| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2017/00565/И |
| Дугаар | 103/ШШ2018/00033 |
| Огноо | 2018-02-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2018/00033
| 2018 02 01 | 103/ШШ2018/00033 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 35 настай, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Тунамал эмийн сангийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 10 дугаар баг, 19 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, Хариад овогт Жамсранжавын Намсрайн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 32 настай, БНЗӨБЦТС ТӨХК-д нийгэм, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 101 тоотод оршин суух, Азар овогт Дорждагвын Лхагвадуламд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд онлайнаар нэхэмжлэгч Ж.Намсрай, хариуцагч Д.Лхагвадулам, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ж.Намсрай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ж.Намсрай миний бие Д.Лхагвадуламтай 2007 онд танилцан, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, улмаар 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр охин Маралыг төрүүлсэн боловч зан харьцааны таарамжгүй байдлын улмаас салж тус тусдаа амьдрах болсон. Би одоо Хөвсгөл аймагт эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд Лхагвадуламтай дахин хамт амьдрах боломжгүй болсон тул эвлэрүүлэн зуучлагчид хандахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Би 2013 оны 4 сард Клиникийн курсэд яваад 12 сард курсээ төгсөж ирээд Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 2014 оны 01 дүгээр сард ажилд орж, 2014 оны 3 дугаар сард ажлаасаа гарсан. 2014 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймагт ирээд одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед Лхагвадулам Хөх хотод сурч байхад манай ээж охин Маралыг хардаг байсан. Би охинтойгоо Лхагвадуламын араас Хөх хотод очоод буцаж хамтдаа амьдаръя гэж гуйгаад бид гурав Хөвсгөл аймагт манайд ирсэн боловч Лхагвадулам хоёр хоноод ээжтэй муудалцаад охиноо аваад явсан. Тэрнээс хойш бид хоёр тусдаа амьдарч байна гэв.
Хариуцагч Д.Лхагвадулам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ж.Намсрайтай 2008 онд танилцаж, 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсон. Гэр бүл байх хугацаандаа Намсрай архи ууж, өөр эмэгтэйчүүдтэй нэр холбогдон гэр бүлийн ариун ёс журмыг баримталдаггүй байсан. Ингээд 2015 онд өөр эмэгтэйтэй хамт амьдран үр хүүхэдтэй болсныг нь мэдээд тусдаа амьдарч эхэлсэн. Энэ цагаас хойш бидний дундаас төрсөн охин Марал сэтгэлийн хямралтай байх болсон, би өөрөө ч мөн ялгаагүй Намсрайд туйлын их гомдож явдаг. Бид хоёр нэг гэрт ороод удаагүй, намайг жирэмсэн байх хугацаанд Намсрай байнга гадуур тэнэж гэртээ ирэхгүй хоёр, гурав хонодог байснаа бүр сүүлдээ долоо хоногоор ирэхгүй алга болдог болсон. Тухайн үед Намсрайгийн одоогийн эхнэр болох Саруул гэдэг хүүхэн гарч ирснээр бид таарч тохирохгүй байнга хэрэлдэж бүр сүүлдээ тэсэхээ болиод хэрэлдэхээрээ би Намсрайг хөөгөөд явуулдаг болсон нь үнэн. Би аргаа бараад Хөх хот руу сургуульд сурахаар явахдаа Намсрайг охиноо хараад байж бай гээд өөрийн гэртээ ээжтэйгээ хамт үлдээгээд явсан боловч намайг явснаас хойш гадуур тэнэсэн хэвээрээ байсан. Миний араас Намсрай Хөх хот руу ирж уучлалт гуйж байсан. Хүүхэд харах хүнгүй болоод Намсрайгийн ээжид 1 жил хүүхдээ харуулсан. Би гэр бүлээ авч үлдэхийн тулд долоо хоногт нэг удаа, сардаа дөрвөн удаа Хөх хотоос Хөвсгөл рүү 4000 км замыг туулж очдог байсан. Хамгийн сүүлд Хөвсгөлд гэрт нь очиход ээжтэйгээ нийлж намайг хэл амаар доромжлоод байхаар нь би охиноо аваад ирсэн. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй харин нэхэмжлэгчийг өөрийг нь шүүх хуралдаанд байлцуулмаар байна. Хүүхдээ өөрийнхөө асрамжинд үлдээнэ, хүүхдийн тэтгэлэгийн хувьд Намсрай сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэв.
Нэхэмжлэгч Ж.Намсрай шүүх хуралдаанд өгсөн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би эхнэр 2 хүүхэдтэйгээ сарын 600.000 төгрөгийн цалингаар амьдардаг. Би охиноосоо юу ч харамладаггүй, охиндоо өгөх зүйлээ хангалттай өгдөг. Охиныхоо цаашид гарах нэмэлт зардлыг төлнө. Охиныгоо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Би охиндоо сар бүр 150.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Намсрай нь гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Лхагвадулам хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Намсрай, хариуцагч Д.Лхагвадулам нар нь 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдрах хугацаандаа 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр охин Н.Маралыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 2015 оноос хойш хувийн таарамжгүй харьцааны улмаас болж хамтран амьдраагүй 3 жил болсон, нэхэмжлэгч Ж.Намсрай нь гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байхдаа 2012 онд өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоосон нь гэрлэгчдийн эвлэрэх боломжийг багасгасан, дундаасаа 2 хүүхэдтэй болсон, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй зэргээс харахад зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 3 сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн насны байдал ээжтэйгээ хамт амьдардаг, амьдрах орчин, сурч боловсрох, хүмүүжих нөхцөл, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан эх Д.Лхагвадуламын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс, шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх харилцан тохиролцож тэтгэлэг тогтоож болно гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Намсрай сар бүр охин Маралын хадгаламжид 150.000 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр харилцан тохиролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 101.433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 101.433 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь зүйтэй.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хариад овогт Жамсранжавын Намсрай, Азар овогт Дорждагвын Лхагвадулам нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Н.Маралыг эх Д.Лхагвадуламын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Намсрай охин Маралын хадгаламжид сар бүр 150.000 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталсугай
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Лхагвадуламд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лхагвадуламаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Намсрайд, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Намсрайгаас тэмдэгтийн хураамжид 101.433 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Лхагвадуламд тус тус олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ