Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 118/ШШ2021/0006

 

эхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 24-ны өдөр олгосон 120400067 нэгж талбарын 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар захирамжийн Н.*******т холбогдох хэсэг болон 2004 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Н.*******т олгосон 120400067 нэгж талбарын 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /онлайнаар/, гуравдагч этгээд Ж.******* /онлайнаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* сумын Минж багт оршин суудаг. Тус багийн нутагт орших Нам хар толгой нэртэй өвөлжөөг 2004 оны 04-р сарын 05-ны өдрийн 23 тоот шийдвэрийг үндэслэн 120400067 нэгж талбарын дугаартай 2004 оны 12-р сарын 24-ны өдөр олгосон 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 20 жилийн хугацаатай эзэмшиж байна. Энэхүү өвөлжөөг хадам аав Н.*******гээс өвлөн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд одоо миний эзэмшлийн өвөлжөөнд манай хүүхдүүд өвөлжиж байгаа юм. Гэтэл 2018 оноос Ж.******* нь аав *******ын өвөлжөө байсан гэх маргааныг гаргасан бөгөөд Завхан аймгийн ******* сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08-р сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Ж.*******т эзэмшүүлэхээр тогтоосон тогтоолыг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 20-ны өдрийн 118/ШШ2020/0006 дугаартай шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон. Энэ асуудлаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргахад аймгийн Засаг даргын 2020 оны 07-р сарын 20-ны өдрийн 1/865 дугаартай албан бичгээр сумын Засаг даргад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэн. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 20-ны өдрийн 118/ШШ2020/0006 дугаартай шийдвэр гарсан тул 0010198 дугаартай газрын гэрчилгээг шинэчилж авах тухай өргөдөл гаргахад ******* сумын Засаг дарга 2020 оны 09-р сарын 08-ны өдрийн 01/113 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгсөн бөгөөд уг албан бичигт ...өвөлжөөний газрыг хуучин Ж.*******ын аав ******* нь эзэмшиж байсан бөгөөд 60 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан тул Ж.******* Нам хар толгой нэртэй өвөлжөөний өвлөх эрхийг үндэслэн шилжүүлж авахаар ирүүлсэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой гэжээ. Ж.******* нь өмнөх шүүх хуралдаанд өвөлжөөний гэрчилгээг өвлөж аваагүй, ******* гуайд эзэмшүүлсэн гэх захирамжид мөн адил нэр байхгүй зөрчилтэй байхад Ж.*******т шилжүүлж өгөх үндэслэлтэй гэж хууль бус тайлбар хийж, хэт нэг талыг барьж байна. Иймд 120400067 нэгж талбарын дугаартай 2004 оны 12-р сарын 24-ны өдөр олгосон 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан 2004 оны 12 дугаар сарын 24-ны өдөр олгосон 120400067 нэгж талбарын 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийн материалтай танилцахад Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг батлахдаа Ж.*******т Нам хар толгой нэртэй өвөлжөөг эзэмшүүлэхээр оруулсан болон сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаартай захирамжаар уг өвөлжөөг Ж.*******т эзэмшүүлсэн болохыг мэдлээ. Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 08 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2020 оны А/60 дугаар захирамжийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд ...шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын талаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* нь 2004 оны газрын гэрчилгээгээ шинэчлэн олгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримт хэрэгт цугларсан. Хэргийн материалтай танилцахад 2020 оны ******* сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ж.*******т газар эзэмшүүлсэн байдал тусгагдсан, мөн 2020 оны 07 сард газар эзэмшүүлсэн захирамж гарсан учраас манай талаас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаад өөр байдлаар нэхэмжлэл гаргах буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар эзэмшүүлсэн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шалгуулах, баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах, баримттай танилцах хүсэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн хувьд ач холбогдолгүй болсон учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасан. Мөн хуулийн 67, 68 дугаар зүйлд заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нэхэмжлэгч нар нь эвлэрсэн нөхцөл байдал болон хуульд нийцээгүй бусдын эрх ашиг хөндөгдсөн зүйл энд яригдах боломжгүй. Энэ хэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд үүссэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татсан нь гуравдагч этгээдийн ямар нэг эрх ашгийг хөндөөгүй. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д зааснаар шүүх хуралдааныг дуусгаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тэмдэглэлд тусгаж өгнө үү... Манай тал нэхэмжлэлээсээ татгалзсан, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж гарсан байхад гуравдагч этгээдийн ямар эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдааныг зайлшгүй үргэлжлүүлэх үндэслэлийг би хуулиас олж харахгүй байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хэргийн оролцогчийн эрх эдэлж үүрэг хүлээнэ. Гэхдээ гуравдагч этгээд нь үндсэн нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийн маргаан дээр гуравдагч этгээд оролцож байгаагаас биш тусдаа нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэлийг ******* гэдэг хүн гаргасан. Хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан бол шүүх хуралдааныг дуусгахаар байгаа. Нөгөө талаар бие даасан шаардлага хэлэлцэнэ гэвэл нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчихөөр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарахаар байна...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Харин гуравдагч этгээдийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь бүрэн нээлттэй байгаа. Харин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгаа хүн бол нэхэмжлэгч ******* юм. Энэ хэргийн маргааныг үүсгэсэн хүн бол нэхэмжлэгч ******* болохоос танайх нэхэмжлэл гаргаж орж ирээгүй, гуравдагч этгээд нь үндсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор бие даасан шаардлага гаргаж орж ирсэн. Иймд өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааныг дуусгаж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Минж багийн нутагт оршдог Нам хар толгой нэртэй өвөлжөөг 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг үндэслэн 20 жилийн хугацаатай 120400067 нэгж талбарын дугаар бүхий 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.*******ын нэр дээр 2004 оны 12 дугаар сарын 24-ны өдөр олгогдсон. Уг гэрчилгээг хуулийн дагуу олгогдсон гэх боловч дээрх захирамжид Н.*******ын нэр бичигдээгүй архивт хадгалагдаж буй 2004 оны захирамжийн баримтад байхгүй. Захирамжийн он, сар зөрүүтэй уг өвөлжөө нь өмч хувьчлалд ороогүй. Минж багийн иргэдийн Нийтийн Хурлаас Н.*******ын нэр дээр бичигдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх шаардлагагүй болно. Гэхдээ Б.*******т Нам хар толгой нэртэй өвөлжөөг 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 тоот захирамжаар 60 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд Н.*******т 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо Б.*******т өмнө олгосон сумын Засаг даргын захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй учраас Н.*******ын нэр дээр олгогдсон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоогүй учраас Н.*******ын нэр дээр олгогдсон газар эзэмших эрх олгосон газар нь Газрын тухай хуулийн 31.3-дахь заалтын дагуу хүчингүй болно. Мөн эрх шилжүүлсэн гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Иймээс уг өвөлжөөг хуучин Ж.*******ын аав ******* нь эзэмшиж байсан бөгөөд 60 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан тул Ж.*******аас уг өвөлжөөний өвлөх эрхийг үндэслэн шилжүүлж авахаар ирүүлсэн өргөдлийн дагуу сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаар захирамжаар түүнд газар эзэмших эрх олгогдсон гэжээ.

Гуравдагч этгээд Ж.******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...1991 онд миний аав Б.******* ******* сумын Минж багийн нутаг дахь Нам хар толгойд өвөлжөөний хашаа, саравчийг өөрийн гараар барьж тус өвөлжөөндөө өвөлждөг байсан. Улмаар 1996 онд аав Б.*******т энэ өвөлжөөнд 60 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг сумын захиргаанаас олгосон. 1999 онд ган зудаас болж нутаг сэлгэх болж нүүдлийн ая даахгүй хэдэн малаа Л.******* гэх төрлийн хүнд үлдээж, өвөлжөөгөө захиж үлдээсэн юм. Манайхыг явснаас хойш ******* нь манай өвөлжөөнд малаа өвөлжүүлэх зорилгоор ашиглаж газрын төлбөр мөнгийг төлж байхаар Л.******* ахтай тохирч тус өвөлжөөнд өвөлжсөн байсан. Миний аав 2011 оны 10 сард өөд болсон бөгөөд амьд сэрүүн байхдаа жил бүр нутагтаа очдог, өвөлжөөгөө эргэж тойрдог тэгээд *******тай уулзахад ******* нь манайх танай өвөлжөөнд өвөлжиж байгаа. Газрын төлбөрт санаа зоволтгүй би төлөөд явж байгаа гэж хүртэл ярьж байсан. 2011 онд аав өөд болохоос өмнө *******ын араас хөөцөлдөж явж байж нэг уулзсан юм. Тэгэхэд ******* нь манайх аймгийн төв рүү нүүх гэж байгаа өвөлжөөг чинь өгнө сумын төв орж бай араас чинь очиж уулзана гэж хэлээд алга болсон. 2011 оноос хойш би *******тай уулзах гэхээр зугтаагаад уулздаггүй утсаар ярихад өвөлжөөгөө ав гэдэг боловч хэлсэн амандаа хүрч өвөлжөөг чөлөөлж өгөхгүй явсаар байсан. Гэтэл би сүүлд ******* миний эцэг Б.*******ын өвөлжөөг өөрийн нэр дээр болгож гэрчилгээ гаргуулсан байсныг мэдсэн. *******т 0010198 дугаартай Нам хар толгой өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь хууль бус гэж үзэж байна. Учир нь миний эцэг Б.******* 60 жилийн хугацаагаар Нам хар толгой өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй уг гэрчилгээ хүчинтэй хэвээр байхад 2004 онд *******т бусдын эзэмшил газартай давхцуулан Нам хар толгойд өвөлжөөний газар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна. Миний бие мал аж ахуй эрхэлж нутаг орондоо амьдрах зорилгоор аавынхаа өвөлжөөний газрыг чөлөөлүүлж авахаар ******* гэдэг хүнтэй хөөцөлдөж цөхөрлөө. Иймд миний аав Б.*******ын эзэмшлийн газарт *******т давхцуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг эсэргүүцэж ******* сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н.*******т 2020 оны Минж багийн Нам хар толгой өвөлжөөг эзэмшүүлэхээр олгосон 0010198 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг дуусгаж өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр Ж.******* гэдэг хүнийг 2020 оны 11 сарын 03-ны өдөр татсан байдаг. 2020 оны 11 сарын 20-ны өдөр гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргаж эрх зүйн байдал өөрчлөгдсөн. Энэ цаг үеэс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцож байгаа. Ийм учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд татгалзахгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байна... Бие даасан шаардлагын хувьд Ж.*******ын аав ******* нь 1996 оны 01 сарын 11-ний өдрийн 02 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй юм. Энэ гэрчилгээгээр ******* сумын Минж багт орших Нам Хар толгойн өвөлжөөг ******* гэдэг хүнд эзэмшүүлэхээр 60 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байдаг. Үүнтэй давхцуулаад 2004 онд Нямсүрэнгийн ******* гэдэг хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Энэ нь хууль бус юм гэж үзээд Н.*******т олгосон 2004 оны 05 сарын 04-ний өдрийн ******* сумын Засаг даргын 23 дугаартай захирамж болон 1994 оны 12 сарын 24-ний өдрийн 0010198 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан байгаа... Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагаар гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гараагүй байвал энэ хэрэг дуусгавар болж болно. Гэтэл Н.*******ын нэхэмжлэлийн шаардлага дээр үндэслэж гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх ёстой. Бие даасан шаардлага гаргаж байгаа гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа тэр үеэс эхлээд эрх зүйн байдал нь өөрчлөгдөж нэхэмжлэгчийн адил эрх эдэлж үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзах ёстой гэсэн үг биш учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ******* сумын Минж багийн нутаг дэвсгэрт орших 120400067 нэгж талбарын дугаартай, Нам хар толгой өвөлжөөний газрын эзэмших эрхийн 0010198 тоот гэрчилгээг шинэчлэн олгохгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйн улмаас өөрийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэж, уг гэрчилгээг шинэчлэн олгохыг тус сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.******* нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсоноос хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаан дээр хүсэлтээ дэмжин тайлбарлажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба нэхэмжлэгч Н.******* нь дээрх хуулийн 66.2-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр тайлбарласан тул шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, түүний нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.

2. Гуравдагч этгээд Ж.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлд дурдсан захиргааны акттай холбогдуулан бие даасан шаардлага гаргаж, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар захирамжийн Н.*******т холбогдох хэсэг болон 2004 оны 12 дугаар сарын 24-ны өдөр түүнд олгосон 120400067 нэгж талбарын 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн байна.

Гуравдагч этгээд Ж.******* нь бие дааж гаргасан дээрх шаардлагынхаа тухайд нэхэмжлэгч-ийн нэгэн адил тооцогдож, түүний эрх, үүргийг эдлэхээр эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн тул түүний бие даасан шаардлагыг хэлэлцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шаардлагатай гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.гийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохыг заасан байна. Харин уг заалтаар гуравдагч этгээдийг шууд нэхэмжлэгчтэй адилтган үзэж, түүний бие даасан шаардлагыг нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлгүйгээр шүүх шийдвэрлэх талаар зохицуулаагүй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар шаардлага гаргасан этгээдийг бие даасан уг шаардлагатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар заасан байна. Энэ зохицуулалтаас харахад гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамт шийдвэрлэгдэхээр байна.

Нэгэнт нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийн дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна.

Түүнчлэн шүүхэд маргаан үүсгэсэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд гуравдагч этгээдийн эрхэд сөрөг нөлөөлөх нөлөөлөлгүй болох ба түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ямар нэгэн байдлаар хөндөгдөхөөргүй байна. Учир нь гуравдагч этгээд бие даасан шаардлагаа нэхэмжлэгчийн татгалзаж буй үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно заасныг баримтлан шүүх хуралдааныг дуусгавар болгож, нэхэмжлэгч Н.******* нь 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон 120400067 дугаартай нэгж талбарын 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж олгохыг Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д заасныг баримтлан Н.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг дуусгавар болгож, нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ******* сумын Минж багийн нутаг дэвсгэрт орших 120400067 нэгж талбарын дугаартай, Нам хар толгой өвөлжөөний газрыг эзэмших эрхийн 0010198 тоот гэрчилгээг шинэчлэн олгохыг хариуцагч ******* сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн 100090000941тоот данснаас гаргуулан Ж.*******т буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ