Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 34

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч Багануур дүүргийн ... дугаар хороонд байрлах, “Л Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

        Хариуцагч Багануур дүүргийн ... дугаар хороо, ..... байрлах, “Б У” -т холбогдох дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн зөрүү 1.299.775 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Л Ц” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Л Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй “Л Ц” ХХК, “Б У” -тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01 өдрийг хүртэл дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Гэрээ байгуулахдаа барилга байгууламжын төрлөөр, авто угаалга, авто сэлбэгийн дэлгүүр, айл өрх гэсэн гурван хэсэгт хуваан тус тусад нь нэхэмжлэхээр тооцоог бодохоор хийгдсэн бөгөөд ийнхүү төлбөрийг хийдэг байсан. Гэтэл “Б У” нь гэрээнд заасан айл өрхийн нэхэмжлэлийг манай   ХХК-д нэгч удаа гаргаж өгөхгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сард 1.547.781,40 хүү торгуулийн хамт нэхэмжлэх өгсөн байдаг. Авто угаалга болон сэлбэгийн дэлгүүрийн нэхэмжлэхээр ирсэн тооцоог сар сард нь өгч тооцоог барагдуулж байсан. Яагаад айл өрхийн нэхэмжлэхийг нэг ч удаа өгөхгүй байгаа талаар асууж лавлахад тухайн санхүүг хариуцаж байсан нягтлантай холбоотой гэж хэлдэг. Дулааны эрчим хүчээр хангах гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан байтал “Б У”  нь хүү, алданги тооцсон. “Л Ц” ХХК-ийн зайрмагны цех нь 2017 оны 5 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, гэтэл 2016 оны 8 дугаар сараас эхлэн айл өрхөөр биш аж ахуй нэгжээр тооцож төлбөр гаргасан. Энэ тухай манайд амаар болон бичгээр нэг ч удаа мэдэгдэж байгаагүйд гомдолтой байна. Иймд алданги 508.814 төгрөг, зөрүү 790.961 төгрөг нийт 1.299.775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манайх “Б У” -тай 18 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байна. Манай байгууллагын авто угаалга, авто сэлбэгийн дэлгүүрт нэхэмжлэх ирж би тухайн үед сар сард нь төлбөрөө төлөөд явдаг байсан. Гэтэл 2017 оны 8 сард 1.547.781,40 төгрөгийн нэхэмжлэх ирэхээр нь гайхаад “Б У” -ын ажилтантай очиж уулзахад гэрээнд заасан айл өрхийг, аж ахуй нэгжээр бодсон гэж тайлбарласан. Тэгэхээр нь би танай байгууллага яагаад манай байгууллага руу сар сард нэхэмжлэхээ явуулаагүй юм бэ? гэж асуухад танай байгууллагыг хариуцаж байсан нягтлан амаржаад явсан болохоор танай байгууллага орхигдсон байна гэж тайлбарласан. “Л Ц” ХХК-ийн зайрмагны цех нь 2017 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, гэтэл 2016 оны 8 сараас эхлэн айл өрхөөр биш аж ахуй нэгжээр тооцож төлбөр гарсан байсан. Би 2017 оны 11 сард энэ тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны төлөө “Б У” -ын дарга Б манай байгууллагыг төлбөр тооцооны өр төлбөртэй байна гэсэн мэдэгдэл өгсний дагуу дулааны төлбөрөө төлж барагдуулж тооцоо нийлсэн. Гэтэл “Б У” -ын дарга манай байгууллагыг техникийн нөхцлийн гадуур шугам татсан гэсэн үндэслэлээр 2017 оны 12 сарын 25-ны өдөр манай байгууллагын дулааныг хаасны улмаас манай авто угаалга бүрэн зогсож тэнд ажиллаж байсан 4 өрх толгойлсон эмэгтэй ажилгүй зогссон. Манай байгууллага Багануур дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг байгууллагдаж дүгнэлт гаргасны дагуу буцаад дулаанаа авч хэвийн үйл ажиллагаанд орсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Б У” -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага нь “Л Ц” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулж дулааны үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллаж ирсэн. Нэхэмжлэгч байгууллага нь 2016 оны 11 сараас 2017 оны 8 сар хүртэл манай байгууллагаас дулаан авч хэрэглэсэн боловч манай байгууллагад нэг ч  төгрөг төлөөгүй байгаа нь “Л Ц” ХХК-тай байгуулсан гэрээний 4.2-т зааснаар алданги тооцох үндэслэл болсон. Иймд алданги болох 508.814 төгрөгийг манай байгууллагаас буцаан гаргуулах боломжгүй. Мөн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох айл өрхөөр биш аж ахуй нэгжээр бодож дулааны мөнгө илүү авсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолд үндэслээд 2016 оны 11 дүгээр сараас “Л Ц” ХХК-ийн зайрмагны цехийг м2 тооцож эхэлсэн нь хууль зөрчөөгүй, хэрэглэгч байгууллагад хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “Л Ц” ХХК, хариуцагч “Б У” -аас дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн зөрүү 1.299.775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ: Учир нь:

2014 оны 10 сарын 01-ний өдрийн ..... дугаартай “Л Т” ХХК авто угаалга аж ахуй нэгж, “Л Т” өрх, “Л Т” ХХК авто сэлбэгийн дэлгүүр аж ахуй нэгж буюу “Л Ц” ХХК “Б У” -ын хооронд 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл тус бүр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан ба гэрээний 1.7-д гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө талууд гэрээ цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг дахин нэг удаа сунгасанд тооцохоор талуудын тохиролцсоны дагуу гэрээ дахин нэг удаа буюу 2016 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл гэрээ сунгагдсан байна. Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

          “Б У” -ын төлөөлөгч А.К “Л Ц” ХХК нь гэрээ байгуулах санал тавиагүй учраас гэрээ дахин сунгагдсан мөн төлбөрөө бүрэн төлж хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч “Л Ц” ХХК нь төлбөр тооцоог аж ахуйн нэгжээр тооцсоныг хүлээн зөвшөөрч төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн ““Б У”  төлбөр тооцоотой гэсэн үндэслэлээр 2017 оны 12 сард манай авто угаалга, сэлбэгийн дэлгүүрийн дулааныг хааснаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үүний улмаас аргагүй байдалд орж төлбөрийг бүрэн төлж тооцоо нийлсэн” гэсэн тайлбар, 2017 оны 12 сарын 20-ны өдрийн .... дугаар албан тоот зэргээр тогтоогдож байх тул аж ахуй нэгжээр тооцсоныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна.

Хэдийгээр 2016 оны 05 сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч тогтмол төлөгдөх төлбөр тооцоог нэхэмжлэгч байгууллага тухайн ашигласан дулааны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Шүүх дулааны эрчим хүчний төлбөрийг илүү бодсон гэх зөрүүг тооцохдоо  Б У” -аас ирүүлсэн “Л Ц” ХХК-ийн төлбөрийн дэлгэрэнгүй задаргааны дагуу айл өрхөөр тооцоход 2016.10.15-ны өдрийн байдлаар 28.158 төгрөг, 2016.11.15-ны өдрийн байдлаар 42753 төгрөг, 2016.12.15-ны өдрийн байдлаар 36.098 төгрөг, 2017.2.15-ны өдрийн байдлаар 36098 төгрөг, 2017.3.15-ны өдрийн байдлаар 36098 төгрөг, 2017.4.15-ны өдрийн байдлаар 36098 төгрөг нийт 251.401 төгрөг, нэхэмжлэгч 2017.05.15 аас эхлэн аж ахуй нэгжээр тооцохыг хүлээн зөвшөөрсөний дагуу аж ахуй нэгжээр буюу м3 тооцоход 2017.05.15-ны өдрийн байдлаар 9350 төгрөг, 2017.6.15-ны өдрийн байдлаар 14630 төгрөг, 2017.7.15-ны өдрийн байдлаар 67430 төгрөг, 2017.8.15-ны өдрийн байдлаар 17270 төгрөг нийт 108.680 төгрөг бүгд 360.081 төгрөгийн төлбөр, алданги 180.040 төгрөг нийт 540.121 төгрөгөөр тооцож хариуцагчаас 759.654 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн  шаардлагаас 540.121 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 759.654 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 22.782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

        1.Эрчим хүчний тухай 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б У” -аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн зөрүү 759.654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Л Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 540.121 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн  56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн  улсын тэмдэгтийн хураамж 35.745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “Б У” -аас 759.654 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 22.782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Л Ц” ХХК-д олгосугай.                

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ