Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/378

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Э

Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт О-ад холбогдох эрүүгийн 2021000000336 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, .... овогт О. /РД: ............./

Шүүгдэгч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сүхжин” ХХК-ийн хашаанд 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой тус компаний сахиул Э-тай “Хаалга удаан онгойлгосон” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би тухайн өдрийн орой машинаа тавих гээд барилгын хашааны гадаа ирэхэд манаач хаалгаа тавихгүй их удсан. Э ах ер нь л удаа дараа хашааны хаалгаа удаж байж нээдэг. Э ах хашааны хаалгыг нээгээд “чи муу баас ийм олон зүйл ярихгүй шүү” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Э ах гартаа гинж ороохоор нь би намайг цохих гэж байна гэж ойлгоод нэг удаа өшиглөсөн...гэв.

Хохирогч Э шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Сүхжин” ХХК-д сахиул ажилтай бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цаг өнгөрч байхад манай компаний жолооч О хашааны гадна ирэхээр нь би хаалгаа онгойлгох гээд очиход буцаад машинтайгаа явсан байсан. Удалгүй дахин хашааны гадна ирэхээр нь би хаалга нээж өгөхөд О “хөгшин төгцөг минь, хаалгаа ямар удаан нээдэг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдахад О миний цээж рүү нэг удаа өшиглөхөд би газарт унасан. Би газарт унаад босож чадахгүй байхад О-тай хамт явж байсан хүн намайг босгоод цаашаа явчихсан...О-ын өгсөн 200,000 төгрөгнөөс гадна 1450,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 14-16 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...том хаалган дээр ирээд 30 орчим минут хашааны гадаа сигнал буюу дуут дохио өгөөд нэг хэсэг удсан. Тэгж байхад сахиул гэх настай хүн ирээд хашааны том хаалга онгойлгосон бөгөөд миний хувьд хашааны гадаа зогсож байсан. Ингээд О машинаа байрлуулчихаад хашаанаас гарч байхдаа сахиул ахад хандан “та ямар удаан хаалга онгойлгодог юм бэ, би зөндөө удаан хүлээлээ” гэж хэлэхэд өөдөөс нь сахиул ах уурлаад ямар ч байсан хараалын үг хэлээд хашгирч байсан. Мөн гартаа хаалга цоожилдог бололтой төмөр гинж орооход О шууд цээж рүү нь өшиглөж газарт унагаасан бөгөөд учир нь гар ороосон гинжээрээ өөрийг нь цохих байж гэж бодоод өшиглөсөн юм шиг байгаа юм. ...Тухайн үед О иргэн Э-ын цээж рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөж газарт унагаасан бөгөөд өөр ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл огт байхгүй...” гэжээ. /хх-ийн 22-24 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 633 тоот дүгнэлтэд:

1. Э-ын биед бүсэлхий нурууны 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 26-27 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн” 10 тоот дүгнэлтэд:

1. Э-ын биед бүсэлхий нурууны 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар нурууны хэлбэр, хөдөлгөөн хязгаарлалтыг тогтоох боломжгүй. Нугасны сувгийн хэлбэр хэмжээ хэвийн, нугасны эдэд гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй, мэдрэлийн гарах ёзоор дарагдаагүй, нугас болон адуун сүүлний багцад бүтцийн эмгэг өөрчлөлтгүй байна гэжээ. /хх-ийн 78-79 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 3-10, 66 тал, задгай 1 хуудас/

- Яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийг тодорхойлолт /хх-ийн 28-30 тал/

- О-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21, 35-37 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ........ овогт О нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Музейн” барилга барьж байгаа “Сүхжин” ХХК-ийн хашаанд 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой тус компаний сахиул хохирогч Э-тай “Хаалга удаан онгойлгосон” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э, гэрч Ү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохиролтой холбоотой баримтууд, яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийг тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 633 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн” 10 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч О-ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд 1450.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 1200.000 төгрөгийн баримт нь хэрэгт авагдаагүй байх тул үүнийг энэ удаагийн шүүх хуралдаанаар гаргах боломжгүй байна.

Харин хохирогчийн Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын Үндэсний төвд бүсэлхийн нурууны МRI шинжилгээний үнэ 180.000 төгрөг, Улаанбаатар хот руу ирж, очсоны зардал 70.000 төгрөг, нийт 250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Э нь цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч О нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн гэх бөгөөд энэ мөнгө нь хохирогчийн эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авахад /хх-ийн 3-10, 66 тал/ зарцуулагдсан байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-ын ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-ын ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О-аас бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ......... тоотод оршин  суух, Э /РД: ........./-д олгох, хохирогч Э нь цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Л.БАТЖАРГАЛ