| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 020/2014/0618/З |
| Дугаар | 221/МА2015/0517 |
| Огноо | 2015-11-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2015/0517
2015 оны 11 сарын 18 өдөр Дугаар 221/МА2015/0517
С.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, БЗДӨГХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд С.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Иргэн С.Д гийн нэхэмжлэлтэй, НЗД , БЗДЗД , БЗДӨГХ-ны албад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Маргаан бүхий газар дээр бидний хэн ч амьдраагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. С.Ц одоо миний өмчлөлийн газар дээр байшин бариад амьдарч байгаа. Иймд хууль журмынх нь дагуу С.Д-д олгосон захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Харин БЗДЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/554 дүгээр захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, БЗДЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн А/213 дугаар захирамжаар С.Д-д эзэмшүүлсэн газрын гэрчилгээг олгохыг БЗДӨГХ-ны албанд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/554 захирамжаар 523 м.кв газрыг С.Ц-д өмчлүүлсэн. Дээрх газар өмчлөх эрх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар өөрийн хүсэлтээр эсхүл шүүхийн шийдвэрээр дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч БЗДЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Цаг хугацааны хувьд С.Д нь газар эзэмших хүсэлтээ түрүүлж гаргасан. Өөрөөр хэлбэл С.Ц-аас өмнө С.Д-д газар эзэмших хууль ёсны эрх үүссэн. Энэ нөхцөл байдлыг дүүргийн Засаг даргын зүгээс засаж залруулах гэсэн боловч С.Ц нь газраа өмчилж авсан учир дүүргийн Засаг дарга шийдвэрлэх боломжгүй болсон. Иймд шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна.
Хариуцагч БЗДӨГХА-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Цаг хугацааны хувьд С.Д газар эзэмших хүсэлтээ түрүүлж гаргасан. Өөрөөр хэлбэл С.Ц-аас өмнө С.Д-д газар эзэмших хууль ёсны эрх үүссэн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд бие даасан шаардлага болон хариу тайлбартаа: Газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүссэн эсэхийг анхаарах ёстой. Анх хорооны дарга амьдардаггүй хүнд амьдардаг гэсэн тодорхойлолт хийж өгснөөс эхлэлтэй. Өөрөөр хэлбэл тухайн хороонд амьдардаггүй, оршин суудаггүй хүнд хорооны тодорхойлолтыг хийж өгс, анхнаасаа хууль зөрчсөн. Энэ хууль бус тодорхойлолтыг үндэслэн хүсэлт гаргасныг Газрын алба нягтлан шалгаж, газар дээр нь очиж үзэхгүйгээр газрыг нь эзэмшүүлсэн, кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс хуулийн дагуу газар эзэмших эрх олж авсан хүний эрхийг хөндөхөд хүрээд байна. Хуулийн дагуу үүсээгүй газар эзэмших эрхийг хуулийн хүрээнд хамгаалах боломжгүй тул нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож, олон жил амьдарч байгаа газрыг тус хороонд амьдардаггүй С.Д д эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн А/213 дугаар захирамжийн С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БЗДЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/554 дүгээр захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, БЗДЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн А/213 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож баталгаажуулсны дагуу С.Д д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг БЗДӨГХ-ны албанд даалган, гуравдагч этгээд С.Ц-ийн БЗДЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн А/213 дугаар захирамжийн С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахъ хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй. Гэтэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь энэхүү үүргээ биелүүлэхгүйгээр, нэхэмжлэгч С.Д д олгосон эзэмших газартай давхцуулан, С.Ц-д БЗДЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/227 дугаар захирамжаар /өмнөх захирамж гарснаас хойш 23 хоногийн дараа/ газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчжээ" гэсэн.
Захиргааны байгууллага С.Д д газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс энэхүү маргаан үүссэн бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлсэн бол. С.Д гийн оршин суудаг тухай хорооны Засаг даргын тодорхойлолтыг шалгах, нягтлах үүргээ тус тус хэрэгжүүлсэн бол тухайн маргаан ах дүүсийн хооронд үүсэхгүй байх байсан. Мөн Хорооны Засаг даргыг асуусан тэмдэглэлд нэхэмжлэгч С.Д гийн нөхөр болон Н.А-ийн гуйлтын дагуу тодорхойлолтыг хуурамчаар бичиж өгсөн гэж хариулсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гээд буй эрх нь хуулийн дагуу үүссэн гэхэд эргэлзээтэй байгаа юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсэгт "Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаж буй газар буюу БЗД 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, сургуулийн 1275Б тоотод байршилтай 523 м.кв газарт хэн алин нь амьдраагүй, харин С.Д гийн нөхөр Н.А-ийн өмчлөлийн газарт С.Ц нь амины сууцны байшин барьж амьдарч байгаа болох нь тогтоогдож байна гэсэн.
Иргэн С.Ц нь тухайн маргаан бүхий газар дээр тариа ногооны аж ахуй эрхэлдэг бөгөөд усны гүний худаг хүртэл гаргуулсан байдаг. Шүүхээс хийсэн үзлэгээр бол тухайн газар дээр С.Ц амьдардаг болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд байшин нь л байхгүй бол амьдардаггүй гэсэн үг биш юм. Маргаан бүхий газар нь гуравдагч этгээдийн хувьд амьжиргааны эс үүсвэр болсон ногооны талбай, гүний худаг зэрэг нь байршиж байдаг болох нь тодорхой байхад шүүх хэн аль нь амьдардаггүй гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд маргаан бүхий /одоогийн хаягаар Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1275 тоот/ газар нь нийтдээ 1223 м.кв байх бөгөөд энэхүү газрын 450 м.кв газрыг гуравдагч этгээд С.Ц-ийн ах Н.А БЗДЗД-ын 1999 оны Б/53 тоот захирамжийн дагуу 110 тоот газар ашиглах гэрчилгээгээр эзэмшиж байжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн тайлбараар тэрээр Монгол улсын иргэнд өмчлүүлэх тухай хууль батлагдсан тул өөрийн эзэмшиж байсан 450 м.кв газраа гэр бүлийн хамтын хэрэгцээнд 700 м.кв болгон нэмэгдүүлэн өмчлөн авсан байна. Ингэхдээ тухайн үеийн хуулийн зохицуулалтын дагуу дээрх 700 м.кв газраа гэр бүлийн хамтын хэрэгцээнд /эхнэр С.Д нь хамтран өмчлөгчөөр орж байсан/ өмчлөн авсан, талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт орж иргэн бүр газар өмчлөн авах эрхтэй болсноор Н.А , тухайн хаягт байрлах /одоо 1275А гэж нэрлэгдэж буй/ 700 м.кв газрыг өөрөө дангаараа өмчлөх болж, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 000063019 тоот Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г авчээ. Ингэснээр уг 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд хамтран өмчилж байсан, түүний эхнэр С.Д нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 0.07 га хүртэл хэмжээтэй газрыг нэг удаа, үнэгүй, өмчлөн авах эрх нь нээгдсэн, өөрөөр хэлбэл С.Д гийн тухайд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газар өмчлөн авах эрх нь нээгдсэн байна.
Одоогийн хаягаар 1275Б гэж нэрлэгдэх болсон, маргаж буй 523 мкв газрын тухайд С.Ц , С.Д нарын хэн аль нь уг газрыг БЗДЗД-ын 2014 оны А/213 болон А/257 тоот захирамжаар эзэмшсэн, улмаар С.Ц нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/554 тоот захирамжаар өмчлөн авсан, харин С.Д өмчлөн авахаар материалаа бүрдүүлсэн боловч Нийслэлийн Засаг даргын захирамж гарч амжаагүй байна. Дээрх байдлаас дүгнэхэд талуудын хэн аль нь тухайн 523 м.кв газрыг өмчлөн авах эрхтэй гэж үзэж маргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Д д газар өмчлөн авах эрх үүссэн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар талуудын маргаж буй Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1275 Б хаягт байрлах 523 м.кв газрын тухайд С.Ц нь дээрх газарт 2002 оноос хойш 13 жил дараалан амьдарсан, харин С.Д нь уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй, түүнчлэн оршин сууж, амьдраагүй болох нь нотлогдож байна.
Анхан шатны шүүх энэхүү үйл баримтад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 хэсэг, Сургуулийн 12756 тоотод байршилтай 523 м.кв газарт хэн алин нь амьдраагүй, харин С.Д гийн нөхөр Н.А-ийн өмчлөлийн газарт С.Ц нь амины сууцны байшин барьж амьдарч байгаа болох нь тогтоогдож байна гэж буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Тухайн 1223 м.кв газар нь ямар нэгэн байдлаар хамар хашаа барих зэргээр тусгаарлагдаагүй, нэг хашаатай байсан нь тогтоогдож байгаа бөгөөд иргэн С.Ц ийг байшин доорх газраа эзэмшиж, ашиглаж байгаа, бусад хэсгийг нь эзэмшээгүй, ашиглаагүй гэж дүгнэх боломжгүй юм. Иймд тухайн хашаанд байрлах 523 м.кв газрын тухайд хэний ч эзэмшил, ашиглалт үүсээгүй, сул чөлөөтэй газар байсан гэж үзэх боломжгүй. Дээрх байдлаас зөвхөн эхэлж хүсэлтээ гаргасан гэдгээрээ С.Д д давуу эрх үүсэхгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Нөгөө талаар С.Ц-д 13 жил амьдарсан газраа эзэмшиж улмаар өмчлөн авах эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа бөгөөд энэхүү эрхийнхээ дагуу тухайн газрыг өмчлөн авсныг хууль бус гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн С.Д гийн бүрдүүлсэн материалд хорооны Засаг даргын тодорхойлолтыг хууль бусаар гаргуулж, "тухайн газар дээр олон жил тогтвор, суурьшилтай амьдарч байгаа гэсэн хуурамч үндэслэлээр уг газрыг эзэмшиж, улмаар өмчлөн авах өргөдөл гаргасан байгааг дурьдах нь зүйтэй.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын баримтлан гэсний дараа нэхэмжлэгч С.Д гийн БЗДЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/554 дугаар захирамжуудын С.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, БЗДЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжаар С.Д д газар эзэмших эрх олгож баталгаажуулсны дагуу газар эзэмших эрх үүсгэж, гэрчилгээ олгуулахыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд С.Ц-ийн бие даасан шаардлагыг хангаж, БЗДЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжийн С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР