Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2601

 

В.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02313 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.О-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийнгаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Д-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З,

Хариуцагч Г.О-,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: В.Д- миний бие нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 11 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй Г.О-т зээлдүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариуцагч зээлийн хүүг төлсөн талаар маргахгүй. Харин үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй. Хариуцагч Г.О-ийн дүү Г.О-ад 14 000 000 төгрөгийг зээлүүлсэн боловч Г.О- энэ мөнгийг авсан. Би хадгаламжид байсан мөнгийг барьцаалаад авч өгсөн. Г.О-ын нөхрийн эгч н.Очимэг-т 8 000 000 төгрөгийг зээлүүлсэн түүнийг нэмээд зээлээд өгсөн. Ингээд хариуцагч надаас 22 000 000 төгрөгийг надад хэлэлгүйгээр эгч Г.О-тээ өгсөн байна лээ. Дараа нь надаас зөвшөөрөл авсан. Г.О-аас утасны дугаарыг нь аваад гэртээ дуудаж авчираад хувийн зээлийн гэрээ хийгээд гарын үсгийг нь зуруулж авсан. Би гэртээ хадгалж байсан 3 000 000 төгрөгийг нэмж өгөөд 25 000 000 төгрөг болгож өгсөн. Сар сард нь хүүг нь өгөөрэй гэхэд за гэж хэлээд авсан. Би хүүгээ төлж чадахгүй, хүүгээ зогсоож өг гээд манайд ирсэн. Чи үндсэн мөнгөө хэзээ надад өгөх юм бэ гэхэд 8 дугаар сарын 15-даар өгнө гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 15-ны өдөр болоход би үндсэн мөнгөө нэхэмжлэхэд хариуцагч надад өгөх боломжгүй, шоронд чинь оръё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд алга болсон. Зээлийн үндсэн төлбөрөөс 11 000 000 төгрөгийн хүүг дансаар авсан. Би бэлнээр мөнгө авч байгаагүй. Хариуцагч нь дүү нартайгаа хуйвалдаад намайг хохироосон. Г.Осувд- хүртэл намайг хуурч мэхэлж байсан. Би эд нарт олон удаа мөнгө зээлж байсан. Сүүлд нь Г.О- гуйж авсан. Ямартаа ч хариуцагч Г.О-ийн гарт л 25 000 000 төгрөг өгсөн. Иймээс үндсэн төлбөр 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би газар тариалан буюу төмс тарьдаг байсан. Тэгээд 2015 оны намар мөнгөгүй болоод В.Д- өвөө рүү ярихад Г.О- мөнгө өгвөл авчих гэж хэлсэн. Тэгээд анх 14 000 000 төгрөгийг авсан. Төмсөө хураагаад төмс муу гарсан. Хавар болоод мөнгөгүй болоод В.Д- гуай дээр очоод нэмж 11 000 000 төгрөг зээлээч гэхэд надад зээлсэн. Би гэмтлийн эмнэлгийн тэнд хүнсний мухлаг ажиллуулсан. Сүүлийн 3, 4 сарын хүүг өгсөн. 5 сард би аргаа бараад хүү төлж чадахгүй гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн. Дахиж төмс тарьж чадахгүй болсон. Өнөөдрийг хүртэл би В.Д- өвөөд 19 350 000 төгрөгийг төлсөн. Урьд нь 2011 онд 40 000 000 төгрөгийг зээлээд буцаагаад 60 000 000 төгрөг болгож өгч байсан. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Сард 1 250 000 төгрөгийг хүүнд төлөөд яваад байхад үндсэн мөнгөнөөс хасагдаагүй байсан. Би нэхэмжлэлийн шаардлагаас 8 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй. 2 хүүхэдтэй, том нь 20 настай, бага нь 9 настай. Сард худалдагчийн ажил ч хамаагүй хийж байгаад мөнгийг нь төлнө. Би нэхэмжлэгчид бэлнээр мөнгө өгч байсан. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэмж 11 000 000 төгрөг авсан. Тэгэхэд гэрээ байгуулаагүй. Өмнөх мөнгийг ч би В.Д- өвөөтэй утсаар яриад авсан. Дараа нь сарын дараа гэрээ байгуулсан. 1 250 000 төгрөгийг бэлэн авч өгөх үед гэрээ байгуулсан. В.Д- өвөө өөрөө гарын үсгээ зурдаг. Зээлээс үлдэх 5 650 000 төгрөгийг төлөөд дээр нь хүү төлөөд дуусгая гэсэн юм гэжээ.

 

Шүүх: 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Г.О-ээс 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-ээс 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Д-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02313 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Г.О- нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 11 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг В.Д-аас зээлж авсан. Уг авсан мөнгөнөөс хариуцагч Г.О- нь дансаар 11 250 000 төгрөг, бэлнээр 8 100 000 төгрөг нийт 19 350 000 төгрөгийг хариуцагчид төлж үлдэгдэл 5 650 000 төгрөгийг төлөх юм. Гэтэл анхан шатны шүүх тухайн маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь 19 350 000 төгрөгийг хариуцагчид буцааж төлсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн гap утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 6 дугаар сарын 12-нд нөхөн хийсэн “Хувийн зээлийн гэрээ” гэх баримт, уг хувийн зээлийн гэрээний баруун доод булан хариуцагч В.Д-ын өөрийн гараар хийсэн 18 100 000 өгсөн гэсэн тэмдэглэгээ, мөн уг гэрээ гэх баримтын ар талд 11 350 000 төгрөгийг яалт ч үгүй төлсөн гэх В.Д-ын хүргэн С.Бат-Эрдэнийн тэмдэглэгээ, хариуцагчийн тайлбар зэргээр нотлон тогтоогдсоор байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг буруу үнэлж дүгнэж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хариуцагчийн гap утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд Г.О-ийн зүгээс хариуцагчид хандан нийт 19 350 000 төгрөгийг төлсөн гэхэд хүүнд төлсөн мөнгөний тухай яриад байх хэрэг байхгүй гэж удаа дараа хэлж нэхэмжлэгч нь 19 350 000 гөгрөгийг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гар утсанд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан. Улмаар хүсэлтийг шүүх хангаж шүүх хуралдаан дээр хариуцагчийн гар утсанд үзлэг хийсэн. Үзлэгээр дээрх байдал нотлогдож тогтоогдсоор байхад уг үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулж үзээгүй ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж уг үзлэгийн тэмдэглэлийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ заагаагүй, үндэслээгүй, үнэлээгүй.

Мөн хавтаст хэрэгт авагдсан “Хувийн зээлийн гэрээ” гэх баримтын ар талд нэхэмжлэгчийн ач охины нөхөр болох С.Б- нэхэмжлэгч хариуцагч нарыг уулзах үед нь байсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарыг тооцоо нийлээд В.Д- гуайн хэлсний дагуу 19 350 000 төгрөгийг яалт ч үгүй төлсөн гэдэг талаар баримтыг зээлийн гэрээний ар талд бичиж тэмдэглэсэн. Энэ талаар С.Б- нь би бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүний дагуу хариуцагчийн өмгөөлөгч нь С.Б-ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг ханган шүүх хуралдаанд гэрчээр С.Бат-Эрдэнийг оролцуулсан. С.Б- нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Үүнийг шүүх хүлээн авч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй заасан мөн гэрч нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул түүнээс мэдүүлэг авч болохгүй гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч хариуцагч нар зээлийн гэрээний дагуу тооцоо нийлэхэд С.Б- байсан ба уг 19 350 000 төгрөг авсан гэдэг талаар В.Д-ын хэлснийг С.Б- бичсэн ба уг гэрч нь тухайн маргааныг шийдвэрлэхэд маш ач холбогдолтой гэрч гэж хариуцагч талаас үзсэн. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр түүнээс мэдүүлэг аваагүй нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх эрхийн зарчим алдагдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар уг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж хуульчилсан. С.Б- нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүнд хамаарахгүй, мөн хуулийн 3.1.5-т заасан төрлийн хүнд хамаарахгүй, мөн хуулийн 3.1.6-т заасан садангийн хүнд хамаарахгүй байтал хуулийг буруу ойлгож гэрч С.Б-эс мэдүүлэг аваагүй нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах түүний холбоотой нотлох баримтыг нотлох үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан “Хувийн зээлийн гэрээ” гэх баримтыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэг талын гаргасан нотлох баримтыг нөгөө тал иш татах эрхтэй. Хувийн зээлийн гэрээ гэх баримтыг талууд 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан.

Хувийн зээлийн гэрээнд “2015 оны 9-р сарын 12-ны өдөр 14 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж аваад cap бүр 700 000 төгрөгийг төлж явж байгаа, 2016 оны 5-р сарын 12-нд 11 000 000 төгрөгийг авлаа” гэж бичиж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хувийн зээлийн гэрээ гэх баримт нь нийт 25 000 000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр авсан гэдэг талаар нотлохоос гадна, хариуцагч нь нэхэмжлэгчид хэдэн сарын хугацаанд хүү төлсөн гэдэг талаар нотлох баримт болох юм. Өөрөөр хэлбэл, хувийн зээлийн гэрээ гэх баримтыг агуулгаас 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 12-ны хүртэл буюу 8 сарын хугацаанд cap бүр 700 000 төгрөгийг буюу 5 600 000 төгрөгийг төлсөн гэдэг агуулгаар бичиж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэ үйл баримтыг шүүх үнэлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 5 600 000 төгрөг нотлох баримтыг хүрээнд хасагдаж тооцогдоно гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд нөхөн байгуулсан гэрээг Иргэний хуульд заасны дагуу хүүг анхнаасаа бичгээр тохиролцоогүй гэж дүгнэсэн мөртлөө дансаар төлсөн 11 250 000 төгрөгнөөс 10 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж үлдэх 1 250 000 төгрөгийг хүүнд гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд хэргийн оролцогчдын зүгээс хүүгийг хэмжээг илт хохиролтойгоор тогтоогдсон гэдэг талаар хүсэлт гаргаагүй байтал шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 

Нэхэмжлэгч В.Д- хариуцагч Г.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 8 500 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Г.О-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Б-эс гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн 184/ШЗ2017/10746 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч С.Б- нь нэхэмжлэгч В.Д-ын зээ охины нөхөр буюу садан төрлийн холбоотой гэх үндэслэлээр гэрчээр оролцохоос татгалзсаныг шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.5-т “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно” гэж заасны алинд хамаарч байгаа болохыг тодруулалгүй уг татгалзлыг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, С.Б- нь энэхүү хэрэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дүгээр зүйлийн 16.14 дэх хэсэгт зааснаар татгалзах эрхтэй этгээд эсэх, нэхэмжлэгчтэй ямар холбоотой талаарх албан ёсны баримт хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 51, 58, 59 дүгээр тал/

 

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн эзэмшлийн 89148989 дугаартай самсунг нөүт-1 маркийн утаснаас нэхэмжлэгчийн эзэмшилийн 89883434 дугаарт 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр залгасан ярианы бичлэгүүдэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ярианы бичлэгт үзлэг хийсэн боловч тэмдэглэлд шүүгч гарын үсэг зураагүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6 дахь хэсэгт “Тэмдэглэлд уг ажиллагааг явуулсан этгээд болон түүнд оролцсон буюу байлцсан бүх хүн гарын үсэг зурна. Тэдгээр нь гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.” гэж заасныг зөрчжээ. /хэргийн 49, 50 дугаар тал/

 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс арилгаж хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.О-ээс төлсөн 282 9500 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                                               

                                              ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ                                                                                                           

                                                                                               С.ЭНХТӨР