| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/03039/И |
| Дугаар | 00406 |
| Огноо | 2018-02-14 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00406
2018 оны 02 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2018/00406 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О/РД: /,
Нэхэмжлэгч: Г/РД: нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч:, С ХХК /РД: /-д холбогдох,
зуучлалын гэрээний урьдчилгаа төлбөр болох 8,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сугаржав шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сугаржав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Зуучлалын хөлсөнд өгсөн 8 000 000 төгрөгийг авах хүсэлтэй байна. Анх н.Б Япон улс руу аялал жуулчлал болон ажлын гэрээгээр гаргана гэж зар өгсөн байдаг. Энэ зарын дагуу нэхэмжлэгч нар очиж уулзсан байгаа юм. Ингээд н.Б өөрийгөө С компанийн захирал гэж танилцуулаад Япон улс руу явахын тулд хэлний сургалтад суух ёстой, нэг хүний зардал нь 10 000 000 төгрөг гэж хэлсэн. Зуучлуулж байгаа хүмүүсээ сарын дараа явуулна. Урьдчилгаа мөнгөө өгч, 7 дугаар сард визэд орно гэж хэлсэн. Нэхэмжлэгч болох Б.Одсүрэн, О.Гнарыг би сайн судал, мөнгөө алдав гэж хэлж байсан. Хан-Уул дүүргийн хуучнаар гутлын үйлдвэрийн байранд оффистой, н.Б нь өөрөө Япон улсад олон жил сурч, амьдарсан найдвартай гэсэн байгаа юм. Мөн компанийнх нь улсын бүртгэлийн гэрчилгээгээ үзүүлсэн байдаг. Тэгээд нэхэмжлэгч нар урьдчилгаа болох 8 000 000 төгрөг төлсөн. О.Гнь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг бэлнээр өгч, үлдсэн 3 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансанд 2017 оны 08 дугаар сарын 29-нд хийсэн байдаг. Үүний дараа гэрээ хийгээд явуулна, та хоёр англи хэлтэй болохоор япон хэл үзэх шаардлагагүй, 10 дугаар сард явуулна, бэлдэж бай гэсэн байдаг. Наана нь хэд хэдэн удаа уулзсан. Удахгүй виз гарна, та хоёрын материалыг явуулсан, Японоос хариу ирэхгүй байна хүлээж бай гэдэг хариу өгч байсан. Хугацаа хэрэгтэй байна гэж хэд хэдэн удаа худлаа хэлж байсан. Ингээд 2017 оны 10 дугаар сард оффис дээр нь очсон чинь хаалттай байсан. О.Гоомаралын эмээ нь гэрийн хаягаар нь очиж уулзсан. Япон руу удахгүй явна, хэрвээ яарч байгаа бол мөнгөө буцааж авч болно гэж хэлсэн. Ингээд хоорондоо тохиролцож, гарын үсэг зурж, 2017 оны 10 дугаар сарын 20-доор гэрээгээ цуцалсан. Ингээд мөнгөө өгөхгүй, сүүлдээ өөрөө олдохгүй болсон. Дараа нь эхнэрийнх нь ажил дээр, гэрт нь Б.Одгэрэл, О.Гнарын хоёр ах очиж уулзсан. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр мөнгөө өгнө гэж хэлж, дахиж гарын үсэг зуралцаж тохиролцсон байдаг. Ингээд 2017 оны 4 дүгээр сараас хойш өдийг хүртэл худал хэлж, залилсны дагуу шүүхэд хандсан” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Одсүрэн, О.Гнарын нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн зуучлалын гэрээний урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2018.02.09-ний өдөр 14:30 цагт товлогдсон байх бөгөөд С ХХК-ийн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн эзгүй хэргийг шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Б.Одсүрэн, О.Гнарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч зуучлалын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 8,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухайгаа илэрхийлсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн болно.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2017.04.17-ны өдөр зуучлалын гэрээ байгуулж, С ХХК нь Б.Одсүрэн, О.Гнарыг 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажилд зуучлах, уг зуучлалын төлбөрт 10,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд Б.Одсүрэн, О.Гнар гэрээний урьдчилгаа төлбөр 8,000,000 төгрөгийг С ХХК-д хүлээлгэн өгчээ.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар “зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 410.3 дахь хэсэгт “хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно” гэж тус тус заасан байна.
Талуудын хооронд зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зуучлагч хүлээн авсан, гэрээний үүргээ биелүүлээгүй бол тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд талуудын байгуулсан зуучлалын гэрээний 6-1-т “гэрээний дагуу аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд түүнтэй холбогдуулан нөгөө талын бичгээр өгсөн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцална” гэж тохирчээ.
Зуучлагч гэрээний үүргээ биелүүлээгүй байх бөгөөд 2017.11.15-ны дотор зуучилж чадаагүй тохиолдолд хохирол болон 8 000 000 төгрөгийг буцааж өгөхөөр тохиролцож 2017.10.23-ны өдөр хэлцэл хийсэн, тогтоосон хугацаанд үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй болно.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.01.22-ны өдрийн албан тоот, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Н.Б болох нь тогтоогдсон, хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өөрийн эзгүйд шийдвэрлэхийг хүссэн тул хэргийг түүний эзгүйд шийдэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 142,950 төгрөгийг гаргуулж Б.Одсүрэн, О.Гнарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-иас 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Одсүрэн, О.Гнарт олгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-иас 142,950 төгрөгийг гаргуулж Б.Одсүрэн, О.Гнарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ