| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0400/э |
| Дугаар | 2020/ШЦТ/404 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/404
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт Пд холбогдох эрүүгийн 2021000000404 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .......-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт П. /РД: .............../
Шүүгдэгч П нь зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрэвгэр Жиргэрүү” нэртэй 58.500.000 /тавин найман сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий ховор ургамлыг 1 тонн 170 кг хэмжээтэйгээр худалдан авсан, уг худалдан авсан ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, ............. тоот хашаанд байрлах өөрийн хувийн орон сууцанд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би бусдын ам дамжсан мэдээллийг шалгаагүйгээс энэ хэрэгт холбогдсон. Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт блокны цех ажиллуулдаг юм. 2020 оны 06 дугаар сарын сүүлээр надаас блок худалдаж авсан хүмүүс хоорондоо “Булган суманд өвс түүж байгаа хүмүүс их байна. Өвс түүх хорио тавигдсан юм шиг байна” гээд ярилцаж байсан. 2020 оны 07 дугаар сарын дундуур манай ажлын үүдэнд хоёр хүн ирэхээр нь би блок авах гэж байна гэж ойлгоод очоод “та хоёр блок авах гэж байгаа хүмүүс юм уу” гэхэд тэр хоёр хүн “үгүй” гэж хэлсэн. Тэр хоёр мотоциклынхоо ард талд шуудайтай зүйл ачсан байхаар нь би “наадах чинь өвс юм уу?” гэж асуухад “тийм. 1 кг-ийг нь 8000-9000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Би тухайн үед “та хоёр 7000 төгрөгөөр зарахгүй юу” гэхэд тэр хүмүүс цааш явцгаасан. Удалгүй тэр хоёр ирээд “ахаа 7000 төгрөгөөр өвсөө аваарай” гэхээр нь би худалдаж авсан. Ингээд хүмүүсийн ам дамжсан яриаг сонсоод хүмүүс надад өвс худалддаг болсон. Би өвс худалдаж авснаас хойш дэрэвгэр жиргэрүү ургамлынг түүх, хадгалах нь хууль бус гэдгийг мэдээд мөнгөө олж авах гээд хадгалж байгаад ийм байдалд хүрсэн...гэв.
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт байгаль хамгаалагчаар 2007 оноос хойш 13 жил ажиллаж байна. Надад харуулсан ургамал бол Дэрэвгэр Жиргэрүү ургамал мөн байна. Энэ ургамал нь Засгийн газрын 153 дугаар тогтоолоор ховор ургамлын төрөлд орсон ба ургамлыг түүж бэлтгэх, хадгалах, тээвэрлэх нь хуулиараа хориотой байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 50.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Дэрэвгэр жиргэрүү ургамал хураагдсан учраас ямар нэгэн гомдол, санал алга...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/
Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав П, ээж М нар Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ............ гэх газарт үнээний жижиг ферм болон блокны цех ажиллуулдаг. ...2020 оны 07 дугаар сарын сүүлээр аав, ээж дээр очиход хашаанд бага зэрэг үндэс дэлгээстэй байсан...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/
Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12-04-325-21 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлийн 4877 дугаартай гомдол мэдээллийн дагуу шалгагдаж байгаа уг ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн “Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricate (Turz.) Schischk/” ургамал байна.
2. Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай /Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолд/ 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Монгол орны ховор ургамлын жагсаалтад “Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь орсон.
3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар “Экологи-эдийн засгийн үнэлгээ”-г баталсан бөгөөд 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний үнэлгээг 50000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцно.
4. Хэрлэн сумын захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг “Үнэлэх, худалдан борлуулах, устгах” комиссын гишүүд, тухайн хэргийг хариуцсан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Зоригтын хамт дээрх хураагдсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг шалгахад нийт 1170 кг байснаас ашиглах боломжтой нь 1170 кг байна.
5. Захиргааны журмаар хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах эрх бүхий Хэрлэн сумын “Орон тооны бус зөвлөл” нь хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн хуулийн хүрээнд шийдвэрлэж байна” гэжээ. /хх-ийн 42 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-22 тал/
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/879 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 54-55 тал/
- П-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34, 49-52 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ......... овогт П нь зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрэвгэр Жиргэрүү” нэртэй 58.500.000 /тавин найман сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий ховор ургамлыг 1.170 кг хэмжээтэйгээр худалдан авсан, уг худалдан авсан ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, ............ тоот хашаанд байрлах өөрийн хувийн орон сууцанд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б, гэрч Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/879 дугаартай шүүгчийн захирамж, Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12-04-325-21 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П-г зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч П-г зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч П-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/879 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 2021000000404 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.170 килограмм байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг худалдан борлуулж, улсын орлого болгуулахаар Захиргааны журмаар хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах эрх бүхий Хэрлэн сумын “Орон тооны бус зөвлөл”-д шилжүүлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй юм.
Шүүгдэгч П нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч П-гийн .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт П-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч П-гийн ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/879 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 2021000000404 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.170 килограмм байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг худалдан борлуулж, улсын орлого болгуулахаар Захиргааны журмаар хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах эрх бүхий Хэрлэн сумын “Орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ БАТЖАРГАЛ