| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0076/э |
| Дугаар | 2019/ШЦТ/75 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам, Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурор Я.Дина, Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зт овогт А Бд холбогдох 1935001680080 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 01-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ОЮ97101356, Зт овогт А Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Б нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө хохирогч Б.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч А.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: Шүүгдэгч А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө хохирогч Б.Чыг зодсон болох нь
хохирогч Б.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 25-ны орой 00 цаг өнгөрч байхад Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Их наяд цогцолбор орсон. Тэнд миний найз Н.У, Ц.И нар таараад бид нар тэндээс хамт гараад замдаа дэлгүүр ороод У нэг шил 0,75 л соёрхол гэдэг архи, нэг том пиво аваад бид гурав Уын гэрт очсон юм. Тэднийд шөнийн 1 цаг өнгөрч байхад ороход О, М нар байсан юм. Бид нар авч очсон нэг шил архи, пиво хувааж ууцгаасан юм. Бид нарыг архи уугаад дуусаж байхад Б Уын дансанд 20.000 төгрөг байна тэр мөнгөөр одоо архи авчихъя чи маргааш Ут төлөөд өгчих гээд надад хэд хэдэн удаа хэлээд 2 байхаар нь би за гэж хэлсэн юм. Тэгээд би өөрөө жаахан согтоод унтах гээд тэдний гэрийн унтлагын өрөө рүү ороод У намайг унтуулах гээд би орны хажууд унтах гээд сууж байтал Б ирээд надтай маргалдаж хэрүүл өдөөд байсан ба би араар нь ООын өрөө лүү ороод дотроосоо цоожлоод хэсэг удаан суусан. Тэгээд О байна хаалга тайлчих гэхэд би хаалга онгойлготол намайг Б шууд толгой руу цохиод, би өмдөө сайн татаж чадаагүй байтал намайг чирээд миний хамар луу гараараа бас толгой нүүр рүү цохиод байсан юм. Тэр үед миний хамраас цус гарсан ба бид хоёрыг У салгасан. Намайг Б чирээд Уын гэрийн хаалгаар гаргаад дахин намайг Б зодсон ба гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн юм. ...Одоо миний биед толгой, хамар өвдөж зовиурлаж байна. Намайг зүгээр байж байтал зодсон А.Бд гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа барагдуулж авмаар байна...” /хх-ийн 04-06 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2019 оны 4 дүгээр сарын 25-ны орой өөрийн найз Иийн хамт 23 цагийн үед Их наяд бааранд ороод нэг лаазтай 0,5 л сэнгүр гэдэг пиво уугаад бид хоёр шөнийн 01 цаг өнгөрөөд уг баарнаас гарсан юм. Уг бааранд хамт сурч байсан найз Ч таараад И, Ч бид нар манайх руу явцгаасан юм. Явах замдаа дэлгүүр орж нэг шил 0,75 л соёрхол гэдэг архи, 2,5 л сэнгүр гэдэг пивийг би өөрийн мөнгөөр аваад Улаангом сумын 3 дугаар багт байрлах 01-48 айлын 02-19 тоотод байдаг манай гэрт очсон юм. Манайд Мөнхөө, О, Б нар архи уучихсан согтуу байдалтай ирчихсэн байсан. Тэгээд бид нар авч очсон архи, пиво бүгдээрээ хувааж уусан. Тэр үед Чыг Б архи авч өг гээд байсан. Чыг нэлээн согтсон байхаар нь манай жижиг өрөөнд оруулаад хэвтүүлэх гэж байхад Б очоод өдөөд Чын гар луу нь чичээд байсан юм. Тэгээд Ч манай байрны ОО-ын өрөөнд орж дотроос нь түгжээд 20-30 минут орчим суусан. Тэгээд хаалгыг нь Б онгойлгох гээд цохиод байсан ба ОО-ын хаалга эвдчих гээд байсан. Ч ОО-ын хаалга онгойлготол Б шууд маргаангүйгээр Чыг замдаж аваад нүүр рүү нь цохиод унагааж байгаад дээрээс нь дэвссэн юм. Тэр үед Чын хамраас нь цус гарсан. ...Манай гэрийн хаалгаар гараад шатанд дээр Б Чыг нүүр, толгой руу газарт унагааж байгаад өшиглөөд цохиод байсан юм. Б Чыг цохиж байхад хөмсөг орчим газарт нь язарсан шархтай болсон ба цус гарч байсан юм. Ч нь урдаас эсэргүүцэж Бг огт зодож цохьсон зүйл байхгүй” /хх-ийн 07 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Иийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Уын гэрт орон дээр унтаж байсан юм. Тэгтэл ОО-ын өрөөний хаалга чанга чанга цохиод байсан. Тэгээд дотроос нь Ч онгойлгож өгтөл урдаас нь Б гэх тэр залуу шууд Чыг толгой нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд Чыг уг залуу унагааж байгаад чирээд толгой хамар луу өшиглөсөн ба тэр үед Чын хамраас цус гарсан. ...Б гэх залуу Чыг Уын гэрийн хаалгаар чирж аваад гараад унагааж байгаад дээрээс нь олон удаа нүүр толгой хэсэг рүү цохиод байгаа харагдсан. Б нь Чимэг-Очроос архи авч өг гээд нэхээд байсан. Ч нь урдаас нь эсэргүүцэж Бг огт зодож цохьсон зүйл байхгүй” /хх-ийн 8 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Ч бид нартай юм ярьж байтал чи ямар олон юм ярьдаг юм бэ гээд Б нь Чыг түлхээд унгаачихсан юм. Ч ОО-ын өрөө орж удсан юм. Б нь ОО-ын хаалгыг онгойлгоод Чыг ОО-ын өрөөнөөс чирч гаргаж ирсэн. Тэгээд Ч газарт унасан байхад Б нэг удаа нүүр лүү өшиглөсөн ба Чын хамраас цус гарсан юм. ...М унтаж байсныг дуудаад эргээд очиход Ч дээр нь 3 байсан болохоор би Чыг салгаад аваад буцаагаад тэдний гэрт хаалгаар оруултал дахин Б ирээд Ч газар сууж байтал шууд толгой руу нь өшиглөсөн юм” /хх-ийн 10-11 тал/ гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалт,
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз Ц.Отай уулзаад М гэрт байсныг би очиж аваад манай гэрийн хажууд нэг пиво ууцгаасан. Оыг даарч байна гэхээр нь бид нар Улаангом сумын 3 дугаар багийн 1-48 айлын орон сууцанд Уын гэрт очсон юм. Тэдний хаалгыг эхлээд М цохиод онгойлгож өгөөгүй. Дахиад Оыг цохиход хаалга онгойлгоод бид гурав ороод тэднийд хоёр ширхэг 2,5 л сэнгүр гэдэг пиво уусан юм. Тэгээд О уг гэрийн хүн У руу утасдахад удахгүй очлоо гэж хэлж байсан. 01 цаг өнгөрч байхад тэднийд гаднаас У, Ч хоёр хажуудаа нэг танихгүй эмэгтэй дагуулсан ирсэн юм. Тэд нар ирэхдээ нэг 0,75 л соёрхол гэдэг архи хажуудаа нэг том пиво авчихсан ирсэн юм. Тэгээд О, Ч хоёр юм ярьж байхаар нь би очоод Чыг түлхээд унгасан юм. У нь намайг чи Чыг зодчихлоо гээд надтай хэрүүл маргаан хийсэн юм. Тэр үед У намайг зайл гээд хөөгөөд намайг гар луу нударч цохьсон юм. Тэгээд миний уур хүрээд би Чыг зодоогүй гэж хэлээд У ойлгохгүй болохоор нь би Ут чи намайг Чыг зодоогүй байхад зодлоо гэж хэллээ би тэгвэл ингээд зодчихий гээд ОО-н өрөөнөөс Чыг татаж гаргаж ирээд Чыг би гараараа шанаан тус газарт нь хоёр удаа цохиод би хөлөөрөө хоёр удаа толгой орчим газарт нь өшиглөсөн юм. Тэгээд бид хоёрыг тэнд байсан хүмүүс салгасан юм. Тэр үед Чын нүүрнээс цус гарсан байсан юм...” /хх-ийн 38-39 тал/гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би архи уугаад нэлээн согтсон байсан. Буруу зүйл хийж, хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Хохиролд 200.000 төгрөг төлсөн. Одоо хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” гэх мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 330 дугаар “Б.Чын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун хөмсөгний дээр язарсан шарх, тархины доргилт, хамар дээр зулгаралт, хамрын таславчны муруйлт, хүзүүний хэсэгт өнгөц улайлт, баруун талын чихний дэлбэнд хар хөхөрсөн зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэлүүд нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/,
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн амбулториар эмчлүүлэгчийн карт, хохирол төлсөн баримт /хх-ийн 02, 19-22 тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4 Шүүгдэгч А.Б хохирогч Б.Чыг зодсон үйлдлийн улмаас хохирогч Б.Чын биед хөнгөн зэргийн буюу баруун хөмсөгний дээр язарсан шарх, тархины доргилт, хамар дээр зулгаралт, хамрын таславчны муруйлт, хүзүүний хэсэгт өнгөц улайлт, баруун талын чихний дэлбэнд хар хөхөрсөн зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 330 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 тал/-ээр тогтоогдсон байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 330 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна. . Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч А.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч А.Б “...Би хохирогч Б.Чт эмчилгээний зардалд 200.000 төгрөг данс руу шилжүүлсэн...” гэж мэдүүлж, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт гаргаж өгсөн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 12-13, 48, 42-45 дахь талд авагдсан гэрч Ц.А, А.Тоны нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 155 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/467 тоот албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь оюутан, өрх тусгаарлаж гараагүй, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 01-13 тоотод амьдардаг, хувьдаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэл байхгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байхгүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. 5 Иймд шүүгдэгч А.Бгийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.Б хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмчлүүлэгчийн карт баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч болох Чт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зт овогт А Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зт овогт А Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ер хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эмчлүүлэгсдийн картыг хохирогч Б.Чт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА