Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2018/00007/И |
Дугаар | 103/ШШ2018/00043 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2018/00043
2018 02 12 103/ШШ2018/00043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 37 тоотод оршин суух, Хорол овогт Ёндонгийн Энхээгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс,
Хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдох төрийн албан хаагчид олгох урамшууллын 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Энхээ, хариуцагч Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэг, Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ё.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ё.Энхээ нь Боловсролын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлээр төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн урамшуулал олгохдоо 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдмаа, Санхүү, Төрийн сангийн хэлтэс нь тэтгэврийн эрх үүсээгүй байхад надад тэтгэмж авсан гэж тэтгэмжээр барьцаалан дээрх урамшууллыг олгоогүй. Мөн эрхлэгч Т.Сувдмаа нь урамшууллын мөнгийг анх ажилд орсон, түр ажиллаж байгаа, тэтгэвэрт гарсан, групптэй, чөлөөтэй байгаа зарим хүнд давхардуулан олгосон. Би энэ тухай цэцэрлэгийн эрхлэгч Сувдмаагаас удаа дараа асуухад Дүүргийн Боловсролын хэлтсийн төсөв хариуцсан мэргэжилтэн С.Цацралтуяа тэтгэмж авсан хүнд давхардуулж төрийн албан хаагчид олгох 300.000 төгрөгийн урамшуулал олгохгүй гэсэн чиглэл өгсөн гэж надад тайлбарласан. Тэгэхээр нь би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын лавлах 1111 утас руу утасдаж надад төрийн албан хаагчид олгох урамшуулал 300.000 төгрөгийг өгсөнгүй, энэ асуудлыг Боловсролын яам руу дамжуулж өгөөч гэж гомдол гаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 29379 гэсэн дугаараас Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ганбат гэдэг хүн над руу залгаж та төрийн албан хаагчид олгох 300.000 төгрөгийн урамшуулалыг авах ёстой байсан байна, цэцэрлэгийн эрхлэгчийн үзэмжээр шийдсэн байна гэж надад мэдэгдсэн. Иймээс төрийн албан хаагчид олгох урамшууллын 300.000 төгрөгийг дээрх 2 байгууллагын хэн буруутай хүнээс нь гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэг нь манай дүүргийн тусгай зориулалтын шилжүүлэгийн байгууллагад ордог. Энэ нь төсвийн тухай хуулиар тусгай зориулалтын шилжүүлэгээр цэцэрлэгүүдийн төсөв нь бөөн дүнгээрээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлагдаад манайд бөөн дүнгээрээ ирдэг. Манай байгууллага нь дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 9 цэцэрлэгт төсвийг нь хуваарилаж, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлуулдаг. Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тогтоолын 67.1.1 заасныг үндэслээд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 52 дугаар тэмдэглэлд заасны дагуу төрийн албан хаагчид урамшуулал олгох тухай 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/25 гэсэн тушаал гарсан. Энэ тушаал нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16..5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Улсын их хурлын 67, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл зэргийг үндэслээд тушаал гаргасан байсан. Энэ тушаалын хавсралтад 43 албан хаагчид нийт 12.900.000 төгрөгийн урамшуулал олгох тухай тушаал гаргасаны дагуу манай Санхүү, төрийн сангийн хэлтэс хянаж, гүйлгээг хийсэн. Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын тэмдэглэлийг үндэслэж Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь ажилчиддаа урамшууллыг олгох, олгохгүйгээ шийдэх ёстой. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төсвийн тодотгол хийхдээ 131 дүгээр цэцэрлэгт 43 албан хаагчид урамшуулал олгохоор төсөв баталж өгсөн. Төсвийн тодотголын үед тэтгэмж авсан хүнд төрийн албан хаагчид олгох урамшуулал 300.000 төгрөгийг давхардуулж олгохгүй гэж яригдсан. Төсвийн тодотгол хийхэд уг журам батлагдаж гараагүй учраас Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэж сахилгын шийтгэл оногдуулсанаас бусад ажилчдад олгохоор болсон гэж байгууллагад чиглэл өгсөн. Уг чиглэлийн дагуу 131 дүгээр цэцэрлэг нь тушаалын хавсралтаар 43 хүний нэр явуулсаныг манай байгууллага хянаж үзээд 12.900.000 төгрөгийг 43 албан хаагчид хуваариласан. Иймд тухайн байгууллагын дарга, ажилчдын хооронд шийдэх ёстой асуудал тул манай байгууллага энэ маргаанд оролцох үндэслэлгүй гэв.
Хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдмаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Санхүү, төрийн сангийн хэлтэс, Боловсролын хэлтсийн төсөв хариуцсан мэргэжилтэн С.Цацралтуяагаас манай байгууллага 45 ажилтантай, яагаад 43 ажилтанд төрийн албан хаагчид олгох 300.000 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвт тусгасан байгаа талаар асуухад тэтгэмж авсан 2 хүнд урамшуулал олгогдохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Багануур дүүргийн 142, 138 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нараас тодруулж асуухад тэтгэмж авсан хүмүүст олгохгүй гэж Санхүү, Төрийн сангийн хэлтсээс чиглэл өгсөн гэж надад тайлбарласан. Манай байгууллага нь Төрийн сангийн хэлтсээс хуваарилаж өгсөн 12.900.000 төгрөгийг 43 ажилтанд 300.000 төгрөгийн урамшуулалыг олгосон тэтгэмж авсан 2 хүнд урамшуулал олгоогүй. Иймд манай байгууллага буруугүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ё.Энхээ нь Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдуулан төрийн албан хаагчид олгох урамшууллын 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс нь Монгол улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдмаа хэрэгжүүлээгүй гэж,
Хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэг төсөвт мөнгө нь тусгагдаагүй тул олгох боломжгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Ё.Энхээгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Монгол улсын Их хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын 1/2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор,
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 сарын 6-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлд Урамшуулал олгох тухай .., төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцэж сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад мөн урамшуулал олгох арга хэмжээ авахыг төсвийн шууд захирагч нарт даалгахаар тус тус шийдвэрлэжээ.
Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс нь төсвийн тодотгол хийхдээ Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгээс тэтгэмж авсан 2 ажилтныг хасаж, 131 дүгээр цэцэрлэг 45 хүний орон тоотой байхад 43 ажилтнаар тооцож, нэг удаагийн тэтгэмж урамшуулалд 12.900.000 төгрөгийн төвсийн хуваарилалт хийсэн болох нь 2017 оны тодотгосон төсөв болон 131 дүгээр цэцэрлэгийн төсвийн гүйцэтгэлийн зарлагын 12 сарын төсвийн тайлангаар тогтоогдож байна.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 сарын 6-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг үндэслэж төрийн албан хаагчид 300.000 төгрөг олгохдоо зөвхөн сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад олгохоор тусгагдсан байхад Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс нь тэтгэмж авсан үндэслэлээр 2 төрийн албан хаагчид олгох урамшуулалыг дур мэдэн хасаж хуваарилалт хийсэн нь буруу байна.
Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэг нь 45 орон тоотой байхад Санхүү, Төрийн сангийн хэлтэс нь тус байгууллагаас тэтгэмж авсан 2 хүнд олгогдох ёстой урамшууллыг хасаж тооцон 43 хүний орон тоогоор урамшууллыг хуваариласан, тухайн байгууллагаас хуваариласан төсвийн дагуу 131 дүгээр цэцэрлэг 43 ажилтанд урамшуулалыг олгож, нэхэмжлэгч Ё.Энхээд тэтгэмж авсан үндэслэлээр 300.000 төгрөгийн урамшуулал олгоогүйг буруутгах боломжгүй байх тул хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс төрийн албан хаагчид олгох урамшууллын 300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Энхээд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс тэмдэгтийн хураамж 9.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Энхээд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Багануур дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс төрийн албан хаагчид олгох урамшууллын 300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хорол овогт Ёндонгийн Энхээд олгож, Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тэмдэгтийн хураамж 9.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтаар шаардан гаргуулсан 7 хавтас цагийн бүртгэлийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ