Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 63

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, 

            нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            улсын яллагч Б.Цэцэгмаа,

            шүүгдэгч Ж.Саруулбулга,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Саруулбулгыг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Эрүүгийн 201625021099 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                    

            Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Стешин” нэртэй ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37-Б байрны 2А тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Жаргалсайханы Саруулбулга /регистрийн дугаар ХЗ85041577/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Саруулбулга нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний шөнө 05 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Атеза” ХХК-ний эзэмшлийн “Стешин-50” ресторанд хохирогч Б.Билгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.  

Шүүгдэгч Ж.Саруулбулга шүүхийн хэлэлцүүлэгт “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв,

түүний хэрэг бүртгэлтэд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Миний бие 2016 оны 3 сарын 28-наас 3 дугаар сарын 29-ний шилжих шөнийн 00 цагийн үед ресторанаа хаасан бөгөөд ажлаа тарчихаад ганцаараа ажлын байран дотроо 1-2 шил пиво уучхаад гарсан. Тэгээд гараад Улсын их дэлгүүрийн урд талын фантамын хажуугаар явж байгаад замын хажуугаар явж байсан 2 эмэгтэйг харчхаад танилцахаар очсон. Тэгээд очоод тэр 2-той танилцаад “хамт пиво уух уу?” гэж санал тавихад тэр 2 зөвшөөрөөд “хамт нэг газар оръё” гэсэн. Тэр үед онгорхой газар байхгүй байсан учраас би ажил руугаа дагуулж орсон. Тэгээд ажил дотор орж ирж суугаад пиво ууцгаасан. Уусан шар айргийнхаа төлбөрөө текен дотор үлдээх байсан учраас би найзыг нь ажил дээрээ үлдээгээд Солонгоотой хамт гарч “Хаан“ банкны АТМ дээр очиж өөрийн картаасаа мөнгө авсан. Тэгээд эргэж ажил дээрээ ирээд нөгөө 2-той юм ярьж сууж байгаад текен дээр өөрийн түрийвч, гар утас зэргээ үлдээчхээд нөгөө 2-той ширээн дээрээ сууж юм ярьж байгаад босож ажлын байран дотроо энэ тэрүүгээр явж байгаад эргээд түрийвчээ авсан чинь дотор нь байсан 100.000 төгрөг алга болчихсон байсан. Тэгэхээр нь би тэр 2-оос алга болсон мөнгөө асуусан чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд тэр мөнгөнөөс болоод ерөнхийдөө маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад хэсэг хугацааны дараа тэр хоёр “явлаа” гэхээр нь би ширээн дээр байсан хэнийх нь мэдэхгүй нэг утас байхаар нь тэрийг нь аваад халаасандаа хийгээд “миний мөнгийг гаргаж өг, үгүй бол та 2-ыг явуулахгүй” гэсэн. Тэгсэн чинь тэр хоёр гэнэт уурлаад над руу дайраад байхаар нь Солонгоог нь хойш нь түлхтэл “би хөхөө 8000 ам. доллараар хийлгэсэн” гээд байсан. Тэр үед гэнэт манай рестораны гадна хаалгыг хэн нэгэн тогшсон. Тэгэхээр нь би очоод хаалгаа онгойлгоод өгтөл миний танил замын цагдаа Золжаргал орж ирсэн. Учир нь манай рестораны захирал Түвшинтөр Золжаргал руу залгаад "ресторан дотор Саруулбулга хоёр хүүхэнтэй хамт байна, ойрхон байвал юу болоод байгааг нь очоод үзээдхээч" гэсэн юм байна лээ. Түүний дагуу Золжаргал ирсэн юм. Тэгээд Золжаргалыг ороод ирэнгүүт нь гэнэт нөгөө 2 уурлаад над руу юм шидээд эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад явж очоод болиулах гэтэл Золжаргал намайг болиулаад хаагаад байсан. Тэгээд нөгөө 2 ч уурлаж байгаад цагдаад дуудлага өгчихсөн. Тэгээд удалгүй 2 цагдаа нар хүрээд ирсэн…” гэх мэдүүлэг /хх-20-21, 92/,

 

хохирогч Б.Билгүүний “…2016 оны 3 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуашин” нэртэй хоолны газар найзтайгаа хамт хоол идчихээд 03 цагийн орчим фантамын зүүн талаар замын хажуугаар Улсын Их дэлгүүрийг чиглээд алхаж байтал хажууд “Приус-10” маркийн машинтай 3 залуу ирж зогссон. Машинаас цагаан өнгийн цамцтай залуу бууж ирээд “Юу байна Ану” гээд хүрээд ирэхээр нь би “учрыг нь тайлбарлаад, өөрийнхөө ямар хүн болохоо хэлсэн бөгөөд тэр ч өөрөө мэддэг юм байна лээ. Тэгтэл тэр залуу “би энэ урд талын “Стешин” нэртэй баарны эзэн нь байна. 3-уулаа хамт манай бааранд оръё, надад түлхүүр нь байгаа. Энэ хамт явж байгаа 2 залуу бол манай ажилтан юм байгаа юм. Энэ хоёрыг явуулчихъя” гээд нөгөө хоёр залуу нь такситайгаа хамт яваад өгсөн. Халиунаа бид хоёр тухай баарыг орж сонирхох гэж тэр залууг дагаж орсон. Тэгээд ороод сууж байхад тэр залуу “архи уух уу? Юм уух уу?” гэхээр нь би өөрөө архи дарс уудаггүй учраас “надад жүүс өгчих” гээд авсан. Халиунаа 1 шил пиво уусан. …тэгээд хэсэг хугацааны дараа сууж байтал нөгөө залуу “камерын доор суугаад яахав, хамт ийшээ нэг өрөөнд оръё, би эхлээд танай найз Солонгоотой хэдэн үг сольё, чи түр энд сууж байгаач” гээд Халиунааг ганцааранг нь ширээн дээр үлдээсэн. Тэгээд намайг дагуулаад нэг өрөөнд ороод надад “унтаж, хэвтэх, секс хиймээр байна” гэх мэт санал тавиад над руу дайраад байсан. Тэгэхээр нь би бага зэрэг орилсон чинь манай найз намайг орж ирээд салгасан. …Тэгсэн чинь Халиунаа бид хоёроос тэр цагдаа “ямар учиртай хүмүүс вэ?” гэж асуухаар нь бид хоёр “дөнгөж сая танай найзтай танилцсан, танай найз бид хоёртой унтаж хэвтэнэ гээд гаргахгүй байна.” гэж хэлсэн чинь нөгөө залуу найзаасаа санаа зовсон бололтой “би яахаараа гомо нартай унтдаг юм” гэж хэлэнгүүтээ баруун гараа зангидаж байгаад миний шууд эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. …Тэгээд маргалдаж байтал гаднаас 2 цагдаа ирсэн. Тэгээд би ирсэн цагдаа нарт учраа тайлбарлаад байж байтал нөгөө залуу мөн л “би яахаараа гомо нартай унтдаг юм” гээд дахин миний нүүр лүү нэг удаа алгадсан…” гэсэн мэдүүлэг /хх-11/,

 

гэрч Г.Золжаргалын “…2016 оны 3 дугаар сарын 28-ны орой 21 цагаас 2016 оны 3 дугаар сарын 29-ний өглөөний 09 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ажиллах хугацаанд 05 цагийн үед байх манай найз Түвшинтөр над руу залгаад “Найзынхаа ресторанаар нэг ороод гараач, манай тогооч Саруулбулга ресторан дотор 2 хүүхэнтэй хамт байна, би гар утасны камераар харж байна” гэсэн. Тэгээд би ажил руу явах замдаа ресторанаар орсон. Намайг ороход Саруулбулга, транс жендер Солонго бас нэг эмэгтэй хамт байсан. …Саруулбулгыг Солонго хэд хэд цохих болсон бөгөөд тэрийг би сайн анзаарч хараагүй, тэгсэн чинь Саруулбулга эргүүлээд Солонгын шанаа орчим нэг удаа гараараа алгадсан…” гэсэн мэдүүлэг /хх-12/,

 

гэрч Б.Ганбатын ”…2016 оны 3 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн орчим найз Билгүүн буюу Солонготой хамт Фантамын зүүн талаар явж байхад үл таних залуу ирээд “танилцъя, охидоо би та хоёрыг ямар хүмүүс гэдгийг мэднэ, урьд нь та 2-ын ярилцлагыг чинь үзэж байсан. Юм ойлгодог учраас танилцмаар байна” гэж хэлж байсан юм. …тэгээд тэр паабад ороод байж байтал нөгөө бид хоёрыг дагуулж орсон эзэн нь гээд байсан залуу “та хоёр юм идэж уугаач” гээд нэг пиво, нэг жүүс авчирч өгсөн. Тэгээд ярилцаад сууж байтал тэр залуу Билгүүнийг нэг өрөө рүү дагуулаад орсон ба хэсэг хугацааны дараа чанга чанга маргалдах чимээ гарахаар нь би тэр өрөө рүү нь очсон. …Тэгтэл гаднаас хаалга тогшоод нэг цагдаа орж ирсэн. Цагдаа орж ирээд “энд юу болоод байна” гэж асуухад нөгөө залуу шууд Билгүүний эрүү хэсэг рүү гараараа нэг удаа шууд цохисон. Тэгсэн орж ирсэн цагдаа болиулсан…“ гэсэн мэдүүлэг /хх-13/,

 

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №4401 тоот актын “Б.Билгүүний биед эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун шуу алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-16/

 

гэрэл зургийн үзүүлэлт /хх-26/, шүүгдэгч Ж.Саруулбулгын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-24, 27-42/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-25/, хохирогч Б.Билгүүн, шүүгдэгч Ж.Саруулбулга нарын эвлэрсэн тухай “Эвлэрлийн гэрээ” зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Саруулбулга нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний шөнийн 05 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Атеза” ХХК-ийн эзэмшлийн “Стешин-50” ресторанд хохирогч Б.Билгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие махбодид “эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун шуу алганд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Билгүүн, гэрч Г.Золжаргал, Б.Ганбат нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №4401 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ж.Саруулбулгын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч Ж.Саруулбулгын хохирогч Б.Билгүүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Саруулбулгыг хохирогч Б.Билгүүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.          

 

Шүүгдэгч Ж.Саруулбулга нь хохирогч Б.Билгүүний бие махбодид хөнгөн гэмтэл, санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ж.Саруулбулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн диск 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                             

1.Боржигон овогт Жаргалсайханы Саруулбулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Ж.Саруулбулгад холбогдох хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ж.Саруулбулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ж.Саруулбулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар цагаан өнгийн диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ж.Саруулбулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Саруулбулгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР