Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2014/0059

 

2014 оны 01 сарын 29 өдөр                    Дугаар 59                        Улаанбаатар хот

 

М.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян- Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор М.Г-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны албаны Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтний албан тушаалд томилуулсан тогтоол гаргахыг даалгах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...М.Г нь Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 127 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн нөөцөд бүртгэгдсэн. Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зарласан Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтний албан тушаалд М.Г нөөцөөс бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг хуралдаанаар хэлэлцэн тухайн албан тушаалын анх ирүүлсэн ажлыг эрхлэх боломжтой чиглэлийн багш гэсэн мэргэжлийн шаардлага хангахгүй гэж үзэн нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Ажлыг эрхлэх боломжтой чиглэлийн багш гэдгийг тодруулахад түүх, нийгэм, улс төр, социологи, философийн чиглэлийн багш гэсэн. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Би тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад сонгон шалгаруулалтад орж 1 дүгээр байрт шалгарсан. Улмаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэрийг минь дэвшүүлж, шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгасан. М.Г нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэхдээ 5 дугаарт бүртгэгдсэн байсан тул дараалал зөрчин нэр дэвшүүлж болохгүй. Нотлох баримтаар авагдсан ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгчийг дэмжсэн, сүүлд өөрчилсөн байна. Миний бие түр ажиллах хугацаандаа зохих сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн, ажлаа сайн гүйцэтгэж байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй.” гэжээ.

Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.8, 17.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч М.Г-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Г аймгийн Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны албаны Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Аймгийн захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан захиргааны хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдол '( бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүйгээс гуравдагч этгээд болох миний ашиг сонирхол одоо хөндөгдөхөд хүрээд байна.

Би бага ангийн багш мэргэжилтэй ба 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн Мэргэжлийн боловсрол сургалт, түншлэлийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажилласан юм. Улмаар 2013 оны 9 дүгээр сард Төрийн албаны зөвлөлөөс зарласны дагуу мөн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа учраас орж 72 оноогоор тус оронд өрсөлдсөн хүмүүсээс 1-р байрт орж улмаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн бүр томилогдон одоо ажиллаж байгаа билээ. М.Г-ийн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад би маргахгүй байна. М.Г нь нөөцөд байгаа нэрийдлээр урьд өмнө нь хэд хэдэн Төрийн албаны салбар зөвлөлийн Төрийн албаны жинхэнэ албанд томилуулахаар тогтоол гаргуулж байсан.

Төрийн албаны салбар зөвлөл нь хууль журмаараа бол төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэнийг холбогдох захиалга ирүүлсэн байгууллагад сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлж тогтоол гаргадаг. Нэр дэвшүүлж тогтоол гарсан бол тухайн захиалга ирүүлсэн байгууллага шийдвэр гаргаж баталгаажуулснаар төрийн жинхэнэ албаны нөөцөөс хасалт хийж бүртгэлд өөрчлөлт оруулдаг байна. М.Г Аймгийн ТАСЗ-ийн 2012 оны 8-р сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн, М.Г Аймгийн Боловсролын газрын Технологи, Дүрслэх урлаг хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлж, 2012 оны 8-р сарын 13-ны өдөр 17 тоот тогтоолоо гаргасан Уг тогтоол хүчингүй болоогүй, одоо болтол хүчин төгөлдөр хэвээрээ байхад М.Г дахин нэр дэвшүүлэх тогтоол гаргах асуудал шударга ёсонд нийцэхгүй. 17 тоот тогтоолын 2-р заалтад М.Г уг албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Боловсролын газрын даргад үүрэг болгожээ. Гэтэл энэ асуудлыг М.Г нь нуун дарагдуулан, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга ба түүний нарийн бичгийн дарга нарыг шинээр томилогдсоныг далимдуулан, түүнийг төөрөгдүүлж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж дахин даалгах шийдвэр гаргуулсан явдал шударга бус явдал боллоо. Үүнд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажлын хариуцлагагүй байдал байгаа ба Төрийн албан хаагчийн бүртгэл судалгааг хууль дүрэм журмын дагуу хөтлөөгүйгээс нэг хүнд хэд хэдэн нэр дэвшүүлэх тогтоол гарсаар байхад үүнийг мэдэхгүй суух нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажлаа хайнга хийдгийн жишээ. Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг цуглуулахгүйгээр зөвхөн нэг талыг барьж өнгөцхөн дутуу дулимаг шийдвэр гаргаж хүний эрхийг хохироож байна. Нэхэмжлэгч М.Г нь нөөцөд байгаа нь үнэн боловч урьд өмнө нь энэ хүнд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ямар нэгэн тогтоол гарч байсан эсэхийг хянах үүрэгтэй байлтай. Төрийн алба нь мэргэшсэн тогтвортой байх ёстой. Ингэж хэн нэг хүн өөрийн дураар авирлаж энд тэнд тогтоол гаргуулж төрийн албаны сул орон тоонд дур нь хүрвэл очно, дургүй нь хүрвэл өөр сул орон тоонд дахин томилуулахаар гүйж явдаг нь шударга ёсонд нийцэх үү. М.Г нь Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д заасан шударга ёс тэгш байдлын зарчим 4.2.4-д заасан иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой гэсэн зарчмыг зөрчсөн байна.

Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэх нь аймгийн захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулахгүйгээр зөвхөн нэг талыг барьж өнгөцхөн шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Ийм байдлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг хууль бусаар нэг талыг барьж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс нэхэмжлэгч М.Г-тай холбоотой бүхий л нотлох баримтыг цуглуулан хууль ёсны шударга шийдвэр гаргах боломж олгож хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 36 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс шинээр байгуулагдан ажлын байрны сул орон тоонд захиалга хүргүүлснээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15-д зааснаар сул орон тоог нөхөхөөр нийтэд зарлажээ.

Ийнхүү зарлахдаа Төрийн албаны салбар зөвлөлөөс Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны албаны Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтний албан тушаалд нэр дэвшигч нь боловсролын хувьд бакалаврын зэрэгтэй, мэргэжлийн хувьд багш, нийгмийн ажилтан байхыг шаардсаны дагуу дагуу нэхэмжлэгч М.Г тухайн ажлын байранд Төрийн жинхэнэ албан тушаалд анх орон иргэдийн нөөцөөс өрсөлдөхөөр хүсэлт гаргахад Төрийн албаны салбар зөвлөл хуралдаанаараа хэлэлцэн түүнийг бүртгэхээс татгалзжээ.

М.Г урьд нь төрийн албаны мэргэшлийн шалгалтыг дэс түшмэлийн ангилалд ТЗ-6 зэрэглэлийн албан тушаалын сул орон тоонд шалгалт өгч тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албанд тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байсан бөгөөд түүний бүртгүүлэхийг хүссэн Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтэн нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар дэс түшмэл, ТЗ-5 зэрэглэлд хамаарч байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.8, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.1, 6.2.1, 6.2.2 дахь заалтууд, ялангуяа 6.3-д “Нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллаж болно...” гэж зааснаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн М.Г шалгалт өгч, тэнцсэн албан тушаалаасаа доогуур зэрэглэлтэй ажлын байранд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэхэд бүртгэхээс татгалзсан нь хууль тогтоомжийн дээрх заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Түүнчлэн М.Г хөдөлмөр сургалтын багш мэргэжилтэйгээрээ зарлагдсан ажлын байрны “багш, нийгмийн ажилтан байх” гэсэн шаардлагыг хангаж байхад захиалга өгсөн байгууллагаас тодруулга авч, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, нийтэд зарлагдаагүй шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 /Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй/ дахь заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв байна.

Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан дээрх журмын 3.2-д заасан нөөцөөс хасах тохиолдлуудад заагдаагүй буюу “урьд нь төрийн албаны зөвлөлөөс түүнийг өөр албан тушаалд нэр дэвшүүлж тогтоол гаргаж томилохоор болсон, тэрхүү тогтоолын хүчингүй болгоогүй” гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг нөөцөөс хасагдсан гэж үзэх, улмаар энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар

сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

                             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.