Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 32

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1955 онд ... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бага боловсролтой, нярав мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, Багануур дүүргийн ... дугаар хороо, Нарийны ... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, ..... овогт Т.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1980 онд .....  аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор  жолооч мэргэжилтэй, Б ХК-д Т-ын хэсэгт .... ажилтай, Багануур дүүргийн .... дугаар хороо, Наран хороолол, ... дугаар байрны  ... тоотод оршин суух, Х овогт П.Г-д холбогдох  худалдах худалдан авах гэрээний  үүргийн биелэлт 192.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.П, гэрч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Т.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би “Х У” ХК-ийн хүнсний захад хүнсний ногоо зардаг байсан.  Г нь ажилчдын хоолонд хэрэглэх хүнсний ногоо зээлээр өгөөч, дараа дахиж ногоо авахдаа мөнгийг нь өгье гээд 2015 оны 12 сарын 05-ны өдөр нийт 94.050 төгрөгийн төмс, сонгино, лууван, манжин, байцаа, сармис, чинжүү авсан. Дараа нь 2015 оны 12 сарын 16-ны өдөр эргэж ирээд “ногоо авсан падаан баримтаа гээчихжээ, одоо дахин ногоогоо зээлээр аваад мөнгөө удаахгүй төлье” гэж  нийт 98.830 төгрөгийн ногоо авсан. Үүнээс хойш Г нь ногооны мөнгөө төлөөгүй. Нэхэхэд “даргаас авч өгнө” гэж хэлээд  одоог хүртэл өгөхгүй байна. Иймд Г-ээс 2 удаа хүнсний ногоо зээлсний төлбөр болох 192.880 төгрөгийг гаргуулж өгнө үү,  би ногоогоо хүлээлгэж өгөөд Г-ээр гарын үсэг зуруулаагүйдээ буруутаад байна. Гансүх нь “Падан дээр зурсан гарын үсэг минийх биш, би ногоо хүлээж аваагүй” гэсэн тайлбар өгсөн байсан. Г-г хаана ажилладагийг нь би мэдэхгүй, ээж аавыг нь таньдаг болохоор ногоо өгсөн, падан дээр ногоо хүлээн авсан Гансүх гэсэн гарын үсгийг би өөрөө зурчихсан юм гэв.

  Хариуцагч П.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5-6 тоотод оршин суугч Т.П-ын хүнсний ногоо авсан  гэх  192.880 төгрөгийн нэхэмжлэлийг П овогтой Г  миний бие  хүлээн авахаас татгалзаж байна. Яагаад гэвэл  уг 192.880 төгрөгийн ногоог  тухайн үед миний ажиллаж байсан  байгууллага  хүлээж авсан, миний бие хүлээж аваагүй болно. П-ын нэхэмжилсэн баримт дээрх гарын үсэг минийх биш гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.П нь хариуцагч П.Г-ээс худалдах  худалдан авах гэрээний үүргийн биелэлт 192.880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч  П.Г  нь  “хүнсний ногоог хүлээж  аваагүй, ногоо хүлээн авсан баримтан дээрх гарын үсэг минийх биш” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д” Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг  худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх,  худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч Т.П нь хариуцагч П.Г-д  2015 оны 12 сарын 05-ны өдөр 94.050 төгрөгийн,  2015 оны 12 сарын 16-ны өдөр 98.830 төгрөгийн хүнсний ногоог худалдсан, хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан  баримт байхгүй, хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудсан дахь зарлагын баримтан дээр хүлээн авсан  хэсэгт Г гэх гарын үсгийг нэхэмжлэгч өөрөө зурсан, эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч эд зүйлийг хүлээн аваагүй гэж маргаж буй тохиолдолд худалдагч буюу нэхэмжлэгч тал хариуцагч буюу худалдан авагчийн өмчлөлд эд зүйлийг шилжүүлсэн гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй.

Энэхүү үүргээ нэхэмжлэгч Т.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын  үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа  өөрөө гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй “ гэж тус тус зааснаар хэрэгжүүлж чадаагүй байна.

   Нэхэмжлэгч нь 192.880 төгрөгийн хүнсний ногоог П.Г-д шилжүүлсэн гэдгийг  гэрч Б нотолно гэж гэрчийг өөрөө дагуулан ирж гэрчээр шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авахуулсан боловч шүүх гэрч Б-ийн  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг дангаараа шууд нотлох баримт болж чадахгүй, гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй гэж үзсэн болно.

 Хариуцагч П.Г-д шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг 2 удаа утсаар мэдэгдэж баримт үйлдсэн байгаа боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй, “хөлөө бэртээгээд эмнэлэгт хагалгаанд орсон” гэсэн хариу өгсөн хэдий ч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б овогт Т.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х овогт П.Г-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 192.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      П.ЦЭЦЭГДУЛАМ