Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/345

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч Г.Баярсүрэн

Улсын яллагч С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхчимэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд, Б.Солонго,В.Давааням

Шинжээч Ш.Цэцэгмаа

Гэрч Д.Тунгалаг, Б.Баттулга, Д.Баттөмөр, Ж.Балжням

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Ө.Батчулуун, А.Алтанбаяр, Б.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаалзай хөгдүүд овогт Сарансүхийн Эрдэнэбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Алдарын Алтанбаяр, Моотгон харгана овогт Балжнямын Отгонжаргал, Улаалзай хөвдүүд овогт Өлзийхутагийн Батчулуун нарт холбогдох 1921000000273 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Улаалзай хөгдүүд овогт Сарансүхийн Эрдэнэбаяр. /РД: ЖА 93061810/

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Улаалзай хөвдүүд овогт Өлзийхутагийн Батчулуун. /РД: ЖА 85092972/

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Алдарын Алтанбаяр. /РД: ЖА 00280911/

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Моотгон харгана овогт Балжнямын Отгонжаргал. /РД: ЖА 75072078/

Шүүгдэгч Сарансүхийн Эрдэнэбаяр нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт байх Доржжавын гэх худгийн дэргэд үл ялих шалтгаанаар иргэн Б.Батдоржийн толгойн тус газарт 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архины шилээр цохиж, баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл учруулж алсан,

Шүүгдэгч Өлзийхутагийн Батчулуун нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Алдарын Алтанбаяр нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Балжнямын Отгонжаргал нь 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Сарансүхийн Эрдэнэбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баттулга, Батдорж хоёр манай гэрт ирсэн. Тэр үед Баттулга надаас “тороос байна уу?” гэж асуухад нь би “цаана байгаа эсэхийг өөрөө очоод хараарай” гэж хэлсэн. Удалгүй Баттулга байхгүй байна гэж хэлээд ирсэн. Баттулга бид хоёр дэлгүүр рүү очоод тороос асуусан. Зүүн хойд зүгээс Батдорж машинтайгаа ирэхэд Баттулга машинд суугаад явсан. Би гэртээ очоод байж байхад Батчулуун, Алтанбаяр хоёр манай гэрт ирээд Батчулуун “ганц шил юм байна уу?” гэхээр нь би “байлгаж болно” гэж хэлсэн. Ингээд бид хоёр архи аваад худаг дээр очоод худгийн онгоцон дээр суугаад уусан. Гэрч нар яагаад худал мэдүүлэг өгөөд байгаа гэдгийг ойлгохгүй байна. Би энэ хэргийг хийгээгүй...” гэв.

Шүүгдэгч Өлзийхутаг Батчулуун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Алдарын Алтанбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр худаг дээр болсон. Би Батчулуун ахын хамт худаг руу усанд явсан. Тэр үед дэлгүүрийн гадна Эрдэнэбаяр ах мотоциклтойгоо байсан. Ингээд дэлгүүрээс 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи, кола ундааг аваад худаг дээр ирсэн. Би худгаас ус авах гэж байсан болохоор худаг руу машинаа ойртуулаад усаа авч байхад Эрдэнэбаяр, Батчулуун хоёр архи ууж байсан. Батдорж, Баттулга ах хоёр машинтай ирсэн. Ингээд Эрдэнэбаяр, Батчулуун нарын өөдөөс Батдорж, Баттулга нар харж суугаад хамт архи уусан. Удалгүй Эрдэнэбаяр ах Батдорж ах руу чанга дуугаар хашгираад байсан. Ингээд Эрдэнэбаяр ах 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архины шилний хүзүү хэсгээс нь бариад талийгаачийн толгойн баруун хэсэгт 1 удаа цохиход талийгаач завилаад сууж байгаад арагшаа газарт унасан. Тэр үед Баттулга архины шилийг цааш нь шидээд талийгаачийн толгойг илсэн. Тэгээд бид нар явахад талийгаач толгойгоо гэлжийлгэсэн байдалтай үлдсэн. Батчулуун ах надад “битгий үнэнийг хэлээрэй” гээд гуйсан болохоор нь би худал мэдүүлэг өгсөн...” гэв.

Шүүгдэгч Балжиннямын Отгонжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Батчулуун надад үнэнийг битгий хэлээрэй. Та энд оролцоод хэрэггүй” гэж хэлсэн...” гэв.

Хохирогч Ж.Энхчимэг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаач Б.Батдоржийн эхнэр нь байгаа юм. Талийгаач бид 2 гэр бүл болоод 19 жил болж байна. Бид 4 хүүхдийн аав ээж байгаа юм. 2019 оны 08 сарын 29-ний өдөр талийгаач нь гэрээсээ гарсан. Тэрээр Геологи явж хүнтэй уулзана гээд явсан. Тухайн үед би аймгаас ирсэн байсан, аймгаас очсон 0.5 граммын Хараа нэртэй архи өгснийг талыг нь хүртэл уучихаад түүнийгээ аваад машинтайгаа явсан. Тэгээд орой нь Эрдэнэбаярын утсаар одоо ингээд очлоо гэж ярьсан. Тэгээд ирнэ гэж ярьчихаад ирээгүй. Өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09-10 цагийн орчимд Балжням ах манайх руу яриад талийгаачийг манайд байна, одоо очно гэж байна гэж ярьсан. Цаанаас нь талийгаач "хөгшин нь одоо очно" гэж ярьж байсан. Тэгээд ирэхгүй байж байж 2019 оны 08 дугаар сарын 31-нд талийгаачийг цус харваад сумын эмнэлэгт хүргэгдсэн байна гэж мэдэгдсэн. Орхоодойн геологид ажилладаг Отгонжаргал гэдэг хүн ярихдаа Доржжавын худгийн тэнд хүмүүс архидаж байсан гэж Баттөмөрт хэлсэн байсан. Сүүлд Баттөмөр нь энэ талаар бидэнд хэлж байсан. Оршуулгын зардалд 6800.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэлээс, хх-ийн 50-54 тал/

Гэрч Д.Тунгалаг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед Б.Баттулга талийгаач хоёр унтаж байсан. Дараа нь 15 цагийн үед худгаас ус авахаар очиход Б.Баттулга, талийгаач хоёр унтаж байхаар нь Б.Баттулгыг сэрээгээд “гадаа их халуун байна. Батдоржийг аваач ээ. Бие муутай хүн шүү дээ” гэж хэлээд талийгаачийг аваад гэр рүүгээ явсан. Тухайн үед талийгаач архи уугаад тасарсан байдалтай байсан. Талийгаачийн нүүрэн хэсэгт нар тусахгүй болгоод гэрийнхээ гадаа хэвтүүлсэн. Маргааш өглөө 07 цагийн орчимд манай нөхөр талийгаачийг нэг л эвгүй байна гэж хэлэхээр нь би талийгаачийг “босоорой миний дүү” гэж хэлэхэд босохгүй, сэрэхгүй, хурхираад байсан. Тэгээд би дэлгүүрийн худалдагч Мандахад хэлсэн. Мандах нь талийгаачийн эхнэрийн хамаатан юм. Тэгээд Балжнямтай Мандах утсаар яриад “ирэх боломжгүй байна” гэхээр нь би машиндаа шатахуун аваад геологийн эмчийг авчраад талийгаачийн биеийн байдлыг үзүүлэхэд “цус харвасан байна” гэхээр нь түргэн дуудсан...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Б.Баттулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би уурхай руу талх хүргэж өгөх гээд явсан юм. Би Тоня гэх залуутай тааралдаад хамт пиво уусан. Авсан пивоо ууж дуусгаад Тоня гэр рүүгээ явахаар нь машинаа унаад явж байгаад төөрөөд шороотой хэсэг газарт машинаа гацаачихсан. Би машинаа шороон дундаас гаргах гэсэн боловч чадахгүй байсан учир машиндаа унтсан. Өглөө болоход хүн хашгирах чимээ сонсогдохоор нь гайхаад харахад талийгаач байсан. Тэгээд би талийгаачид машинаа шороон дундаас гаргаж чадахгүй байгаа тухайгаа хэлэхэд “тороос авч ирье” гээд бид хоёр хамт явсан. Бид хоёрыг очиход Хөвөө, Эрдэнэбаяр хоёр байсан ба Эрдэнэбаяр тал шил архи гаргаж ирэхэд талийгаач, Хөвөө хоёр уусан ба Эрдэнэбаяр бид хоёр байшингийн ард очоод миний авчирсан пивийг хамт уусан. Удалгүй талийгаач явчихсан. Би тэр үед “яагаад явчихваа тороос авчирч миний машиныг гаргаж өгнө гэж хэлсэн шүү дээ” гэж Эрдэнэбаяртай ярилцаад талийгаачийн араас явсан. Замдаа Эрдэнэбаяр 30 литр түлш дэлгүүрт өгнө гэхээр нь хамт дэлгүүр орох гэсэн боловч дэлгүүрийн хүн нь байхгүй байхаар нь Эрдэнэбаяр бид хоёр манай гэрт ирсэн. Эрдэнэбаяр “дэлгүүрийн эзний хашаа руу яваад ирье” гээд мотоциклоо унаад явсан. Би гэрээсээ дэлгүүрийн зүг харахад талийгаач дэлгүүрийн гадаа байхаар нь очсон. Тэгэхэд талийгаач “архи авах гэсэн чинь өгөхгүй байна” гэж хэлээд дэлгүүрээс гарч ирсэн. Би талийгаачийн машин дотор нь ороод унтчихсан. Удалгүй талийгаач намайг сэрээгээд “хүмүүс худаг дээр архи ууж байна. Хоёулаа очъё” гэхээр нь хамт явсан. Бид хоёрыг худаг дээр очиход Эрдэнэбаяр, Батчулуун хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд Эрдэнэбаяр талийгаачтай түлшнээс болоод маргалдаад талийгаачийн толгой руу нь уусан архины шилээр 1 удаа цохисон. Тэр үед талийгаач “яая” гэж хэлээд толгойгоо бариад унахаар нь би талийгаачийн толгойг бариад өвөр дээрээ тавиад Эрдэнэбаярт “чи яаж байгаа юм бэ, хүний толгойг хагалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг арагш нь хэвтүүлсэн. Тэр үед Эрдэнэбаяр, Батчулуун хоёр явсан. Би машины баруун талд гараад унтсан. Нэг сэрээд харахад талийгаач халуун наранд унтаж байсан болохооор нь би машиныг нь унаад талийгаачийн хэвтэж байсан хэсэгт машинаар нь сүүдэр гаргаад буцаад унтсан...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ж.Балжням шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “С.Эрдэнэбаяр нь манай эхнэртэй хамаатан юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь манай эхнэрийн төрсөн дүү юм. Иймд би мэдүүлэг өгөхгүй” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Д.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Отгонжаргал нь манай эхнэрийн төрсөн дүү юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч манай төрсөн ахын хүүхэд юм. Гэхдээ би мэдүүлэг өгнө. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай дүүгийн бие нь муу эмнэлэгт байна гэхээр нь очсон. Тэр үед Отгонжаргал талийгаачийг хүнд цохиулсан байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан талаар тодруулахад Эрдэнэбаяр талийгаачийг архины шилээр цохисон гэж хэлсэн...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шинжээч Ш.Цэцэгмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Бид нар дүгнэлт гаргахдаа фото зураг, эд эсийн материал, тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд гаргасан. Би шинжээч Ганболд, Цэцэгмаа, Ханхүү, Ганзориг, Нандинцэцэг нарын хамт дүгнэлтээ гаргасан...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Иргэдийн төлөөлөгч Г.Баярсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүний биед гэмтэл учруулсан учир гэм буруутай...” гэв.

Гэрч Х.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 сарын 31-ний өглөө 10 цагийн орчимд Баяндун сумын 1 дүгээр багт Батдорж нь хурхираад унтаад сэрэхгүй байна гэж Ганбат гэх дуудлага өгсөн. Дуудлагын дагуу 13 цагийн орчимд очиход Балдандорж гэх айлын хаяанд хурхирсан, ухаангүй байдалтай байсан. Даралт пүлс, хүчилтөрөгчийг үзээд, анхны   тусламжийн   тариа   хийсэн,   ямар   нэгэн   хариу   урвалгүй,   орчиндоо харьцаагүй байсан, ингээд сумын эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт ирээд ухаан оролгүй байж байгаад л нас барсан. Биед нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй байсаар нас барсан...” гэжээ. /1-р хх-ийн 119-120 тал/

Гэрч Б.Дугарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр уурхайгаас хойш яваад буцаад зүүн урагш гэр рүү явж байхад Батдорж нь машинтайгаа ирсэн. Тухайн үед өглөө 9 цаг 10 минут болж байсан. Хажууд нь Тулгаа унтаад явж байсан. Тэгээд надтай уулзаад Балжиннямынхыг чиглээд явсан. Ер нь нилээн согтуу байсан. Биеийн байдал зүгээр байсан. Ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тулгаа хажууд нь унтаад явж байснаа нэг өндийн харснаа буцаад унтаад өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 110-111 тал/

Гэрч Б.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баян-Уул суманд ажил дээрээ байхад Баяндун сумын бага эмч Ганцэцэг миний гар утас руу залгаж тус сумын эмнэлэгт ухаангүй байдалтай хүн ирээд байна, та ирж үзэж өгнө үү гэж дуудлага өгсний дагуу би тухайн өдөртөө Баяндун сум руу очиж 16 цаг 10 минутад үзлэг хийхэд өвчтөн нь ухаангүй байдалтай, биеийн байдал нь маш хүнд, орчны харьцаагүй, хөл гарт булчингийн хүчдэл мэдэгдэхгүй, маш сул, тариа тарихыг мэдрэхгүй, хүүхэн хараа нь 2 талдаа өргөссөн байсан. Ингээд би түүний нугасанд хатгалт хийж үзэхэд нугасны шингэн цусархагдуу өнгөтэй, даралт багатай гарсан. Үүнд нь би тархины цус харвалт, шалтгаан тодорхойгүй гэсэн онош тавьж, эмчилгээ зааж үлдээсэн...” гэжээ. /1-р хх-ийн 179-180 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 123 тоот дүгнэлтэд:

1. Б.Батдоржийн цогцост баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт болон тархины эдийн няцрал, зүүн тохой, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

3. Гавал тархины гэмтлийн баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт болон тархины эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн тохой, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно гэжээ. /1-р хх-ийн 182-184 тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1495 тоот дүгнэлтэд:

1. Шинжээчийн №123 тоот дүгнэлт, шинжээч Ж.Жаргалангаас авсан мэдүүлэг зэрэгт Б.Батдоржийн цогцост учирсан баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...энэ нь үхэлд хүргэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2. Талийгаачид учирсан зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэл нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин дээрх Б.Батдоржийн цогцост учирсан баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь аажмаар нэмэгдэж, тархи дарагдах хүртэл хугацаанд орчны харьцаагүй болох, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх нь харилцан адилгүй байна.

4. Дээрх гэмтэл нь толгойн баруун талд чамархай, зулайн тус газар мохоо зүйлийн цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Мод, чулуу, архины шил, цайны шаазан аяга гэх мэт зүйлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой гэжээ. /1-р хх-ийн 203-206 тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 253 тоот дүгнэлтэд:

1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №123 дугаартай дүгнэлтийн гурав дах хариултанд...зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт болон тархины эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1495 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаачийн гавал тархинд учирсан...баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн тохой, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаач нь тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан байна.

5. Дээрх гэмтлийг аваад цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдаж ухаан алдах хүртэл хугацаанд орчиндоо харьцаатай, үйл хөдлөл хийж явах боломжтой. Хэдий хугацаанд үйл хөдлөл хийж явах нь хүн хүнд харилцан адилгүй өөр өөр байдаг ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

6. Дээрх гавал тархины гэмтлийг эрт оношилж тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааг мэс заслаар авсан тохиолдолд амь нас аврах боломжтой байдаг гэжээ. /1-р хх-ийн 217-224 тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 43 тоот дүгнэлтэд:

1. С.Эрдэнэбаяр нь сэтгэц эрүүл.

2. С.Эрдэнэбаяр нь архинд донтох эмгэгийн учир өөрийн хүсэлтээр мэдрэг эмчилгээ хийлгэсэн.

3. С.Эрдэнэбаяр нь өөрийн үйлдлийн бодол шинж чанар, хор уршгийг ухамсарлах үйлдлээ удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. С.Эрдэнэбаяр нь гэмт хэргийн үед архидан согтуурсан байсан ба эмгэг согтолтын хэмжээнд байгаагүй тул хэрэг хариуцах чадвартай гэжээ. /3-р хх-ийн 22-23 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 27 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-39 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 40-47 тал/

- Мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1-р хх-ийн 48 тал/

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 186-187 тал/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд /1-р хх-ийн 188-190 тал/

- Гэрч О.Овоохойгийн мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 тал/

- Гэрч М.Тонягийн мэдүүлэг /1-р хх-ийн 167-168 тал/

- Шинжээч Ж.Жаргалангийн мэдүүлэг /1-р хх-ийн 191-193, 207-208 тал/

- Өвчний түүх, эмчийн үзлэгийн тодорхойлолт /2-р хх-ийн 189-196 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд /2-р хх-ийн 229-237 тал/

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 784 тоот дүгнэлт /3-р хх-ийн 30-32 тал/

- С.Эрдэнэбаярын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 55-65, 2-р хх-ийн 89-90, 120-122, 3-р хх-ийн 59-60 тал/

- А.Алтанбаярын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 129-136, 2-р хх-ийн 123-125, 3-р хх-ийн 61-63 тал/

- Ө.Батчулууны гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 136-144, 2-р хх-ийн 126-128, 3-р хх-ийн 64-66 тал/

- Б.Отгонжаргалын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 145-148, 2-р хх-ийн 129-131 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар: шаазан аяга, архины шилний хэлтэрхий зэргийг шинжлэн судлав.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Сарансүхийн Эрдэнэбаярыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт байх Доржжавын гэх худгийн дэргэд үл ялих шалтгаанаар хохирогч Б.Батдоржийн толгойн тус газарт 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архины шилээр цохиж, баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч нар “...хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн санал гаргаж байгаа нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд: Гэрч Ө.Батчулууны: “...Ингээд сууж байхад Эрдэнэбаяр нь Батдорж ах руу хандаж “за манай баавгай кампаниар юу байна, гайгүй явж байна уу” гэж хэлэхэд Батдорж ах дуугарч өгөхгүй байсан. Тэгэхээр нь Эрдэнэбаяр нь өндөр дуугаар “за баавгүй юм чинь тэснэ биз дээ” гээд хажуудаа байсан архины шилийг аваад Батдорж ахын толгойн баруун хэсэг рүү нь цохиход Батдорж ах арагшаа дээшээ хараад газарт унасан...” гэх,

Гэрч А.Алтанбаярын: “...Эрдэнэбаяр нь Батдорж ахын өөдөөс элдвээр хэлээд байсан, яг юу гэж хэлснийг би сайн сонсоогүй, Батдорж ах өөдөөс нь үг дуугарахгүй  суугаад л байсан. Гэтэл гэнэт л Эрдэнэбаяр нь шилээр Батдорж ахын толгойн тус газарт нь цохисон, энэ үед Батдорж ах арагш газарт унаад өгсөн...” гэх,

Гэрч Б.Отгонжаргалын: “...Батчулуун орж ирээд ярихдаа “танай баавгай Батдорж худыг Эрдэнэбаяр нь толгой руу нь шилээр цохиход нь би салгаад ирсэн” гэж хэлсэн...” гэх,

Гэрч Б.Баттулгын: “...Талийгаач бид хоёр Эрдэнэбаяр, Батчулуун нарын хажууд нь суугаад талийгаач нь Эрдэнэбаяраас “савтай түлшээ авъя” гээд асуухад Эрдэнэбаяр нь “та өчигдөр аваад машиндаа хийгээ биз дээ” гэсэн. Талийгаач болохоороо “би аваагүй, машинаа хийгээгүй” гэсэн. Тэгээд тэр хоёр энэ асуудлаас болж маргалдаад Эрдэнэбаяр нь архины шилээр талийгаачийн толгой руу цохисон. Нэг мэдэхэд Батчулуун нь талийгаачийн толгойг илээд “яаж байгаа юм бэ чи, хүний толгойг хага цохилоо шүү дээ” гээд Эрдэнэбаярыг загнаж байсан...” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1495 тоот “1. Шинжээчийн №123 тоот дүгнэлт, шинжээч Ж.Жаргалангаас авсан мэдүүлэг зэрэгт Б.Батдоржийн цогцост учирсан баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...энэ нь үхэлд хүргэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 2. Талийгаачид учирсан зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэл нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин дээрх Б.Батдоржийн цогцост учирсан баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь аажмаар нэмэгдэж, тархи дарагдах хүртэл хугацаанд орчны харьцаагүй болох, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх нь харилцан адилгүй байна. 4. Дээрх гэмтэл нь толгойн баруун талд чамархай, зулайн тус газар мохоо зүйлийн цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Мод, чулуу, архины шил, цайны шаазан аяга гэх мэт зүйлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь Б.Батдоржийн толгойн тус газарт архины шилээр цохиж баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас Б.Батдорж нас барсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эрдэнэбаярыг хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Сарансүхийн Эрдэнэбаярыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт байх Доржжавын гэх худгийн дэргэд үл ялих шалтгаанаар хохирогч Б.Батдоржийн толгойн тус газарт 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архины шилээр цохиж, баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл учруулж алсан,

Шүүгдэгч Улаалзай хөвдүүд овогт Өлзийхутагийн Батчулуун, Бодонгууд овогт Алдарын Алтанбаяр, Моотгон харгана овогт Балжнямын Отгонжаргал нар нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхчимэг, гэрч Д.Тунгалаг, Б.Баттулга, Х.Ганцэцэг, Д.Баттөмөр, Б.Дугарсүрэн, О.Овоохой, М.Тоня, Б.Дэлгэрмаа, шинжээч Ж.Жаргалан, Ш.Цэцэгмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүх, эмчийн үзлэгийн тодорхойлолт, хохиролтой холбоотой баримтууд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 123 тоот, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1495 тоот, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 253 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 43 тоот, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 784 тоот дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Ө.Батчулуун, А.Алтанбаяр Ө.Отгонжаргал нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Эрдэнэбаярыг хүнийг санаатай алах гэмт хэргийг, шүүгдэгч Ө.Батчулуун, А.Алтанбаяр Ө.Отгонжаргал нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.Эрдэнэбаярыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ө.Батчулуун, А.Алтанбаяр Ө.Отгонжаргал нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр, Ө.Батчулуун, А.Алтанбаяр Ө.Отгонжаргал нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч С.Эрдэнэбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ө.Батчулуун, А.Алтанбаяр Ө.Отгонжаргал нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ө.Батчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч А.Алтанбаяр, Ө.Отгонжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нь шүүх хуралдаанд шүүгдэгч С.Эрдэнэбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа учраас шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах” саналыг гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Эрдэнэбаярт хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж үзэх үндэслэл болохгүй болно. 

Шүүгдэгч Ө.Батчулуун, А.Алтанбаяр Ө.Отгонжаргал нарыг эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахдаа гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хасаж хөнгөрүүлэн өөрчлөлт оруулжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан Эрүүгийн хууль нь шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул буцаан хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаярт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.Батдоржийн амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхчимэг нь шүүгдэгч С.Эрдэнэбаяраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 6.834.124 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар 5.425.823 төгрөгийн хохирол учирсан, шүүх хуралдаан дээр 226.766 төгрөгийн хохирлын нотлох баримтыг нэмж гаргаж өгсөн байх тул шүүгдэгч С.Эрдэнэбаяраас нийт 5.652.589 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхчимэгт олгох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь хохирлын мөнгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.Эрдэнэбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхчимэг нь хүүхдийн сургалтын төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Батчулуун, А.Алтанбаяр, Б.Отгонжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан аяга, архины шилний хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Эрдэнэбаярын ЖА 93061810 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгч Ө.Батчулууны ЖА 85092972 тоот, А.Алтанбаярын ЖА 00280911 тоот, шүүгдэгч Б.Отгонжаргалын ЖА 75072078 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Сарансүхийн Эрдэнэбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Бодонгууд овогт Алдарын Алтанбаяр, Моотгон харгана овогт Балжнямын Отгонжаргал, Улаалзай хөвдүүд овогт Өлзийхутагийн Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сарансүхийн Эрдэнэбаярыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өлзийхутагийн Батчулууныг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алдарын Алтанбаяр, Балжнямын Отгонжаргал нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаярт нарт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 121 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батчулуун, А.Алтанбаяр, Б.Отгонжаргал нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Батчулуун, А.Алтанбаяр, Б.Отгонжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан аяга, архины шилний хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Эрдэнэбаярын ЖА 93061810 тоот иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгч Ө.Батчулууны ЖА 85092972, А.Алтанбаярын ЖА 00280911, Б.Отгонжаргалын ЖА 75072078 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхчимэг нь хүүхдийн сургалтын төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч А.Алтанбаяр, Б.Отгонжаргал, Ө.Батчулуун нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.БАТЖАРГАЛ

       ШҮҮГЧИД                                П.ПАГМА

                                                                    Г.НАМУУНТУЯА