Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 27

 

      Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар:

      Нэхэмжлэгч: 1995 онд Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 23 настай, эмэгтэй,  дээд  боловсролтой, багш  мэргэжилтэй, ам бүл 8,  Багануур дүүргийн .... дугаар хороо, Бага гүний .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, Багануур дүүргийн Биеийн тамир спортын  хороонд .......... ажилтай, ..... овогт Э.Э-ийн   нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: 1996 онд Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач  мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй, Дархан-Уул аймгийн, ... дугаар баг, Тосгоны .... тоотод бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Цагаанхуран ..... тоотод оршин суух, Х овогт Ц-ийн Ц-д холбогдох  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар  сарын  21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Ц.Ц, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.Э миний бие Ц.Ц-тай 2015 онд хамтран амьдарч гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016.09.24-ний өдөр охин Ц.А төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас  цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 10 сараас салж тусдаа амьдрах  болсон. Энэ хүн хотод очоод өөр хүнтэй хамтран амьдардаг  болсон гэсэн. Иймд эцэг Ц.Ц-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хоорондын харилцаа ааш зангийн хувьд таардаггүй байсан  учраас салсан, эргэж амьдрах боломжгүй, одоо өөр хүнтэй найзалж байгаа, хүүхэд маань мөн, биш гэж маргах зүйл байхгүй,  салснаасаа хойш  2 удаа ирж хүүхэдтэйгээ уулзсан, хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Ц.Ц нар нь 2015 оноос эхлэн хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа  2016 оны 09 дүгээр сарын 24-ний  өдөр охин Ц.А-ийг  төрүүлэн хүүхэд одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж, эхийн гар дээр хүмүүжиж байгаа болох нь 1101000947 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017.10 сараас тус тусдаа амьдрах болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.Ц-аас тэтгэлэг гаргуулж охин А-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31.233 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31.233 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Х овогт Ц.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн  хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Ц.Ц-аас  сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ц.Ц-аас  гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагч Ц.Ц-д анхааруулсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ