Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 261

 

    

 

 

 

 

 

 

 

 

                                       Б.Т-холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1805007550168 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Б.Т- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Топ” ломбардны ажилтан Б.М-д дуураймал “Rolex” цагийг оригнал цаг гэж итгүүлэн, сэтгүүл, каталоги, дагалдах баримт зэргийг үзүүлэн хуурч, барьцаалан зээлдэх нэрээр 600.000 төгрөгийг авч залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч Б.Т-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-оногдуулсан 1 жил 6 сарын хорих   ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 53 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.Т- нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Rolex” нэртэй шар өнгийн цаг, 2 ширхэг сэтгүүлийг устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг шийдвэрлэхдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаартай магадлалаар ял оногдуулахгүйгээр 2 жилээр тэнсэж шийдвэрлэсэн байтал 1 жилийн хорих ял дээр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн гэх хэрэгт 6 сарын хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон. Миний бие нь тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад би хохирол мөнгөө төлж барагдуулсан гэдгээ хэлж байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 30-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон ба энэ хугацаанд мөрдөгч, прокурор надтай уулзаагүй. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 483 дугаартай магадлалаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, суллагдаад удаагүй байхад прокурор Н.Энхболд уулзаад “чамайг тэнсэнэ гэж мэдсэнгүй. Мэдсэн бол энэ хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх байсан юм” гэж хэлсэн. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр шүүхээс “тэнсэнтэй байх хугацаандаа хэрэг үйлдээгүй” гэж хэргийг прокурорт буцаасан. Хэргийг буцааснаас хойш нэг ч удаа байцаалт аваагүй.

2017 оны 12 дугаар сарын 30-нд залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2 хэргийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан ба 2 ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд уг хоёр хэргийг нэгтгэж, хорих ял оногдуулахгүйгээр шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т- нь хууль, эрх зүйн мэдлэггүй. Хүний юм авч, хугацаанд нь буцааж өгч чадаагүй тул өөрийгөө гэм буруутай гэж үзээд хэргээ хүлээсэн. Хуульч хүний хувьд Б.Т-ял оногдуулж болохгүй гэж үзэж байна. Нэгтгэх асуудал дээр хууль хэрэглээний хувьд ярихад шийтгэх тогтоол гарахын өмнө нь уг гэмт хэргийг үйлдсэн. Тэнссэн хугацаандаа дахин  гэмт хэрэг үйлдээгүй. Шүүгдэгч Б.Т-гийн өөрийнх нь ярьж байгаа нь зөв бөгөөд хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэж шийдвэрлэвэл 7 удаагийн үйлдлээр 5.510.000 төгрөгийн хохирол учруулсан байсан бол 8 удаагийн үйлдлээр 8.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэгтгэж шийдвэрлэж болох байсан. Өмгөөлөгчийн зүгээс Б.Т-гийн сүүлийн үйлдлийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-г гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч одоо хэлэлцэж байгаа хэргийг гэмт хэрэг биш гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтуудаар Б.Т- нь  “Шангрила Молл” худалдааны төвөөс тухайн цагны бичиг баримт, каталогийг нь гуйж авч  баримт бичиг бий болгон бусдыг төөрөгдөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Б.Т- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Топ” ломбардны ажилтан Б.М-д дуураймал “Rolex” цагийг оригнал цаг гэж итгүүлэн, сэтгүүл, каталоги, дагалдах баримт зэргийг үзүүлэн хуурч, барьцаалан зээлдэх нэрээр 600.000 төгрөгийг авч залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.М-ын: “...манай ломбарданд “Rolex” нэртэй цаг тавья гэж нэг залуу орж ирэхээр нь ... “авахгүй” гэтэл “худалдаж авсан бичиг баримт, ном сэтгүүл нь бүгд байгаа, аваад ирье” гээд 30-40 минутын дараа “Шангрила Молл”-ын “Мастер тайм” дэлгүүрээс 18.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэх баримт, дагалдах сэтгүүлийн хамт авч ирэхээр нь барьцаанд авсан. Хүлээлгийн 14 хоногийн хугацаа өнгөрөхөөр нь Тэлмэнгийн утас руу залгахад “удахгүй очиж авна, та байлгаж байгаарай” гэж хэлсэн. ... “Шангрила Молл”-ын худалдагч залуу “хэд хоногийн өмнө нэг залуу ирээд ном, сэтгүүлээ өгөөч, буцаж ирж цагнаас авна гээд каталоги аваад авсан. Наад цаг чинь хулхи цаг байна” гэж хэлсэн. Манай ломбарданд 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” /хх-11/,

гэрч Ш.Ц-ын: “Хуурамч цаг байна. Жинхэнэ цагны шилэн дотор лаазраар зүсэж лого хийсэн байдаг. Жинхэнэ цагных нь код байдаггүй. Энэ цагны түгжээний код ил байна” /хх-20/,

шүүгдэгч Б.Т-гийн сэжигтнээр өгсөн: “2017 оны 11 дүгээр сард хорооллын “Эв” плазагийн гадаа нэг ах “мөнгө хэрэгтэй байна, энэ цагийг зарна” гэхээр нь 380.000 төгрөгөөр худалдаж авсан. “Топ” ломбардад 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан. “Шангрила Молл”-ын худалдагч залуугаас “сэтгүүлээ өгчих, цааш нь хүмүүст үзүүлье” гээд гуйгаад авсан. Хүнд 700.000 төгрөг өгөх ёстой байсан, тэр мөнгө нэхэгдээд байсан юм. Эхнэр саяхан төрсөн, би ажилгүй учраас аргагүй эрхэнд үнэ хүргээд тавьсан. Надад зугтаах санаа байгаагүй. Тухайн үед мөнгөгүй байсан болохоор ломбардны эгчид “байлгаж байгаарай, мөнгөтэй болоод авъя” гэж зөндөө хэлсэн. Ломбардны эзэн Мөнгөншүүдэрийн дансанд 400.000 төгрөг хийсэн. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна” /хх-24/,

мөн түүний яллагдагчаар өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” /хх-29/,  гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 36.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-46-47/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-г баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Т-гийн “хуурч баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

 

 Шүүгдэгч Б.Т- нь өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-59-63/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаартай магадлалаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заажээ.

 

Гэвч шүүгдэгч Б.Т-гийн хувьд тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин 2018 оны 3 дугаар сарын 20-нд шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө 2017 оны 12 дугаар сарын 30-нд үйлдсэн хэрэг нь сүүлд илэрсэн байх тул тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй  байна.

 

Шүүгдэгч Б.Тэмлэн нь тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв.

 

Харин, анхан шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаартай магадлалаар шүүгдэгч Б.Т-ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, уг магадлал хүчин төгөлдөр хэвээр байхад шүүгдэгчид  шийтгэх тогтоолоор шинээр ял оногдуулахгүйгээр  өмнөх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулж байсан 1 жилийн хорих ял дээр сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдалд хамаарах бөгөөд цаашид анхаарвал зохино.

 

Иймд шүүгдэгч Б.Т-гийн давж заалдах гомдлын “хоёр ялыг нэмж нэгтгэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, харин давж заалдах гомдлын “хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын  “...1 жил 6 сарын хорих ялыг...”  гэснийг “…6 сарын хорих ялыг...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь тус тус заалтуудыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Т-гийн давж заалдах гомдлын “хоёр ялыг нэмж нэгтгэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч “хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ