Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, хохирогч Д.Ч, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Б Гад холбогдох 1935002400119 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч дүүгийн хамт Увс аймгийн Давст сум 2 дугаар баг 2 дугаар гудамж 5 тоотод оршин суух Ш овогт Б Г, регистрийн дугаар: ОВ98092715

Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Д.Чийн ХААН банкны 5803115323 дугаартай данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 500.000 /таван зуун мянга/-н төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Чийн ХААН банкны 5803115323 дугаартай данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 500000 /таван зуун мянга/-н төгрөг хулгайлсан болох нь:

1. Хохирогч Д.Чийн “..Би 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 08 цагийн орчимд тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 15-02 тоот хашаанд байх гэрээсээ охин О, хүргэн У, зээ Г нарын хамтаар гарч тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банк руу явсан. Хаан банк дээр очоод 4 сарын тэтгэврийн зээл буюу 918000 /Есөн зуун арван найман мянга/ төгрөгийн зээл авахаар хүсэлт өгсөн. Миний хүсэлтийг тэр дор нь шийдвэрлэж Хаан банкнаас 918000 /Есөн зуун арван найман мянга/ төгрөгийн зээлийг надад өгсөн. Би Хаан банкнаас охин Оийн хамтаар гарахад хүргэн У, зээ Г хоёр машин дотроо сууж байсан. Тэгээд бид дөрөв тэндээсээ хөдлөөд зах руу явсан. Зах дээр очоод Хаан банкны АТМ-аас ... зээ хүү Г 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг надад авч өгсөн. Уг мөнгөөр ор худалдаж авчхаад гэр рүүгээ явсан. ...Тэгээд маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд охин Оийн хамтаар гэрээсээ гараад тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Өгөөмөр” салбар дээр очсон. Өгөөмөр тооцооны төв дотор байх АТМ-ын хажууд очоод охин От өөрийн виза картаа өгөөд “450000 төгрөг авчих” гэж хэлсэн. Гэтэл охин О “таны виза картад 52000 /тавин хоёр мянга/ төгрөг байна” гэж хэлэхээр нь “Юу яриад байгаа юм бэ?” гэж хэлээд уг банкны АТМ хариуцсан хүнтэй уулзахад “Та төв банкин дээр очиж уулз” гэж хэлэхээр нь тэндээс гараад төв Хаан банк руу явсан. Төв Хаан банкин дээр очоод холбогдох хүмүүстэй уулзахад “Таны картаас хүн мөнгө авсан байна. Та цагдаагийн байгууллагын ажилтныг дагуулан хүрч ирээд хяналтын камер шүүж үзэж болно” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандахаар шийдээд дуудлага өгсөн юм. ...Тэгээд сүүлд банкнаас лавлагаа авахад миний данснаас манай зээ хүү Г нь 2 удаа мөнгө шилжүүлж өөртөө авсан байсан бөгөөд надаас уучлалт гуйсан ба өөрт нь мөнгөний хэрэгцээ гарсан тул миний виза картыг авч явж мөнгө шилжүүлж авсан гэж хэлсэн юм. ...Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны орой миний цүнхнээс виза карт авч яваад мөнгө шилжүүлж авчхаад буцаагаад хийчихсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

2. Гэрч Ю.Оийн “...цагдаагийн байгууллагаас ээжийн дансыг шүүхэд Г нь манай ээж Чийн данснаас 500.000 төгрөг авсан байсан юм. Г нь манай ээж Чийн цүнхнээс нь виза картыг нь нууцаар аваад мөнгө авчхаад буцаагаад цүнхэнд нь нууцаар картыг нь хийчихсэн юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

3. Хохирогч Д. Чийн Хаан банк дахь 5803115323 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 48 минутад 200.000 төгрөгийн, мөн өдрийн 19 цаг 57 минутад 300.000 төгрөгийн зарлага тус тус гарсан байна /хх-ийн 21 дүгээр хуудас/,

4. Хаан банкны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай “Увс Хаан банкны Улаангом тооцооны төвийн 1053, 1054 дугаартай АТМ машинаас 2019.06.13 өдрийн 17 цаг 48 минутад бэлэн мөнгө авсан хүний дүрс зураг, 2019.06.13 өдрийн 19 цаг 57 минутад бэлэн мөнгө авсан хүний дүрс зургийг тус бүр хүргүүлэв” гэх албан бичиг, дүрс зураг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Б.Гын “...Бид дөрөв зах дээр очоод Шинэ Улаангом захын 1 давхарт байх бэлэн мөнгөний машинаас манай эмээ өөрийнхөө хаан банкны 5803115323 дугаарын дансны виза картыг надад өгөөд нууц кодыг нь 5822 гэж хэлсэн тэгээд би данснаас нь 200000 төгрөг авч өөрийн эмээ Чэд өгсөн. Тэгээд Чийн виза картыг нь буцааж өөрт нь өгсөн. Тэр үед би эмээгийн хаан банкны 5803115323 дугаарын дансны виза картын нууц кодыг нь мэдсэн юм. Тэгээд Ч, О, У бид дөрөв захаас ор аваад гэртээ харьцгаасан юм. Тэгээд би эмээ Чийн гэрт очоод захаас авсан модон орыг угсарч өгчхөөд эмээг гэрээсээ түр гарах хооронд цүнхнээс нь хаан банкны виза картыг нь нууцаар авчихсан юм. Тэгчхээд би 17:30 цагийн үед эмээ Чийн гэрээс гараад Өгөөмөрийн хаан банкны бэлэн мөнгөний машинаас өөрийн эмээ Чийн 5803115323 дугаарын дансны виза картаас эхлээд 200000 төгрөгийг бэлнээр авсан, тэгчхээд цаашаа яваад үсчин орж оочирлож байгаад үсээ засуулчхаад дахин Өгөөмөрийн хаан банкны бэлэн мөнгөний машинаас эмээ Чийн 5803115323 дугаарын данснаас 300000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгчхээд би дахин уг салбарын бэлэн мөнгөний машинд өөрийн хаан банкны 5830047754 дугаарын дансны виза картыг хийгээд эмээ Чийн данснаас авсан мөнгө болох 500000 төгрөгөөс эхлээд 60000 төгрөгийн орлого хийсэн, тэгээд 1 минут орчмын дараа дахин 300000 төгрөгийн орлогыг өөрийн дансандаа хийсэн бөгөөд би цувуулаад нийтдээ 3 удаагийн үйлдлээр Чийн данснаас хулгайлж авсан 500000 төгрөгөөс 460000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5830047754 дугаарын данс руу хийсэн юм. ...Би тэр орой Чийн гэрт ирчхээд манай эмээ гэрээс түр гарах хооронд түүний цүнхнээс авсан 5803115323 дугаарын дансны виза картыг өөрт нь мэдэгдэхгүйгээр цүнхэнд нь байсан газарт нь буцааж хийсэн юм. Тэгээд би эмээ Чэд тухайн үед данснаас нь 500000 төгрөг хулгайлсан талаараа хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Д.Чийн ХААН банкны 5803115323 дугаартай данснаас 2 удаагийн үйлдлээр авсан болох нь хохирогч Д.Ч, гэрч Ю.О, 5803115323 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай албан бичиг, дүрс зураг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чэд 500.000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч уг учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “...надаас уучлалт гуйж, надад учирсан хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 6-9 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.  Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанарыг харгалзан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Ялтан Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөринй баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА