Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Х.Аюужан, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, Х.Зулхаш, Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жагалбай ургийн овогт Хөхийн Аюужанд холбогдох 2136000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, ам бүл 6, хадам ээж, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 25 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ЧМ72031502 регистрийн дугаартай, Жагалбай ургийн овогт Хөхийн Аюужан, Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Х.Аюужан нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллахдаа иргэн С.Алпамысын хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж халамжид хамруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд иргэн С.Алпамысын төрсөн эх Х.Бахытгүлээс 2016 онд 100000 төгрөгийн хахууль, 2017 онд 100000 төгрөгийн хахууль, 2018 онд 100000 төгрөгийн хахууль тус тус авч хахууль авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Аюужан мэдүүлэхдээ: С.Алпамыс нь 2012 оноос 2 эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийг авч эхэлсэн бөгөөд 2012 оноос 2018 он хүртэл Баян-Өлгий аймгийн Эмнэлэг магадлалын комиссоор орж байсан. Тухайн үед онош нь тодорхойгүй гэх заалтаар асрамжид байсан. Миний бие 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа тогтоох комисст орж чиг үүргийн дагуу С.Алпамысын ээж Х.Бахытгүлд асаргаа авах заалтыг ярьсан. Уг заалтад Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын хамтран баталсан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69/48 тоот тушаалд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчний жагсаалт түүний шалгуур үзүүлэлтийг нэг бүрчлэн тусгасан талаар хэлээд Улаанбаатар хотод очиж оношлуулах шаардлагатай гэдгийг удаа дараа гэж хэлсэн. Гэтэл үүний дараагаар Х.Бахытгүл “манай нөхөр надад уурлаад байна. Ийм өвчтэй хүүхдийг ямар шалтгааны улмаас Улаанбаатар хот руу явуулж оношлуулах гэж байгаа юм гээд уурлаад байна” гэж хэлэхэд нь миний зүгээс үүссэн бодит нөхцөл байдал, дүрэм, журмыг тайлбарласан. Үүнийг сонссон Х.Бахытгүл нь 2019 оны 06 сард Улаанбаатар хотод руу хүүхдийнхээ онош тодруулахаар явж оношлуулсны дараагаар асрамжаа тогтоолгосон. Миний хувьд Улаанбаатар хот руу явж онош тодруулах шаардлагатай гэж хэлснээс үүдэж Х.Бахытгүл болон түүний нөхөр Ж.Солдатхан нар “Баян-Өлгий аймгийн Бугат суманд группийн асуудал яригдаж байна. Түүнд очиж хэлнэ” гэх байдлаар харьцсан. Гэтэл энэ асуудал нь хүүхдийн асаргааны заалт байсан бөгөөд үүнийг группийн асуудал гэж буруугаар ойлгож тухайн үед худал мэдүүлэг өгсөн байсан. Үүний дараагаар 2019 оны 09 сард Х.Бахытгүлийн ээж нь ирээд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас цагдаа ирээд “танай хүүхэд яагаад асаргааны мөнгө авч чадаагүй юм бэ? гэхэд нь бид өөрсдийн буруугаас болж Улаанбаатар очоогүйгээс болж хүүхдийн асрамж тогтоолгож чадаагүй” гэж хэллээ гэхэд нь “Та нар өөрсдийн буруугаас болж Улаанбаатар хот руу явж оношлуулж чадаагүй, үнэнээ хэлээрэй” гэж хэлсэн. Үүний дараагаар 2019 оны 11 сард Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлэхэд гайхсан. Учир нь С.Алпамысын онош тодруулсны төлөө, Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэж хэлсний төлөө ялтан болж байгааг ойлгохгүй байна. Авлигатай тэмцэх газар нь группийн асуудлаар мөнгө авсан гэх талаас нь шалгаж Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс очиж “Ховд аймагт сонсголын аппарат байдаг уу? гэхэд Ховд аймагт сонсголын аппарат байдаггүй. Энэхүү аппарат нь Улаанбаатар хотод байдаг болохоор Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх шаардлагатай” гэж мэдүүлсэн байдаг. Үүний дараагаар Улаанбаатар хотоос эмч нар ирж С.Алпамысын өвчтэй эсэхийг шалгахад “чих, хамар, хоолойн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тус онош тогтоосон комисс нь шалгаад зөв шийдвэр гаргасан байна” гэх дүгнэлтүүд гарч байсан. Миний бие хуульд заасан үүргээ гүйцэтгэж байсан. Жишээлбэл байнгын асаргаатай ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн тодорхойлох заавар, байнгын асаргаатай иргэнд эмчийн зөвлөсөн эмчилгээ, зөвлөгөөг хэрэгжүүлээгүй, хяналт үзлэгт хамрагдаагүй тохиолдолд байнгын асаргааны хугацааг цуцлах хүртэлх арга хэмжээг авна гэж заасан байдаг тул энэхүү заавар, чиг үүргийг танилцуулсан. Энэхүү чиг үүрэг нь 2018 он хүртэл гараагүй 3 байсан болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдгээр явж байсан боловч 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуульд заасан заавар гарч ирсэн тул уг заавар, чиг үүргийн дагуу Улаанбаатар хотод очиж оношлуулах шаардлагатай гэж хэлсний төлөө намайг буруутгаж байна. Гэтэл уг шийдвэр нь комиссын шийдвэр байсан. Х.Бахытгүлийн мэдүүлэгт мөнгө авах зорилготойгоор Улаанбаатар хот руу яв гэж дарамталсан мэдүүлэг өгсөн байсан. Х.Бахытгүл хэлсэн зүйлийг тунгааж чаддаггүй байдал, мэдлэггүй, монгол хэл мэддэггүй, асуусан асуудлыг зөв ойлгож чадаагүй, мэдүүлгээ буруу өгсөн зэргээс болж намайг гүтгэсэн, дарамталсан байдлаар мэдүүлэг өгсөн байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр 2136000000082 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай тушаал /2-р хавтаст хэргийн 25, 30-р хуудас/, 2. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмчийн ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 26-28, 31-33-р хуудас/, 3. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Х.Аюужаны цалингийн мэдээлэл /2-р хавтаст хэргийн 36-39-р хуудас/, 4. Гэрч Х.Бахытгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 74-79-р хуудас/, 5. Гэрч Ж.Солдатханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 80-82-р хуудас/, 6. Гэрч С.Жанылсыны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-84-р хуудас/, 7. Иргэн С.Алпамысын өвчтөний карт /1-р хавтаст хэргийн 87-104-р хуудас/, 8. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр цагаатгах талын нотлох баримтаар 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудаснаас 243 хуудас хүртэл, 2 дугаар хавтаст хэргийн 2-оос 63 дугаар хуудас хүртэлх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Иргэн С.Алпамыс нь чих, хамар, хоолойн өвчний “дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт 3-р зэрэг” гэсэн оноштойгоор 2012 оноос халамжийн сангаас асаргааны тэтгэмж авдаг байжээ. Иргэдээс гаргасан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 4 тогтоож, хугацааг сунгахдаа хахууль авдаг гэх гомдол, мэдээллийг шалгах явцад С.Алпамысын ээж нь Х.Бахытгүл гэрчээр мэдүүлэг өгч, 2016-2018 оны хооронд эмч Х.Аюужанд 300000 төгрөгийн хахууль өгч хүүдээ асаргаа тогтоолгосон талаар мэдүүлсэн байна. Тухайн үед иргэн С.Алпамысыг шүүгдэгч Х.Аюужан нь эмчийн үзлэгт хамруулан байнгын асаргаа шаардлагатайг тодорхойлж өвчтөний картад бичилт хийж байжээ. /1-р хавтаст хэргийн 88, 93-р хуудас/, Шүүгдэгч Х.Аюужан нь 2016 оны 4-р сараар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хүүхдийн сэхээний их эмчээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сараас тус эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр томилогдсон байна. /2-р хавтаст хэргийн 23-25-р хуудас/ Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/47 дугаартай захирамжаар 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, тэднийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих салбар комиссыг шинэчлэн байгуулахад шүүгдэгч Х.Аюужан нь уг комиссын гишүүнээр томилогдон 2018 оноос эхлэн ажилласан байна. /2-р хавтаст хэргийн 45-53-р хуудас/ Эрүүл мэндийн яамны дэргэдэх Чих, хамар, хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг, магадлах төв комиссын хамтарсан шинжээч нарын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтэд “С.Алпамыс ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэсэн, чих, хамар, хоолойн өвчний “дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт 3-р зэрэг” гэсэн онош үндэслэлтэй, оношийн заалт тохирч байна. 2012 оноос халамжийн сангаас асаргааны тэтгэмж авч байсан нь Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч эмч нарын дүгнэлтийг үндэслэн үндэслэлтэй байна” гэж дүгнэж, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн багийн чих хамар хоолойн эмчийн үзлэгийн тайлбараар иргэн С.Алпамыст асаргаа тогтоолгосон оношийг үндэслэлтэй байна гэжээ. /1-р хавтаст хэргийн 61, 68-70-р хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж мэтгэлцэж, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дарах дүгнэлтийг гаргав. 1. Улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “...Шүүгдэгч Х.Аюужан нь хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон иргэн С.Алпамысын хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд С.Алпамысын эх Х.Бахытгүлээс 2016 онд 100000 төгрөг, 2017 онд 100000 төгрөг, 2018 онд 100000 төгрөгийн хахууль тус тус авч нийт 300000 төгрөгийн хахууль авч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хахууль авсан үйлдэл нь Эргүүлийн тусгай ангийн 22.4 5 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд Х.Аюужаныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож өгөхийг хүсье. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудад хуульд заасан журам зөрчиж цуглуулсан нотлох баримт байхгүй” гэв. 2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал дүгнэлтэндээ “..Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдгийг хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр дарж шүүх хуралдаанд оруулж ирсэн байна. ...Гэтэл шүүхийн зүгээс уг хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж үзэхэд хүндрэлтэй гэж бодож байна. Уг хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа явдал нь шүүх хуралдааны мэтгэлцээний зарчим алдагдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн дагуу бэхжүүлж, цуглуулж авсан, эсхүл хууль зөрчиж бэхжүүлж авсан эсэхийг үнэлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь дутуу, нэмж ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна.” гэв. 3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш дүгнэлтэндээ “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дүгээр зүйлийн 3-д зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэдгийг зохицуулсан. ...Х.Аюужанд 2016, 2017, 2018 онд хахууль өгсөн гэх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож чадаагүй, мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй, нотлох баримтуудыг харьцуулан судлахад Х.Бахытгүлийн мэдүүлэг нь зөрүүтэй, бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа нь тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Аюужаныг гэрч Х.Бахытгүлийн мэдүүлгийг үндэслэж яллах боломжгүй. ...Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг анхаарч үзнэ үү. Шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв. 4. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди дүгнэлтэндээ “Х.Бахытгүлийн мэдүүлэгт “Х.Аюужан эмч нь чи мөнгө өгөхгүй бол картад бичилт хийхгүй” гэж мэдүүлсэн боловч 2016, 2017 онуудад Х.Аюужан эмчтэй холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлууд нь нотлох баримтуудаар няцаагдаж байна. Шүүгдэгч Х.Аюужан нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тус комисст 2018 оноос хойш орж ажиллах болсон. Мөн яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт гэмт хэргийн хохирлын талаар заасан ба гэмт хэргийн 6 хохирлын хор уршиг байхгүй, гэмт хэргийн улмаас хохирол учраагүй гэж дурдсан байна. Шүүгдэгч Х.Аюужаны мөнгө авсан эсэх асуудлыг улсын яллагч нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл мөнгө авсан эсэхийг зөвхөн гэрчийн мэдүүлгээр тогтоосон. Хөндлөнгийн гэрч, өөр нотлох баримт байхгүй тул мэдүүлгийг дангаар үнэлэх боломжгүй. Иймд шүүгдэгч Х.Аюужаны гэм буруутайг тооцох хангалттай нотлох баримтууд байхгүй байх тул цагаатгаж өгнө үү” гэв. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Х.Аюужаны холбогдсон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллахдаа иргэн С.Алпамысын хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж халамжид хамруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд иргэн С.Алпамысын төрсөн эх Х.Бахытгүлээс 2016 онд 100000 төгрөгийн хахууль, 2017 онд 100000 төгрөгийн хахууль, 2018 онд 100000 төгрөгийн хахууль тус тус авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.Аюужан нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллахдаа иргэн С.Алпамысын хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж халамжид хамруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд иргэн С.Алпамысын төрсөн эх Х.Бахытгүлээс 2016, 2017 онд тус тус 100000 төгрөгийн хахууль авсан гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй гэж үзлээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3- т зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд улсын яллагчийн яллах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан гэрч Х.Бахытгүлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “Гэтэл 2016 оноос хойш Х.Аюужан эмч “би та нарт олон жил дараалан бичилт хийж өглөө, одоо надад 100000 төгрөг өгвөл бичилт хийж өгнө, тиймгүй бол картад ямар нэгэн бичилт хийлгэж өгөхгүй” гэж хэлсэн. Тэгээд би арга буюу хүүхдийн асрамжийн мөнгөнөөс хасагдахгүй тулд Х.Аюужанд эмчийн шаардсан 100000 төгрөгийг өгч хүүхдийнхээ өвчтөний картанд бичилт хийлгэж авсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 25-ны үед Х.Аюужан эмчийн ажлын өрөөнд нь очиж уулзаад 100000 төгрөгийг өгч хүүхдийнхээ өвчтөний картад бичилт хийлгэж авсан юм. Тэгээд хүүхдийнхээ асаргааны мөнгийг авсан. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны үед Х.Аюужан эмчийн ажлын өрөөнд нь очиж уулзаад 100000 төгрөгийг өвчтөний картын хамт өгсөн. Тэгээд Х.Аюужан эмч бичилт хийж өгөөд хүүхдийн асаргааны мөнгөө авах болсон. ...Би Х.Аюужан эмчид 2016 онд 100000 төгрөг, 2017 онд 100000 төгрөгийг ... бүгдийг нь хорин мянгатын дэвсгэртээр өгсөн. Арван мянгатын дэвсгэрт нэг ч байгаагүй. ...Би уг мөнгийг өөрийн хүүхдийн халамжийн мөнгөнөөс 7 авч хүргэж өгч байсан. Би уг мөнгийг өгөхийн урд өдөр нь өөрийн Төрийн банкны данснаас 100000-аар гаргаж аваад бэлнээр хүргэж өгдөг байсан юм.” /1-р хавтаст хэргийн 77-р хуудас/ гэх мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Ж.Солдатханы мэдүүлэг, тэтгэмж авч байсан банкны баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа гэх боловч эдгээр нотлох баримтуудыг харьцуулан судлахад гэрч Х.Бахытгүлийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлогдон тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тэмдэглэл үйлдэж хуулбарлан авсан, гэрч Х.Бахытгүлээс гаргаж өгсөн гэх С.Алпамысын 2016 оноос 2020 оны хүртэл халамжийн сангаас авч байсан асаргааны тэтгэмжийн баримт гэх “Нэр Мотан Ардах, 2016, 2017, 2018, 2019 оны Тэтгэвэр олгох” гэсэн баримтад тэтгэмж авч буй хүний овог, нэр байхгүй, хэнд олгосон нь тодорхойгүй, гэрч Ж.Солдатхан мөрдөн шалгах ажиллагаанд “Урьд нь Х.Аюужан эмч мөнгө нэхэж байгаа талаар надад хэлж байсан боловч, хэзээ хэдэн төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй байна.” гэж мэдүүлж, 2016, 2017 онуудад тус тус 100000 төгрөгийн хахууль өгсөн талаар мэдүүлээгүй байх тул эдгээр нотлох баримтуудаар гэрч Х.Бахытгүлийн дээрх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй учир шүүгдэгчийг дээрх хугацаанд /2016, 2017 онд/ хахууль авсан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байна. /1-р хавтаст хэргийн 80-82, 121-125-р хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х.Бахытгүлээс гэрчийн мэдүүлэг авахдаа /1-р хавтаст хэргийн 74-р хуудас/ Ц.Ганцогийг орчуулагчаар оролцуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулагч томилсон мөрдөгчийн тогтоол хэрэгт цуглараагүй, хуульд заасан журмаар орчуулагч томилон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Харин 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрч Х.Бахытгүлээс, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрч Ж.Солдатханаас тус тус мэдүүлэг авахдаа мөрдөгч нь Т.Батырыг орчуулагч, хэлмэрчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж гэрчээс мэдүүлэг авсныг хууль ёсны нотлох баримтаар шүүх үнэлэв. /1-р хавтаст хэргийн 75-82-р хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэрч Х.Бахытгүлийн “2016 оны 04 дүгээр сарын 25-ны үед Х.Аюужан эмчийн ажлын өрөөнд нь очиж уулзаад 100000 төгрөгийг өгч, хүүхдийнхээ өвчтөний картад бичилт хийлгэж авсан юм. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны үед Х.Аюужан эмчийн ажлын өрөөнд нь очиж уулзаад 100000 төгрөгийг өвчтөний картын хамт 8 өгсөн. ...Би Х.Аюужан эмчид 2016 онд 100000 төгрөг, 2017 онд 100000 төгрөгийг ... бүгдийг нь хорин мянгатын дэвсгэрээр өгсөн. Арван мянгатын дэвсгэр 1 ч байгаагүй. ...Би уг мөнгийг өөрийн хүүхдийн халамжийн мөнгөнөөс авч хүргэж өгч байсан. Би уг мөнгийг өгөхийн урд өдөр нь өөрийн Төрийн банкны данснаас 100000-аар гаргаж аваад бэлнээр хүргэж өгдөг байсан юм.” /1-р хавтаст хэргийн 77-р хуудас/ гэх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй, шүүгдэгч нь 2016, 2017 онд тус тус 100000 төгрөгийн хахууль авсан гэж үзэх нөхцөл байдал нотлогдоогүй тул дээрх байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан прокурорын яллах дүгнэлтээс “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд иргэн С.Алпамысын төрсөн эх Х.Бахытгүлээс 2016 онд 100000 төгрөг, 2017 онд 100000 төгрөг тус тус хахууль авсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэдийгээр шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугүй тул цагаатгаж өгнө үү” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хахууль авсан үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй учир шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж мэтгэлцэж, дүгнэлтэндээ үндэслэл болгож шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Харин шүүгдэгчид холбогдуулан прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Х.Аюужан нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллахдаа иргэн С.Алпамысад байнгын асаргаа шаардлагатайг тодорхойлж, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, тэднийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих салбар комиссын хуралд оруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн С.Алпамысын төрсөн эх Х.Бахытгүлээс 2018 онд 100000 төгрөгийн хахууль авч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Гэрч Х.Бахытгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний хүү С.Алпамыс нь төрөлхийн хэлгүй, дүлий юм. Би 2012 оноос хойш хүүхдийн асаргааны 9 мөнгө авдаг юм. Би 2015 он хүртэл ямар нэгэн мөнгө, төгрөг өгөхгүйгээр хүүхдийн эмч Х.Аюужанаар өвчтөний картад бичилт хийлгээд түүнийгээ үндэслэж хүүхдийн асаргааны мөнгийг авдаг байсан юм. Мөн л 2018 онд тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Х.Аюужан эмчтэй өрөөнд нь очиж уулзаад 100000 төгрөг өгч бичилт хийлгэж аваад хүүхдийн асаргааны мөнгөө авах болсон. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үед цагдаагаас Бугат суманд групп, халамжтай холбоотой шалгалт ирэхээр нь үнэхээр өвчтэй байж жил бүр мөнгө өгч бичилт хийлгэж авч байгаадаа дургүйцээд Ердос цагдаа дээр өөрийн биеэр хүрч ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-р хуудас/, Гэрч Ж.Солдатханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Миний хүү С.Алпамыс нь 10 настай. Миний хүү С.Алпамыс нь 2 нас хүрээд хэл ороогүй, түүнээс хойш хүүхдийн асаргаа шаардлагатай учраас асаргааны мөнгө авч байгаа. Миний хүү С.Алпамыс нь төрөлхийн сонсголгүй, ямар нэгэн үг хэлдэггүй, ярьж чаддаггүй юм. Тэгээд миний хүү Бугат сумын нийгмийн халамжаас халамжийн мөнгө авдаг юм. ...Миний хүү С.Алпамысын эмчлэгч эмч нь Х.Аюужан гэж эмч байгаа. Халамжийн мөнгө авах хугацааг жил бүр сунгуулдаг юм. Манай эхнэр Х.Бахытгүл нь 2018 оны 04 дүгээр сарын үед надад “Аюужан эмч Алпамысыг группээс хасах гээд байна, группээс хасагдахгүй гэвэл надад 100000 төгрөг өг гэж байна, тэр мөнгийг өгөхөөс өөр арга алга” гэж хэлээд 100000 төгрөг бэлнээр аваад явсан юм. Уг 100000 төгрөгийг эхнэр надаас аваагүй. С.Алпамысын халамжийн мөнгийг өөрөө мэдэж зарцуулдаг, түүнээс цуглуулж байгаад өгсөн юм. ...Х.Аюужан эмч нь манай хүү С.Алпамысын өвчтөний картад бичилт хийж өгдөг. Хэрвээ Х.Аюужан эмч бичилт хийж өгөхгүй бол халамжийн мөнгөнөөс хасагддаг юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 80-81-р хуудас/, Гэрч С.Жанылсынгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Сар бүр нийгмийн халамжийн сангаас С.Алпамыс хүү өөрөө 288000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. Асрагч нь 123500 төгрөгийн тэтгэмж, нийт сард 411500 төгрөгийн халамжийн асаргааны тэтгэмж авч байгаа. Тухайн үед асрагч, асруулагч хоёулаа нийт 170000 төгрөг авдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс уг мөнгө 411500 төгрөг болсон...Би 2019 оны 05 дугаар сард С.Алпамысын ээж Х.Бахытгүлээс та яагаад хүүхдийнхээ халамж, асаргааны мөнгийг сунгуулахгүй байгаа юм бэ, хугацаа нь дууссан байна гэж хэлсэн. Тэгэхэд Х.Бахытгүл надад эмч Х.Аюужан нь С.Алпамысыг Улаанбаатар хотод очиж сонсголын бэрхшээлтэй гэдгийг батлуулах ёстой гэж хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 84-р хуудас/, Иргэн С.Алпамысын өвчтөний картын хуулбарууд /1-р хавтаст хэргийн 86-104-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт цугларсан гэрч Ж.Солдатхан, С.Жанылсын, иргэн С.Алпамысын өвчтөний карт зэрэг нотлох баримтуудаар гэрч Х.Бахтыгүлийн “картад бичилт хийлгэж, асаргаанд хамруулахын тулд эмч Х.Аюужанд 2018 оны 04 дүгээр сард 100000 төгрөгийн хахууль өгсөн.” гэх мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдож байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч 10 нь С.Алпамысад байнгын асаргаа шаардлагатайг тодорхойлж, комиссын хуралд оруулахын тулд 2018 оны 04 дүгээр сард Х.Бахытгүлээс 100000 төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69/48 дугаартай “ Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тодорхойлох заавар”- ын 3.2-т “өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийн дагуу өрх, төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд өвчтөний биеийн байдал, үзлэг, оношилгоо, шинжилгээгээр баталгаажсан онош, өвчний явц, үе шат, хүндрэл зэргийг тодорхойлон байнгын асаргаа тогтоох үндэслэлтэй бол комиссын хурлаар хэлэлцүүлнэ” гэж заажээ. Шүүгдэгч Х.Аюужан нь урьд нь С.Алпамысын өвчний оношийг болон түүнд байнгын асаргаа шаардлагатай тодорхойлж, асаргааны хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх комиссын хуралд оролцож асаргааг сунгахыг дэмжсэн талаар мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлжээ. Дээрх байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгчийг байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, тэднийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих салбар комиссын гишүүн, өвчтөний картад бичилт хийсэн эмчийн хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн “албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд” гэх шинжид албан тушаалтан албаны чиг үүргээ зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр хэрэгжүүлэх нөхцөл байдлыг хамруулан үздэг байна. Иймээс С.Алпамысын өвчний онош нь байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтад орсныг, түүнд асаргаа шаардлагатайг тодорхойлж, комиссын хуралд оруулахын тулд С.Алпамысын ээж Х.Бахытгүлээс 100000 төгрөгийн хахууль авсан шүүгдэгчийн үйлдлийг хүүхдийн тасгийн эрхлэгч эмч, салбар комиссын гишүүний хувьд хууль, тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан албаны чиг үүргээ зөрчилгүйгээр хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь С.Алпамысын өвчний оношийг тодорхойлж, картад бичилт хийснээр комиссын хурлаар орж шийдвэрлэгдэн улмаар нийгмийн халамжийн сангаас асаргааны тэтгэмж авах эрх үүсдэг байна. Харин Х.Бахытгүл нь хүү С.Алпамысыг байнгын асаргаа шаардлагатай хүүхэд болохыг тодорхойлуулан түүнд асаргаа тогтоолгож, нийгмийн халамжийн сангаас асаргааны тэтгэмж авахын тулд 2018 оны 04 дүгээр сард тухайн үед хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эмчээр ажиллаж байсан шүүгдэгч Х.Аюужанд 100000 төгрөгийн хахууль 11 өгч өөртөө давуу байдал бий болгосон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө бусдаас хахууль авсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Х.Аюужаныг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа иргэн С.Алпамысын өвчний онош нь байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтад орсон болохыг, түүнд асаргаа шаардлагатайг тодорхойлж, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, тэднийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих салбар комиссын хуралд оруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд С.Алпамысын ээж Х.Бахытгүлээс 100000 төгрөгийн хахууль авч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн 2018 онд 100000 төгрөгийн хахууль авсан гэх гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор 1813003640097 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгчид Х.Аюужанд холбогдох эрүүгийн хэрийг тусгаарлаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна. Ингэхдээ хахууль өгөгч Х.Бахытгүлийн үйлдэлд прокурорын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 213600051 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 1813003640097 дугаартай Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дарга, гишүүд, эмч нарт холбогдох эрүүгийн хэрэгт холбогдох хахууль өгсөн гэх 400 гаруй хүний хамт шалгаж байгаа, олон холбогдогчтой хэрэг удаан хугацаагаар шалгагдах учир цөөн үйлдэлтэй яллагдагч нарын хэргийг шуурхай шийдвэрлэх, тэд нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд шилжүүлсэн талаар улсын яллагч тайлбарлаж байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад болохгүй гэж үзлээ. 12 Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын хамтарсан 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/82, А/224 дугаартай тушаалаар1813003640097 дугаартай Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дарга, гишүүд, эмч нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганболдыг томилсноор уг эрүүгийн хэрэгт тухайн аймгийн нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. /1-р хавтаст хэргийн 28-29-р хуудас/ Иймээс шүүгдэгч Х.Аюужанд холбогдох хэргийг 1813003640097 дугаартай эрүүгийн хэргээс тусгаарлаж нотлох баримтыг хуулбарлан авахдаа хуульд заасан журмаар нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хууль ёсны нотлох баримт гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хэргийн тусгаарлахдаа нотлох баримтыг хуулбарлан авсан, эх хувийг авч хуулбарыг нь тухайн хэрэгт үлдээх байсан, хуулбар үнэн тэмдэг дарсан, нотлох баримт цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн” гэх дүгнэлтийг /гомдол/ хүлээн аваагүй болно. Мөн шүүгдэгчийн хахууль авсан гэх зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтэндээ дурдсан 2016, 2017 онд хахууль авсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх тухай дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирол тогтоогдоогүй тул түүнийг бусдад хохирол, төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Х.Аюужан нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /1-р хавтаст хэргийн 133-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.Аюужаны хувийн байдлын талаар хэрэгт цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 1. Гэрч А.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.Аюужан нь аймгийн 13 Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүүхдийн эмчээр ажилладаг, мөн хувийн эмнэлэгт бас ажилладаг. Х.Аюужан нь зарчимч, өөрийнхөө мэргэжилдээ сайн. Бусадтай зөв боловсон, ямар ч хүнтэй их эвсэг зөөлөн харьцаатай. ...Нийгмийн идэвхтэй, аймаг орон нутагтаа нэр хүндтэй, мэргэжилдээ бол сайн, хүмүүс ч Х.Аюужан эмчийг мэргэжилдээ сайн гэж хүндэлдэг” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 134-р хуудас/ , 2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх талаархи лавлагаа, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх, эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /1-р хавтаст хэргийн 140-166-р хуудас/, 3. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч Х.Аюужаны эзэмшлийн Капитрон, Хасбанк, Хаан банк, Төрийн банкин дахь дансны хуулга /1-р хавтаст хэргийн 167-218-р хуудас/, 3. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 188 дугаартай “Ажилд томилох тухай”, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 121 дугаартай “Ажил сольж ажиллуулах тухай”, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай “Тасгийн эрхлэгч нарыг шинээр томилох тухай” тушаалууд, Хүүхдийн тасгийн их эмчийн ажлын байрны тодорхойлолт, Хүүхдийн тасгийн их эмч Х.Аюужаны ажил байдлын тодорхойлолт, /2-р хавтаст хэргийн 26-28, 34-35-р хуудас/ зэрэг болно. Мөн хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудад шүүгдэгчийн нэр К.Аяужан, Х.Аюужан гэж янз бүрээр бичигдсэн ба шийтгэх тогтоолд улсын бүртгэлд бүртгэлтэй Хөхийн Аюужан гэх овог, нэрээр нь бичсэнийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дараах дүгнэлтийг гаргав. Үүнд: 1. Улсын яллагч дүгнэлтэндээ “Шүүгдэгч Х.Аюужан нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр 2016-2018 онуудад ажиллах явцад С.Алпамысын хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж халамжид хамруулсны хариуд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Алпамысын эх Х.Бахытгүлээс 2018 онд 100000 төгрөгийн хахууль авч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Х.Аюужанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүгдэгч Х.Аюужанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөггүй, гэм буруу дээр маргаж байгааг үндэслэж 14 өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшихгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Х.Аюужанд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгож, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч Х.Аюужанд холбогдох эрүүгийн хэрэг нь хохиролгүй авлигын гэмт хэрэг, уг хэрэгт холбогдуулан шийдвэрлэн гаргасан иргэний нэхэмжлэл байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэхүү хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор шүүгдэгч Х.Аюужаны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү0213007235 дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хуст Арал багийн 15 дугаар гудамжны 05 тоот хаягт байрлах хувийн сууц битүүмжлэгдсэнийг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шүүгдэгчийг цагдан хорих саналтай байна.” гэв. 2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал дүгнэлтэндээ “...Шүүгдэгчийн анх удаа гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1- д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарагдан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирол төлбөргүй тул хөнгөрүүлэх нөхцөлд хамаардаг. Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй 4 наснаас 15 нас хүртэлх 3 хүүхдийн хамт амьдардаг. Нийгэмд үүсэж буй ковид-19 өвчний улмаас эмч нарын оролцох оролцоо ихээхэн хэрэгтэй байдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2700000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлага байхгүй. ...Тухайн үйлдэл нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнө буюу 2018 онд гарсан үйлдэл. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзнэ үү ” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдэл нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хамаарахгүй. ...Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Х.Аюужан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, олон жил эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 15 тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700000 төгрөгөөр торгох ял шийтгэж нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. ...Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан ямар нэгэн хохирол төлбөр байхгүй тул хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг авах боломжгүй.” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди дүгнэлтэндээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг авах боломжгүй” гэв. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1813003640097 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Х.Аюужанд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг “яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтэндээ дурдсан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэх 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэглээгүй болно. Иймээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн олон жил хүүхдийн эмчээр мэргэшиж, үр бүтээлтэй ажилласан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулав. Иймд шүүгдэгч Х.Аюужанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, гурван мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 3700000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 3700000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван 16 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд тайлбарлах нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор тогтоов. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээр гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 15 дугаар гудамжны 05 тоотод байрлах улсын бүртгэлийн ҮО213007235 дугаартай хувийн орон сууцыг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/90 дугаартай тогтоолыг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ял, торгох ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Шүүгдэгчийг шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, улсын яллагчийн саналыг харгалзан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаартай захирамжаар шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Хөхийн Аюужанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “иргэн С.Алпамысын төрсөн эх Х.Бахытгүлээс 2016 онд 100000 төгрөг, 2017 онд 100000 төгрөгийн хахууль авсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Шүүгдэгч Жагалбай ургийн овогт Хөхийн Аюужаныг хахууль өгөгчийн ашиг 17 сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөхийн Аюужаныг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 3700000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аюужанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 3700000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Аюужанд тайлбарласугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аюужанаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аюужанд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. 8. 2136000000082 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд, зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шүүгдэгч Х.Аюужаны өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 15 дугаар гудамжны 05 тоотод байрлах улсын бүртгэлийн ҮО213007235 дугаартай хувийн орон сууцыг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/90 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 191 дүгээр зүйлийн 191.3-т зааснаар шүүгдэгч Х.Аюужанд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ял, торгох ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч 18 Х.Аюужанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК