Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00145

 

Ч.Э-, Н.Р- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01136 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1399 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ч.Э-

          Нэхэмжлэгч: Н.Р-

          Хариуцагч: “Н” ХХК

          Нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах

      Нэхэмжлэгч Н.Р-ийн нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Н.Р-ийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Р-, нэхэмжлэгч Ч.Э-ийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

       Нэхэмжлэгч Ч.Э- нэхэмжлэлдээ: Миний бие Н ХХК-ийн барьж ашиглатанд оруулсан Нийслэлийн Сонгино-хайрхан  дүүргийн 19-р хороо, 21 хороолол, ҮЭ гудамж, 90а байр 109 тоот 68.3 м.кв талбайтай, 3 өрөө орон  сууцанд 2016-05 сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Би 2013-09-11-ний өдөр  “Н” ХХК-тай 149 тоот, 68.3 м2 орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулсан.  Гэрээнд гүйцэтгэгч компани нь орон сууцыг 2014-04-р улиралд ашиглалтанд оруулна гэж заасан боловч 2016-4 сард улсын комисс хүлээж авсан. Ч.Э- би орон сууцны төлбөр болох 75,130,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч, гэрээний дагуу захиалсан орон сууцыг давхар захиалгаар гэрээ хийж иргэн Ө.Туулд худалдсан байсан. Ингээд Н ХХК гэрээг захиалсан А блок, 149 тоот 68.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг А.блок 109 тоот 68.3 талбайтай 3 өрөө орон сууцаар 2016-05 сард сольж өгсөн ба өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байна. Иймд 109 тоот 68.3 м.кв орон сууцны өмчлөгчөөр Ч.Э- намайг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч Н.Р- нэхэмжлэлдээ: Миний бие Н ХХК-тай 2013-3-29-ний өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээг байгуулан СХД-н 19-р хороонд баригдах 240 айлын 16 давхар байрны А орцны 3 давхарын 109 тоот 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Дээрх гэрээний дагуу миний бие орон сууцны нийт 90 хувь болох 61,470,000 төгрөгийг төлсөн. Захиалагч миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч Н ХХК буюу гүйцэтгэгч тал гэрээний 3.1-д заасныг зөрчсөн тул миний бие шүүхэд хандаж СХД-н ИХАШШ-н 2018 оны 184/ШШ2018/00448 тоот шийдвэрээр “Н” ХХК-иас 20,653,920 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэж, үнийг бүрэн төлөөгүй байна гэсэн үндэслэлээр тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон билээ. Тиймээс Н.Р- миний 2013-3-29-ний өдөр Н ХХК-тай байгуулсан NA13-51/109 тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээний 4.1-д заасныг үндэслэн, СХД-н ИХАШШ-н 2018 оны 184/ШШ2018/00448 тоот шийдвэрийн дагуу тогтоолгосон 20,653,920 төгрөгийн алдангийн 13,660,000 төгрөгийг тус гэрээний дагуу төлөх үлдэгдэл 10% буюу 6,830,000 төгрөг, НӨАТ-ын төлбөр 10% буюу 6,830,000 төгрөгт тооцуулж захиалсан орон сууцныхаа төлбөрийг 100% төлсөнд тооцуулах хүсэлтэй байна. Гэрээнд заасны дагуу Н ХХК нь орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч захиалагч миний хууль ёсны эрх ашгийг хохироосоор байна. Иймд Н.Р- намайг орон сууцны төлбөрийг 100% төлсөн болохыг тогтоож, 109 тоот 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг “Н” ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч “Н” ХХК-аас шүүхэд гаргасан тайлбартаа: маргаан бүхий 90а байр 109 тоот орон сууцанд Ч.Э-, Н.Р- нар давхардуулж гэрээ хийсэн байгаа. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст давхардуулж гэрээ хийсэн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 184/ШШ2019/01136 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  Ч.Э-ийг Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок 109 тоот 68,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг “Н” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Н.Р-ийн гаргасан орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок 109 тоот 68,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг “Н” ХХК-нд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ч.Э-ийн төлсөн 533,600 төгрөг, Н.Р-ийн төлсөн 226,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Н.Р-оос 273,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, “Н” ХХК-с 533,600 төгрөг гаргуулж Ч.Э-д олгохоор шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1399 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Н.Р-ийн  гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Р-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нэхэмжлэгч Н.Р- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хянавал хэсэгтээ “...Ч.Э- нь маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлсөн, орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон...Н.Р- нь ... 68,300,000 төгрөг төлөхөөс 61,470,000 төгрөг төлсөн...хариуцагч нь нэхэмжлэгч нартай.. 240 айлын орон сууцны А блок 109 тоот 68,3 м.кв талбайтай 3 орон сууцны худалдах худалдан авах гэрээг... байгуулсан, энэ талаар шүүх зөв дүгнэжээ...худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй юм... Иймд Ч Э-ийг эд хөрөнгийг буюу орон сууцыг худалдан авсан гэж үзнэ....” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Н.Р- миний хувьд 2013-03 сард уг орон сууцны зураг батлагдаж хуучин 48 айлын оршин суугчид байр захиалах гэрээ хийгдэж байх үед гэрээ байгуулсан бөгөөд төлбөрийн 90%-г төлсөн батламжийг тухайн үеийн компанийн захирал Г.Баяржаргал 2014.09.20-ны өдөр надад олгосон. Үүнээс хойш жил гаруйн дараа “Н” ХХК-н зүгээс НӨАТ-ын 10%-г 14 хоногийн дотор төл гэж гэрээнд тодорхой заагдаагүй /НӨАТ авах эсэх нь, хэзээ төлөх нь тодорхойгүй/ шаардлага тавьсан, гэрээний үүргээ зөрчиж байр ашиглалтанд өгөх хугацаа хэтрүүлсэн учир би 2016-02 сараас эхлэн одоо байгаа Б.Тамир захиралтай удаа дараа уулзаж амаар ярилцаж, бичгээр хүсэлт тавьсан бөгөөд хүсэлтийн хариуд шүүхээрээ шийдүүл гэсэн ам хариу авсан тул алданги нэхэмжилж 2016-04 сараас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл шударга шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр шүүхэд хандсаар байна.  Ч.Э- нь намайг гэрээ байгуулснаас хойш 6 сар орчмын дараа буюу 2013-09-11-ний өдөр “Н” ХХК-тай гэрээ байгуулсан, ийнхүү гэрээ байгуулахдаа миний захиалсан 109 тоот орон сууцыг бус 149 тоот орон сууцыг захиалсан байдаг ба орон сууцны төлбөр тооцоог төлөхдөө Б.Батчимэг гэх хүнээс 2013.05.17-ний өдөр “Н” ХХК-нд төлсөн 13,110,000 төгрөгийг тооцуулсан гэх /энэ нь эргэлзээтэй учир нь: Ч.Э-ийн хадам аав X Бат-Аюуш мөн түүний хүү энэ байрнаас байр захиалсан тиймээс тэдгээр байранд зориулж төлсөн төлбөрөө 149 тоотруу шилжүүлсэн байх магадлалтай, гүйлгээний утга байхгүй бөгөөд байр захиалсан гэрээнээс өмнө төлбөр төлсөн байна/, 2013.09.11-ны өдөр 560,000 төгрөг, 2014.01.14-ний өдөр урьдчилгаанд 10,245,000 төгрөг, 2014.09.03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015.03.30-ны өдөр 17,565.00 төгрөг, 2016.01.2,9-ний өдөр 13,660,000 төгрөгийг тус 149 тоот орон сууцны төлбөрт төлсөн байдаг бөгөөд энэ нь гүйлгээний утгаас тодорхой харагддаг ба Н.Р- миний 90%-н төлбөр төлснөөс хойш 6 сар гаруй хугацааны дараа 90%-н төлбөрийг төлж, ийнхүү төлбөр төлөхдөө өөрийн захиалсан гэх 149 тоот орон сууцны төлбөрийг төлсөн байгааг шүүх нотлох баримтыг үнэлэхдээ анхаарч үзсэнгүй. /үүнд нэмэлт тайлбар өгөхөд: “Н” ХХК нь тус орон сууцны барилгыг 2014. IV улиралд ашиглалтанд өгөх хугацаатай байсан юм. Тус хугацаанд гэрээний үүргээ биелүүлсэн буюу гэрээний нийт үнийн дүнгийн 90%-г төлсөн захиалагчидад батламж гардуулж өгсөн байдаг юм. Тус захиалагч Ч.Э-ийн хувьд төлбөр төлсөн баримтууд, батламж байхгүй байгаа зэргээс харахад гэрээний хугацаанд үүргээ биелүүлж байгаагүй нь харагдаж байна. / ИХ-н 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх...үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, 227.4-д “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх...ийг шаардах эрхтэй” гэж заасан. ИХ-н 89.1-т “Хүсэл зоригийн дагуу, эрх эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч... байна” , 93.1-т “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй”, 93.3-т “Шууд буюу шууд бус эзэмшигчийн хоорондын харилцаанд энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан. Н.Р- миний хувьд дээр дурдсанчлан анхнаас нь энэ байрыг захиалж, гэрээ байгуулан, гэрээнд заасны дагуу төлбөрийн 90%-г буюу гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ 100 хувь биелүүлж, өөрийн эзэмшлийг үүсгэсэн байтал шүүх Ч.Э-ийг миний захиалсан орон сууцны өмчлөгчөөр үндэслэлгүйгээр тогтоосонд гомдолтой байна. Нөгөө талаас ИХ-н 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч ... эзэмшилдээ авах давуу эрхтэй” гэж заасан хэдий ч Ч.Э-д өмчлөх буюу эзэмших эрх үүсэхгүй юм. Хуулийн энэхүү зохицуулалтад зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдаж болох бөгөөд гэрээ нэгэн зэрэг байгуулсан тохиолдол хамаарах юм. Гэтэл цаг хугацааны хувьд 6 сарын дараа гэрээ байгуулсан, ийнхүү гэрээ байгуулахдаа маргаан бүхий 109 тоот орон сууц бус өөр орон сууц болох 149 тоот орон сууцыг захиалж хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээ байгуулсан, өөр орон сууцны төлбөрийг төлж байсан, ийнхүү төлөхдөө цаг хугацааны хувьд хожим төлбөрийг төлж /гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлсөн захиалагч бүрт батламж олгосон байсан/ байсан хүнийг түүний захиалаагүй орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа явдал нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсгээс үзэхэд Ч.Э- нь орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангажээ. Н.Р- миний бие Ч.Э-ийг уг орон сууцыг бодитоор эзэмшихээс өмнө алданги нэхэмжилсэн маргаанаа “Н” ХХК-тай үүсгэсэн бөгөөд ийнхүү маргаан үүсгэсэн тул уг айлыг оруулсан гэж ойлгож байна. Өнөөдрийг хүртэл миний бие шударга хууль, шударга шүүхээр шийдвэрлүүлнэ, ямар нэгэн хүч хэрэглэх шаардлагагүй гэсэн итгэл үнэмшлээр хандаж ирсэн. /тухайн үед буюу 2016 оны 5, 6-н сард 1 байранд давхардаж захиалсан иргэд байрны хаалга эвдэх, түлхүүр тааруулж орох, хэн нь эзэмшигч болохоо мэдэхгүй хоорондоо зодолдох, цагдаа дуудах, байранд дайрч орох зэрэг олон үйлдэл болж байсан./ ИХ-н 90-н агуулга нь эд юмсыг эзэмших эрхээ хэрэгжүүлж буй хэлбэрээр нь бус, харин эд юмсыг бодитойгоор эзэмшиж буй этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхтэй эсэх, тэрээр уг эзэмшлийг хууль ёсны арга замаар хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэсэн асуултуудын дагуу ялган авч үздэг. Түүнчлэн Шударга бус эзэмшигч гэдэг нь эд юмсыг эзэмших хууль ёсны эрхгүй болохоо сайн мэдэж байгаа этгээд байна, эд юмсыг эзэмших эрхгүй гэдгээ сайн мэдэхгүй ч гэсэн эзэмших эрхгүй болохоо мэдэхэд төвөгтэй биш болон таньж мэдэх бололцоотой этгээд нь шударга бус эзэмшигч байдаг. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч.Э-ийн тайлбар, “Н” ХХК-тай байгуулсан 2013-9-11-ний өдрийн НА-149 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”, орон сууцны төлбөр төлсөн баримтууд зэргээс үзэхэд Ч.Э- нь миний захиалсан 109 тоот орон сууцыг захиалаагүй, түүнийг эзэмших эрхгүй /одоо энэ байранд амьдарч байгаа Х.Бат-Аюуш гэдэг хүнтэй 2016-7 сард манай ах Н.Дагвадорж уулзсан бөгөөд бид энэ байран дээр шүүхээр асуудлаа шийдүүлэх гээд явж байгаа та миний захиалсан байрнаас гарчих гэхэд үнэхээр шүүх энэ чиний байр мөн гээд тогтоочихвол би гаръя гэсэн байдаг мөн Ч.Э- нь 149 тоот байраа өөрийнх болгохоор Ө.Туултай шүүхдэлцсэн байдаг/ гэдгээ сайн мэдэж байсан бөгөөд одоо ч мэдэж байгаа гэдэг нь харагдаж байхад анхан шатны шүүх энэ асуудлыг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн. Н.Р- миний бие “Н” ХХК-ийн хооронд байгуулсан 2013.03.29-ний өдрийн “Орон сууц захиалан барих, бариулах тухай” гэрээний 2.2 дахь хэсгийн 3-т “Түлхүүр гардуулах үед 10 хувийг тус тус шилжүүлнэ”, 3.5-д “Захиалагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг барьцаанд байлгаж, нэг сарын хугацаанд байрны төлбөрөө төлөхийг захиалагчаас шаардана” гэж заасан. Н.Р- миний бие дээр дурдсанчлан гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрийн 90%-г төлж гэрээний үүргээ аль хэдийн биелүүлсэн боловч надад түлхүүр гардуулах ажиллагаа хийгээгүйгээр барахгүй, надад уг орон сууцыг эзэмшилдээ авах боломж олгоогүй билээ. Түүнчлэн “Н” ХХК нь ИХ-н 93.1, 225.4-т зааснаар гэрээг хуульд заасны дагуу байгуулж, төлбөрийнхөө 90%-г төлж, гэрээнд заасан үүргээ 100% биелүүлсэн Н.Р- надтай байгуулсан 2013.03.29-ний өдрийн гэрээнээс татгалзах эрхгүй бөгөөд гэрээг цуцалсан талаараа өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдсэн талаарх баримтаа шүүхэд нотлоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас Ч.Э- нь уг орон сууцыг эзэмшилдээ авсанд түүнийг буруутгах аргагүй боловч  “Н” ХХК нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг бичгээр хийсэн гэрээ, хэлцэлгүйгээр, хууль буюу гэрээг зөрчин шилжүүлсэн явдал нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан хууль дээдлэх, шударга ёс, гэрээний эрх, чөлөө, иргэний эрх, үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн явдал гэж үзэж байна. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ миний давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд ямар нотлох баримтаар хэрхэн няцаагдаж байгаа талаар хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 118.4-т заасантай нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ч.Э- 2019-01-09-ний өдөр шүүхэд хандаж, /хх1/ Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 19-р хорооны 21 хороололын Үйлдвэрчний эвлэл гудамж, 90а байр 109 тоот 68.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны \цаашид 109 тоот гэх\ өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахыг шаардсан байна.

      Н.Р- 2019-01-14-ний өдөр /хх 80/ шүүхэд хандаж “...орон сууцны үнийг 100 хувь төлсөн болохыг тогтоолгох, орон сууцыг шилжүүлэхийг хариуцагчид даалгах...”-г хүссэн бөгөөд шүүх түүнийг “...109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах..” нэхэмжлэл гаргасан гэж үзжээ.

       Хариуцагч Н ХХК нэхэмжлэлтэй холбогдуулан “...энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбар өгсөн байна. 

       Анхан шатны шүүх Ч.Э-ийн нэхэмжлэлийг хангаж, Н.Р-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж хэвээр үлдээжээ.  

       Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Н.Р-ийн нэхэмжлэлийг хангаж, Ч.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       1. Н.Р-ийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг  хэрэглээгүй байна.

       1.1. Н.Р-ийн нэхэмжлэлийн талаар

       Н.Р- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ “...орон сууцны үнийг 100 хувь төлсөн болохыг тогтоолгож, орон сууцыг шилжүүлэхийг Н ХХК-д даалгах...” гэж тодорхойлсон бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ түүнийг “.... 109 тоотын  өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Н ХХК-д даалгах..” нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзсэн нь зөв байна.

      Шүүх Н.Р-ийг “...109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах..” нэхэмжлэл гаргасан гэж үзсэн атлаа шийдвэр гаргахдаа уг нэхэмжлэлийг бус, харин “...орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн болохыг тогтоолгох, 109 тоотыг шилжүүлэхийг даалгах..” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ. 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Н.Р- нь “...109 тоотыг хариуцагчаас худалдан авсан...орон сууцны үнийг 100 хувь төлсөн..” гэсэн үндэслэл зааж “...109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Н ХХК-д даалгах...”-г шаардсан, зохигч нар энэ талаар мэтгэлцэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна. 

       Иймд Н.Р- “...109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Н ХХК-д даалгах...” нэхэмжлэл гаргасан, энэ талаар шүүх хэлэлцсэн байх тул хяналтын шатны шүүхээс гомдлын талаар дүгнэлт хийх, улмаар хэрэгт буй баримтын хэмжээнд хэргийг хянаж, эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120,176 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчихгүй юм.  

       1.2. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зарим нөхцөл байдлын талаар:

       Н.Р- “...109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох...”-г шаардахдаа “...109 тоотыг худалдан авсан боловч уг орон сууцыг хариуцагч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй..үүнээс болж өмнө нь маргаан үүсэж би шүүхийн шийдвэрийн дагуу алдангид 20,653,920 төгрөгийг хариуцагчаас авах болсон...одоо намайг 109 тоотын төлбөрийг бүрэн төлөөгүй гэх боловч алдангид авах ёстой мөнгөө тооцвол би 109 тоотын үнийг бүрэн төлсөн гэж үзэж болохоор байгаа...” гэсэн агуулгатай үндэслэл заажээ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Н ХХК нь 109 тоотыг Н.Р-ид хүлээлгэн өгөх, Н.Р- нь орон сууцны үнэ 68,300,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж, талууд 2013-03-29-ний өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээ байгуулсан байна. 

      Н.Р- нь Н ХХК-д 61,470,000 төгрөг төлсөн, 6,830,000 төгрөг дутуу үлдсэн байгаа талаар зохигч маргаагүй. 

    Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-02-22-ны өдрийн 184/ШШ2018/00448 дугаар шийдвэрээр Н ХХК- с алданги 20,653,920 төгрөг гаргуулж Н.Р-ид олгох, 109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох Н.Р-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.  

     1.3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-02-22-ны өдрийн 184/ШШ2018/00448 дугаар шийдвэрээр “...109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох...” Н.Р-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй...” болгосон нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй юм.   

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 184/ШШ2018/00448 дугаар шийдвэр гаргахдаа Н.Р- “...109 тоотын үнийг бүрэн төлөөгүй байгаа...” тул түүний уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох  шаардлагыг хангах нөхцөл бүрдээгүй гэж үзжээ.

    Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 184/ШШ2018/00448 дугаар шийдвэрээр 109 тоотын өмчлөгчөөр тогтоох Н.Р-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, үүнээс хойш үйл баримт өөрчлөгдсөн буюу “...орон сууцны үнийг төлсөн гэж үзэх нөхцөл үүссэн...”, хариуцагч гэрээг цуцлах, татгалзах шаардлагыг шүүхэд гаргасан баримт хэрэгт байхгүй тул худалдах-худалдан авах гэрээний үүргийг Н.Р- биелүүлсэн эсэх үйл баримттай холбоотой үргэлжлэн гарсан маргааныг “...шүүх өмнө шийдвэрлэсэн буюу хүчин төгөлдөр шийдвэр байгаа..” гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

       1.4. Н.Р-ийн нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар

       Н ХХК нь 109 тоотыг Н.Р-ид хүлээлгэн өгөх, Н.Р- нь орон сууцны үнэ 68,300,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж,талууд 2013-03-29-ний өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэх нэртэй гэрээ байгуулсан байна. 

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

      Талууд гэрээгээ “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэж нэрлэсэн боловч уг гэрээгээр Н ХХК нь 109 тоотыг Н.Р-ид худалдах, Н.Р- 68,300,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн тул тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

      109 тоотыг худалдах-худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзэж, хариуцагчаас алданги гаргуулах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/00448 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул Н ХХК, Н.Р- нарын хооронд 2013-03-29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээ Иргэний хуульд нийцсэн гэж шүүх үзсэн нь зөв болжээ.

    Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээний  үүргээ биелүүлэх,үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

       1.5. Худалдан авагч Н.Р- орон сууцны үнийг бүрэн төлөх гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх эсэх талаар  

       а\. Н ХХК болон Н.Р- нарын хооронд 2013-03-29-ний өдөр байгуулагдсан гэрээгээр Н.Р- нь орон сууцны үнэ 68,300,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. 

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ. Хэрэгт авагдсан баримтаар, 2013-03-29-ний өдрийн гэрээнд заасан үүргээс Н.Р- 68,300,000 төгрөгөөс 6,830,000 төгрөг төлөөгүй байх бөгөөд үүнийг хариуцагч шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан баримт хэрэгт байхгүй байна. 

     Хариуцагч алданги 20,653,920 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/00448 дугаар шийдвэрийн дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ.    

        б\. Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна.

       Н.Р- 2013-03-29-ний өдөр байгуулагдсан гэрээний төлбөрийг Н ХХК-д бүрэн төлөх хугацаа болсон, Н ХХК-с 20,653,920 төгрөг гаргуулж Н.Р-ид олгох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд эдгээр нь 109 тоотод холбоотой байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

       Өөрөөр хэлвэл, “...биелүүлэх хугацаа нь болсон...ижил төрлийн харилцан шаардлага ...”-г хооронд тооцож 109 тоотыг үнийг бүрэн төлөх тухай Н.Р-ийн үүргийг  дуусгавар болсон гэж үзэх боломжтой байна.

       Хэрэгт авагдсан баримтаар үүргийг харилцан тооцож дуусгавар болгож болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.Р- нь 109 тоотын төлбөрт төлөөгүй үлдсэн 6,830,000 төгрөгийг хариуцагчаас авах 20,653,920 төгрөгөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1,238.8-г зөрчихгүй юм.   

           Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байгаа тул нөхөгдөөгүй хэсгийн шаардлагыг  хүчин төгөлдөр хэвээр гэж үзэх нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4-т нийцнэ.

        Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1,238.8, 238.4-г үндэслэн худалдан авагч Н.Р- нь 109 тоотын үнэ 68,300,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэх боломжтой байна. 

      1.6. Худалдагч “...худалдсан эд хөрөнгийг холбоотой баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” үүргээ биелүүлсэн эсэх буюу “...109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох ..” тухай шаардлагын талаар 

       а\. Н ХХК нь 109 тоотыг Н.Р-ид худалдах үүрэг хүлээж, 2013-03-29-ний өдөр гэрээ байгуулсан байна. 

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ.

       Н.Р- нь 2013-03-29-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу худалдан авсан эд хөрөнгө буюу 109 тоотын үнэ 68,300,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй тул худалдагч Н ХХК-с гэрээний зүйлийг мөн түүнтэй холбоотой баримт бичгийг шаардах эрхтэй .

       Иймд шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Н.Р-ийг 109 тоотын өмчлөгчөөр тогтоож, холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид үүрэг болгоно. 

        2. Ч.Э-ийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. 

         2.1. Ч.Э-ийн нэхэмжлэлийн талаар

      Ч.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Н ХХК-д даалгах..”-г шаардсан байна.   

      Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хоёр шатны шүүх хэлэлцэж шийдвэр гаргасан байгаа тул хяналтын шатны шүүхээс гомдлын талаар дүгнэлт хийх, улмаар хэрэгт буй баримтын хэмжээнд хэргийг хянаж, эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120,176 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчихгүй гэж үзнэ.   

        2.2. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зарим нөхцөл байдлын талаар

      Ч.Э- нь 109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Н ХХК-д даалгах шаардлага гаргахдаа “... 149 тоотыг захиалж гэрээ байгуулсан...уг орон сууцаа 109 тоотоор сольж одоо хүртэл амьдарч байна...” гэсэн үндэслэл заасан байна.    

       Н ХХК нь 149 тоотыг Ч.Э-д хүлээлгэн өгөх, Ч.Э- орон сууцны үнэ 68,300,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж,талууд 2013-09-11-ний өдөр  “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээ байгуулсан. 

     Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-07-23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаар шийдвэрээр 149 тоотын өмчлөгчөөр Ө.Туул тогтоогдсон ба уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Ч.Э-ийн бие даасан шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон байв.

       Н ХХК нь 149 тоотын оронд 109 тоотыг Ч.Э-д хүлээлгэн өгснөөр тэрээр 2016 оны 05 дугаар сараас эхлэн 109 тоотыг эзэмших болсон байна.     

       Ч.Э- нь Н ХХК-д 75,130,000 төгрөг төлсөн байгаа талаар зохигч маргаагүй. 

       2.3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйлийг хэрэглэсэн байна.    

       Хариуцагч нь 109 тоотыг Н.Р-ид худалдах, Н.Р- уг эд хөрөнгийн  үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн гэрээ хэрэгт авагдсан, харин 109 тоотыг Ч.Э-д худалдах гэрээ хэрэгт байхгүй байна.

       Н ХХК, Ч.Э- нарын хооронд 2013-09-11-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл нь 109 тоот биш байхад шүүх Н.Р-, Ч.Э- нарын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч 109 тоотыг “хэд хэдэн этгээдэд худалдсан” гэж үзсэн нь буруу болжээ. 

       Хариуцагч нь Н.Р-той 2013-03-29-ний өдөр гэрээ байгуулж 109 тоотыг худалдах үүрэг хүлээсэн, Ч.Э-тэй 2013-09-11-ний өдөр гэрээ байгуулж 149 тоотыг худалдах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүйгээс түүнд 109 тоотыг шилжүүлэн өгсөн нь “...худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан...” гэж үзэх үндэслэл биш тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэхгүй. 

        2.4. Шүүх хэрэгт буй зарим нотлох баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. 

       а\. Ч.Э- 109 тоот орон сууцыг худалдан авах талаар хариуцагчтай тохиролцож байгаагүй бөгөөд 149 тоотыг худалдан авахаар тохиролцсоны дагуу уг орон сууцны  төлбөрийг төлж байсан нь зохигчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-07-23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаар шийдвэрээр тогтоогджээ.  

       Тодруулбал хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан хариуцагч компанийн санхүүгийн тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий баримтуудад нэхэмжлэгч Ч.Э-ийг орон сууцны үнийн үлдэгдэл 13,660,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлж, нийт 75,130,000 төгрөгийг бүрэн төлсөн болохыг, түүнд А блокын 3 давхар 109 тоот орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй талаар тус тус тодорхойлжээ.

       Хариуцагч нь Ч.Э-д 149 тоот орон сууцны оронд 109 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн, орон сууцны үнийг бүрэн төлсөн гэх нөхцөл байдал нь 109 тооттой холбоотой гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243, 236 дугаар зүйлийн 236.1.2-т нийцэхгүй юм.

       б\. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  184/ШШ2018/01881 дугаар шийдвэрээр 149 тоотын өмчлөгчөөр тогтоолгох тухай Ч.Э-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь 109 тоотын өмчлөгчөөр тогтоолгох Ч.Э-ийн нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна.   

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  184/ШШ2018/01881 дугаар шийдвэрээр шүүх 109 тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны шийдвэрлээгүй, хариуцагч Ч.Э-д 109 тоотыг шилжүүлэн өгсөн нь түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэл биш юм. 

       2.5. Н ХХК нь 149 тоотыг Ч.Э-д худалдах, Ч.Э- уг орон сууцны төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч гэрээний зүйл болох 149 тоот нь эрхийн доголдолтой хөрөнгө байсан тул худалдагч нь 149 тоотын оронд 109 тоотыг Ч.Э-д 2016 оны 05 сард хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.  

       Н ХХК нь худалдагчийн хувьд эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан хариуцлагаа хүлээж 149 тоотын оронд өөр орон сууцыг буюу 109 тоотыг Ч.Э-д хүлээлгэн өгсөн байхад шүүх Ч.Э- Н ХХК-ийн хооронд 109 тоотыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь буруу болжээ.  

        Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

        Н ХХК нь 109 тоотыг худалдах, Ч.Э- 109 тоотыг худалдан авах талаар байгуулсан гэрээ хэрэгт байхгүй тул хариуцагч нь 109 тоотыг худалдах, Ч.Э- 109 тоотыг худалдан авах үүрэг хүлээсэн гэж үзэхгүй.    

       Хариуцагч нь 109 тоотыг Ч.Э-д худалдах үүрэг хүлээсэн гэрээ хэрэгт байхгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бичгээр байгуулахыг хуулиар шаарддаг тул худалдагч “...нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан..” гэх байдал үүсээгүй буюу худалдагч 109 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэж үзэх нөхцөл байхгүй байна.  

       Н ХХК нь 149 тоотыг Н.Э-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хариуцлагаа хүлээхдээ Н.Р-ийн худалдан авсан эд хөрөнгийг өгсөн нь  нотлогдсон тул “...109 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцтай холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах... ” тухай Н.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. 

         3. Хоёр шатны шүүх Н ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйлийг хэрэглэсэн, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжтой байгааг дээр дурдсан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулж, Ч.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н.Р-ийн нэхэмжлэлийг хангав. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1399 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт,   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Н.Р-ийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок 109 тоот 68,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг Н.Р-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг “Н” ХХК-д даалгаж, Ч.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “... 533,600 төгрөг гаргуулж Ч.Э-д олгосугай...” гэснийг “...499,450 төгрөг гаргуулж Н.Р-ид олгосугай...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 465,300 төгрөгийг нэхэмжлэгч Н.Р-ид захирамжаар буцааж олгосугай. 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭСУВД

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ