл ажиллагаанд оролцсон тул... үүрэгт ажлаас нь халсугай гэжээ. Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн нэг ч тохиолдол байхгүй, улс төрийн үйл ажиллагаанд оролцсон зүйлгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 47.1.1, 48.1.3 дахь хэсэгт зааснаар үүрэгт ажлаас халж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү Төрийн албаны тухай хуулийн үндэслэл болгосон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд холбогдох зохицуулалт биш байна. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл авсан нь ойлгомжгүй бөгөөд миний хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйлгүй. Өмнө нь аймгийн Засаг дарга намайг 2016 оноос хойш үндэслэлгүйгээр 3 удаа ажлаас чөлөөлж тус бүрт нь Захиргааны хэргийн шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл сумын Засаг дарга нь мөн адил үндэслэлгүйгээр ажлаас халж байна. Энэ... асуудлаар Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1191 дугаартай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгээр ******* сумын засаг дарга С.Доржсэмбэд чиглэл хүргүүлж надад гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй хариуг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн. Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх хүсэлтдээ: Завхан аймаг ******* сумын Засаг дарга Х.******* миний бие нэхэмжлэгч иргэн Ч.*******гийн нэхэмжлэлтэй танилцаад бид хоёр дараах байдлаар эвлэрэн тохиролцож байна. Үүнд: 1. 2020.12.18-ны өдрийн Б/19 тоот захирамжаар ажилд нь эгүүлэн томилсон.

2. НДШ төлж дэвтэрт бичилт хийх, ажилгүй байх хугацааны

3. ЭМД төлж бичилт хийх, ажилгүй байх хугацааны

4. Ажилгүй байх хугацааны хүн амын орлогын албан татварыг төлөх

5. Ажилгүй байх хугацааны цалин болох 3908129 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаар эвлэрэн тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь тус аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас халах тухай Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, энэ талаар шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Эвлэрлийн гэрээнд ...бид дараах байдлаар эвлэрэн тохиролцож байна. Үүнд: 1. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/19 тоот захирамжаар ажилд нь эгүүлэн томилсон, 2. ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийх 3. ажилгүй байх хугацааны эрүүл мэндийн даатгал төлж бичилт хийх 4. ажилгүй байх хугацааны хүн амын орлогын албан татварыг төлөх, 5. ажилгүй байх хугацааны цалин болох 3 908 129 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаар эвлэрэн тохиролцов гэж тусгажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Хариуцагч ******* сумын Засаг дарга Н.*******, нэхэмжлэгч Ч.******* нар нь тийнхүү эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас халах тухай Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ