| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0068/э |
| Дугаар | 2019/ШЦТ/74 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам, Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Мөнхөө, Шүүгдэгч: Б.О, Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б О, Я овогт Нийн О нарт холбогдох эрүүгийн 1935000850051 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг Баазын хашаанд оршин суудаг, регистрийн дугаар ОЮ98072513, Б овгийн Б О.
Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, ээж, 4 дүү, охин нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 08-10 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ОИ92060203, Я овгийн Нийн О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.О, Н.О нар нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ Улаангом захын А-5 тоот лангуунаас хохирогч Ч.Жгийн монетон гинж 2 ширхэгийг хулгайлж 374.400 /гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
2 Шүүгдэгч Б.О, Н.О нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.О, Н.О нар нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ Улаангом зах А-5 тоот лангуунаас хохирогч Ч.Жгийн монетон гинж 2 ширхэгийг хууль бусаар авч, хохирогчид 374.400 төгрөгний хохирол учруулсан болох нь
хохирогч Ч.Жгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 02-ны өглөө Улаангом сумын захын А-5 тоот лангуугаа нээгээд 09 цаг дөнгөж өнгөрч байтал улаан өнгийн куртиктэй 25-28 орчим насны эмэгтэй ирээд монетон ээмэг үзье гэж хэлэхээр нь би хайрцагтай ээмэг гаргаж үзүүлтэл уг эмэгтэй 2 ээмэг зүүж үзээд нэг ээмгийг нь худалдаж авахаар сонгочихоод дахин надаас монетон гинж байна уу, ээмэгтэйгээ тохируулж авмаар байна гэж хэлээд нэг монетон гинж үзэж байтал нэг эрэгтэй залуу ирээд эрэгтэй хүний хүзүүний гинж байна уу гэхээр нь би байгаа гэж хэлээд хайрцагтай хүзүүний гинж үзүүлсэн. Тэгтэл нөгөө залуу 2-3 ширхэг гинж хүзүүндээ зүүж байхаар нь хамгийн сүүлд зүүсэн гинжийг нь үзээд нөгөө залууд хандан наадах гинж чинь чамд том байна гэж хэлтэл нөгөө залуу өөр гинж үзэж байгаад явсан. Тухайн үед миний лангуунаас ээмэг үзэж байсан эмэгтэй нөгөө залуу явсны дараа ээмэг авахаар болоод мөнгө гаргаж тоолж үзээд мөнгө хүрэхгүй байна гэж АТМ-ээс мөнгө аваад ирье гэж хэлээд яваад 1-2 минут болоод эргэж ирээд нөгөө улаан куртиктэй эмэгтэй би таны ээмэг зүүсэн байна өөрийнхөө ээмэг орхисон байна гэж хэлээд өөрийнхөө ээмэг аваад надад нөгөө ээмгээ үлдээгээд явсан. Би лангуун дээр байсан хайрцагтай ээмэг, хүзүүний зүүлтээ цэгцлээд лангуунаас аваад доошоо хийх гэтэл 2 ширхэг хүзүүний зүүлт байхгүй байхаар нь би нөгөө 2 эрэгтэй эмэгтэй эргээд ирэх байх гэж бодоод хүлээтэл ирээгүй. Тэгээд би хяналтын камер шүүж үзтэл улаан куртиктэй эмэгтэй, саарал куртиктэй эрэгтэй хүн хоёр миний лангуун дээр байсан хүзүүний зүүлтийг хамгийн сүүлд зүүж үзсэн хүн байсан. Би бараагаа Улаанбаатар хотоос татаж авдаг бөгөөд хулгайлагдсан 2 ширхэг зүүлт нь нарийхан грамм багатай монетон гинж байсан. Уг гинж 1.39 граммтай 246.000 /хоёр зуун дөчин зургаан мянга/, нөгөө нь 1.73 граммтай 346.000 /гурван зуун дөчин зургаан мянга/-н төгрөгний үнэ ханштай монетон гинжүүд байсан. Хулгайлагдсан 2 гинжийг хамгийн сүүлд зүүж үзсэн эрэгтэй хүнийг, мөн хамт явсан эмэгтэйг бас сэжиглэж байна. Тухайн үед ээмэг, бөгж авах гэж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн лангуун дээр байх хугацаандаа хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй, нэг нэгнийгээ танихгүй хүмүүс шиг байсан. Гэтэл тэр хоёр цагдаагийн байгууллагад дуудагдан ирэхдээ эхнэр нөхөр гэж өөрсдийгөө хэлж байсан. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хамтарч анхнаасаа миний толгойг эргүүлж байгаад манайхаас гинж хулгайлсан байна. Эмэгтэй нь худлаа гинж, ээмэг сонирхож миний анхаарлыг сарниулж байх хооронд нөгөө эрэгтэй нь бас олон удаа гинж үзэж байгаад хулгай хийсэн нь бичлэгт байдаг юм. ...Миний 1.39 граммын монетон гинжийг хураан авч үзлэг хийж надад хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн гинж миний лангуунаас хулгайлагдсан гинж мөн байсан, одоо нөгөө гинж болох 1.73 граммын монетон гинж олдоогүй бөгөөд хулгайлсан хүн нь миний хохирлыг төлж барагдуулаагүй” /хх-ийн 09-12 тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Цгийн хэрэг бүртгэлтийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 02-ны өглөө 09:00-10:00 цагийн үед байх өөрийн ажил дээр ирээд лангуугаа нээгээд зогсож байтал миний эгц урьд талын Жгийн А-5 тоот үнэт эдлэлийн лангуун дээр улаан куртиктэй эмэгтэй, мөн бор өнгийн куртиктэй эрэгтэй нар бараа үзээд зогсож байгаад нэг харахад явчихсан байсан. Тэгээд би бараагаа гаргачихад Жгийн лангууны хажууд ирээд суутал Ж нь надад "сая би 2 ширхэг монетон гинжийг хулгайд алдчихлаа, саяны хоёр буюу эрэгтэй, улаан куртиктэй эмэгтэй нар авчих шиг 3 боллоо" гэж хэлсэн. Тэгээд Ж бид хоёр ярилцаад захын хяналтын камерийг шүүж үзэхээр болсон. Тухайн үед Ж нь надад 2 ширхэг монетон гинж хулгайлагдсан гэж хэлсэн бөгөөд 1.39, 1.73 грамм монетон гинжнүүд байсан гэж хэлсэн...” /хх-ийн 14-15 тал/ гэх мэдүүлэг,
гэрч О.Ганбаатарын хэрэг бүртгэлтын шатанд: “...2019 оны 3 дугаар сарын 02- ны өдөр 11:00 цагийн үед Шинэ Улаангом захын хяналтын камер дээр сууж байтал уг захын 1 давхарын А-5 тоот Үнэт эдлэлийн лангууны худалдагч Ч.Ж эгч хүрч ирээд надад манай лангуун дээрээс 2 ширхэг хүзүүний монетон гинж хулгайлагдчихлаа, чи камер шүүгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Жгийн хамт захын хяналтын камерын 3 дугаар камер буюу Ж эгчийн лангууны дээд талд 1 давхарын коридор луу хардаг дэлгэцний камерийг ухрааж өглөө 09:00 цагаас хойш шүүж үзэхэд Ж эгч лангуун дээрээ ганцаараа зогсож байтал эхлээд улаан куртиктэй нэг эмэгтэй ирээд ээмэг, гинж сонирхоод байсан, тэгж байтал лангууны хажуу талаар хар ханцуйтай куртик дээр дахин бор ногоон өнгийн куртик өмссөн цэнхэр өнгийн жинстэй нэг эрэгтэй зөрж өнгөрөөд лангуу руу хараад зөрж, тэгчихээд дахин буцаж уг лангууны хажуугаар лангуу руу хараад зөрж өнгөрдөг, тэгээд 3 дахь удаа явж байгаад уг лангуун дээр ирсэн. Тэгээд эрэгтэй эмэгтэй хоёулаа зэрэг гинж, ээмэг сонирхож зүүж үзэж байдаг бөгөөд эмэгтэй нь бараа үзэж байхад нөгөө эрэгтэй нь нэг гинжийг зүүж үзчихээд Ж эгчийг нөгөө эмэгтэйд бараа үзүүлэх хооронд гинжийг тайлахгүйгээр хоолой руугаа хувцасныхаа зах руу доошоо хийчихдэг, тэгчихээд тэр эрэгтэй дахин нэг гараараа гинж үзэж байхдаа хайрцагтай зүүлтүүдийг өөр лүүгээ дөхүүлж байгаад зүүн гараараа хайрцагнаас нэг гинжийг аваад зүүн талынхаа халаас руу гараараа хийдэг. Удалгүй нөгөө эрэгтэй лангуун дээрээс ганцаараа захын хаалга чиглээд явдаг, тэгээд дахин зах руу орж ирдэггүй. Эмэгтэй нь лангуун дээр үлдээд бараа сонирхож байгаад нэг давхарын бэлэн мөнгөний машин руу явж байгаад буцаад хүрч ирээд лангуун дээр чихнээсээ нэг ээмэг тайлж өгчихөөд явчихаад дахин ирдэггүй. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд Ж эгчийн А-5 тоот лангуун дээр худалдаа хийж байсан эмэгтэй нь Ж эгчийн анхаарлыг сарниулж байхад нөгөө эрэгтэй нь 2 ширхэг гинж хулгайлдаг юм. Хяналтын камерийн бичлэгт тэр эрэгтэй, эмэгтэй хоёр нэгнийгээ танихгүй юм шиг байдаг бөгөөд хоёулаа зэрэг гинж үзэж байсан ба тэр хоёр нэг нэгэнтэйгээ огт юм яриагүй. ...Би тэр өдөр цагдаа нар явсны дараа гадна талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Ж эгчийн лангуун дээрээс гинж хулгайлсан эрэгтэй эхлээд хаалгаар гадагш гараад автомашины зогсоол дээр байх приус-10 загварын мөнгөлөг саарал өнгийн автомашинд ганцаараа ороод суучихдаг, удалгүй араас нь нөгөө улаан куртиктэй эмэгтэй захын хаалгаар гарч ирэхэд машинд сууж байсан гинж хулгайлсан залуу машинаас буугаад дээшээ алхдаг. Удалгүй улаан куртиктэй эмэгтэй нөгөө приус загварын машинд суугаад машиныг асаагаад зогсоолоос хөдлөөд дээшээ эргээд гинж хулгайлсан залууг машиндаа суулгаад хамтдаа яваад өгсөн бичлэг байсан” /хх-ийн 16-17 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О бид хоёр зах руу орохдоо хоорондоо маргалдаад орсон бөгөөд захын нэг давхар луу ороод манай эхнэр О ганцаараа цаашаа яваад өгсөн. Харин би захын нэг давхарын үүдны гар утасны лангуунуудаар гар утас үзээд тэр хавиар бараа үзсэн. Тэгээд би нэг давхараар бараа үзээд яваад захын нэг давхарын булангийн үнэт эдлэлийн лангуун дээр очсон. Намайг лангуун дээр очиход манай эхнэр О ээмэг үзэж байсан. Би лангуун дээр очоод хайрцагтай зүүлтнүүдыг худалдагч эгчээр гаргуулж лангуунаас гинжүүд зүүж үзсэн юм. Тэгээд би 2-3 гинж зүүж үзсэн юм. Тэгж байгаад тэр эгч лангуун дээр байсан тавиуртай зүүлтүүдийг “эгч гинжээ аваарай” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд би захаас шууд гараад хаалгаар гарч явтал миний хүзүүнд нарийн монетон гинж байсан бөгөөд би хүзүүний гинж үзэж байгаад тайлж өгөхөө мартаад 4 явчихсан байсан. Би буцаад зах руу ороод нөгөө үнэт эдлэлийн лангуу руу очиход тэр эгч лангуугаа цоожилоод хаагаад явсан байсан бөгөөд манай эхнэр О бас лангуун дээрээс явчихсан байсан. Тэгээд би захаас гараад ирэхэд О явчихсан байсан бөгөөд би дээшээ ганцаараа ахлаад орон сууц нарын дунд байдаг Оын нүүрс, мод зарж зогсдог 64 айлын байрны зогсоолд очиход манай эхнэр О машинтайгаа ирчихсэн байсан юм. О бид хоёр лангуун дээр байхдаа ямар нэгэн зүйл яриагүй. Би тухайн өдөр хар өнгийн ханцуйтай куртик дээр бор өнгийн малгайтай зузаан майк өмссөн байсан мөн цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай байсан юм. Цагдаагийн байгууллагаас надад байсан 1,39 граммын нарийн монетон гинжийг хураан авч Ч.Жд хүлээлгэн өгсөн юм...” /хх-ийн 67-68 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О бид хоёр машинаа зогсоолд байрлуулж тавьчихаад хамдаа шинэ Улаангом зах руу орсон юм. О бид хоёр зах руу орохдоо хоорондоо маргалдаад орсон бөгөөд захын нэг давхар луу ороод би ганцаараа цаашаа үнэт эдлэлийн лангуу руу явсан. Харин О нь захын нэг давхарын үүдний гар утсны бараа үзээд үлдэх шиг болсон юм. Би захын нэг давхарын А-5 тоот лангуун дээр ээмэг үзэж байтал манай нөхөр О нь лангуун дээр ирээд хайрцагтай зүүлтнүүдийг худалдагч эгчээр гаргуулж лангуунаас гинжнүүд зүүж үзэж байсан. Харин би тэр үед ээмэг зүүлт лангуун дээр үзсэн юм. Тэгээд удалгүй манай нөхөр О нь тухайн лангууны худалдагч эгчид “эгчээ гинжээ аваарай” гэж хэлчихээд яваад өгсөн. Харин би уг лангуун дээрээс нэг ширхэг монетон ээмэг үзээд надад таалагдаад авахаар болсон бөгөөд уг ээмэг нь 310.000 төгрөгний үнэтэй ээмэг байсан юм. Би тэр ээмэгийг авахаар болоод худалдагч эгчээс карт унших уу гэж асуухад тэр эгч надад үгүй, карт уншдаггүй гэж хэлсэн. Тэгээд би лангуунаас цааш яваад нэг давхарын АТМ буюу бэлэн мөнгөний машин дээр очоод картынхаа үлдэгдлийг шалгахад миний дансанд 150.000 төгрөг байсан. Мөн миний биед 60.000 төгрөг байсан бөгөөд нийлээд 210.000 төгрөг болсон. Тэгээд тэр ээмэг авахад мөнгө хүрээгүй юм. Тухайн үед би АТМ-ээр гүйлгээ хийж байхад бэлэн мөнгөний машины толинд харахад би лангуун дээрээс зүүж үзэж байсан ээмэгныхээ 1 ширхэгийг нь тайлахгүйгээр хүрээд ирсэн байсан бөгөөд өөрийн тухайн үед зүүж явсан ээмэг лангуун дээр нь үлдээсэн байсан. Тэгээд би буцаад нөгөө лангуун дээр очоод тэр эгчид зүүж явсан өрөөсөн монетон ээмэгийг тайлж бөгөөд “эгч ээ би таны ээмэгийг зүүгээд явчихжээ, миний мөнгө хүрэхгүй байна” гэж хэлчихээд лангуун дээрээс өөрийн үлдээсэн ээмэгээ аваад явсан юм. Би захаас гараад ирэхэд манай нөхөр О байгаагүй бөгөөд би машиндаа суугаад ганцаараа орон сууцны дунд байдаг нүүрс, мод зарж зогсдог 64 айлын байрны зогсоод дээр очиж мод нүүрсээ гаргаж тэндээ зогссон...” /ххийн 77-79 тал/ гэх мэдүүлэг,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Увс финансаудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 69 тоот дүгнэлт, “Увс финансаудит” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 135 тоот дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, сиди бичлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зарлагын баримт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 05-06, 24, 30, 34-49, 51, 53-62 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, 5 шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.О, Н.О нар 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах шинэ Улаангом захын А-5 тоот үнэт эдлэлийн лангуунаас хохирогч Ч.Жгийн 2 ширхэг монетон гинжийг нь түүнд мэдэгдэхгүйгээр нууцаар авсан байдаг. Шүүгдэгч Н.О нь мөрдөн байцаалт болон гэм буруугийн шүүх хуралдаанд би гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж оролцсон боловч энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди дэх бичлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч Н.О гэмт хэргийг гардан гүйцэтгээгүй хэдий ч шүүгдэгч Б.Оыг гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж, дэмжлэг үзүүлж оролцсон байна. Шүүгдэгч нарын үйлдэл хууль бус буюу тэдгээр нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах шунахай сэдэлт, шууд санаатайгаар гэмт хэрэг үйлдэж, хохирогч Ч.Жд хохирол хор уршиг зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн 69 дугаартай дүгнэлтээр хохирогчид 374.400 төгрөгний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохиролоос дээш хохирол учирсан байх тул Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ. Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Б.О, Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Хохирогч Ч.Жд учирсан хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1,39 грамм жинтэй монетон гинжийг шүүгдэгч Б.Оаас хураан авч, хүлээлгэн өгсөн, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нар үлдэх хохирол болох 1,73 грамм жинтэй монетон гинжний үнэ 207.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 6 гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ч.Жгийн хохиролгүй болгосон тул гомдолгүй гэх тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.О, Н.О нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, үйл баримтанд маргахгүй гэсэн байр суурьтай шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.О, Н.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.О, Н.О нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Н.О, Б.О нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...” хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон гэрч О.Мөнх-Эрдэнэ, Н.Мягмарсүрэн, Я.Мөнхтулга, Ч.Оюун нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/327 тоот албан тоот, Увс аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 103 тоот албан бичиг, Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 497 дугаар тодорхойлолт, баримтуудаар шүүгдэгч Б.О, Н.О нар нь эхнэр, нөхрийн харилцаатай, дундаасаа 1 хүүхэдтэй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувьдаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл байхгүй болох тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.О, Н.О нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.О, Б.О нарт “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авах нь зүйтэй гэж дүгнэн, дээрх хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг тэнссэн хугацаанд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.О, Н.О нарт тайлбарлах нь зүйтэй. 7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5/18, 5/19 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.Оын эзэмшлийн Акира загварын 21 инчийн зурагт 1 ширхэг, шүүгдэгч Н.Оын эзэмшлийн самсунг Дуос загварын гар утас 1 ширхэгийг тус тус битүүмжилснийг хүчингүй болгов.
Учир нь шүүгдэгч Н.О, Б.О нар хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна. Харин хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий сиди диск 1 ширхэгийг энэ хэрэгт нотлох баримтаар хавсаргаж үлдээх нь зөв гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О, Н.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б О, Я овогт Нийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Б О, Я овогт Нийн О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О, Н.О нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг сануулж, шүүгдэгч Б.О, Н.О нарт тэнсэн хугацаанд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.О, Н.О нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Оын Акира загварын 21 инчийн зурагт, Н.Оын Самсунг дуос загварын гар утас тус тус битүүмжилсэн прокурорын 5/18, 5/19 тогтоолуудыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди диск 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар тогтсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О, Н.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах 8 таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА