Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00324

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00324                              Улаанбаатар хот

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц / /,

Хариуцагч:  А /РД: / нарт холбогдох,

 

-хариуцагч нарын хооронд байгуулсан 2017.11.25-ны өдрийн 1843 кодтой орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

-өөрийн өмчлөлийн 000602961 гэрчилгээний дугаартай, Ү-2206040567 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 101 байрны 5 тоот сууц, 000602962 гэрчилгээний дугаартай, Ү-2206040569 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 101 байрны в1-24 тоот автозогсоолыг хариуцагч Г.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.У, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч С.Ц, хариуцагч Г.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С.У 2012 онд Жигүүр гранд ХХК-тай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан-Ар Зайсан гудамж, 101-1 дүгээр байрны 5 тоот орон сууцыг B1-24 тоот авто зогсоолын хамтаар худалдаж авч, уг орон сууц, авто зогсоолын үнийг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрөө бүрэн төлж дуусгасан байдаг. С.У, Ц.Г нарын гэр бүл цуцлах, хөрөнгийн маргаантай хэрэг энэ шүүхэд хэлэлцэгдэж байгаа, нэхэмжлэгч тусдаа амьдрах болсноос хойш өөрийн орон сууцандаа амьдарч чадахгүй байна. Нөхөр Г нь өөрөө ч амьдрахгүй, бусдад итгэмжлэлээр дамжуулан хөлслүүлсэн байна. С.У орон сууцны гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас авах, бусдад түрээслүүлэх хязгаартай итгэмжлэлийг Гд олгосон байхад өөрийгөө хамтран өмчлөгчөөр оруулж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Энэ талаар С.У Захиргааны хэргийн шүүхэд хандаж,  шүүхээс Ггийн нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгож,  бүртгэлийг С.Уянгын нэр дээр хийхийг бүртгэлийн газарт даалгасан тул хуульд заасны журмын дагуу нэхэмжлэгч өөрийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул хууль бусаар орон сууцанд амьдарч байгаа н.Аыг албадан гаргуулах, авто зогсоолыг чөлөөлүүлэх, мөн Г.А, С.Ц нарын хооронд байгуулсан 2017 оны 11 сарын 25-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан, энэ нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энх-Амгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би хариуцагч С.Ц, Г.А нарыг аль алиныг төлөөлөхөөр итгэмжлэл авсан байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй. Энэ 2 хүний хоорондын гэрлэлт цуцлах, хөрөнгийн маргаантай асуудал Дээд шүүхээс хүчингүй болж дахин энэ шүүхэд хянагдаж байгаа.  Маргаж буй эд хөрөнгийн үнэлгээний асуудал, энэ хөрөнгө С.Уянгын хуваарьт хөрөнгө эсхүл дундын өмч эсэх асуудлуудыг тодруулах шаардлагатай байна. Яг өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн агуулга бүхий хэрэг маргаан эцэслэн шүүхийн шатанд хэлэлцэгдэж дуусаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргаж, нэхэмжлэл авахаас татгалзана гэж заасны дагуу  хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч С.Уянгын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

        

Нэхэмжлэгч С.У нь хариуцагч С.Ц, Г.А нарын хооронд байгуулсан 2017.11.25-ны өдрийн 1843 кодтой орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өөрийн өмчлөлийн 000602961 гэрчилгээний дугаартай, Ү-2206040567 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Ар Зайсан гудамж 101 байрны 5 тоот сууц, 000602962 гэрчилгээний дугаартай, Ү-2206040569 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Ар Зайсан гудамж 101 байрны в1-24 тоот автозогсоолыг хариуцагч Г.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” үндэслэл тогтоогдсон гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.

 

Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.10-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээс үзэхэд С.У нь 2012.10.17-ны өдөр Жигүүр гранд групп ХХК-тай 121017А дугаар бүхий барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Зайсан виллаж хотхонд 3 өрөө орон сууцыг бариулахаар захиалсан, С.У, Ц.Г нар 2014.09.05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, 2014.08.24-ний өдрийн С.Уас олгогдсон итгэмжлэлийн эрх, хязгаарыг хэтрүүлж Ц.Г өөрийгөө уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэнийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг С.Уянгын нэр дээр хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгасан байна.

 

           Захиргааны шүүхийн шийдвэрийг үндэслэн С.Уянгын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 101 байрны 5 тоот сууцыг Ү-2206040567 дугаарт,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 101 байрны в1-24 тоот автозогсоолыг Ү-2206040569 дугаарт тус тус бүртгэсэн 2017.08.07-ны өдрийн өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

          Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог болно.

 

         Иймд нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь С.У байх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн  106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу өмчлөгч нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.

 

        Нэхэмжлэгчийн нөхөр Ц.Г 2017.08.04-ний өдрийн 2 итгэмжлэлээр дээрх 3 өрөө орон сууц болон автозогсоолыг бусдад худалдах, түрээслүүлэх, холбогдох гэрээ төлөөлж хийх... эрхийг 3 жилийн хугацаагаар С.Цид тус тус олгосон, улмаар Г.А, Ц.Г нарын хооронд 1 жилийн хугацаатай, сарын хөлс 1 300 000 төгрөгөөр тохирч 2017.11.25-ны өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан, хөлслөгчийг төлөөлж Б.Энхцэцэг, хөлслүүлэгчийг төлөөлж С.Ц гарын үсэг зурсан байна.

 

        Уг гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх Б.Энхцэцэг, С.Ц нарт хуулийн дагуу олгогдоогүй, Ц.Г өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн байх тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

       Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг бөгөөд дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хариуцагч Г.А нь тухайн орон сууц болон автозогсоолыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон байна.

   

       Тус шүүхэд  Ц.Гд холбогдох гэрлэлт цуцлах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Ар Зайсан гудамж 101 байрны 5 тоот сууц, мөн хаягт байрлах  В1-24 тоот автомашины зогсоолыг өөрийн хуваарьт өмч болохыг тогтоолгох, уг орон сууцыг бусдад түрээслэж олсон орлого 30 550 000 төгрөг гаргуулах С.Уянгын үндсэн нэхэмжлэлтэй, нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад 150 000 төгрөг төлсөн тул барилгад хөрөнгө оруулах гэрээний үнийн дүн 188 993 000 төгрөгөөс төлсөн хөрөнгийн хэмжээгээр хувь тогтоолгож, дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах Ц.Ггийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.

 

С.Уянгын нэхэмжлэлтэй Ц.Гд холбогдох, мөн С.Уянгын нэхэмжлэлтэй С.Ц, Г.А нарт холбогдох хэргээс үзэхэд хэргийн оролцогчид  болон нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл, үндэслэл нь өөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.7-д заасан үндэслэлд хамаарахгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх тул /1.300.000х12/15 600 000 төгрөгний хураамжид 235 949 төгрөг төлөхөөс төлсөн 70 200 төгрөгийг хасч үлдэх 165 749 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.7 дахь хэсэгт зааснаар Ц.Г, Г.А нарын байгуулсан 2017.11.25-ны өдрийн 1843 кодтой орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар С.Уянгын өмчлөлийн 000602961 гэрчилгээний дугаартай, Ү-2206040567 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 101 байрны 5 тоот сууц болон 000602962 гэрчилгээний дугаартай, Ү-2206040569 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 101 байрны в1-24 тоот автозогсоолыг хариуцагч Г.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 306 149 /70.200+235.949/ төгрөг гаргуулж С.Уд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 /70200+70200/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 165 749 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ