Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2020/0017/З |
Дугаар | 118/ШШ2021/0005 |
Огноо | 2021-01-22 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 118/ШШ2021/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б., Ч., Г., Л., Э., С., Ц., Б. нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн сумын Сонгуулийн хороонд холбогдох
Завхан аймгийн сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., Ч., Г., хариуцагч Завхан аймгийн сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга М., гуравдагч этгээд Ж., Ж., Д., Д., Г., Б., гуравдагч этгээд Ж.ын өмгөөлөгч О. /онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгийн сумаас Өгөөмөр багт Ардчилсан намаас бид нар нэр дэвшиж оролцсон. ...сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нар нь сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 20 цагаас шөнийн 03 цаг хүртэл сумын Өгөөмөр багийн малчин айлууд болох С., Ж., А. гэх мэт айлуудаар очиж биднийг багаар нь дэмжээрэй, намайг сонгоорой гэх сонгуулийн сурталчилгаа хийсэн. Мөн дээрх айлуудаар орохдоо архи, ундаа тарааж өгсөн. Сонгуулийн сурталчилгааг зөвшөөрснөөс бусад хугацаанд явуулсан нь бидний Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн байна. Мөн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигч Ю. болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч дээрх 8 хүмүүс болон сумын Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Э. нар 2020 оны 10 сарын 13-наас 16-ны өдрүүдэд урьдчилан бэлтгэж зохион байгуулалттайгаар сумын болон Өгөөмөр багийн харьяалалтай Улаанбаатар хотод ажиллаж, сурч байгаа иргэд оюутнуудын саналыг татах зорилгоор хотоос /1 талдаа 1110 км/ нэгдсэн журмаар 45 хүний суудалтай 96-28 УНЕ улсын дугаартай автобус хөлслөн, сонгогчдын тээврийн зардлыг нь төлж Улиастай сумд авчирсан. Мөн Улиастай сумаас сумын Өгөөмөр багт санал өгөх 8 оюутан буюу Р., Б.*******, Б.*******, А.*******, Ц., Н., У., Ч. нарыг замд нь буулган 2 хуваан 52-87 ЗАА улсын дугаартай приус 20 маркийн жижиг суудлын машинаар сумын МАН-ын нарийн бичгийн дарга Э., 11-02 ЗАН улсын дугаартай премио маркийн суудлын жижиг тэргээр ухуулагч Ж.******* нар нь Өгөөмөр багийн санал авах байр хүртэл үнэ төлбөргүй авчран МАН-ыг багаар дэмжээрэй гэж санал авах байр луу оруулсан. Эдгээр санал өгүүлсэн 8 оюутнууд бүгд МАН-аас аймаг болон суманд нэр дэвшсэн нэр дэвшигч нарыг дэмжсэн санал өгсөн. Тодруулбал: Эдгээр 8 оюутны нэг болох Б.******* нь өөрийн саналын хуудас тэмдэглэсэн байдлаа баталгаажуулах зорилгоор гар утсаар өөрийн санал өгсөн саналын хуудасны зураг авсныг Сонгуулийн хэсгийн хорооны дарга С.******* харж түүний гар утсанд байх зургийг шалгаж үзэхэд МАН-ын аймаг, суманд дэвшсэн бүх нэр дэвшигчийг дугуйлсан саналын хуудасны зураг байсан ба өөрөөр нь устгуулсан. Тэгэхэд Ардчилсан намын ажиглагч Л.*******, Х.******* нар байсан. Энэ оюутнуудад сумын МАН-ын хорооноос 2020 оны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох батламж олгосон байна. Мөн хотоос авчирсан 8 оюутнаа 2020 оны 10 сарын 18-ны өдөр буцаагаад хот руу ирсэн автобусаар нь үнэ төлбөргүй хүргэж өгсөн байна. МАН-аас нэр дэвшсэн 8 нэр дэвшигч эхний 8-д орж дээрх үнэ төлбөргүй ачигдаж ирсэн 8 оюутны санал сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Б. 1 хүний саналаар 9 дүгээрт, 6 хүний саналаар Г. 10 дугаарт, 8 хүний саналаар Ч., Л. нар саналын зөрүүгээр ялагдсан. Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил, сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсон тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно., 47 дугаар зүйлийн 47.1-д Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх сонгогчдын санал татах зорилгоор болон дараах үйлдэл үйл ажиллагааг явуулахыг хориглоно, 47.1.1-д мөнгө, эд зүйл тараах бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх /хот хоорондын болон сум хоорондын ирэх буцах тээврийн хөлс/ гэх мэт хуулиар хориглосон үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрог буюу суманд МАН-аас нэр дэвшигч Ю. нь сонгогчдын саналыг татах зорилгоор санал хураалтын өдөр болон өмнөх өдөр сонгогчдыг санал авах байранд автобусаар тээвэрлэн хүргэж өгөх, санал авах байрнаас тээвэрлэн авч явах үйл ажиллагааг зохион байгуулсан... Иймд дээрх Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн гаргасан үйлдлүүд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа байна. ...хууль бус гэдэг нь нийтэд илэрхий үйл баримтаар нотлогдсоор байтал сумын Сонгуулийн хороо ямар нэгэн арга хэмжээ авч таслан зогсоогоогүй явдал нь сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм... энэхүү эс үйлдэхүй нь тухайн МАН-ын нэр дэвшигчидтэй нэг тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгч бид нарын сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох эрх ашгийг хангаж чадаагүй явдалд гомдолтой байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэр дэвшигч дээр дурдсан хориглосон үйлдлийг гаргавал тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй. Гэтэл Завхан аймгийн Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль зөрчсөн МАН-ын нэр дэвшигчдийг хасахгүйгээр санал хураалт явуулж, улмаар хууль зөрчсөн нэр дэвшигчдэд өгсөн саналыг хүчинтэйд тооцож, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон явдалд гомдолтой байна. Хууль зөрчсөн нэр дэвшигчийг Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон энэхүү шийдвэр нь тус тойрогт АН-аас нэр дэвшсэн нэхэмжлэгч бидний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон. сумын Сонгуулийн хороо хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, санал хураалтын дүн гарахаас өмнө дээрх хууль зөрчсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах ёстой байсан. Гэвч сонгуулийн хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс санал хураалтын дүн гарч, бүр Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гарсан тул уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.3-т зааснаар сонгууль зохион байгуулах төрийн байгууллага, албан тушаалтан сонгууль зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтална гэж заасан. сумын Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, санал хураалтын дүн гарахаас өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасаж болох байсан. Энэ нь нийтийн ашиг сонирхолд ч нийцэхээр байсан. Сонгууль бол нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа юм. Хэрэв сонгуулийн хороо санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хассан бол дахин сонгууль зохион байгуулах шаардлага үүсэхгүй байх боломжтой байсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд нэр дэвшигч хууль зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгох, санал хураалтын дүн гарсны дараа тогтоогдсон бол тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах гэсэн хоёрхон боломжийг хуульчилж өгсөн. Эхний боломжийг сумын Сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй учраас хоёр дахь боломжийг ашиглах ганцхан сонголт үлдсэн. Иймд сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулсан МАН-ын нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын МАН-аас нэр дэвшигч Б., Д.*******, Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг сумын Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид огт болоогүй үйлдлийн төлөө нэгнийгээ хардаж байгаа мэтээр хууль шүүхийн байгууллагад хандаагүй. Ямар нэгэн үйлдэл болсон учраас нэхэмжлэлээ гаргасан. Тухайлбал 2020 оны 10 дугаар сарын 14-ний орой 15, 16 цагийн үед гуравдагч этгээд Ж. аймгаас 2, 3-н айлаас санал өгөх сонгогчдыг нэгтгэж ачаад Өгөөмрийн төвийн санал хураах байрны тэнд Ж.******* гэдэг айлд аваачаад хүмүүсийн сонирхлоор нь хүргэж өгөөд тэр шөнө тэнд хонуулсан байдаг. Өмнө нь гаргадаггүй байсан үйлдлүүдээ тэгэхэд яагаад гэнэт гаргаад байв гэдэг нь асуудал. Дээр нь тэр орой мэр сэр айлуудад юм тараасан. Үүнийг холбогдох газруудад нь хэлээд шалгуулах хүсэлтээ өгсөн. Зарим нь хараахан биелэгдээгүй, зарим хүсэлтийг шалгахаас татгалзсан байгаа. Дээрээс нь Өгөөмөр багийн 8 оюутныг Улаанбаатар хотоос автобусаар үнэ төлбөргүй тээвэрлэж ирж нэгдсэн зохион байгуулалттайгаар санал өгүүлсэн. Санал өгүүлэх явцад 1 оюутан өөрийн санал өгсөн байдлыг гар утсаараа баталгаажуулж авч байсныг хэсгийн хорооны ажилтан харсан байдаг. Тухайн үед оюутнууд нэгдсэн журмаар ирж санал өгсөн байдлаа хуулийн байгууллагад тайлбарлаж чадаагүй боловч нэгэнт үнэ төлбөргүй ачигдаад ирсэн учраас энэ намд нь санал өгөх юм байна гэж ойлгосон талаараа хэлсэн байдаг. Энэ нь яагаад маргах шалтгаан болсон юм бэ? гэхээр бид ачигдаж ирсэн 8 оюутны тооны зөрүүгээр буюу 1 хүнээр ялагдсан учраас маргаад байгаа юм. Сонгуулийн тухай хуульд үйлдлүүд нь саналд нөлөөлөхүйц бол гэсэн заалт байгаа. Иймэрхүү үйлдлүүд гарсан. Хуульч хүн биш учраас хуулийн заалтаар нь хэлж чадахгүй байна... Айл өрхүүдээр явж архи ундаа тараасан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаад нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Түүнийг нь бид дахин шалгуулахаар прокурорын байгууллагад хандахад прокурорын байгууллагаас уг асуудлыг цагдаагийн байгууллага дутуу шалгасан байна гэж үзээд дахин шалгуулахаар буцаасан. Энэ асуудлаар зөрчлийн хэрэг үүсээд шалгагдаад явж байгаа. Энэ хэрэг шийдэгдэхээр захиргааны хэргийн шүүх хуралдаан явагдах юм байна гэж ойлгож байтал зөрчлийн хэргийг хянан шалгаж дуусахаас өмнө шүүх хуралдаан явагдаж байх шиг байна... Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нарыг сумын сонгуулийн хороонд хандаж дахин сонгууль явуулах талаар хүсэлт гаргаагүй байна гэж байна. Бид нэгэнт шүүхийн байгууллагад хандсан учраас шүүхийн шийдвэр эцэслэн гаргахыг хүлээгээд сонгуулийн хороонд хандаагүй. Бид нэр дэвшигчдийг эд зүйл тараасан гэхээсээ илүүтэйгээр сонгуулийн сурталчилгаа хаасан өдөр сонгуулийн сурталчилгаа хийж үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн учраас үүнийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.
Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх тогтоол гарснаас хойш 5 хоногийн дотор аймгийн сонгуулийн хороонд гомдол гаргасан. Аймгийн сонгуулийн хорооноос бидэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдвол дахин сонгууль явуулж болно гэж бичгээр хариу өгсөн... Бид нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусад нэхэмжлэгч нарын тайлбар, саналыг дэмжиж байна гэв.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар сумын сонгуулийн хорооны даргаар томилогдон ажилласан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 15-ний өдөр ээлжит сонгуулийн санал хураалтыг суманд зохион байгуулж, сонгогдох ёстой 21 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч сонгогдсон. Ээлжит санал хураалтаар сонгогдсон 21 төлөөлөгчийн сонгогдсонд тооцсон тухай Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.4-д заасныг үндэслэн сумын сонгуулийн хорооноос 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот шийдвэр гаргаж нийтэд мэдээлсэн. Энэ хугацаанд ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигчдээс сумын сонгуулийн хороо болон хэсгийн хороодод өргөдөл гомдол, санал, хүсэлт албан ёсоор ирүүлээгүй учир сумын сонгуулийн хороо нь холбогдох эрх бүхий байгууллагаар шалгуулаагүй болно. Сумын сонгуулийн хорооны 05 дугаар тогтоол нь Б. нарыг Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаас өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.4-д заалтыг хэрэгжүүлэн санал хураалтын дүнг нийтэд мэдээлсэн болно. Сумын Сонгуулийн хороо нь хуульд заасан үндэслэлийн дагуу нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч нягтлан шалгасны үндсэн дээр бүртгэж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол гаргаж баталгаажуулан саналын хуудсыг хэвлүүлсэн. Энэ хугацаанд сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигчдээс сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол ирээгүй. Нэхэмжлэлд дурдагдсан МАН-аас нэр дэвшигчид нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь холбогдох хууль шүүхийн байгууллагаар нотлогдсон тохиолдолд сумын Сонгуулийн хороо нь 05 дугаар тогтоолын дээрх нэр дэвшигчтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож дахин сонгууль зарлах боломжтой юм. Харин өнөөдрийн байдлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй тул сумын Сонгуулийн хороо дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй... Сонгууль хуулийн дагуу явагдаад бид сонгуультай холбоотой бүх баримт материалуудаа хүлээлгэж өгөөд, хуулийн дагуу сонгогдсон төлөөлөгчдийн нэрсийг батлаад тогтоолоо гаргаад 5 хоногийн дотор нийтэд мэдээлсэн. Үүний дараа Ардчилсан намын зүгээс өргөдөл ирүүлсэн. Бид хуулийн дагуу цагдаа, шүүхийн байгууллагад ханд гэж хэлсэн. Бидэнд бол уг асуудлыг шалгах эрх зүйн үндэслэл байхгүй... Ер нь орон нутгийн сонгуультай холбоотой зөрчил намуудын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бодлоготой холбоотойгоор төрийн ажил хийж байгаа хүмүүсийг шүүхэд дууддаг асуудал нэлээдгүй гарч байна. Энэ асуудал манай сумд 2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 5, 6 жил үргэлжилж байна. Цаашдаа сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвслийн нэр дэвшигчид батлагдсан хууль тогтоомжийнхоо хүрээнд хуулиа хэрэгжүүлж ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Бидний тухайд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд 05 дугаартай тогтоолыг гаргаж хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан... гэв.
Гуравдагч этгээд нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2020 оны сонгуульд наймуулаа оролцсон. Нэхэмжлэлийн талаар нэг байр суурьтай байна...Нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй. Бид айлд архи ундаа тараасан, хүүхдүүдийг автобусаар авч ирж санал өгүүлсэн зүйл байхгүй. Ямар гэрч баримттайгаар ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна гэв.
Гуравдагч этгээд Ж.ын өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолын МАН-аас нэр дэвшсэн нэр бүхий 8 хүний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байсан. Захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг нарийвчилсан хуулиудаар зохицуулсан байдаг. Энэ харилцаа бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулагдах маргаан байгаа. Энэ хуулийн 74 дүгээр зүйлд нэр дэвшигчдийг хасах зохицуулалт хуульчлагдсан байгаа. Нэхэмжлэгч нарын яриад байгаа мөнгө төгрөг, эд материал өгч сонгогчдын саналыг худалдаж авсан гэдэг нөхцөл байдал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгуулах ийм зохицуулалт байгаа. Гэтэл энэ маргааны гуравдагч этгээд болох 8 хүн сонгогчдод эд мөнгө, архи ундаа тараасан гэдгийг тогтоосон ямар ч шүүхийн шийдвэр байхгүй байхад хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Мөн мөнгө төгрөг тараасан гэдгийг хэн тогтоох талаар сонгуулийн тухай хуульд гомдол гаргах гэсэн хэсэгт зохицуулж өгсөн байдаг. Мөнгө төгрөг тараасан асуудалтай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж тогтоогоод шүүхэд шилжүүлж, шүүхээс энэ асуудал нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх боломжтой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад ийм нөхцөл байдал, ийм баримт байхгүй байна. Мөн захиргааны хэргийн шүүх бол захиргааны акт гаргах, эс гаргахтай холбоотой үндэслэл байгаа, байхгүйг шалгана уу гэхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хууль зөрчсөн байна гэдгийг тогтоох субъект биш... Нэхэмжлэгч нар сонгуульд нэр дэвшиж байна гэдэг нь өөрсдөө тодорхой хууль тогтоомжийг судалж байж эдлэх эрх, хүлээх үүргээ мэдэж байж нэр дэвшсэн байх гэж ойлгож байна. Ер нь Завхан аймаг гэлтгүй сонгуультай холбоотой маш олон гомдол сонгуулийн дараа гардаг. Сонгуулийн хороо нь өөрөө сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчилтэй асуудлыг шийднэ үү гэхээс сонгогчдод мөнгө төгрөг тараасан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ. Магадгүй цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа асуудал нь шүүхийн шийдвэрээр тогтоогдчихвол сонгуулийн хороонд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг хуульч хүнийхээ хувьд хэлэх нь зөв болов уу гэж бодож байна... Хоёрдугаар шаардлагын хувьд, Өгөөмөр багт дахин сонгууль явуулахыг даалгах гэсэн шаардлага гаргасан байна. Энэ шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэсэн шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл хууль бус сонгууль явагдсан гэж үзсэн бол нэхэмжлэгч нар хариуцагч руу хандах ёстой байсан. Үүний дагуу хариуцагчийн зүгээс бичгээр хариу өгөх ёстой. Ийм байдлаар хуульд заасан хугацааны дотор хариу өгөөгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шаардлага гарах ёстой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нараас сумын сонгуулийн хороонд ямар нэг хүсэлт өгөөгүй байдаг. Энэ нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан шаардлагыг хангаагүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна... Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-д ...сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна гэсэн хуулийн зохицуулалттай байгаа. Тэгэхээр сумын сонгуулийн хороо нь сумынхаа хувьд өөрөө сумын дээд шатны сонгуулийн хороо байгаа. Тийм учраас нэхэмжлэгч нар сумын сонгуулийн хороог тогтоолоо хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг даалгаж өгөөч гэж хүсэлтээ бичгээр гаргах ёстой байсан... гэв.
Нэхэмжлэгч Б., Г., Ч., Л., Э., С., Ц., Б. нар Завхан аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11-2-4 дүгээр тойрог /Өгөөмөр баг/-т Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлджээ[1].
Нэхэмжлэгч нар нь Завхан аймгийн сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолоос Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон гэх Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг өөрсдийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж, уг хэсгийг хүчингүй болгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг Өгөөмөр багт явуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас Өгөөмөр багт нэр дэвшигч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Сумын Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу орон нутгийн сонгуулийг тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах эрх хэмжээтэй байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага бөгөөд байх ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5-д зааснаар сумын Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж нийтэд мэдээлэх, сумын Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх эрх, хэмжээтэй байна.
Хариуцагч Завхан аймгийн сумын Сонгуулийн хороо дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолыг[2] гаргасан байна.
Маргаан бүхий захиргааны акт болох уг тогтоолоор Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийг хавсралтаар баталж, тэднийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, уг шийдвэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана, 73 дугаар зүйлийн 73.2-д Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно, 73.3-д Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ, 73.4-д Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч нар Монгол Ардын намаас нэр дэвшигчид нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан буюу сонгуулийн сурталчилгааг хориглосон хугацаанд явуулах, сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараах, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэргээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг гаргасан бөгөөд энэ зөрчил илэрхий тогтоогдсон байхад тэднийг сумын Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь үндэслэлгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар сумын Сонгуулийн хороо уг шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шаардлагатай хэмээн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлан маргаж байна.
Хариуцагч сумын Сонгуулийн хороо болон гуравдагч этгээд нар Монгол Ардын намаас Өгөөмөр багт нэр дэвшигчид сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эд зүйл тараах, үнэ төлбөргүй тээвэрлэх зэргээр сонгогчдын саналыг хууль бусаар татах үйл ажиллагаа зохион байгуулаагүй тул 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, түүний үндэслэлээс харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны сонгуульд Монгол Ардын намаас Өгөөмөр багт нэр дэвшигчдээс сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн хууль тогтоомжоор хориглосон хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эсэх талаар нотлох баримт цуглуулж, уг үйл баримтын талаар дүгнэлт өгөх нь энэ хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байна.
Харин Монгол Ардын намаас Өгөөмөр багт нэр дэвшигч нараас сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн /зөрчлийн хэрэг үйлдсэн/ эсэхийг тогтоох нь Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар нотлох баримт цуглуулах, дүгнэлт хийх, түүнчлэн өөр бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ...аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх гэж,
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16-д Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал... сонгогчдын саналыг татах зорилгоор: 16.1.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн; 18-д Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад: 18.1.хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, 18.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн зөрчилд хариуцлага оногдуулах гэж тус тус заасан байх ба тэдгээр зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж, эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 9 болон 2.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан байна.
Тиймээс сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Монгол Ардын намаас сумын Өгөөмөр багт нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нар нь хуулиар хориглосон хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан, сонгогчдын саналыг татах зорилгоор архи, эд зүйл тараасан, мөрийтэй тоглуулсан, Улаанбаатар хотоос сонгогчдыг үнэ төлбөргүй тээвэрлэсэн, өөртөө санал өгүүлэхээр ятгасан, амлалт өгсөн гэх зэргээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай зөрчлийн хэрэг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх талаар нотлох баримт цуглуулсан ба Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/185, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/02 дугаар албан бичгүүдээр[3] дээрх нэр дэвшигч нарт холбогдох зөрчлийн хэрэг шийдвэрлэгдээгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй болох нь тогтоогдож байна.
Иймд маргаан бүхий захиргааны акт буюу хариуцагч сумын Сонгуулийн хорооны 2020 оны 05 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан Энэ хуулийн ...47.1, 47.5.1, 47.5.2...-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон... гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.
Түүнчлэн Монгол Ардын намаас Өгөөмөр багт нэр дэвшигч нар сонгогчдод архи, эд зүйл тараах, хуулиар хориглосон хугацаанд буюу санал хураалтын өмнөх өдөр сонгуулийн сурталчилгаа явуулах зэргээр сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн, уг зөрчил нь нийтэд илэрхий байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар хэрэгт авагдсан гэрч С.*******, А., Л.*******, С., Ж., Э. нарын мэдүүлгээр[4] үгүйсгэгдэж байх бөгөөд шүүхэд энэ маргааныг үүсгэхээс өмнө цагдаагийн байгууллага болон мөн эрүүгийн хэргийн шүүхэд гэрчээр асуугдаагүй талаараа дээрх гэрч нар мэдүүлсэн байна.
Гэрч Б.*******, Р. нар нь сумын харьяалалтай иргэдийг Улаанбаатар хотоос үнэ төлбөргүй автобусаар зөөвөрлөсөн гэх үйл баримтын талаар мэдүүлсэн боловч уг ажиллагааг зохион байгуулахад Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нар оролцсон болох нь тэдний мэдүүлгээр[5] тогтоогдохгүй байна.
Завхан аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/869, 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/23, 1/869, аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 38/3349 дүгээр албан бичгүүд[6] болон 2023000259, 2023000261 дугаартай зөрчлийн хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээс[7] харахад Монгол Ардын Намаас Өгөөмөр багт нэр дэвшигч нарт холбогдуулан шалгаж буй зөрчлийн хэрэг байхгүй бөгөөд Ю.д холбогдох дээрх зөрчлийн хэргийн материалаас харахад Монгол Ардын намаас Өгөөмөр багт нэр дэвшигч нар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Мөн цагдаагийн байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд уг зөрчлийн хэргүүдийг нээж шалгаж эхэлснээс харахад нэхэмжлэгч нараас тус Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэхээс өмнө тогтоогдсон үйл баримт байхгүй байна.
Иймд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гарсан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 05 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй бөгөөд уг тогтоолын холбогдох хэсгээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт гэрчээр асуугдсан Ю. нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг зохион байгуулан оролцсон сумын Монгол Ардын Намын хорооны дарга байх тул энэ хэрэгт ямар нэгэн ашиг сонирхолгүй гэж үзэх үндэслэлгүй тул шүүх түүний мэдүүлгийг[8] үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй
2. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг Өгөөмөр багт явуулахыг хариуцагч тус сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлагын тухайд:
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас Өгөөмөр багт нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нараас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5.1, 47.5.2-д заасныг зөрчсөн талаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул тус сумын Сонгуулийн хорооноос 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Өгөөмөр багт дахин сонгууль явуулах эрх зүйн үндэслэл бий болоогүй байна.
Дахин сонгууль явуулах үндэслэлийг хуулиар тодорхой зохицуулсан ба Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна гэж зааснаас харахад Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг хүчингүйд тооцсон нөхцөлд дахин сонгууль явуулах үүрэг хариуцагч сумын Сонгуулийн хороонд үүсэхээр байна.
Хариуцагч сумын Сонгуулийн хороо болон шүүхээс маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй тул сумын Өгөөмөр багт дахин сонгууль явуулах үүрэг үүсээгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч сумын Сонгуулийн хороог дахин сонгууль явуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байх ба нэхэмжлэгч нарын даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 4.7-д зааснаар Дахин сонгууль гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон, ...тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгох бөгөөд хуулийн 77.1-д Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана гэж зааснаас харахад Сонгуулийн дүн гарсан шийдвэрийг хүчингүй болгосон, Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдлуудад дахин санал хураалт явуулахаар байна.
Хэрэв Сонгуулийн хорооны дээрх шийдвэрүүд хүчингүй болсон бөгөөд Сонгуулийн хороо дахин сонгуулийг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдахаар байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар сонгуулийн дүн гарсан шийдвэр болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай сумын Сонгуулийн хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагч сумын Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдэхүй байхгүй тул дахин сонгууль явуулахыг даалгах шаардлагыг эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд Ж.ын өмгөөлөгчөөс шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй үндэслэлээр дээрх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-д зааснаар сумын Хурлын сонгуулийн тухайд сумын Сонгуулийн хороо дээд шатны байгууллага байх бөгөөд 81 дүгээр зүйлийн 81.3-т зааснаар сумын сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр байх тул нэхэмжлэгч нар даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар сумын Сонгуулийн хороонд өөрт нь заавал гомдол гарган шийдвэрлүүлэх шаардлагагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс дахин сонгууль явуулах талаар шаардаж сумын сонгуулийн хороонд болон аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаж байсан хэмээн тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй, уг тайлбарыг хүлээн зөвшөөрч гомдол гаргасан хэмээн үзэж байгаа тул талууд маргахгүй байгаа уг асуудлаар шүүх нэмж нотлох баримт цуглуулах болон дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
Иймд дээрх эрх зүйн үндэслэлүүдээр сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын холбогдох хэсэг болон уг Сонгуулийн хорооны үйл ажиллагаа нэхэмжлэгч нарын сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Ч. нь Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа зөрчлийн хэргүүдийг шалгаж шийдвэрлэсний дараа уг захиргааны хэргийг шийдвэрлэх шаардлагатай талаар тайлбарлаж байх ба урьд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн уг асуудлаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17, 30-ны өдрүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад Монгол Ардын Намын нэр дэвшигчдээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай зөрчлийн хэргүүд шүүхэд энэ маргааныг үүсгэснээс хойш шалгагдаж эхэлсэн байх тул дээрх зөрчлийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх нь энэ хэрэгт ач холбогдолгүй байна.
Харин нэхэмжлэгч Б. нараас шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гуравдагч этгээд нартай холбоотой зөрчил эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байсан эсэх нь энэ хэрэгт хамааралтайг дахин тэмдэглэж байна. Мөн дээрх зөрчлүүд хожим тогтоогдох бол уг үндэслэлээр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн сумын Хурлын төлөөлөгч нарыг огцруулах талаар шүүхэд маргаан үүсгэх эрх нь нээлттэй болно.
4. Маргаан бүхий захиргааны акт буюу сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын үйлчлэл дуусгавар болсон эсэх, тогтоолын дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сумын Хурал хүлээн авч, анхдугаар хуралдаанаар Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. /гуравдагч этгээд/ нарын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн эсэхийг тодруулахаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулсан эргэлзээ бүхий баримтуудыг[9] шүүх үнэлэх шаардлагагүй байна.
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02, 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06, 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн баримтуудаас харахад 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан гэх анхдугаар хуралдаанаас Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудалтай холбоотой тогтоолыг хоёр өөр агуулгаар гаргасан төдийгүй анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд хоёр өөр байдлаар явуулсан байх тул тэдгээр баримтуудыг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй бөгөөд дээрх эргэлзээтэй баримтууд болон анхдугаар хуралдаануудын аль нь эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоох нь энэ хэрэгт ач холбогдолгүй, Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлаар гарснаас бусад тогтоолууд энэ хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлын улмаас Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. /гуравдагч этгээд/ нарын тухайд сумын Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б., Д.*******, Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий иргэн Б. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
[1] Хэргийн 1-р хавтасны 18,19-р хуудсанд
[2] Хэргийн 1-р хавтасны 17-р хуудсанд
[3] Хэргийн 1-р хавтасны 94, 214-р хуудсанд
[4] Хэргийн 1-р хавтасны 113, 121, 125, 129, 142, 145-р хуудсанд
[5] Хэргийн 1-р хавтасны 133, 138-р хуудсанд
[6] Хэргийн 1-р хавтасны 96, 98, 217-р хуудсанд
[7] Хэргийн 1-р хавтасны 148, 204, 244-р хуудсанд
[8] Хэргийн 1-р хавтасны 117-р хуудсанд
[9] Хэргийн 1-р хавтасны 247-248, 2-р хавтасны 66-80-р хуудсанд