Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уянга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Х-тхолбогдох 1821005500340 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцааллт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ... овогт Х. /РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 02 дугаар сараас 4 дүгээр саруудад бодит байдлыг нууж, тайланг зөрүүтэй тайлагнан “хүнсний эрхийн бичиг” үйлчилгээнд шинээр нэмэгдэж орсон 18 өрхийн иргэдэд “халамжийн сан”-гаас олгогдох байсан нийт 3.560.000 төгрөгийг “Галуут хоршоо”, “...” гэх нэр бүхий дэлгүүрүүдэд шилжүүлсэн мөнгийг тухайн өрхүүдэд олгуулалгүй, “Галуут хоршоо” дэлгүүрийн дансанд орсон нэр бүхий өрхүүдийн 1056000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн үйлчилгээг авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Х нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 02 дугаар сараас 4 дүгээр саруудад бодит байдлыг нууж, тайланг зөрүүтэй тайлагнан “хүнсний эрхийн бичиг” үйлчилгээнд шинээр нэмэгдэж орсон 18 өрхийн иргэдэд “халамжийн сан”-гаас олгогдох байсан нийт 3.560.000 төгрөгийг “Галуут хоршоо”, “...” гэх нэр бүхий дэлгүүрүүдэд шилжүүлсэн мөнгийг тухайн өрхүүдэд олгуулалгүй, “Галуут хоршоо” дэлгүүрийн дансанд орсон нэр бүхий өрхүүдийн 1056000 төгрөгийг авч хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээг авах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1821005500340 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

     Гэрч Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Халамжийн сангаас олгодог “Хүнсний эрхийн бичгийн олголт”-нд шалгалтыг Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд хийгдсэн юм. ...талоноор хүнс олгож буй дэлгүүрүүдэд санхүүгийн баримтад тулгуурлан шалгахад 19 өрхийн 95 иргэний хүнсний талон нь тухайн өрх болон айлуудад олгогдоогүй бөгөөд тухайн сумын халамжийн сан хариуцсан мэргэжилтэн Х нь хувьдаа завшиж хэрэглэсэн нь тогтоогдосон юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/,

 

Гэрч Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дэлгүүрээс хүнсний эрхийн бичгээр амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой иргэдэд хүнс олгодог юм. Харин халамжийн мэргэжилтэн Х нь 2018 оны 2-4 саруудад нэмэгдсэн өрхийн талаар мэдэгдээгүй... “ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-195 дугаар хуудас/,

Гэрч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...18 өрхийн 88 иргэнд олгогдох ёстой байсан хүнсний эрхийн бичгийг 2018 оны 2 дугаар сараас 4 дүгээр саруудад тухайн иргэдэд олгоогүй зөрчил илэрсэн юм. ...Х олгоогүй байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196-197 дугаар хуудас/,

Гэрч О- ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шинээр нэмэгдсэн иргэдийн талаарх мэдээллийг тухайн үед ажиллаж байсан мэргэжилтэн Х мэдэж байсан бөгөөд энэ талаараа тухайн дэлгүүрүүдэд мэдэгдээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198-200 дугаар хуудас/,

Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хоршоо Халамжийн сангаас олгодог хүнсний эрхийн үйлчилгээгээр хүнсийг тухайн иргэдэд олгодог юм. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 7.688.888 төгрөгийг аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс шилжүүлсэн. ...Х танай байгууллагын дансанд илүү санхүүжилт орсон байгаа ...бэлнээр гаргуулж авна гэж хэлэхээр нь 950.400 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга У мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Хийн хувьд Цагаан-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг “Галуут хоршоо”-оос бэлнээр, “Заан-Өндөр”, “Өөжин-Энх” гэх нэртэй дэлгүүрийн мөнгийг авалгүй тухайн дэлгүүрийн дансанд байршиж байгаа. “Заан-Өндөр”, “Өөжин-Энх” дэлгүүрээс 2018 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарыг хүртлэх хугацаанд авах ёстой байсан хүнсний эрхийн үйлчилгээг тухайн иргэдэд буцаан олгох ёстой. Манай байгууллага үүнийг халамж авах ёстой иргэдэд нь олгох боломжтой. Х нь хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар ххийн 15-17 дугаар хуудас/

 

 

            Шүүгдэгч Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газарт халамжийн мэргэжилтнээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. ... Цагаан-Овоо суманд “Хүнсний эрхийн бичиг”-ийг 60 орчим хүн авдаг байсан. ...2018 оны эхээр ...яг хэдэн өрх шинээр нэмэгдсэн талаар сайн санахгүй байна. ...Хүнсний эрхийн бичиг үйлчилгээг авах жагсаалтад шинээр орсон өрхүүдэд энэ талаар хэлээгүй бөгөөд 2018 оны 02 дугаар сараас 04 дүгээр саруудад олгох хүнсийг шинээр нэмэгдэж орсон өрхүүдэд олгоогүй. ...хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цэрэндэжидийн  2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. ХХҮГ-ын мэргэжилтэн Хнь Дорнод аймгийн  Цагаан-Овоо сумын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 02 дугаар сараас 04 дүгээр саруудад “Халамжийн сан”-гаас олгогдож буй “Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ”-ний тайланг зөрүүтэй тайлагнан мөнгийг талоноор олгодог нэр бүхий хүнсний дэлгүүрүүдэд төрийн сангаар шилжүүлдэг байсан байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын санхүүгийн баримт, дэлгүүрүүдийн иргэдэд олгодог барааны тайлангаар тогтоогдож байна.
  2. ХХҮГ-ын мэргэжилтэн Хнь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын халамжийн мэргэжилтнээр ажилллаж байх хугацаандаа буюу 2018 оны 02 дугаар сараас 04 дүгээр саруудад “Халамжийн сан”-гаас олгогдож буй “хүнсний эрхийн үйлчилгээ”-ний тайланг зөрүүтэй тайлагнан ...” гэсэн нэр бүхий дэлгүүрүүд рүү 3.560.000 төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Тухайн илүү шилжүүлсэн 3.560.000 төгөгийг ХХГҮГ-ын мэргэжилтэнээр ажиллаж байсан Хавсан гэх санхүүгийн баримт шинжилгээнд ирүүлээгүй байх тул үйлдлийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна.
  3. Шинээр ирүүлсэн баримтын шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 215-216 дугаар хуудас/,

 

            - “Хүнсний эрхийн бичгийн олголтын гүйцэтгэл 2018” /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,

            - Материал шилжүүлэх тухай /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/

  • Зарлагын мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,         
  • Төлбөрийн хүсэлт /1 дүгээр хх-ийн 230-232 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй судалгаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 234, 235, 236 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1821005500340 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 02 дугаар сараас 04 дүгээр саруудад бодит байдлыг нууж, тайланг зөрүүтэй тайлагнан “хүнсний эрхийн бичиг” үйлчилгээнд шинээр нэмэгдэж орсон 18 өрхийн иргэдэд “халамжийн сан”-гаас олгогдох байсан нийт 3.560.000 төгрөгийг “Галуут хоршоо”, “...” гэх нэр бүхий дэлгүүрүүдэд шилжүүлсэн мөнгийг тухайн өрхүүдэд олгуулалгүй, “Галуут хоршоо” дэлгүүрийн дансанд орсон нэр бүхий өрхүүдийн 1056000 төгрөгийг авч хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээг авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Ц /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/, гэрч Э /1 дүгээр хх-ийн 194-195 дугаар хуудас/, гэрч Н.Цэцэгдэлгэр  /1 дүгээр хх-ийн 196-197 дугаар хуудас/, гэрч О /1 дүгээр хх-ийн 198-200 дугаар хуудас/, гэрч Б /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У /2 дугаар хх-ийн 15-17 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, “Хүнсний эрхийн бичгийн олголтын гүйцэтгэл 2018” /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/, материал шилжүүлэх тухай /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/, зарлагын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/, төлбөрийн хүсэлт /1 дүгээр хх-ийн 230-232 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь эдийн засгийн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдад эдийн засгийн хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Хнь хэрэгт авагдсан эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц-ийн гаргасан хүнсний эрхийн бичгээр илэрсэн дутагдлын тооцоогоор “...” руу 1056000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Хийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин “...” гэх дэлгүүрүүдэд шилжүүлсэн халамжийн мөнгийг нэр бүхий иргэдэд зохих журмын дагуу нөхөж олгох асуудлыг Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д албан тушаалын байдлаа ашиглаж хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд засан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч Э.Идэрбат нь шүүгдэгч Г.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан ба  шүүхээс шүүгдэгч Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хийн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаанд хасч, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Х-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Х-ийг “албан тушаалын байдлаа ашиглаж хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Х-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Х-т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАТСАЙХАН