Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 260

 

 

 

    

 

 

 

 

 

 

                           О.М-, Б.М-, Г.П-нарт

                                        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гантулгабат,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцлээр О.М-, Б.М-, Г.П-нарт холбогдох эрүүгийн 1806095620005 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Б.М-, О.М-, Г.П-нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 830 дугаар байрны 7 тоот үйлчилгээний хэсгийн гадаа байсан Ч.Б-гийн “Инфиза” брэндийн унадаг дугуйг хулгайлж, 5.992.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М-, О.М-, Г.П-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-, О.М-, Г.П-нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-, О.М-, Г.П-нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Б.М-, О.М-, Г.П-нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-, О.М-, Г.П-нарт тус бүр 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар тус тус хойшлуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Б.М-, О.М-, Г.П-нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М-, О.М-, Г.П-нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5.6, 7.8 дахь хэсгүүдэд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүн энэхүү албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх, эсхүл тус  албадлагын  арга  хэмжээ  авагдсан хугацаанаас өмнө түүнийг ялаас чөлөөлөх, энэхүү хугацаа дууссаны дараа ял оногдуулах эсэх асуудлыг нэг бүрчлэн зохицуулсан байх бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтуудын хэрэгжилт нь тухайн албадлагын арга хэмжээг тогтоосон хугацаанаас шууд хамааралтай байна.

Хэдийгээр тус шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сараар хойшлуулж хугацаа заасан хэдий ч шүүхийн шийтгэх тогтоолын заалт тус бүр тодорхой асуудлыг шийдвэрлэсэн, тусдаа бие даасан утга агуулгатай байдаг тул дээрх хугацааг уг шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгтэй адилтган авч үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасны дагуу тус албадлагын арга хэмжээ шүүгдэгч нарт хэдий хугацаанд авагдсан гэж үзэх нь тодорхойгүй бөгөөд эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар буюу шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг тодорхой, ойгомжтой, эргэлзээгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Б.М-, О.М-, Г.П-нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 830 дугаар байрны 7 тоот үйлчилгээний хэсгийн гадаа байсан Ч.Б-гийн “Инфиза” брэндийн унадаг дугуйг хулгайлж, 5.992.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Б-гийн: “Манай компани Солонгос улсаас унадаг дугуй оруулж ирдэг бөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, 830-7 тоотод манай “Алтон монголиа” нэртэй дэлгүүр байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15:45 цагийн орчимд ...хоолоо идээд 15-20 минут болоод гарахад дугуй алдагдсан байсан. Уг дугуйгаа 2017 онд оруулж ирсэн бөгөөд 5.800.000 төгрөгөөр үнэлнэ” /хх-7/,

өсвөр насны шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн: “... Цэцэрлэгт хүрээлэнгийн ард талын байрны хажуугаар явж байхад М-“тэнд цоожгүй нэг дугуй байна” гэхээр нь гурвуулаа ярилцаж байгаад авахаар болсон. Тэгээд хэн нь очиж авах уу гээд би Мөнх-Эрдэнийг “очоод авчих юм уу” гэхэд “зориг хүрэхгүй байна” гэсэн. Пүрэвбат бас “зориг хүрэхгүй байна” гэхээр нь “би очоод авчихъя, “НЕХ” нэртэй РС тоглоомын газар уулзъя” гээд би тэр дугуйг очиж авсан. ... уг дугуйг маргааш өдөр нь зарахаар болоод би гэр рүүгээ аваад явсан. 21 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд гэрээс намайг аваад явсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” /хх-44/,

өсвөр насны шүүгдэгч О.М- яллагдагчаар өгсөн: “... Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын байрны гадаа, гацуур модны дэргэд нэг ах дугуйгаа тавиад цоожлохгүй дэлгүүр лүүгээ орчихсон. Тэгэхээр нь би “тэнд дугуй байна” гэж хэлээд бид гурав ярилцаж байгаад М- тэр дугуйг очиж авсан. Пүрэвбат бид хоёр хараад зогсож байсан. Тэгээд РС тоглоомын гадаа уулзаад маргааш сургуульд авчраад гурвуулаа зарахаар ярилцсан. М- тэр дугуйг гэр лүүгээ аваад явсан. Өөрсдийн бодлогогүй байдлаас ийм зүйл боллоо. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” /хх-51/,

өсвөр насны шүүгдэгч Г.П-н яллагдагчаар өгсөн: “... Цэцэрлэгт хүрээлэн рүү дугуй унахаар М-, М-гэх хоёр найзтайгаа явж байсан юм. Тэгтэл М-“тэнд цоожгүй нэг дугуй байна” гэхээр нь гурвуулаа ярилцаж байгаад авахаар болсон. Тэгээд хэн нь очиж авах уу гээд М- Мөнх-Эрдэнийг “очоод авчих юм уу” гэхэд “зориг хүрэхгүй байна” гэсэн. Намайг “очоод авчих уу” гэхээр нь би “үгүй” гэхэд М- “би очоод авчихъя” гээд очиж авсан. Уг дугуйг маргааш нь зарахаар болсон. Айлгаж дарамталсан зүйл байхгүй. Бид гурав гурвуулаа ярилцаж байгаад авсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Бид гурав хулгай хийх талаар ярилцаж авсан” /хх-58/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 5.992.800 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-21-22/, Г.П-ннас тоолсон баримт /хх-24/, Б.М-ын нас тоосон баримт /хх-29/, О.М- нас тоолсон баримт /хх-35/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-63/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр өсвөр насны шүүгдэгч О.М-, Б.М-, Г.П-нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон  байна.

 

Прокурор Ц.Гантулгабат нь “...үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэдий хугацаанд авч байгаа нь ойлгомжгүй тул тодорхой болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” бүлгийн зарим зүйл, хэсэгт Улсын Их хурлаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба уг хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж хуульчилжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч О.М-, Б.М-, Г.П-нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон анхан шатны шүүхээр ял шийтгүүлэх үедээ 18 насанд хүрээгүй байсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа тус тус илэрхийлсэн, хохирол төлбөрийг биет байдлаар буцаан өгч барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 6 сарын хугацаагаар хойшлуулж, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг нь тус тус харгалзан өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө” гэж заажээ.

 

Дээрх зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүхээс үүрэг хүлээгэсэн хугацаа нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд адил байх ба энэ хэргийн хувьд өсвөр насны шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 6 сарын хугацаанд шүүхээс үүрэг хүлээлгэсэн гэж үзэхээр байна.

 

 Иймээс анхан шатны шүүхийн үүрэг хүлээлгэсэн заалтыг буруутгах үндэслэлгүй. Гэхдээ шийтгэх тогтоолыг илүү ойлгомжтой болгохын тулд зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газраа, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг “Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ