Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2014/0058

 

2014 оны 01 сарын 29 өдөр                    Дугаар 58                        Улаанбаатар хот

 

Иргэн Н.А, Б.Н, Б.Б, Л.О нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Л.Оргил, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Н.А, Б.Н, Б.Б, Л.О нарын нэхэмжлэлтэй, Эдийн засгийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Н.А, Б.Н, Б., Л.О  нарт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: "... Нэхэмжлэгч Н.А, Л.О, Б.Н, Б.Б нар Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч биш тул тэдэнд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох 6 сарын тэтгэлэг олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Н.А, Б.Н, Б.Б, Л.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О-д түүний өмнө авч байсан 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохыг Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.А, Б.Н, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш давж заалдах , гомдолдоо: “Тус хэргийг

захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийг буруу

тайлбарлан хэрэглэсэн тул захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд зөвхөн Л.О-д холбогдох хэсэгт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Нэр бүхий нэхэмжлэгч нарын Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасны

дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг хуулийн заалт нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалт байсныг захиргааны хэргийн шүүхээс төрийн бүх албан тушаалтанд хамаарна гэж үзэж хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна.

                          Төрийн албаны тухай хуулийн 5.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалыг хамааруулж, мөн хуулийн 11.2-т төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан хаагч байхаар хуульчилсан боловч захиргааны хэргийн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн төрийн албаны шалгалт өгсөн гэдгийг үнэлж бусад нотолгооны ач холбогдол бүхий баримтыг харгалзахгүйгээр төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг Л.Оргилд эдлүүлэхээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Л.О-ын ажлын байр нь Чөлөөт бүсийн ажлын албаны албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7.1-д хуульчлан заасан төрийн захиргааны албан тушаалд хамаарахгүйгээс гадна Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д ороогүй болно.

  1. Засгийн газрын 2009 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдан түр хугацаагаар

ажиллаж байсан орон тооны бус Чөлөөт бүсийн зөвлөлийг Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор татан буулгасан бөгөөд үүнтэй холбоотой уг зөвлөлийн ажлын албыг татан буулгах тухай Засгийн газрын Шадар сайдын тушаал гарсан байна.

Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан уг зөвлөлийн ажлын албаны ажилтнуудад албаны дарга Х.Ганболдын шийдвэрээр байгууллагын цалин хөлсний санд байсан хөрөнгийг нэг сарын тэтгэмж байдлаар олгосныг хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоосон байтал шүүхээс дахин Л.Оргилд тэтгэмж олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийг төсөөтэй хэрэглэж захиргааны эрх зүйн зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч иргэн Н.А, Б.Н, Б.Б, Л.О нар нь Эдийн засгийн хөгжлийн яаманд холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Засгийн газрын 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн талаар баримтлах бодлого, чиглэлийг тодотгон боловсруулах, чөлөөт бүсийг хөгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг судлан, дүгнэлт гаргах, чөлөөт бүсийн хөгжлийн талаар олон улсын туршлага судалсны үндсэн дээр Монголын чөлөөт бүсүүдийн худалдаа, эдийн засгийн ерөнхий төсөөллийг тооцоолон гаргах, чөлөөт бүсийн захирагчийн албаны үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж боловсруулах, Улсын Их Хурал, Засгийн газраас чөлөөт бүсийн талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг удирдан чиглүүлэх орон тооны бус Чөлөөт бүсийн зөвлөлийг байгуулжээ.

Нэхэмжлэгч нар нь энэхүү орон тооны бус зөвлөлд мэргэжилтэн, жолооч зэрэг ажлуудыг эрхэлдэг байсан бөгөөд Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” 63 дугаар тогтоолоор тус зөвлөлийн чиг үүргийг Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлж, Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар тушаалаар татан буулгасан байна.

Нэхэмжлэгч нар нь “төрийн албан хаагчаас орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн тул 6 сарын тэтгэмж авах эрхтэй” гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь тус зөвлөлийн ажлын албанд жолоочоор ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмжийг түүнд олгосон, харин нэхэмжлэгч Б.Н, Н.А нар нь хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах шаардлагыг хангаагүй, төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх боломжгүй, тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч, түүний нэмэгдэл баталгааг хангахад хамааралтай зохицуулалт юм.

Харин нэхэмжлэгч Л.О-ын тухайд Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн болох нь Төрийн албаны зөвлөлийн “Төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн болзол, шаардлагыг хангасан байна.

Иймд нэхэмжлэгч Л.О нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах эрхтэй байх ба тус зөвлөлийн ажлын алба татан буугдахад хариуцагчаас 1 сарын буцалтгүй тусламж олгосон тул үлдэх 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг нэхэмжлэгч Л.О-д олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн

  1. 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.