Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/405

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Л-д холбогдох эрүүгийн 2021004890432 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 01 хоногийн хорих ялаар,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ... овогт Л. /РД: ............../

Шүүгдэгч Л нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ........ тоотод 2020 оны 08 дугаар сарын 06-ны орой согтуугаар иргэн Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, архины шил шидэх, модоор цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Согтуу байснаас ийм юм боллоо. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Цаг уурын хойно байх Гандан хийд дээрх тогоочийн ажлаа тарчихаад байж байхад манай найз Ганзориг ирж намайг аваад хамт Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг ............. тоотод байх Л ахынд очиход Л ах, эхнэр Нармандахын хамт байсан. Бид нар 3 шил 0.75 литрийн Хараа архи ууцгаагаад бүгд амарцгаахаар болж зүүн талын орон дээр Ганзоригийн хамт хэвтсэн. Тухайн үед би хувцастайгаа хэвтэж, Ганзориг тасарчихсан ухаангүй унтаж байхад Л ах над руу “хувцасаа тайлж унт” гэхээр нь “зүгээрээ хувцастайгаа унтана” гээд орон дээрээ босоод суухад Л ах ууж байсан архины шил авч над руу чулуудахад миний баруун нүдний доор онож хамарнаас маш их цус гарсан. Тэр үед би урдаас нь “та намайг яаж байгаа юм” гээд хэрэлдэж, маргалдахад Л нь шалан дээр байсан мод авч намайг газар унагаад зодож эхэлсэн...” гэжээ. /хх-ийн 12-13 тал/

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд Д, Ганзориг хоёр гадуур явж байгаад гэрт орж ирээд бид нар хоорондоо ярилцаж байгаад архи уухаар болцгоож Л гэрийн хажуу талын “Тэнгэр” нэртэй дэлгүүрээс 3 шил 0.75 литрийн Хараа архи зээлээр авч ирээд тэр архийг нь Л, Ганзориг, Д нарын хамт дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд би нэлээн согтож гэрийнхээ хөргөгчний хажуу талд хувинд бөөлжиж байхад Д “явлаа” гээд хувцасаа өмсөж байхад Ганзориг нь “чи согтуу байна гадагш гараад энд тэнд тасраад унтчихна, тэрний оронд эндээ амар” гэж хэлж байсан. Тэгтэл хажуу талаас Л ууж байсан архины шил авч Д руу шидээд нүүрийг нь онож хамарнаас нь цус гарсан. Мөн Д руу очиж газар унагаад дээрээс нь гараараа цохиж байсан бөгөөд би дундуур нь орж салгаад Д-ийн цусыг нь угааж өгөөд унтаад өгсөн. Тухайн үед би маш их согтуу байсан болохоор тасраад унтчихсан байна...” гэжээ. /хх-ийн 18-19 тал/

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид дөрөв 0.75 литрийн архи 3 шилийг хувааж ууцгаасан. Тэгээд би нэлээн согтоод ойролцоогоор 21 цагийн орчимд гэрийнх нь зүүн орон дээр түрүүлээд унтсан. Харин Д миний хэвтсэн орон дээр сууж байсан. Тэгээд нэг мэдсэн Д намайг татаж сэрээгээд “энэ Л ах чинь намайг хувцсаа тайлж унтсангүй гээд зодоод байна” гээд хамраас нь цус гарчихсан уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би Л ахыг “та яаж байгаа юм бэ” гэхэд “наадах чинь хувцсаа тайлж унтсангүй” гээд уурлаж байсан. Тэгээд би Л ахыг болиулаад удалгүй бүгдээрээ унтаж амарсан...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 621 тоот дүгнэлтэд:

1. Д-гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун хөх, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтлийн тархи доргилт нь дангаараа, баруун нүдний доод зовхины цус хуралт нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29-30 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 39 тоот дүгнэлт /хх-ийн 32-33 тал/

- Л-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17, 38-41 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ......... овогт Л нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ......... тоотод 2020 оны 08 дугаар сарын 06-ны орой согтуугаар хохирогч Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, архины шил шидэх, модоор цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун хөх, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д, гэрч Н, Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 39 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 621 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Л-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Л-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Л-н .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Л-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Л-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Л.БАТЖАРГАЛ