| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-11-23 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Э.У |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Т.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2130000760202 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 2-19 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ Шүүгдэгч Т.******* нь 2017 оноос 2019 оны 10 дугаар сарын дунд үе хүртэл нэн ховор амьтан болох “Борцгор хотон” шувууны хошууг өөрийн амбаарт хадгалж, улмаар 2019 оны 10 дугаар сарын дундуур иргэн А.*******эд 1 тооны адуугаар зарсан, экологи эдийн засагт 13140000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах Эрүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд миний хийсэн зүйл нотлогдсон тул нэмж ярих зүйл байхгүй гэв. 2. Эрүүгийн 2130000760202 дугаартай хавтаст хэргээс: 1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-2-р хуудас/, 2. Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 6-7-р хуудас/, 3. Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 213000076 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 9-р хуудас/, 4. Хохирогч П.Ариунболдын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/, 5. Гэрч Х.Бямбабаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/, 6. Гэрч А.Рахметжаны мэдүүлэг /хавтаст хэргийн 46-49-р хуудас/, 7. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Т.******* нь 2017 оноос 2019 оны 10 дугаар сарын дунд үе хүртэл нэн ховор амьтан болох борцгор хотон шувууны хошууг Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах амбаарт хадгалж, улмаар уг борцгор хотон шувууны хошууг 2019 оны 10 дугаар сарын дундуур иргэн А.*******эд 1 тооны адуугаар зарж, экологи эдийн засагт 13140000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч П.Ариунболдын /Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн 36-б байрны 3-21 тоотод оршин суух, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуучлал хариуцсан мэргэжилтэн ажилтай, Пүрэвдоржийн Ариунболд/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Миний бие Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аяллал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг юм. Цагдаагийн байгууллагаас манай байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу миний бие иргэний нэхэмжлэгчээр томилогдож энэ хэрэгт оролцож байна. Борцгор хотон шувуу нь нэн ховор амьтанд тооцогддог ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Экологи эдийн засгийн үнэлгээгээр 6570000 төгрөг болох ба Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлбөр оногдуулна гэж заасны дагуу буруутай хүнээс 13140000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/, Гэрч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2019 оны 10 сарын дундуур фэйсбүүк ухаж байгаад *******ы Бямбабаяр гэдэг хүн хотон шувууны хошуу зарна гэсэн зарлал тавьсан байсныг хараад 95439595 дугаарын утсаар холбогдож худалдаж авахаар тохироод би Улаанбаатар хотруу 20 орчим хоногийн дараа өөрийн адуунаас хонгор зүсмийн хязаалан үрээ машинаар ачиж авч очиж үрээгээ гурван сая төгрөгт бодоод түүнээс таван зуун мянган төгрөг дансаараа авч хотон шувууны хошууг хоёр сая таван зуун мянган төгрөгт бодож худалдаж авсан юм. Би уг нь энэ хошууг дархан хүнээр мөнгөөр бүрүүлээд хэрэглэе гэж бодсон боловч 1800000 төгрөгөөр мөнгөлнө гэхээр нь үнэтэй юм байна гэж бодоод зарахаар шийдсэн юм. Тэгээд өөрийн найз Бямбаа овогтой Батбаатарын фэйсбүүк хаягаар зар тавиулсан юм. Ховд аймгийн харьяат гэж өөрийгөө надад танилцуулсан Бямбабаяр гэж 21-22 орчим насны залуу байсан. Өөрийгөө хууль сахиулах сургуульд сурдаг гэж хэлж байсан. Би түүнийг Ховд аймгийн хүн гэдгийг нь мэдсэн болохоос хотон шувууны хошууг хаанаас авсан талаар нь асууж мэдээгүй. Хотон шувууны хошуу хурдан моринд сайн гэхээр нь л авсан юм. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29-р хуудас/, Яллагдагч Т.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны хавар 4 сард Ижүү /Рахметжаны/-ийн хашаанд очиж машин засуулсан. Тэгтэл Ижүү надад тухайн борцгор хотон шувууны хошууг гаргаж ирээд надад харуулж “Би Казахстан улсруу яваад ирлээ, надад бэлгэд хүн үүнийг өглөө, та морь уядаг хүн юм чинь авах уу, авахаар бол үнээ хэлээд ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь боломжийн үнэ хэлбэл авъя гэтэл 350000 төгрөгөөр ав гэсэн тул 350000 төгрөгийг бэлэн өгөөд тухайн хошууг худалдан авсан. ...2017-2019 оны хооронд 2 жил орчим гадна байх амбаарт хадгалчихсан байсан. Надаас өөр мэдэх хүн байхгүй. 2019 оны хавар байх сар, өдрийг мэдэхүй байна амбаарт явж байтал нөгөө борцгор хотон шувууны хошуу байхаар нь өөрөө ашиглахгүй юм чинь зарчихъя гэж бодоод өөрийн хүү болох Бямбабаярыг цахим орчинд зар тавьж өгөхийг гуйж, фэйсбүүкт байршуулсан. Тэгээд би зарын дагуу ******* гэх хүнтэй холбогдож наймаа хийхээр тохирч тухайн хошууг хайрцаглаж боогоод *******ийн нэр, утасны дугаарыг бичиж хот хоорондын автобусанд тавьж явуулсан. Цаанаас ******* өөрөө ирээд авсан бөгөөд тооцоог би өөрөө хийх боломжгүй орон нутагт байсан тул Улаанбаатар хотод байсан өөрийн төрсөн хүү болох Бямбабаярыг очоод тэр хүнээс 1 тооны даага авахуулж зөрүү 500000 төгрөгийг нь өгүүлсэн юм. Тэгээд тухайн даагыг нь хотоос авч чадаагүй байж байтал тэндээ үхчихсэн юм. Урьд гэрчээр өгсөн мэдүүлэг дээр 3 сая гэж буруу ойлголцсон байна. Ер нь бол хошуун дээрээ 500000 төгрөг өгч авсан. Тэр хүн даагаа хэдэн төгрөгөөр үнэлснийг мэдэхгүй байна. Тухайн даага ямар нэгэн онцгой удам угсаагүй, энгийн даага байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн амьтны түүхий эд нь Борцгор хотоны хошуутай толгой байна. Борцгор хотон шувуу нь 2012 оны Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7.1 дэх заалтаар нэн ховор амьтны жагсаалтад орсон. 2016 оны улаан дансанд Монгол Улсад устаж болзошгүй амьтны ангилалд орсон” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 121-р хуудас/, Эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 20-р хуудас/ Гэрч А.Рахметжаны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд байж байтал ******* ахтай нэг өдөр уулзаад машин тэрэгний засвар үйлчилгээ ярьж байгаад “надад нэг хотон шувууны хошуу байна та үзэж сонирхох уу” гэж асуухад “алив үзье” гээд үзээд би “та өөрөө мэдээд үнэ мөнгөө өгөөд аваач” гэсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/, Гэрч Х.Бямбабаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Манай аав ******* ******* гэж хүнд зарсан байсан. Манай аав ******* намайг 61- ийн гарам дээрээс 1 тооны даага очоод авчих гэж хэлсэн юм. Тэгээд би аавын өгсөн 500000 төгрөгийг өгөөд даагыг нь худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/, Гэрч А.Рахметжаны мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Бид хоёрыг наймаа хийх явцад хажууд хүн байгаагүй. Би тухайн хошууг ******* ахыг өөрөө үнэ мөнгөө хэлээд ав гэтэл надад 350000 төгрөгийг бэлнээр өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48-р хуудас/, Яллагдагч Т.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Мөрдөн байцаалтын 2130000760202 дугаартай хэргийн яллагдагч Т.******* болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, 15.1, 15.2 дугаар зүйлд зааснаар доорхи хүсэлтийг гаргаж байна. Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нэн ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, зарсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгож байгаа ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нэхэмжлээгүй болно. Яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтас хэргийн 148-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамруулахаар хуульчилжээ. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар борцгор хотон шувууг нэн ховор амьтны жагсаалтад оруулжээ. Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн бусдад зарсан гэх хошуу нь борцгор хотон шувууны хошуу болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нь нэн ховор амьтны төрөлд орох борцгор хотон шувууны хошууг 2017 онд хүнээс авч хадгалж байгаад улмаар 2019 онд А.*******эд 1 тооны адуугаар /даага/ зарсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх үйлдлийг нэн ховор амьтан орох борцгор хотон шувууны хошууг хадгалж бусдад худалдсан гэж үзнэ. Шүүгдэгч Т.*******ы борцгор хотон шувууны хошууг хадгалж, улмаар бусдад худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Т.*******ыг нэн ховор амьтны жагсаалтад орсон борцгор хотон шувууны хошууг хадгалж улмаар бусдад худалдсан буюу нэн ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал нэн ховор амьтны жагсаалтад орсон амьтны түүхий эдийн гаралтай зүйлийг хувийн хэрэгцээнд хэрэглэх, ашиг олох зорилгоор хадгалж бусдад зарсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн бусдад худалдсан борцгор хотон шувууны хошууг худалдан авсан А.Ганхүүхэд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулж, уг борцгор хотон шувууны экологи эдийн засагт учруулсан хохирол 13140000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн бусдад худалдсан борцгор шувууны нөхөн төлбөр буюу амьтны аймагт учирсан хохирол 13140000 төгрөгийг дээрх шийтгэх тогтоолоор А.*******ээр гаргуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Т.******* урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 73-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Т.*******ы хувийн байдлын талаар гэрч Б.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төлөв даруу, элдэв муу зан араншингүй, ах, дүү хамаатан садан, найз, нөхөд нутгийн ард иргэдийн дунд нэр хүнд сайтай. Хүнтэй зөв боловсон харьцдаг. Хүнд тусархаг, цайлган сэтгэлтэй, шударга, зарчимч зантай, их хөдөлмөрч хүн байгаа. Одоогоор Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 19 тоотод эхнэртэйгээ хамт амьдардаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-р хуудас/, гэрч Д.Алтанцэцэгийн “...2013 оноос эхлэн *******ы “Бугаан гол” зах дээр мужааны цех ажиллуулж эхэлсэн цагаасаа эхлэн мэддэг болсон. Хүмүүстэй эвтэй найрсаг, зарчимч, шударга зантай, олон таван аашгүй хүн байгаа юм. Ам бүл 7-уулаа өссөн, айлын 4 дэх хүүхэд бөгөөд дээр 3 ах, доороо 1 эрэгтэй дүүтэй хүн байгаа юм. Баян-Өлгий аймгийн 2 дугаар сургуулийг 1980 онд, 1984 онд Монгол Улсын их сургууль төгссөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав./ хавтаст хэргийн 84, 85-р хуудас/ Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “...Шүүгдэгчийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т зааснаар 300000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх дүгнэлт гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “...хохирол төлбөргүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү” гэв. Шүүгдэгч Т.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд бусдад төлөх хохиролгүй учир шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн 2017 оноос 2019 он хүртэл борцгор хотон шувууны хошууг хадгалсан, 2019 онд бусдад худалдсан гэмт хэрэг нь тус тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, мөн бусдад төлөх хохиролгүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр уг хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ. Иймээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “...шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэснийг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв. Шүүгдэгч нь Ховд аймгийн Жаргалант сумд оршин суудаг нь хэрэгт авагдсан байнга оршин суух хаягийн тодорхойлолтоор тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Ховд аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хэлбэрээр эдлүүлэхээр тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд тайлбарлав. Мөн шүүгдэгч нь борцгор хотон шувууны хошууг А.*******эд 1 тооны даагаар худалдаж ашиг олсон байх тул шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон дааганы үнэ 300000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэн ашиг олсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1, 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******д 1 /нэг/ жил, 3/гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүдэрчулууд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого З00000 /гурван зуун мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.*******д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хэлбэрээр эдлүүлэхээр тогтоосугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******д тайлбарласугай. 8. 2130000760202 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хууийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК