| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/166 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.У |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч С., хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч С.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******эд холбогдох 2136000000211 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ийн *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.******* нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг “Нарийн үзүүр” гэх газарт иргэн С.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг чулуугаар цохиж, биед нь дагзны баруун дээд хэсгийн хуйхны шарх, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй гэв. 2136000000211 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, 2. Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-15-р хуудас/, 3. Гэрч П.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/, 4. Шинжээчийн 2021 оны 10 дүгээр сарын 19-ний өдрийн 636 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-41-р хуудас/, 5. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-41-р хуудас/, 6. Хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 80-р хуудас/, 7. Яллагдагч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/, 8. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Эд зүйл / баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт бичиг/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 64-79-р хуудас/, 9. Яллагдагч С.*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 103-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн *******нд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч С.******* нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Нарийн үзүүр” гэх газарт хохирогч С.тай “хаваржаанд мал хариуллаа” гэх шалтгааны улмаас маргалдах явцдаа түүний биеийн толгой, гарын хуруу хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь дагзны баруун дээд хэсгийн хуйхны шарх, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /1975 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, ам бүл 6, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суудаг/ “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр “Нарийн үзүүр” гэх нэртэй газарт өөрийнхөө хаваржааны урд талд байрлах хашааны гадна гэрийн дээвэр нөхөөд сууж байтал манай төрсөн дүү С.******* ирээд “сайн байна уу” гээд “манай хаваржаагаар мал хариуллаа, та нар хүн боддоггүй юм бол би танай хаваржаан дээр очиж өвөлжинө” гэж хэлэхээр нь би “манайхны бэлчээр угаасаа нэг, танай мал илүү их иддэг шүү дээ” гэсэн. Тэгээд шууд С.******* “чамайг ална” гээд чулуу өврөөсөө гаргаж ирээд над руу 3 удаа шидсэн. Эхний 2 чулуу миний толгойг оноход толгой манараад дахиад чулуу шидэхээр нь би гараараа толгойгоо хамгаалаад газарт хэвтээд “чи намайг алах гэж ирсэн юм байна” гэхэд “би чамайг алах гэж ирсэн” гээд 3 дахь чулуугаар миний толгой руу дахиж шидтэл толгойгоо гараараа хамгаалсан байсан учир миний гарт онож шөрмөсөндөө тултал зүсэгдсэн. Тэгээд миний цээжинд хөлөөрөө тийрэхэд би ухаан алдаж унасан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/, Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би С.*******ийг ирэхэд юм оёод сууж байсан. Тухайн хэрүүл маргаан болоход би өмнөөс нь маргалдсан боловч ямар нэгэн байдлаар дайрч давшсан үйлдэл хийгээгүй. Зодож цохисон зүйл болоогүй. ...Миний толгойн баруун хажуу хэсэгт шарх үүсэж 4 оёдол тавиулсан. Мөн баруун гарын долоовор хуруу гэмтэж 2 оёдол тавиулсан. Одоогоор толгой байнга манарч өвдөх, мөн дагз хэсгээр хатгаж өвдөх зовиуртай байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15- р хуудас/, Гэрч П.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...С.гийн толгойноос цус алдаж, цус тогтсон байдалтай эрүүл мэндийн төвд ирсэн. ...Дагзны баруун ар талд 6 см орчим язралт үүссэн, гүн нь 2 см орчим, баруун гарын долоовор хурууны дунд үе язралт байсныг оёдол тавьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/, Гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би ******* сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт ******* ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Чулуунбаатарын хаваржаанд очиж С.г авч ******* сумын Эрүүл мэндийн төвд ирсэн. ...Толгойны баруун талаар нь цус гарч урсаад цамцны энгэр нь цус болчихсон байсан. Би гэрт нь ороогүй С. хувцсаа аваад гарч ирээд машинд суугаад арын суудал дээр хэвтээд сумын эмнэлэгт ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 636 дугаартай “1. С.гийн биед гэмтэл учирсан байна. 2. С.гийн биед дагзны баруун дээд хэсгийн хуйхны шарх, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын нэмэлт шинжилгээ хийсэн талаархи 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай “1. С.гийн биед баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. С.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. С.гийн биед баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал, гэмтэл нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 636 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орох үндэслэл болно. 4. С. нь тухайн үед хурууны рентген зураг авахуулж, тархины цахилгаан бичлэгийн хариуг нь авч ирээгүй болно. 5. С.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 6. С.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-р хуудас/, Яллагдагч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр морио услахаар явж байтал манай хаваржаан дээр айлын мал бэлчиж байсан. Тэгэхээр нь хэний мал болохыг нь тодруулахаар тухайн мал руу явж байтал манай авга эгч болох Дайриймаа эгчээс “манай хаваржаан дээр хэний мал байна” гээд асуутал “Чулуунбаатарын мал байна” гэж хэлсэн.” Тэгээд гэрлүүгээ буцаад явах замдаа Чулуунбаатар ахынхаар замаараа ороод малаа хаваржаагаар бэлчээж болохгүй талаар хэлчихье гэж бодоод яваад очтол гэрийн урд байх хашааны баруун талд хүн сууж байгаа харагдахаар нь яваад очтол эгч байсан. Тэгэхээр нь мэнд мэдчихээд “танай хонь өчигдөр манай хаваржаан дээрж явж байхаар нь танай хүүхдэд хэлсэн. Таньд ирж хэлсэн үү” гээд асуутал “хэлсэн, хэлсэн” гэхээр нь “өнөөдөр танай хонь бас бэлчиж байна, хэлээд байхад яагаад ойлгодоггүй юм бэ” гэтэл “ганцхан манайх явж байгаа биш, тэгвэл чи бүх айлыг бүгдийг нь хөө” гэхээр нь ... газар шүүрдтэл гарт жижиг, том чулуунууд баригдсан. Чулуу атгасан гараа эгч рүү далайтал эгч сууж байсан ба баруун гараараа толгойгоо дараад баруун хажуу талаа над руу харуулсан. Тэгээхээр нь давуулаад шидчихье гэж бодоод атгасан байсан чулуугаа шидтэл эгчийн толгойг хамгаалсан байсан гарыг оночихсон ба гараас нь цус гарч эхлэхээр нь би буруу юм хийчихлээ гэж бодоод мориныхоо цулбуураас бариад зогсож байтал манай эгч газар хэвтэж өнхрөөд “чи намайг дутуу алчихлаа, намайг гүйцээгээд алдаа өг, алаад өг” гээд орилоод байхаар нь би морио хөтлөөд холдсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/, Хохирогч С.д яаралтай тусламж үзүүлсэн Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмч П.Баярсайханы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 64-р хуудас/, Яллагдагч С.*******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч С.******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлөх болно. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 103-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр Нарийн үзүүр гэх газарт шүүгдэгч С.******* нь “хаваржаанд мал хариуллаа” гэх шалтгаанаар төрсөн эгч С.тай маргалдах явцад уурандаа хохирогч руу 2 удаа чулуу шиджээ. Шүүгдэгчийн шидсэн чулуу нь хохирогч С.гийн толгой болон гарын хуруу хэсэгт онож гэмтээсэн байна. Улмаар хохирогч нь түргэн тусламж дуудсанаар сумын төвд ирж толгойдоо оёдол тавиулжээ. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон боловч нэмэлт шинжилгээ хийх үед гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч С. нь шүүгдэгч С.*******ийн төрсөн дүү буюу тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч хохирогчийн биед халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэж үзэхээр байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтанд дүгнэлт хийж үзэхэд тэдгээрийн хоорондын эгч, дүүгийн харилцаанаас улбаатай биш, хаваржаанд мал бэлчээсэн гэх асуудлаас болж хоорондоо маргалдсан үйл баримт тогтоогдож байх тул прокуророос гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслтэй байна. Хохирогч С.гийн биед үүссэн баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг болох нь нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзлээ. Иймээс шүүгдэгч С.*******ийн хохирогчтой маргалдах явцад толгой, баруун гарын хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал уурандаа хохирогч руу чулуу шидэж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэн, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч С.*******ийг хохирогч С.г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Бэлчээрийн асуудлаас улбаатай хувийн таарамжгүй харилцаа, шүүгдэгч нь эгчийгээ хүндэтгэх ухамсаргүй зэрэг байдал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1000000 төгрөгийн хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 1146512 төгрөг нэхэмжилснээр 1000000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 3396119 төгрөгийг нэхэмжлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлсөн нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргасан өгсөн хохирогч С.гийн ХААН банкин дахь 5853048015 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, НӨАТ-ын баримтуудыг харьцуулж үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 6700 төгрөг, 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16600 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдрийн 45000 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ор хоног” гэх 238000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдрийн “эмний үнэ” гэх 7000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8500 төгрөг зэрэг нийт 305200 төгрөгийн баримт нь хохирогчийн нэхэмжилсэн хохиролтой буюу НӨАТ-ын баримттай давхцаж байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн 2021 оны 10 дугаар сараас эхлэн эмчилгээ хийлгэх явцад таксигаар явсны хөлсийг нэхэмжилсэн боловч дээрх хугацаанд унаагаар зорчсон, таксигаар үйлчлүүлсэн нь нотлогдон тогтоогдоогүй учир хохирогчийн ХААН банкны дансны хуулгыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Иймээс таксигаар явсны хөлс, унааны зардал 1500 төгрөг, 30000 төгрөг, 5000 төгрөг, 700 төгрөг, 100000 төгрөг, 2000 төгрөг, 4000 төгрөг, 10000 төгрөг, 60000 төгрөг, 6100 төгрөг, 8000 төгрөг нийт 227000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт цугларсан хохирогчийн эзэмшлийн ХААН банкин дахь 5853048015 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, НӨАТ-ын баримт зэрэг нотлох баримтуудын *******нд хохирогчийн эмчилгээ хийлгэх явцад гарсан зардал нийт 2863919 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 44-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.*******ийн хувийн байдлын талаар гэрч С.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ******* ******* улсын дугаартай пронтер маркийн машин, өөрийнх нь амьдарч байгаа 6 ханатай эсгий гэр болон 1000 орчим мал байгаа. Ховд аймгийн ******* сумын ************** багт эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Цэргийн алба хаагаагүй.” гэх мэдүүлэг, гэрч Н.*******баатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...10 жилийн сургуулийг” Ховд аймгийн ******* сумын сургуульд сурч байгаад 5 дугаар ангиасаа буюу 1993 онд сургуулиасаа гарсан.” 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 995 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллого, Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн Засаг даргын 2021 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 61-63, 82-84-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дараах дүгнэлтийг гаргав. Улсын яллагч дүнгэлтэндээ “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан баримтын *******нд хохирогчид 1000000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс дахин хохирлын баримтуудыг гаргаж, цаашид хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн. Улсын яллагчийн зүгээс хохирогчийн зүгээс гаргаж өгсөн 3396000 төгрөгийг баримтуудтайгаар нэхэмжилж байгааг гаргуулах нь зүйтэй. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Учир нь шүүгдэгч нь ам бүл 7, 1 ойгоос 14 насны бага насны хүүхдүүдтэй бөгөөд мал маллаж амьдардаг. Одоогоор түүний эхнэр хөдөө мал маллаж байгаа. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд хувиараа мал маллаж амьдардаг, торгох ял төлөх боломжтой гэж үзэж торгох ял оногдуулахаар тохиролцсон. Дээрх торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хувь тэнцүүлэн төлөх саналыг прокурортой тохиролцож, хүлээн зөвшөөрч шүүхэд орж ирсэн. Шүүгдэгчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс цаашид гарах төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэйгээр үлдээх, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна“ гэв. Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ “Шүүгдэгч гэмт хэргийн хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нь зайлшгүй зардлууд гарсан тул түүний баримтаар баталгаажуулж шүүхэд оруулж ирсэн. Шүүгдэгчийн хувьд хохирогчид хохирол учруулаагүй бол энэхүү хохирлын зардал төлбөрүүд гарахгүй байх байсан. Дансны хуулгын хувьд тухайн байгууллагын дансны өөрийн утсан дахь мобайл банкаар дамжуулж төлбөрийг төлж байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн зүгээс хохирол төлөхгүй гэх байр сууринаас хандаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдлууд нь хангагдахгүй байгааг хэлэх нь зүйтэй. Шүүгдэгчийг 580.000 төгрөгөөр торгох саналыг улсын яллагчийн зүгээс шүүхэд гаргаж байгаа нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт буруутай үйлдэлд нийцэхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь ялын сонгох санкцтай. Нотлох баримтыг *******нд хохирогчийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах зүйтэй. Мөн хохирогч нь *******баатар хотод эмчлүүлэх шаардлагатай гэдгийг эмч нарын зүгээс зөвлөгөө зөвлөмж өгсөн тул цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү“ гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж тогтоосон. Хохирогчийн хурууны үзүүр хэсэг нь бяцарч, тархины хуйх хэсэг нь гэмтсэн. Бусад өөр газарт гэмтэл авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид оногдуулж байгаа 580.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн зүгээс хохирлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хавтаст хэрэгт авагдсан бодит хохирлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв“ гэв. Шүүгдэгч С.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлж, үлдснийг төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн *******нд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “мал, хөрөнгөтэй, торгуулийг төлөх боломжтой” гэж мэдүүлсэн учир шүүгдэгчид оногдуулсан таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Шүүгдэгч 1000000 төгрөгийн хор уршгийг төлснийг дурдаж, хохирогчийн иргэний нэхэмжлэлээс 532200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2863919 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв. Мөн хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдав. 2136000000211 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ийг таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******эд оногдуулсан таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.*******эд тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч С.гийн иргэний нэхэмжлэлээс 532200 /таван зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс 2863919 /хоёр сая найман зуун жаран гурван мянга есөн зуун арван ес/ төгрөгийг гаргуулан хохирогч С.д олгосугай. 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******эд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7. 2136000000211 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1000000 төгрөгийн хор уршгийг төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК