Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 28

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1989 онд ......... аймгийн .........суманд төрсөн, 28 настай, эмэгтэй,  дээд  боловсролтой,  англи хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, 2 дүү, хүүгийн хамт  Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Улаанбаатар ....................... ажилтай Д овогт Э.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд ...... аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр Зам, Замын 2 дугаар ангийн .... дүгээр хэсэгт ............ ажилтай, ам бүл 5, Багануур дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ..... тоотод оршин суух, А овогт С.Э-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.О, хариуцагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Э.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.О миний  бие 2010 онд С.Э-тэй танилцан хамтран амьдарсан. Бидний амьдрах хугацаанд 2013 оны 09 сарын 21-ний өдөр хүү төрсөн.  Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 5 сард  салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд хүмүүжиж  байна. Э нь надаас салаад бараг маргааш нь гэр бүл зохиосон. Би уул нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж бодож байсан боловч ганцаараа ажил хийдэг, ээж тэтгэвэрт, дүү оюутан, хүүхдээ ганцаараа хооллож ундлах, хувцаслах гээд мөнгө их хэрэгтэй байгаа учраас шүүхэд хандсан. Бид хоёр хамтран амьдрах 6 жилийн хугацаанд манайд хамт амьдардаг байсан, манай аав байрны мөнгө бүгдийг төлдөг байсан.

Энэ хүн гэр орон, гэр бүлдээ тавих хайр халамж дутмаг, бид хоёрын хувьд өгөөтэй аваатай байсан, 1 утас аваад өглөө гэхэд буцаагаад нэхдэг, хүнтэй явалдаж байсан гэж ор үндэсгүй юм ярьж байна, харин өөрөө тийм байсан, тэр байдлаас нь болоод миний сэтгэл бүр эрт хөрсөн, би хүүгээ бодоод амьдраад байдаг байсан,  миний хувьд энэ хүнийг  6 жил хооллосон, хувцас хунарыг нь угааж өгдөг байсан, хүүхдийг нь гаргаж өгсөн өөр би яах юм бэ, 20.000.000 төгрөгийн зээл аваад надад сургалтын төлбөр, хувцасны 300.000 төгрөг, 2 утас авч өгсөн, бусдыг нь өөрөө хэрэглэсэн, өөрөө  2 ч машин авсан, хүүхдийн тэтгэлгийг 2019 оноос эхэлж төлөх саналыг хүлээн зөвшөөрөхгүй, нэг хэсэг энэ хүнд дургүй хүрээд хүүгээ уулзуулахгүй байсан нь үнэн, одоо уулзуулна, аавтай нь уулзуулж байна гэж бодож байсан гэв.

Хариуцагч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: С овогтой Э миний бие нэхэмжлэгч болох Э.О-тэй 2010 оноос 2017 он хүртэл хамт амьдарч  гэр бүл болон хүүтэй болсон. Хүү Э.О одоо 4 настай хүүдээ сар болгон тэтгэлэг өгмөөр байгаа боловч 2017 оны 05 сарын 31-ний өдөр цалингийн зээл” Төрийн банкнаас  20.000.0000 төгрөг Э.О-тэй  хамтран аваад 2020 оны 05 сар хүртэл сар болгон 754.000 төгрөг төлдөг мөн түрээсийн  байранд  амьдардаг учраас сар болгон  авдаг цалингаас  минь үлдэгдэл гар дээр  ирж байгаа  цалин маань  маш бага учраас  энэхүү цалингийн  зээлийг дуусгавар болгосны  дараа 2019 оноос эхлэн  хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.  Э.О нь 2012 оноос хойш хэд хэдэн удаа  хамтран зээл авч  байсан бөгөөд уг зээлүүдээс  хамтран  төлөлт хийж  байгаагүй, мөн 2016 он хүртэл  Э.О  ажилгүй байсан  бөгөөд уг  зээлээс хэд хэдэн сая төгрөгийг   нь өөрт нь зарцуулсан. 

Бид хоёр анх 2010 онд оюутан байхдаа танилцаад амьдарсан, 5 жил Багануурт эхнэрийндээ амьдардаг байсан, 2013 онд анх зээл авсан, авсан зээлийг нь хамт хэрэглэсэн, зээлийн ихэнх хувийг би төлсөн, одоо хүртэл би зээлийн үлдэгдлээ төлж байгаа. 2014 он хүртэл хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан, нэг удаа нэг жирэмсэн хүүхэн надтай утсаар яриад уулзсан, тэгсэн чинь би 2 хүүхэдтэй, жирэмсэн, танай эхнэр манай нөхөртэй явалдаад байна гэж хэлсэн би эхнэртээ энэ байдлыг нь хэлээд гайгүй болсон, дахин 1 жилийн дараа нөгөө хүнтэйгээ холбогдож эхэлсэн, тэгээд л миний сэтгэл хөрч эхэлсэн, манай хүн цалингаа гэр бүлдээ зарцуулдаггүй, ээлжийн ажилтай 7 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан, амраад ирдэггүй, ямар ч мөнгөгүй ирдэг, би өөрийнхөө цалингаар бүх юмаа болгодог байсан. Нэг удаа хотод тэмцээнтэй байж байгаад эхнэртээ хэлэлгүй гэртээ ирсэн, эхнэр намайг хараад маш их сандарсан. Утсыг нь аваад бүх захиануудыг нь уншсан. Тэгсэн чинь өөр нэг оюутан залуутай уулзаж учирдаг болсон байсан, оюутан залуудаа цалингаа зарцуулдаг байсан юм байна лээ тэгээд би өөрөө 2017.04 сард гэрээсээ явсан, миний тэсвэр тэвчээр барагдаад салсан. Би өөрөө эцэг эхийн хайранд өсөөгүй, хүүхдээ тийм амьдралд байлгахгүй юмсан гээд их тэссэн, одоо хүүхэдтэй маань уулзуулдаггүй, хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна  гэв.

 

ҮНДЭСЛЭХнь:

          Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч  С.Э-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.О, хариуцагч С.Э нар нь 2010 оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа  2013 оны 09 сарын 21-ний өдөр хүү Одбилэгийг төрүүлэн улмаар одоог хүртэл эрүүл саруул, эхийн гар дээр өсөн бойжиж  байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017.5 сараас тус тусдаа амьдрах болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг С.Э-ээс тэтгэлэг гаргуулж хүү О-ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд  тэгш эрх эдэлж , адил үүрэг хүлээх учраас нэхэмжлэгч О-ийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ дуртай үедээ  уулзахыг хориглох, саад учруулах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31.233 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31.233 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2013 оны 09 сарын 21-ний өдөр төрсөн хүү О-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг А овогт С-ийн Э-ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар С.Э-ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагч С.Э-т анхааруулсугай

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ