Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Ц.Уртнасан,

Шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга,

тэдгээрийн өмгөөлөгч О.Цэвэлмаа /ҮД:0070/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625020751 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 17 дугаар гудамж, 478 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 13-ын задгайд оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Оюунтөгсийн Эрдэнэбилэг /регистрийн дугаар УХ 91111011/,

2.Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 23 дугаар байрны 30 тоотод оршин суух  хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Монгол овогт Болормаагийн Баттулга /регистрийн дугаар УЗ 97120913/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ тауэр”-ын 8 давхрын “Юнител” ХХК-ийн санхүүгийн шинжээч Г.Туулын зөөврийн компьютерийг хулгайлж, 600 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт “…2016 оны 3 дугаар сарын 13-ны өглөө би 09 цагт ажил дээрээ ирээд 16 давхрыг цэвэрлэчхээд 8 давхарт очиж хивс цэвэрлэсэн. Цайны цагаар цайндаа орох гэж Эрдэнэчимэг эгчид хэлж байхдаа тэр нөүтбүүкийг голын шүүгээнд байхыг харсан. Тэгээд Эрдэнэчимэг эгчтэй гараад хогийн уут аваад буцаж ороод тэр нөүтбүүкийг аваад уг хогийнхоо уутанд хийгээд гараад ууттай зүйлээ гарцан дээр тавьсан. Тэгээд Баттулгыг утсаар дуудахад тэр ирсэн. Тэгээд Баттулгатай цуг давхаруудад байсан хогийг 1 давхарт буулгаж байхдаа уг нөүтбүүкийг хогийн уутнаас аваад Баттулгад өгч явуулсан. Баттулга тэр нөүтбүүкийг ломбарданд тавьсан…” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 3 дугаар сарын 13-ны өглөө би 09 цагт ажил дээрээ очоод байж байтал манай ахлах Өлзийдүүрэн намайг “чи 16 давхрын тоосыг соруулчхаад хивс угаагаад байж бай” гэсний дагуу би эхлээд 16 давхарт гарч тоос соруулчхаад цаг гаруйн дараа доошоо 8 дугаар давхар руу бууж хивс угаасан. Хивс угааж байтал цайны цаг болсон ба би “Юнител”-ийн заал руу орж ажлынхаа газрын Эрдэнэчимэг гэдэг эгчийг “цайндаа оръё” гэж дуудсан. Тэр үед би үүдээр ороод голын хэсэгт ширээний шургуулга нь онгорхой байсан ба харахад дотор нь
нөүтбүүк байсан. ...8 дугаар давхрын гарцан дээр байсан ууттай хогийг аваад
буцаж нөгөө өрөө рүү орж нөүтбүүкийг аваад хогтой байсан хогийн гялгар уутан
дээрээс хийгээд буцаад гарцан дээр тавьсан. Тэгээд би Баттулгатай яриад “надад
нэг нөүтбүүк байна. Чи хүрээд ир. Үзээдэх” гэхэд Баттулга “за” гэсэн. Удалгүй Баттулга
гадаа ирээд над руу залгасан. Би Баттулгыг харуулууд оруулахгүй байсан болохоор бууж Баттулгыг авч орсон юм. ...Тэгээд нөүтбүүкээ Баттулгад үзүүлтэл Баттулга “юун компьютер вэ” гэж асуухаар нь би “хусчихсан” “Юнител”-ийн агуулахад байсан нөүтбүүк гэж хэлтэл Баттулга тэгвэл “зарчихья” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-35, 36/,

 

Шүүгдэгч Б.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт “…2016 оны 3 дугаар сарын 13-нд Билгээ над руу утсаар залгаад “энд нэг нөүтбүүк байна, чи ирээд хараадах” гэхээр нь би 13 цаг өнгөрөөж Билгээгийн ажил дээр очсон. Тэндээс уг нөүтбүүкийг нь аваад кодыг нь тайлж чадахгүй байсан учир форматлуулсан. Тэрний дараа таксины жолоочийг гуйгаад түүний бичиг баримтаар уг нөүтбүүкийг ломбарданд тавьсан…” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 13-ний өглөө би Билгээгийн гэрт нь буюу Бөмбөгөрийн тэнд нийтийн байранд унтаж байтал Билгээ залгаад “ажил дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм” гэтэл “надад нэг нөүтбүүк байна, чамаар харуулах гэсэн юм” гэхээр нь би “жаахан байж байгаад яваад очъё” гээд 12 цаг болж байхад би ажлын нь гадаа очоод залгатал Билгээ өөрөө гараад ирсэн. Тэгээд бид хоёр уулзтал Билгээ “хамт дээшээ гарчхаад ирье” гээд бид хоёр хамт лифтэнд суугаад 13 давхар руу гарсан. Тэгтэл Билгээ “намайг дагаад яв” гэхээр нь бид хоёр ажлын өрөө рүү нь хамт ортол Билгээ ажлын өрөө рүүгээ орчихоод доошоо нэг давхар руу буусан. Тэгээд хог асгах гээд бид хоёр хамт гарсан ба хонгилын тэнд би хогийг нь асгахад туслаад байж байтал Билгээ нэг ууттай хогон дотроос саарал өнгийн “Делл” брендийн нөүтбүүк гаргаж ирээд “чи үүнийг цүнхэлчих” гэхээр нь би цүнхэлчихсэн. Тэгээд бид хоёр Улаанбаатар зочид буудлын урд талын Нацагдоржийн хөшөөний дэргэд очиж суугаад би нөүтбүүкийг гаргаж ирээд кодыг тайлах гэтэл чадаагүй. Тэгэхээр нь би “энийг тайлж чадахгүй юм байна” гэтэл Билгээ “тэгвэл чи наадахаа форматлуулчих” гээд надад 12.000 төгрөг өгсөн.Тэгээд би тэр нөүтбүүкийг форматлуулчихаад Билгээ рүү залгахад “форматлуулчихсан уу” гэхээр нь “тэгсэн” гэхэд Билгээ “тэгвэл чи наадахаа ломбарданд тавьчих” гэсэн. …Тэгээд би багшийн дээдийн урд талын буудлын хажууд байрлах Сайн ломбарданд 160.000 төгрөгийн барьцаанд таксины жолооч гуйж байгаад тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-38, 39/,

Хохирогч Г.Туулын “...2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5 дах өдөр байсан учраас ажлаа тараад явж амарсан. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 09 цагт ажил дээрээ ирээд шүүгээнээсээ өөрийн ажлын зориулалттай компьютерийг авах гэтэл алга болсон байсан. Тэгээд би шууд менежертээ мэдэгдээд мөн мэдээллийн аюулгүй байдлын албан болон үүдний жижүүрт мэдэгдсэн. ...Би тэр орой ажлаа тараад явахдаа компьютерийг өөрийнхөө ширээний шургуулгад хийчхээд явсан. Миний ширээний шургуулгад ямар нэгэн цоож байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-15/

Гэрч Л.Их-Амгалангийн “... Би тэр өдөр өөрийн эзэмшлийн 99-76 УНЛ улсын дугаартай Хьюндэй верна аксент маркийн авто машинтайгаа сансрын тэнд цагдаагийн постын замын эсрэг талд гарцын тушаа зогсож байтал 20 орчим насны залуу орж ирээд суугаад “ахаа багшийн дээд явъя” гэсэн. Тэгээд багшийн дээдийн Сонор плазагийн тэр хавьд очтол “ахаа миний байрны мөнгө нэхэгдээд байгаа юм. Аав ээж хоёр 03 дугаар сарын 16 гэхэд Дарханаас мөнгө ирнэ. Тэгээд авах юм. Миний бичиг баримт байхгүй байгаа тул таны бичиг баримтаар тавьчихъя. Удахгүй авчихна.” гэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхээр сайн ломбарданд нөүтбүүкийг нь 160 000 төгрөгөөр тавьж өгсөн юм. Тэгээд тэр залууд мөнгийг нь өгөхөд тэр залуу баярлалаа ах гээд 5000 төгрөгийг надад өгсөн. Тэр залуу миний утасны дугаарыг авч үлдсэн. Би өөрийн нь дугаарыг ч гэсэн авна гэдгээ ч хэлсэн. Тэгээд удалгүй цагдаагаас намайг дуудсан. ...би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-17, 18/

Эд зүйлийн үнэлгээ /хх-10/, Барьцаат зээлийн гэрээ /хх-12/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-46, 49/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44, 45/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-60, 61, 62, 63, 64/, Ажлын байрны тодорхойлолт /хх-67-70/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-73-75/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ тауэр”-ын 8 давхрын “Юнител” ХХК-ийн санхүүгийн шинжээч Г.Туулын зөөврийн компьютерийг хулгайлж, бусдад 600 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Г.Туулын “…2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5 дах өдөр байсан учраас ажлаа тараад явж амарсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 09 цагт ажил дээрээ ирээд шүүгээнээсээ өөрийн ажлын зориулалттай компьютераа авах гэтэл алга болсон байсан.тэгээд би шууд менежертээ мэдэгдээд мөн мэдээллийн аюулгүй байдлын албан болон үүдний жижүүрт мэдэгдсэн. ... би тэр орой ажлаа тараад явахдаа компьютераа өөрийнхөө ширээний шургуулгад хийчхээд явсан. Миний ширээний шургуулгад ямар нэгэн цоож байхгүй …Би хулгайд алдсан нөүтбүүкээ буцаан авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй…”,

гэрч Л.Их-Амгалангийн “...Сонор плазагийн тэр хавьд очтол ахаа миний байрны мөнгө нэхэгдээд байгаа юмаа ээв ээж хоёр 03 дугаар сарын 16 гэхэд Дарханаас мөнгө ирнэ тэгээд авах юм миний бичиг баримт байхгүй байгаа тул таны бичиг баримтаар тавьчихъя удахгүй авчихна гэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхээр сайн ломбарданд нөүтбүүкийг нь 160000 төгрөгт тавьж өгсөн юм...”, гэсэн мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Туулд 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон боловч хохирогч нь өөрийн эд зүйлийг буцаан авсан, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Шүүх шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаас хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1.Шүүгдэгч Оюунтөгсийн Эрдэнэбилэг, Болормаагийн Баттулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарыг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.    

 

4.Эрүүгийн 201625020751 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавихыг Баянгол, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эрдэнэбилэг, Б.Баттулга нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР