Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2018/00285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах,ХАЗДТГ

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах, ХА дахь МСҮТ-д холбогдох

20.908.093 /хорин сая есөн зуун найман мянга ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2017/01437/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч байгууллагын захирал Н.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчХАЗДТГ дарга Х.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Авто дадлагын газар барих ажлыг Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэж, 2013 оны 09 сард ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн. Уг ажлыг гүйцэтгэх гэрээний дүн нь 163.495.000 төгрөг байсан боловч тухайн үед тус төвийн захирлаар ажиллаж байсан П.Тэгшчулууны хүсэлтээр зургийн зохиогч Ж.Ганзоригт зурагт өөрчлөлт оруулснаар нэмэлт ажил гүйцэтгэх гэрээг ашиглагч тал болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, гүйцэтгэгч байгууллага болох Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компани нар байгуулан төсөвт тусгагдаагүй 19.813.600 төгрөгийн үнэ бүхий нэмэлт ажил хийлгэсэн ба улсын комисс ажиллан нийтэд нь хүлээж авсан.

Тухайн үед уг ажлын тендер шалгаруулалтын ажил будлиантай болсон гэж Бунбах хязгаарлагдмал хариуцлагатай компани Сангийн яаманд гомдол гаргаснаас шалтгаалан уг ажлын хөлсийг улсын төсөвт тусгагдаж чадалгүй Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компани нь санхүүжилтээ авч чадаагүй ба энэ хугацаанд банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийн улмаас компани санхүүгийн хүндрэлд орсон тухайгаа холбогдох байгууллагуудад мэдэгдэж байсан төдийгүй шүүхэд хандаж хийсэн ажлын санхүүжилтийг олгуулах шийдвэр гаргуулах хүсэлт гаргасан байдаг.

Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 027/ШШ2014/0069 тоот шийдвэрээр 183.308.600 /нэг зуун наян гурван сая гурван зуун найман мянга зургаан зуу/ төгрөгийг Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ ХАЗДТГ нь Улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалтад заасны дагуу захиалагчийн үүрэг гүйцэтгэж гэрээ байгуулсан тул уг төлбөрийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу санхүүжилтыг олгох асуудлыг холбогдох байгууллагуудад тавьснаар Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанид 163.495.000 төгрөгийг олгоод, нэмэлт гэрээ хийсэн 19.813.600 төгрөг олгогдоогүй үлдсэн. Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компани үлдсэн төлбөр болох 19.813.600 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 1.074.493 төгрөг, нийлээд 20.888.093 төгрөгийг гаргаж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газарт тавьсныг аймгийн төсвөөс төлөх боломжгүй гэсэн хариуг тус компанид өгч байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас аймгийн Тамгын газрыг Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хохиролгүй болгож, үлдэгдэл санхүүжилтыг олгохыг удаа дараа шаардсан.

Иймээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, гүйцэтгэгч компанийг хохиролгүй болгон, төсөвт суугаагүй нэмэлт ажил хийлгэж, аймгийн төсөвт учруулсан хохирлыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэхэмжилж авахаар 2016 оны төсвийн тодотгол батлах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд асуудлыг оруулан хэлэлцүүлж, хурлын 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанид 20.908.093 төгрөг олгохоор шийдвэрлэснийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус компанид мөнгийг шилжүүлсэн.

2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар аймгийн аудитын газраас улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний санхүүжүүлээгүй үлдэгдлийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн нь орон нутгийн төсөвт хохирол учруулж, үргүй зардал гаргасан гэж үзээд уг мөнгийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэхэмжлэн аймгийн төсвийг хохиролгүй болго гэсэн зөвлөмж өгсөн явдал нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын энэ үйлдэл орон нутгийн төсөвт хохирол учруулсан гэдгийг баталсан явдал гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, хүний хөгжил сангийн төсөв гэсэн тус тусдаа өөрийн бүрдүүлэх орлого, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төсвүүдээс бүрддэг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцад хамаарч, сайдын багцад батлагдсан төсвөөс санхүүждэг улсын төсвийн байгууллага бол аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн төсвөөс санхүүждэг орон нутгийн байгууллага, өөрөөр хэлбэл санхүүжих эх үүсвэр нь өөр юм.

Хөвсгөл аймаг нь нийт төсвийнхөө 90 орчим хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлдэг, 10 орчим хувийг Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтад заасан орлогуудаас бүрдүүлдэг, үндсэндээ улсаас олгох татаас, санхүүжилтээр санхүүждэг аймаг, шийдвэрлэх олон асуудлууд эх үүсвэргүй хүлээгдэж байдаг. Хэрвээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал П.Тэгшчулуун нь төсөвт тусгагдаагүй нэмэлт ажил хийлгээгүй байсан бол орон нутгийн төсөвт энэ хэмжээний хохирол учрахгүй, энэ мөнгөө аймаг, орон нутагтаа зарцуулах байсан гэж үзэж байна. Энэхүү нэхэмжлэлээр гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил гүйцэтгүүлсний улмаас орон нутгийн төсөвт 20.908.093 төгрөгийн хохирол учруулсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс хохирлыг нэхэмжилж байна. Иймд улсын төсвийн байгууллага болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 20.908.093 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хотод 1967 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй,ХАЗДТГ санхүү төрийн сангийн хэлтэст мэргэжилтэн, Хөвсгөл аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 19 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух, ШЕ67052121 дугаар регистртэй, Авгачууд овогт Цэдэнсодномын Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэмж хэлэхэд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулинд зааснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил үйлчилгээг худалдан авахад захиалагч байх бөгөөд харин санхүүжүүлэх асуудлыг сайдын багцад батлагдсан төсвөөс санхүүжүүлдэг юм. Гэтэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал П.Тэгшчулуун нь захиалагч байгууллага болох аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэлгүй санхүүжилтын эх үүсвэргүй, төсөвт тусгаагүй нэмэлт гэрээ хийж 19.813.600 төгрөгийн ажил хийлгэсэн байсан. Тус мөнгийг 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлөхийг удаа дараа шаардсан тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дадлагын байрны засварын ажлын үлдэгдэл санхүүжилт 20.908.093 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газар орон нутгийн төсвөөс гүйцэтгэгч байгууллага Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосон.

2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар аймгийн аудитын газраас улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний санхүүжүүлээгүй үлдэгдлийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн нь орон нутгийн төсөвт хохирол учруулж, үргүй зардал гаргасан байна гэсэн дүгнэлт гаргаж, зөвлөмж ирүүлсэн. Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т Аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах дараахь чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ, 58.2.3-т Орон нутгийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт хийх гэж заасан байгаа тул Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь төрийн өмч учир аймгийн төсвөөр санхүүжүүлэх чиг үүрэгт хамааралгүй юм. Сангийн яам болон бусад холбогдох газар хандаж, дээрх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй, мөн аймгийн аудитын дүгнэлт гарч, зөвлөмж ирсэн тул шүүхэд хандсан. Иймд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 20.908.093 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Завхан аймгийн Түдэвтэй суманд 1963 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймаг МСҮТ-ийнзахирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 7 дугаар байрны 27 тоотод оршин суух, ИЭ63120210 дугаар регистртэй, Булган овогт Нацагдоржийн Баатар-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймаг МСҮТ-ийнАвто дадлагын газар барих ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар захиалагчийн үүрэг гүйцэтгэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан тухайн ажлыг гүйцэтгүүлэн 2013 оны 9 дүгээр сард ББАК-2013/16 дугаартай актаар ашиглалтанд хүлээж авсан байдаг. Нэмэлт гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн өртөг 19.813.600 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэгч байгууллагад өгсөн. Тус мөнгийг олгохдоо аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 2016 оны төсвийн тодотголд оруулж шийдвэрлэсэн мөртлөө одоо яагаад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулахаар нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед нэмэлт ажлын гэрээг байгуулж байсан талаар захиалагч байгууллага мэдэж байх ёстой бөгөөд хяналт тавих эрх, үүрэгтэй байдаг. Мөн МСҮТ-д зөвхөн Хөвсгөл аймгийн хүүхдүүд суралцаж, мэргэжил эзэмшин төгсдөг бөгөөд 2013 оноос хойш 207 хүүхэд суралцаж ажлын байраар хангагдсан байна. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулинд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлогын эх үүсвэрт улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө зэргээс багтана гэж заасан байдаг тул хууль зөрчөөгүй. Гүйцэтгэгч Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компани нэмэлт ажлын гэрээгээр Авто дадлагын газар-ын хана давхарлан өрж, задгай талбайг цементлэх ажил гүйцэтгэсэн байгаа. Санхүүгийн аудитын шалгалтаар дүгнэлт зөвлөмж гарсан гэж тайлбарлаж байгаа боловч тус менежментийн захидалд Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 31.2.2 заалтыг зөрчсөн гэжээ. Гэтэл хуулинд ийм заалт байхгүй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газар нь үүнийг үндэслэн гэнэт 2017 онд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХАЗДТГ нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь МСҮТ-д холбогдуулан 20.908.093 /хорин сая есөн зуун найман мянга ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Авто дадлагын газар барих ажил гүйцэтгэхэд Хөвсгөл аймаг МСҮТ-ийнзахирал захиалагч байгууллагад мэдэгдэлгүйгээр санхүүжүүлэх эх үүсвэргүй, төсөвт тусгагдаагүй нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн тул шүүхийн шийдвэрээр 19.813.600 төгрөгийн нэмэлт ажлын хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн тул гаргуулж авна,

Хариуцагч нь тухайн үед нэмэлт ажлын гэрээг байгуулж байсан талаар захиалагч байгууллага мэдэж байх ёстой бөгөөд хяналт тавих эрх, үүрэгтэй байдаг. Нэмэлт ажлын хөлс 19.813.600 төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зөвшөөрч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 2016 оны төсвийн тодотголд оруулж шийдвэрлэсэн мөртлөө санхүүгийн аудитын шалгалтаар дүгнэлт зөвлөмж гарсан гэх үндэслэлээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд Авто засварын дадлагын газар-ын барилгын нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдаж, 2 сарын хугацаатай, гүйцэтгэх ажлын хөлс 19.813.600 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

Тус барилга байгууламжийг барьж гүйцэтгэн ашиглалтад оруулах комиссын ББАК 2013/16 тоот актаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн авто засварын дадлагын газрын барилгын шаардлагыг хангаж байна гэх үндэслэлээр хүлээлцэн МСҮТ-д шилжүүлсэн бөгөөд барилгын ажлын хөлс төлөх талаар маргаан гарч, Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанид барилгын ажлын гэрээний хөлс 163.495.000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 19.813.600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.074.493 төгрөгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж олгох тухай Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 027/ШШ2014/0069 дугаартай шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүхийн шийдвэрээр тогтоосон барилгын ажлын үндсэн гэрээний хөлс 163.495.000 төгрөгийг Сангийн яамнаас, нэмэлт ажлын хөлс 19.813.600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.074.493 төгрөгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас тус тус төлсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөр тус тус Хөвсгөл аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан тоот, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 14 дүгээр хуралдаанаар 2016 оны төсвийн урсгал зардал болон орон нутгийн хөрөнгө оруулалтын зардалд нэмж тодотгон зарцуулах хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/139 тоот албан бичиг, нэхэмжлэх, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанид аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор баталж олгосон 20.908.093 төгрөгийн 00034 тоот төлбөрийн хүсэлт, аудитын менежментийн захидал, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 1/494 тоот, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тайлангийн төсөлд хариу хүргүүлэх тухай 1/861 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

Нэхэмжлэгч нь хариуцагч Хөвсгөл аймаг МСҮТ-ийнзахирал П.Тэгшчулуун Авто дадлагын газар барих ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг захиалагч байгууллагад мэдэгдэхгүй байгуулан, төсөвт тусгагдаагүй санхүүжүүлэх эх үүсвэргүй нэмэлт ажил хийлгэж, шүүхийн шийдвэрийн дагуу орон нутгийн төсвөөс төлсөн 20.908.093 төгрөгийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж авна гэж мэтгэлзэж байгаа ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д Захиалагч бараа, ажил үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна, 46.1.4-д Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах, 46.1.6-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл захиалагч байгууллага болох ХАЗДТГ нь ажил гүйцэтгэгч Эндус-Эрхэт хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан гэрээнд заасан ажил, үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа, гэрээнд заагаагүй, батлагдсан төсвөөс хэтэрсэн ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа эсэх талаар хяналтаа тавих ёстой байжээ.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь орон нутгийн төсвөөс нэмэлт ажлын хөлс 19.813.600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.074.493 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг дахь МСҮТ-д олгохоор шийдвэрлэсэн Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 027/ШШ2014/0069 дугаартай шийдвэрийг гарсан үеэс буюу эрх зөрчигдсөн гэдгээ мэдснээс хойш 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тухайн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Тус төлбөрийг төлүүлэхээр холбогдох байгууллага болон хүмүүст хэлж хүсэлтээ гаргаж байсан... гэж тайлбарлаж байгаа ч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 20.908.093 /хорин сая есөн зуун найман мянга ерэн гурав/ төгрөг гаргуулах тухайХАЗДТГ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь МСҮТ-д холбогдох 20.908.093 /хорин сая есөн зуун найман мянга ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчХАЗДТГ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА