Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Н.Бат-Эрдэнэ, шүүгдэгч С.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Цэлх ургийн овогт *******ын *******д холбогдох 2136001040161 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /гэмт хэрэгт холбогдох үед тус аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан/, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Цэлх ургийн овогт *******ын *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал 2 бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2- д заасан “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, ХОАОНӨГ/202001133 гэрээний дугаартай Багийн төв барих /******* сум, Чацарганат баг/ ажил худалдан авах тендерийн захиалагчийн эрхийг урвуулан ашиглаж, тухайн тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн “хамгийн сайн үнэлэгдсэн тендер Оож Өргөө констракшн ХХК-тай 73226379 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох” шийдвэр зөвлөмжийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/138 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-ийн захиралд ... гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсан байна. Иймд ...мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү.” гэж өөрчилж, хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн зээ дүү болох Г.Чинзоригийн хамтран оролцсон ******* Деволомент ХХК-тай уг тендерийг гүйцэтгүүлэхээр 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, эдийн засгийн үр ашигтай, давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын А/08 дугаартай захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Засаг даргаар ажиллаж байсан.

Би Засаг даргатай ярилцаж “Ховд аймгийн ******* сумын Чацарганат багт төв байхгүй байна. Үүнийг намайг ******* сумын Засаг дарга байсан дээр Чацарганат багийг төвтэй болгоё” гэхэд Ховд аймгийн Засаг дарга дэмжиж, Ховд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт хийснээр ******* сумын Чацарганат багийн төв барихаар болсон. Тус Чацарганат багийн төвийг 2019 оны 04 сараас 06 сарын хүртэлх хугацаанд ялаа шумуул гарахаас өмнө дуусгах нь чухал байсан тул богино хугацаанд тендер зарласан. Уг тендерт ******* ******* ХХК, Оож өргөө констракшн ХХК зэрэг нийт 3 компани оролцсон. Тендер зарлахад 6, 7 компани нутгийн удирдлагын хүмүүстэй уулзахад нутгийн компани оролцуулах болно гэсний үндсэн дээр ******* ******* ХХК нь оролцож байгаа юм байна гэж бодсон боловч тендер зарлахад нийт 3 компани оролцсон. Тендерийн үнэлгээний хороо байгуулагдсаны дараа нутгийн хүүхдүүдээр хийлгэж, буух эзэнтэй, буцах хаягтайгаар нь нутгийн хүүхдүүдийн оролцуулах хүсэлтээ хэлсэн. Оож өргөө констракшн ХХК нь ******* суманд 2, 3 тендерийн ажил хийсэн боловч гүйцэтгэл муу хийж 3 байсан тул тендерт оролцуулахгүй гэх ард иргэдийн санал байна гэдгийг Оож өргөө констракшн ХХК-ийн захирал н.Даваадоржид хэлэхэд тэгвэл манай Завхан аймагт тендертэй тул уг тендерээс татгалзаж байна гэдгийг бичгээр хийж өгөөд тендерт оролцоогүй. Миний хувьд уг тендерээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, ашиг сонирхол байгаагүй. Хууль зүйн мэдлэггүйгээс болж буруутай үйлдэл хийсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Мэдүүлэг өгсөн хүмүүс нь бүгд миний доор ажиллаж байсан ажилчид бөгөөд бүгд нийлж намайг гүтгэж байгаад харамсаж байна. Миний бие 50 настай, тэтгэвэрт гарахад 10 жил дутуу байгаа. Нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулахад надад хэцүү байна гэв. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч С.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасан “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, ХОАОНӨГ/202001133 гэрээний дугаартай ******* сумын Чацарганат багийн төв барих ажил худалдан авах тендерийн захиалагчийн эрхийг урвуулан ашиглаж, тухайн тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн “хамгийн сайн үнэлэгдсэн тендер Оож Өргөө констракшн ХХК-тай 73226379 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох” шийдвэр зөвлөмжийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/138 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-ийн захиралд “... гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсан байна. Иймд ...мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү” гэж өөрчилж, өөрийн зээ дүү болох Г.Чинзоригийн хамтран оролцсон ******* деволопмент ХХК-тай уг тендерийг гүйцэтгүүлэхээр 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, эдийн засгийн үр ашигтай, давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 4 Үүнд: Гэрч Л.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тендерийг нь ******* сумын Засаг даргын Тамгын газраас зарласан. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А/132 дугаартай захирамжаар аймгийн Засаг дарга эрхийг ******* сумын Засаг даргад шилжүүлсэн. Тухайн тендерийн ажлыг ******* сумын Засаг даргын Тамгын газраас хүлээж авсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34-р хуудас/, Гэрч С.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би Ховд аймгийн ******* сумын Чацарганат багийн төв барих ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан. Тухайн тендер нь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр санхүүжиж Ховд аймгийн ******* сумад тендер шалгаруулалт явуулах эрхийг нь шилжүүлсний үндсэн дээр ******* сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/30 дугаартай захирамжаар миний бие үнэлгээний хорооны даргаар, нарийн бичгийн даргаар Н.Мөнхдолгор, гишүүдэд Б.Намжилмаа, Д.Нэргүй, Б.Түмэнжаргал нарыг томилсон. Тухайн үнэлгээний хорооны гишүүд бид нар тендерийн баримт бичгийг өөрсдөө боловсруулж ... сайтад байрлуулж тендерийг харьцуулалтын аргаар ажлын 5 хоногийн хугацаанд зарласан. Ингээд тендерийг нээхэд 5 компани оролцож хамгийн бага үнийн саналтай, бусад бүх нөхцөл шаардлага тендерийн баримт бичгийг хангаж байсан Оож өргөө констракшн ХХК-ийг үнэлгээний хорооны 100 хувийн саналаар шалгаруулсан. Ингээд тус компанийг шалгаруулсан талаар сумын Засаг дарга С.*******д үнэлгээний хорооноос дүгнэлт, зөвлөмж хүргүүлсэн. ...С.******* дарга түүнийг зөвшөөрөхгүй уурлаж “та бүхэн энэ Оож өргөө констракшн ХХК-ийг шалгаруулахгүй ******* деволопмент ХХК-ийг шалгаруулах ёстой” гэж загнасан. ...Тендер сонгосн шалгаруулалтын дараа захиалагч болох Засаг даргаас тухайн компаниудад шалгарсан, шалгараагүй талаар мэдэгдэл хүргүүлэх ёстой байдаг тул би албан тоотуудыг төлөвлөөд “Оож өргөө констракшн ХХК-ийг шалгарсан тул гэрээ байгуулна уу” гэсэн утгатай, бусад компаниудад шалгараагүй гэсэн утгатай албан тоот төлөвлөж ороод гарын үсэг зуруулах гэхэд Засаг дарга С.******* нь шалгарсан компанийн нэрийг сольж шалгарсан гэсэн утга бүхий тоотны дээд талд ******* ******* ХХК-ийн нэрийг бичиг хэрэг Соёлмаагаар солиулж бичүүлээд өөрөө гарын үсэг зурж хүргүүлсэн. Ингэд тухайн ******* деволопмент ХХК-тай гэрээ байгуулсан. ...Тухайн компани нь урьд нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй байж байгаад өөр компаний хийсэн ажлыг итгэмжлэлээр шилжүүлж авсан байсан. Техник тоног, төхөөрөмжийн хүчин чадал муу, 2019 оны тайлан байхгүй, ижил төстэй буюу барилгын 1 л ажил урьд өмнө гүйцэтгэсэн ...зэрэг шаардлага нөхцөлийг хангахгүй байсан. ******* деволопмент ХХК нь Засаг дарга С.*******гийн ах, дүү нарын хүүхдүүд буюу бөлүүд байсан. Ингээд нэг ёсондоо хамаарал бүхий этгээдүүдийнхээ компанитай гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 136-137-р хуудас/, Гэрч Д.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ингээд сүүлд сонсоход 5 Оож өргөө констракшн ХХК нь тус ажлыг гүйцэтгээгүй, өөр компани гүйцэтгэсэн байсан. Миний хувьд үнэлгээний хороонд орж ажлаад өөрийнхөө хувьд санал, дүгнэлтээ хэлээд Оож өргөө констракшн ХХК-ийг шалгаруулсан, цааш нь ажил гүйцэтгэх болон бусад ажилд оролцоогүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 141-р хуудас/, Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тухайн үед бол Оож өргөө констракшн ХХК нь бүх нөхцөл шаадлагыг хангасан байсан. Тендер шалгаруулах үед ******* ******* ХХК нь нутгийн хүмүүс буюу Чацарганат багийн хүмүүс баг болж орж байгаа гэж байсан. Миний хувьд бол өөрийнхөө үнэлгээг өгөөд Оож өргөө констракшн ХХК-ийг шалгаруулахыг дэмжсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 145-р хуудас/, Гэрч Б.Намжилмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тухайн компани нь урьд нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байж байгаад өөр компанийн хийсэн ажлыг итгэмжлэлээр шилжүүлж авсан компани байсан. ...******* деволопмент ХХК нь Засаг дарга С.*******тэй ямар холбоотойг мэдэхгүй. Хүмүүс ярихдаа тэр компаний нэрийг ашиглаж С.*******гийн ах, дүү нар нь тус ажлыг гүйцэтгэсэн гэж ярьдаг.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 148-р хуудас/, Гэрч Б.Мөнхдолгорийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би жирэмсний амралтаа аваад төрсний дараа С.******* дарга манай гэрээр ирээд Оож өргөө констракшн ХХК татгалзсан тэгээд ******* ******* ХХК-ийг шалгаруулж байна гэсэн утгатай хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үнэлгээний хорооны тэмдэглэлтэй танилцсан нь үнэн болно.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 151-р хуудас/,

Гэрч Б.М*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Миний хувьд 2017 оноос хойш одоог хүртэл Ховд аймгийн ******* сумын Чацарганат багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байна. 2020 онд манай баг дээр багийн төвийн барилга барих ажил хийгдэхээр яригдсан байсан бөгөөд сумын Засаг даргаас “танай багийн төвийн барих ажилд хурлын тэмдэглэл хэрэгтэй байна танайх тэргүүлэгчдээрээ хуралдаад ******* ******* ХХК-иар ажил гүйцэтгүүлэх тухай тогтоол гаргаад ирүүл” гэж хэлсэн. Тухайн үед багийн төвтэй болох нь гэж бид бүхэн дотроо баяртай байсан. Тэгээд шаардлагатай баримт материал юм байна гэж бодоод Засаг дарга С.*******гийн хэлснээр тогтоол гаргаж хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 153-р хуудас/, Гэрч Г.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2020 оны 04 дүгээр сарын үед ******* сумын Засаг дарга С.******* над руу залгаж “сумын төв орж ирж уулз” гэхээр нь яваад орсон. Ингээд уулзахад С.******* дарга “танай Чацарганат багийн төвийн барилгын ажил баригдах тендер зарлагдсан. Та надад сумын иргэдийн хүсэлтийн дагуу ******* деволопмент ХХК–ийг шалгаруулж өгнө үү” гэсэн хүсэлт бичиж өгөх шаардлагатай байна. Энэ компанид танай багийн залуучууд байгаа, багийнхаа залуучуудыг дэмжээд дараа нь очих хаягтай, ажил дуутуу хийгдсэн ч гэсэн тэд нараар 6 засуулах боломжтой. Өөр нэг компани хийгээд хүлээлгэж өгчихөөд явбал дараа бидэнд ч хэцүү” гэхээр нь би “за” гэж зөвшөөрөөд тус албан тоотыг сумын төвийн багийн даргын компьютер дээр бичээд оруулж өгсөн. ...Миний хувьд ямар нэгэн байдлаар үнэлгээний хороонд нөлөөлөх гэсэн зүйл байхгүй. Засаг дарга ингэж бич гэхээр нь бичсэн юмаа.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 156-р хуудас/, Гэрч Б.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэр үед би “өмнө нь Оож өргөө констракшн ХХК шалгарсан гэсэн утгатай байсан биз дээ” гэхэд “энэ больсон, би Ганхуягтай ярчихлаа, та ингээд гаргачих” гэхээр нь би бичиж өгсөн. Миний хувьд ямар утга учиртайг нь мэдэхгүй. Бичиг хэрэг болхоор даргын бич гэсэн бичгийг бичээд оруулж өгсөн. Ганхуягийн барьж орсон албан тоотын дээд талд С.******* дарга өөрөө гараараа зассан байсныг би компьютер дээр бичиж оруулж өгсөн юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 159-р хуудас/, Гэрч Ж.Батлхагвагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Харин нутгийн залуучууд болох Л.Ганбаатар, Ч.Мөнгөнхүү нарын хамт Оож өргөө констракшн ХХК-ийн нэрээр тус тендерт оролцсон. Ингэхдээ тус компанийн захиралтай ярьж тохироод хэрэв шалгарсан тохиолдолд тус компанийн тоног төхөөрөмж хүч бололцоог ашиглаад хамтарч ажиллахаар тохирсон юм. Тендер зарлагдаж Оож өргөө констракшн ХХК шалгарсан гэсэн албан бичиг ирсний дагуу ******* сумын Засаг дарга С.*******гийн өрөөнд очиж гэрээ байгуулах талаар ярилцахад “танай компанитай гэрээ байгуулах боломжгүй, ******* сумын Чацарганат багийн залуучууд ******* ******* ХХК-аас орсон байгаа, тэр залуучуудтай хамтарч ажиллана. Та бүхэнтэй хамтарч ажиллах боломж байхгүй” гэж хэлсэн. Яагаад ингээд байгаа юм бэ гэхэд “нутгийн залуучууд илүү сэтгэлээсээ чанартай хийнэ. Та бүхэн бол сэтгэлгүй ажиллана” гэсэн. Тэгэхэд хуулийнхаа дагуу Оож өргөө контракшн ХХК шалгарсан байна” гэхэд “тэр хамаагүй, үнэлгээний хороо худал ажилласан” гэж хэлсэн. Гэрээ байгуулахгүй танайх татгалз гэдэг зүйлийг яриад байсан. Оож өргөө констракшн ХХК-ийн захирал Даваадорж руу хэлэхэд “угаасаа гэрээ байгуулахгүй юм байна, нутгийн компаниар хийлгэнэ” гээд байна гээд аргагүйн эрхэнд татгалзсан тухай албан бичиг өгсөн байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 162-р хуудас/, Гэрч Г.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2020 онд Ховд аймгийн ******* сумын Чацарганат багийн төвийн барилгын ажлын тендер сонгон шалгаруулалт болохоос өмнө би нагац ах С.*******тэй орж уулзаад “намайг дэмжээд мөн нутгийн залуучуудыг дэмжээд өгөөрэй, багийн залуучуудыг оролцуулж ажил хийх болно” гэж захисан юм. С.*******гийн хувьд намайг болон нутгийн залуучуудыг дэмжиж л манай компанийг шалгаруулах гэсэн гол зорилготой байсан байх. ...С.*******д хувь хэмжээ, мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. С.******* ахын хувьд бол нагац дүү буюу намайг болон нутгийн залуучуудыг л дэмжиж ажилласан гэж ойлгож байгаа.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 166-р хуудас/, 7 Гэрч Д.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...******* деволопмент ХХК нь миний хүргэн ах Батаагийн компани байгаа юм. ...Надтай цуг тендерт оролцсон Зоригоо гэдэг хүн С.*******гийн ээжийн хамаатан юм байна лээ. Тэгээд хамаатан саднаа дэмжих зорилгоор тийм үйлдэл хийсэн байх гэж би ойлгосон. С.******* бид хоёрын дунд бол ямар нэгэн хамаарал байхгүй. Нутгийн хүмүүсээс сонсоход тус тендерийг С.******* нь өөрийнхөө хамаатан болох Зоригоогийн оролцсон компанид өгчихлөө гээд хэл ам болоод байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 168-р хуудас/, Гэрч С.Батаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би ******* деволопмент нэртэй компанийн захирал ажилтай. Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...Миний хувьд өөрөө Ховд аймгийн ******* сумын Чацарганат багийн төв барих барилгын ажлын тендерт оролцоогүй. Миний компанийг миний хадам дүү Д.Бямбажав гэдэг залуу ашиглаж тус тендерт оролцсон. Д.Бямбажав нь өөрөө Ховд аймгийн ******* сумын Чацарганат багийн харъяат залуу байдаг юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 171-р хуудас/, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10/06 дугаартай “Аймгийн 2020 оны төсөв батлах тухай” тогтоол, тогтоолын хавсралт /1-р хавтаст хэргийн 63-64-р хуудас/, Сумдын Засаг дарга нарт худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрх шилжүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/132 дугаартай “Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэх тухай” захирамж, захирамжийн хавсралт /1-р хавтаст хэргийн 70-р хуудас/, Багийн төв барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/30 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж /1-р хавтаст хэргийн 72-р хуудас/,, Ховд аймгийн ******* сумын Чацарганат багийн төв барих ажил худалдан авах тендерийн баримт бичиг /1-р хавтаст хэргийн 74-123-р хуудас/, Ховд аймгийн ******* сумын Чацарганат багийн төв барих тендер үнэлэх үеийн хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт, мөн үнэлгээний хорооны хамгийн сайн үнэлэгдсэн тендер Оож өргөө констракшн ХХК-тай 73226379 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж /1-р хавтаст хэргийн 107-110-р хуудас/,

Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/137 дугаартай Оож өргөө констракшн ХХК-нд тендерт шалгараагүйг мэдэгдсэн албан бичиг /1-р хавтаст хэргийн 112-р хуудас/, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/138 дугаартай ******* деволопмент ХХК-нд тендерт шалгарсаныг мэдэгдэж, гэрээ байгуулахыг мэдэгдсэн албан бичиг /1-р хавтаст хэргийн 112-р хуудас/, 8 Оож өргөө констракшн ХХК-иас ******* сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/90 дугаартай Чацарганат багийн төв барих ажлаас татгалзсан албан бичиг /1-р хавтаст хэргийн 119-р хуудас/, ******* сумын Засаг даргын ******* деволопмент ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Чацарганат багийн төв барих ажлын гэрээ /1-р хавтаст хэргийн 121-122-р хуудас/, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын явуулсан бичгийн бүртгэлт үзлэг хийсэн талаархи мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зураг /1-р хавтаст хэргийн 124-130-р хуудас/, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Б.Соёлмаагийн албаны хэрэгцээнд хэрэглэдэг компьютерт үзлэг хийсэн талаархи 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1-р хавтаст хэргийн 175-180-р хуудас/, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 126/000743 дугаартай “...******* ******* Гансүх Чинзоригын нагац мөн болохыг тодорхойлов” гэх төрөл садангийн тухай лавлагаа /1-р хавтаст хэргийн 182-р хуудас/, Чацарганат багийн төвийн барилгыг хүлээж авах ажлын хэсгийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 238-239-р хуудас/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/28 2020 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 240-242-р хуудас/, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 303 дугаартай “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоол /1-р хавтаст хэргийн 243-р хуудас/, Яллагдагч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би Даваадоржийг танихгүй, миний эхнэртэй цуг 10 жилийн сургуульд нэг ангид байсан юм байна лээ. Огт уулзаж танилцаж байгаагүй.Тэгээд би Ховд аймгийн ******* суманд орж ирээд Их буян захын 2 давхарт оффис дээр нь явж орж уулзаад “чи татгалзсан бичиг хийгээд өгчих” гэхэд өөрөө ч над шиг шулуухан ярьчихдаг эр хүн байна лээ “за тэгье” гээд шууд тэр дор нь бичгээ надад хийж өгсөн. ...Миний хувьд Монгол Улсад хохирол учруулсан зүйл байхгүй. Тухайн барилгыг ******* деволопмент ХХК нь чанартай сайхан барьж гүйцэтгээд хүлээгээд авчихсан. Би түүнээс нэг ч төгрөг аваагүй. Би зөвхөн нутгийн залуучууд юмаа хийг өөрийн юмыг өөрийнх шигээ хийх болов уу, мөн ажилгүй залуучууд хэдэн сар ч ажилтай байг гэж бодоод дэмжсэн.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 16-р хуудас/, Гэрч Н.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд 2020 оны намар сарыг нь санахгүй байна, Ганбаатар надтай утсаар яриад “танай компани тендерт шалгарчихлаа ирээд ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа” гэж хэлсэн. Тэгээд би компанийн тамгаа аваад Ховд аймгийн ******* суманд гэрээ хийх гээд очиход сумын Засаг дарга 9 С.******* “танай компаниар хийлгэхгүй, би нутгийнхаа залуучуудаар хийлгэнэ” гэхээр нь “энэ Ганбаатар ч гэсэн танай нутгийн залуу ш дээ” гэсэн чинь “үгүй ээ би Чацарганатын багийн залуучуудаар хийлгэнэ” гэсэн. Тэгэхээр нь “та нар заавал ингэж хийлгэх байсан юм бол тендер зарлах ямар шаардлага байгаа юм бэ” гэсэн чинь “би танайхаар хийлгэхгүй Чацарганат багийн гаралтай залуучуудаар хийлгэнэ, та тендерт оролцож ажил гүйцэтгэхээс татгалзаж байна гэсэн бичиг хийгээд өгчих” гээд Засаг дарга С.******* нь гуйгаад байхаар нь би ардаа ажилтай байсан учир яараад байсан тул Ганбаатарт учир шалтгааныг хэлж байгаад ажил гүйцэтгэхээс татгалзсан бичгийг нь хийгээд өгсөн юм.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 98-р хуудас/, Яллагдагч С.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “...С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгож байгаа ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй болно. Яллагдагч нь ЭХХШТХ-ийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 54-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21- ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар тус аймгийн ******* сумын Засаг даргаар томилогдсон байжээ. Шүүгдэгчийн эрхэлж байсан сумын Засаг даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн албаны удирдах албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн гүйцэтгэдэг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал 10 бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус тус хуульчилжээ. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/132 дугаартай “Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэх тухай” захирамжаар Чацарганат багийн төвийн барилгын ажлыг худалдан авах эрхийг шилжүүлснээр ******* сумын Засаг дарга С.******* багийн төвийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж ажилласан боловч нутгийн залуучуудаар ажил гүйцэтгүүлэх нэрийдлээр үнэлгээний хорооны “хамгийн сайн үнэлэгдсэн, 73226379 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрийг үл хайхран, өөрийнхөө зээ дүү Г.Чинзоригийн хамтран оролцсон компаниар тендерийн ажлыг гүйцэтгүүлэхийн тул тендерт шалгарсан Оож өргөө констракшн ХХК-тай захиалагчийн гэрээ байгуулахгүй удааж, улмаар тус компаний захирлаар тендерээс татгалзсан албан бичиг үйлдүүлэн, ******* деволопмент ХХК-д тендерт шалгарсан мэтээр 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/138 дугаартай албан бичгийг хүргүүлж, тус компанитай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т зааснаар захиалагч нь үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчлөхийг хоригложээ. Тодруулбал шүүгдэгч С.******* нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг зөрчиж Ховд аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа ХОАОНӨГ/202001133 гэрээний дугаартай Багийн төв барих ажил худалдан авах захиалагчийн эрх буюу сумын Засаг даргын албан тушаалын байдал, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ******* деволопмент ХХК-тай хамтран тендерт оролцсон зээ дүүдээ эдийн засгийн ашигтай байдал буюу давуу байдал бий болгосон байна.

Шүүгдэгчийн сумын Засаг даргын албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг 11 сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу олгосон үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал нутгийн залуучуудаар ажил хийлгэнэ гэх нэрийдлээр ******* деволопмент ХХК-тай тендер шалгаруулалтад хамтран оролцон зээ дүүгээ багийн төвийн тендерт шалгаруулахын тулд албан тушаалын байдлаар урвуулан ашигласан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч С.*******г Ховд аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаалыг эрхэлж байхдаа тус сумын Чацарганат багийн төвийн барилгын ажлыг худалдан авах тендерийн захиалагчийн эрхийг урвуулан ашиглаж, ******* деволопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан давуу байдал олгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.******* урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /3-р хавтаст хэргийн 29-р хуудас/ тогтоогдож 12 байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.*******гийн хувийн байдлын талаар гэрч Г.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус суманд халамжийн байцаагчаар ажиллаж байсан. Сүүлд Засаг дарга болсон гэдгээр нь танина. ...Шатахуун түгээс станцад 10 жил ажилласан, мөн 10 гаруй жилийн хугацаанд халамжийн байцаагчаар ажиллаж байсан. Нутгийн ард түмний дунд нэр хүндтэй. 2 хүүхэд нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа байх, 1 охин нь оюутан бага хүүхэд нь гэртээ байгаа” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхөөгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...С.******* нь сумандаа 10 жилээ төгсөөд сүүлд Удирдлагын академийг төгсөж байсан. 10 гаруй жилийн хугацаанд шатахуун түгээх станцад түгээгчээр, 10 гаруй жил сумын халамжийн байцаагчаар ажиллаж байгаад сүүлд сумын Засаг дарга хийж байсан.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 дугаартай захирамж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 768 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай албан бичиг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /3-р хавтаст хэргийн 26, 28, 2-р хавтаст хэргийн184, 186, 195-196, 244-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “ Шүүгдэгч С.******* нь 2019 оны 02 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 19-ны хооронд Ховд аймгийн ******* сумын Засаг даргаар буюу нийтийн албанд ажиллаж байх хугацаанд хууль тогтоомжоор эрх олгосон болон үүрэг хүлээлгэсэн холбогдох заалтуудыг зөрчиж өөрийн хамаарал бүхий ******* ******* ХХК-ийг тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулаагүй байхад шалгаруулж, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусаар өөрчилж бусдад эдийн засгийн үр ашигтай давуу байдал үзүүлж гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон учир шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим нийцүүлж шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргасныг прокурор хянаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2, 17.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ял албадлагын арга хэмжээг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул шүүхэд шилжүүлэх саналыг гаргасан. Шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг дэмжиж байна. Уг ял шийтгэлийг шүүгдэгчийн нийтийн албанд томилогдсон хугацаа, нас, хор уршиг, нийгмийн аюулыг харгалзан саналыг тавьсан. Энэхүү гэмт хэргийн улмаас төр, нийтэд хор уршиг, хохирол учраагүй, тендерийн үйл 13 ажиллагаа явагдаж, гүйцэтгэл нь дууссан. С.*******д авсан 2021 оны 09 дүгээр сарын 02- ны өдрийн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг тус тус дурдаж байна ” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүнэлтэндээ “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн хохирол хор уршиг байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Иймд прокурорын саналыг дэмжиж байна” гэв. Шүүгдэгч С.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д тайлбарлав. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг нь тоолохоор тогтоож, тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 14 Шүүгдэгчийг шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Цэлх ургийн овогт *******ын *******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.*******д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д тайлбарласугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор тогтоосугай. 6. 2136001040661 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ял, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 15 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК