Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2017/00697

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Ш  овогт Хгийн Тн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт Аийн Кд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б, хариуцагч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А.Кээс 6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 дугаар сард А.К нь надаас 6 сая төгрөг зээлэхийг хүссэн. А.К бид хоёр танилууд болохоор би түүнд итгэж мөнгө зээлэхийг зөвшөөрсөн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй байсан ба хэд хоногийн дараас түүнд 6 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Бид хоёр анх тохиролцохдоо А.К нь 6 сая төгрөгийг 2015 оны 7 дугаар сард өгөхөөр болсон. Улмаар хугацаа нь болж А.Кээс мөнгө өгөхийг шаардахад тэрээр Г банканд төлөх зээлийг "чиний нэрийн өмнөөс би сар болгон төлж байх болно" гэсэн тул би түүнд итгэн явж байсан юм. 2015 оны 6 сард А.Кий хүү К.Б бид хоёр нийлж Г банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн эхэнд 1445,000 төгрөг зээлийн төлбөр төлөх ёстой байсан юм. Гэвч 2017 онд Г банк зээлийн төлбөрөө хугацаанд төлөөгүй гэж К.Б бид хоёрт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэрээр зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт 9731655 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Кийг шүүхэд гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авахад "'Х.Тгаас 6 сая төгрөг авсан маань үнэн, би Г банканд Тгийн зээлийг биш өөрийнхөө хүүгийн зээлийг төлсөн гэж" мэдүүлсэн учраас шүүх Бы нэрийн өмнөөс Г банканд аав нь А.К зээлийг төлж байсан байна гэж дүгнэсэн. А.К миний нэрийн өмнөөс Г банканд төлөх зээлийн төлбөрийг төлсөн байна гэж би бодон 6 сая төгрөгөө нэхээгүй байсан юм. Иймд А.Кээс зээлээр авсан 6 сая төгрөгийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би А.Кд 2015 оны 06 дугаар сард 6 сая төгрөг өгсөн. Хүү нь К.Б бид хоёр хамтарч банкнаас зээл авсан. Тухайн үед А.К надад би чиний зээлийг төлж байгаа шүү гэж яваад байдаг байсан. Би үүнд итгээд явж байсан. Гэтэл нэг өдөр Г банкнаас намайг дуудаад та яагаад зээл төлөхгүй байгаа вэ? гэж асуухад би миний зээлийг А.К төлж байгаа шүү дээ гэж хэлэхэд А.К К.Бы зээлийг төлж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд би гайхаад А.Кээс асуухад би чиний зээлийг төлж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нарын хооронд маргаан гарсан. Өмнөх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Кийг шүүхэд гэрчээр асуусан. Тэгэхэд А.К би Х.Тгаас 6 сая төгрөг авсан маань үнэн, би хүүгийнхээ зээлийг төлсөн гэж хэлсэн. М, С нар бас тэгж хэлсэн. Тийм учраас би хариуцагч А.Кээс 6 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч А.К шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Анеп овогтой К нь 2015 оны 5-р сард Х.Тгаас зээлээр бэлэн 6000000 /зургаан сая/ төгрөг авч байсан нь үнэн. Бид хоёр тохиролцож, би түүний зээлийн дансанд хийж байсан урд шүүх хуралдаанд намайг гэрчээр татахад уг баримтуудыг үзүүлсэн. Т миний хүү Б нарын авсан зээлд миний хамаарал байхгүй. Б хэдийг авч, хэдийг төлснийг мэдэхгүй. Бы зээлийг төлсөн гэж тайлбар хэлээгүй болно гэжээ.

Хариуцагч А.К шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т улаан сайн худлаа хэлж байна. Хэргийн материалтай танилцахад банкнаас Х.Т 30 сая төгрөг авсан, К.Б бид хоёр 12 сая 12 сая төгрөгөөр хувааж авсан, үлдсэн 6 сая төгрөгийг А.К авсан гэж мэдүүлсэн байна. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр банкны ажилтан С гэрчийн мэдүүлэг өгөхдөө 24 сая төгрөгийг зээлийн дансанд хийгээд, үүнийг 8 сая төгрөгөөр 2 удаа гаргаж авсан, үлдсэн мөнгийг дуудлага худалдаанд оролцоно гээд эдгээр хүмүүс гаргаж авсан байна. Эдгээр хүмүүсийн нарийн учир байдлыг хэлэхгүй байгаа. Х.Т, К.Б нар зээлээ төлөхгүй байгаа гээд намайг дуудсан. Тухайн үед К.Баас асуухад таны авсан 6 сая төгрөгийг нэмээд 12 сая төгрөг гэж хэлсэн. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө би Х.Тн зээлийг төлж байна гэж хэлсэн. Тухайн тэмдэглэлд К.Бы зээлийг төлж байна, мөн Х.Тн зээлийг төлж байна гээд 2 газарт бичсэн байна. Тухайн үед тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга тухайн үед ойлгоогүй болоод тэгж бичсэн байх. Гэхдээ тухайн мэдүүлэгт Х.Тн зээлийг төлсөн, К.Бы зээлийг бас төлсөн гэж бичсэн байна. Нэхэмжлэгч Х.Т үндэслэлтэй зүйл ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар тухайн үед 30 сая төгрөг зээл авсан, К.Б бид хоёр 12 сая төгрөгөөр хувааж авсан, үлдсэн 6 сая төгрөгийг А.К авсан гэх үндэслэлгүй зүйл ярьж болохгүй. Худлаа ярьбал хуулийн хариуцлага байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

К.Б Х.Тгаас хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй. Анх бид нар яаж тохиролцсон бэ гэвэл 6 сая төгрөгийг би зээлж авсан маань үнэн. Тэрний дараа Г банкнаас 30 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өгсөн маань бас үнэн. Тухайн үед бид нар өлөн гэдэсний үйлдвэрлэлийг ХАа, Х.Т, К.Б нар хамтарч явуулахаар аман тохиролцоо хийсэн. Тэгээд зээлийг хөөцөлдөж Х.Тгийн нэр дээр зээл авч, Хаан бүргэд ХХК-ний газрын гэрчилгээг барьцаанд тавьсан. Би тухайн зээлийн барьцаалах хөрөнгийг өнөөдөр чөлөөлүүлж авсан. Хаан бүргэд ХХК нь гадаад улсаас 21 аймаг дотор зөвхөн манай аймагт оруулж ирсэн. Х.Т, М хоёр нь миний хүү К.Быг өөртөө уруу татаж 2 жилийн хугацаанд миний уг ажлыг дампууруулсан. Тэгээд уг компани хөрөнгө оруулалтаа татаад 34 сая төгрөгийн төлбөр тавиад явсан. Дараа нь Х.Т, К.Б хоёр бид нар залуу хүмүүс байна энэ ажлыг хийж өгье, хамтарч ажиллая гэж хэлсэн. Миний ажилчин байсан Х.Т, миний хүү К.Б нар ажиллая гэхээр нь татгалзаагүй. Дараа нь хараад байхад тэр ажлыг Х.Т ганцаараа Бугат суманд хийж байгаа нь харагдсан. Нэг өдөр би К.Баас чи энэ ажилд яагаад оролцохгүй байгаа гэхээр нь ааваа тооцоо хийж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би чи юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Бүх ажлыг Х.Т хийдэг байсан. Би К.Баас чи бид хоёр 12,5 сая төгрөг авсан байна, би 6 сая төгрөгийг зээлэндээ хийсэн, чи 6 сая төгрөгийг яасан бэ гэж асуухад надад тодорхой юм хэлээгүй. Тэгээд би түүнд Х.Ттай тооцоо хийх асуудал байхгүй, энэ ажлын үр ашгийг Х.Т ганцаараа үзэж байгаа юм байна гэж хэлсэн. Бид нар анх тохиролцохдоо бид гурав 10 сая төгрөгөөр ашгийг нь үзэхээр тохиролцсон. Гэхдээ би 6 сая төгрөгийг банканд хийж өгье, яагаад гэвэл би урьд нь 4 сая төгрөгийг авсан, та нар үйл ажиллагаа хийгээрэй, борлуулалтыг би хариуцаж өгье гэж хэлсэн. Тэгээд ажилчдын хувцас бүх зүйлийг гаргаж өгсөн боловч үр дүн гараагүй. Х.Тн нэхэмжилж байгаа 6 сая төгрөгийг би авсан гэхдээ банканд хийсэн талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Харин үлдсэн мөнгийг төлж өгнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч А.Кээс 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.К нь “...Миний бие А.К нь 2015 оны 5-р сард Х.Тгаас зээлээр бэлэн 6000000 төгрөг авч байсан нь үнэн. .... Бы зээлийг төлсөн гэж тайлбар хэлээгүй болно” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч хариуцагч А.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтээ танилцаж нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй болно.

Хариуцагч А.К нь “...бид хоёр тохиролцож би түүний зээлийн дансанд хийж байсан урд шүүх хуралдаанд намайг гэрчээр татахад уг баримтуудыг үзүүлсэн” гэж тайлбарлаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 06 дугаар сарын 30, 2016 оны 04 дүгээр сарын 13, 2016 оны 01 дүгээр сарын 22, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус тус зээлийн төлбөрт төлсөн тухай Г банкны орлогын баримтыг /4 ширхэг/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй гэж үзлээ.

Учир нь Г банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй Хгийн Т, Кий Б нарт холбогдох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах иргэний хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэрээр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00079 дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэгдэж, уг анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч А.К, гэрч Б.С нарын мэдүүлгийг, мөн хариуцагч А.Кий нотлох баримтаар гаргаж өгсөн Г банкны орлогын мэдүүлгүүдийг тус тус нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн байх тул уг нотлох баримтуудыг дахин нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хариуцагч А.К нь нэхэмжлэгч Х.Тгаас 6000000 /зургаан сая/ төгрөгийг зээлээр авснаа хүлээн зөвшөөрч байгаа ба уг мөнгийг одоо хүртэл төлөөгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд харилцаа үүсэж, зээлдэгч Х.Т нь зээлдүүлэгч А.Кий өмчлөлд мөнгө зээлүүлж, тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хариуцагч А.К хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Тн хариуцагч А.Кээс 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Х.Т, К.Б нарын Г банкны Баян-Өлгий салбараас авсан зээлд огт хамааралгүй үйл баримт гэж үзлээ. 

Иймд хариуцагч А.Кээс 6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгож, нэхэмжлэгч Х.Тн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу А.Кээс 110950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн СД диск нь хуулинд заасан нотолгооны шаардлага хангаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Аийн Кээс 6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хгийн Тд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Тн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Кээс 110950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.Б