Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/00136

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/00136

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө 19.938.150 төгрөгөөс Ш.Б, охин Э.Энэрэл нарт ногдох хэсэг 13.292.100 төгрөгийг гаргуулж, эцэг байх эрхийг хасах тухай  иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2012 оны 6 дугаар сард Б.Этой танилцаж, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн 1122690457 тоот баталгаагаар бүртгүүлж,  2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бид хуримаа хийсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Энэрэл төрсөн. Нөхрийн маань зан харьцаа, ёс суртахуун тааламжгүй байдлын улмаас бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тусдаа амьдрах болсон. Гэр бүл болсноос хойш охин бид хоёрыг харж хандалгүй үл тоож байгаад гомдолтой байна. Бид тусдаа амьдарсан үеэс охин миний асрамжид өсч торниж байна. Биднийг шүүхээс эвлэрүүлэх боломжоор удаа дараа хангасан боловч эцсийн дүндээ эвлэрээгүй. Э.Э нь бидэнд огт анхаарал халамж тавьдаггүй, охинтойгоо уулзаж, утсаар ярьдаггүй, гуйж байж 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яриулсан. Шинэ жилээр охиндоо бэлэг авч ирээд уулзчих болов уу гэж хүлээсэн ч ирээгүй. 2017 оны 10 дугаар сард охины бие өвдөж эмнэлэгт хэвтсэн, арга буюу Б.Э руу мөнгө шилжүүлээч гэж бичсэн боловч хариу бичээгүй. Ер нь охиноо төрсөн цагаас эцэг байх үүргээ нэг ч биелүүлж байгаагүй хүн миний охины эцэг байх эрхгүй. Бид 2015 оны 09 сард гэрээгээ ТОСК-тай миний нэр дээр байгуулсан. Тухайн үед би ажилтай, жирэмсэн, сургуульд давхар явдаг байсан тул банкаар явж чадахгүй байсан. Тиймээс ТОСК-д урьдчилгаа мөнгийг нөхөр шилжүүлсэн байх. Тэр мөнгө нь бидний хуримын бэлгэнд 13 200 000 төгрөг ирсэн юм. Нөхөр маань манай аав, ээжээс мөнгө, машин нэхэж, надад ч түүнийгээ хэлж байсан. Манай аав, ээж хоёр бидэнд байр авч өглөө танай аав, ээж хоёр бидэнд машин авч өгөх ёстой гэж хэлснийг нь би хүлээн зөвшөөрөөгүй. Хадам талаас хуримын зардлыг хийсэн нь үнэн. Нэхэмжилсэн мөнгөний хувьд анх урьдчилгаанд өгсөн 10 хувь буюу 6 646 000 төгрөгийг манай нөхрийн 2015 оны 03 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хуримтлуулсан цалингийн мөнгө, үлдэх 13 200 000 төгрөгийг нь бидний хуримын бэлгэнд авсан мөнгө, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.Энэрэлийг миний асрамжид үлдээж, эцэг Б.Эоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө 13.292.100 төгрөгийг гаргуулж, эцэг байх эрхийг хасаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ш.Б нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан тайлбарлахдаа:

 

Б.Э 2015 оны 03 дугаар сараас Хөргөлт сервис ХХК-д менежерээр ажилд орсон цагаас хойш бид цалингийн орлогоо хуримтлуулж, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан.Бидний эцэг эхийн дэмжлэгтэйгээр гэрлэх ёслолоо 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийсэн. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Эын нэр дээр Худалдаа хөгжлийн банкны 413012491 тоот хадгаламжийн дансыг гэр бүлийн гишүүдийн цалингийн орлогоор нээлгэсэн. Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа 2 хороололд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ипотекийн зээлээр 1004 дүгээр байрны 44 тоотод 49.23м2 2 өрөө орон сууцыг 66.460.500 төгрөгөөр захиалж авахаар болж миний нэрээр гэрээг байгуулж, урьдчилгаа 30 хувь 19.938.150 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 413008020 төрийн орон сууцны корпорацийн төрийн өмчид үйлдвэрийн газрын дансанд тус тус байршуулсан. Ийнхүү Худалдаа хөгжлийн банкнаас үндсэн зээлдэгч Ш.Б, хамтран зээлдэгчээр Б.Э бидний нэрээр зээлийн хорооны шийдвэр гарч бид орон сууцандаа амьдарсан. Гэтэл гэр бүлийн маргааны улмаас Б.Э 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлт цуцлуулах тухай саналыг гаргаж охин бид хоёрыг хөөсөн. Улмаар худал өргөдөл бичиж, хууль бус материал бүрдүүлэн орон сууц захиалгын гэрээ болон банкны зээлийн шийдвэрийг үндсэн зээлдэгч миний зөвшөөрөлгүйгээр цуцлуулж, орон сууцны урьдчилгаанд байршуулсан 19.938.150 төгрөгөөс 5 хувийн суутгал хийж 19.605.848 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 41301291 тоот дансанд шилжлүүлэн авсан байдаг. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж заасан байхад Б.Э гэр бүлийн дундын хөрөнгөө шунахайн сэдлээр хувьдаа ашиглаж охин бид хоёрын эрхийг ноцтой зөрчсөн.

 

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Бийн гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч охин Э.Энэрэлд хүүхдийг тэтгэлгийг хуулийн дагуу тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд ипотекийн зээлд шилжүүлсэн мөнгө нь бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө биш. Миний ээж Д.Байгалмаа хамтран эзэмшдэг данснаас төрийн орон сууцны корпорацийн Буян-Ухаа 2 хороололд байрлах, 2 өрөө орон сууцны урьдчилгаанд байршуулсан 19.938.150 төгрөг миний аав нь Ц.Батбаатар, ээж Д.Байгалмаа нараас зээлж авсан мөнгө болох нь баримтаар нотлогдоно. Миний бие Хөргөлт сервис ХХК-ийн Оюу толгой Batch plant-4 төсөл дээр оффис менежерээр 28 хоног төслийн талбайд байрлан ажиллаж, 14 хоног амрах хуваарийн дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг байсан ба ажлын хатуу шаардлага, нөхцөл байдлаас үүдэн үүнийг өөрчлөх боломжгүй байдаг. Ш.Бийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарыг эвлэрүүлэх талаар удаа дараа арга хэмжээ авсан боловч амжилттай болоогүй. Хариуцагч эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй, амьдралд нь эцэг эхээ оролцуулахгүй байгаа ч гэж хэлж байсан ч нэхэмжлэгч татгалзсан, бодитой тайлбар өгөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 3 шаардлагын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч дундын өмчлөлийн хөрөнгө болох 13.000.000 төгрөгийг Э.Э бидний цалингийн хуримтлалаас үүсч Худалдаа хөгжлийн банкны 413012491 тоот дандсанд хуримтлагдсан гэж тайлбарладаг. Гэтэл Худалдаа хөгжлийн банкны 413012491 тоот данс нь  Д.Байгалмаа, Б.Э нарын эзэмшлийн данс. Уг хадгаламжийн дансыг анх хариуцагчийн ээж Д.Байгалмаа нь өөрийн Төрийн банкны данснаас 10.100.000 төгрөг авч 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн байдаг. Уг данснаас 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байрны урьдчилгаа төлсөн орлого зарлагын гүйлгээ хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Энэ хадгаламжийн дансыг хариуцагч Б.Эын аав, ээж байртай болоход нь дэмжих зорилгоор нээсэн. Иймд энэ дансанд хариуцагчийн ээж Д.Байгалмаа, хариуцагчийн аав Ц.Батбаатар нар орлого хийсэн байдаг бөгөөд энэ дансанд нэхэмжлэгч хариуцагч нараас мөнгө хийж байгаагүй нь дансны орлого, зарлагын гүйлгээнээс харагдана. Мөн Д.Байгалмааг гэрчээр асуухад энэ дансны гүйлгээг зөвхөн би хийдэг гэсэн мэдүүлэг өгсөн. Иймд энэ хадгаламжийн данс Ш.Б, Б.Э нарын хуримтлалаас үүсээгүй. Б.Э охинтойгоо уулзах гэхэд хадам ээж аав нь уурлаад байдаг гэсэн, эцэг байх эрхийг хасуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн дундын эд хөрөнгө 19.938.150 төгрөгөөс өөрт болон охин Э.Энэрэлд ногдох хэсэг 13.292.100 төгрөгийг гаргуулах, шүүх хуралдааны явцад хариуцагчийн эцэг байх эрхийг хасах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлах, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Энэрэлийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба гэр бүлийн дундын эд хөрөнгө 19.938.150 төгрөгөөс Ш.Б өөрт болон охин Э.Энэрэлд ногдох хэсэг 13.292.100 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн эцэг байх эрхийг хасах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Б.Э нар 2012 онд танилцаж, 2012 оны 06 сарын 18-ны өдөр гэр бүл болсныг  2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1122690457-рт гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Энэрэл төрж, хариуцагч Б.Э өөрийн нэрээр охин Э.Энэрэлийг овоглон төрсний бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан, охин эхийн асрамжид эрүүл өсөж байгаа, хариуцагч 2012 оны 08 сараас 2014 оны 12 сард  АНУ-д суралцаж байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1107005582 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Түмэн-Энх өрхийн эмнэлгийн тодорхойлолт, охин цэцэрлэгт хүмүүжиж байгаа талаарх тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тус дүүргийн Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлд талууд уулзалтад оролцож, Б.Эын хүсэлтээр хуульд заасны дагуу эвлэрүүлэхээр 20 хоногийн хугацаа өгч, дахин уулзалтыг товлосон боловч уригдсан тал Б.Э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өргөдөл гаргагч цаашид эвлэрч амьдрах боломжгүй гэснээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй гэж үзэн дуусгавар болгосон.

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүй шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт хуульчилсан байна.

 

Зохигч нь орон сууц худалдан авахаар ярилцаж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай Ш.Б нь орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын 1004 дүгээр байрны 44 тоот, 2 өрөө, 49.23 м.кв талбайтай, нийт үнэ 66.460.500 төгрөгийн үнэтэй орон сууцны 10 хувь буюу 6.646.050 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 20 хувь буюу 13.292.100 төгрөгийг барилгыг улсын комисс авах үед тушаасан байхаар тохиролцож, Б.Э нь 2015 оны 09 сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 413008020 дансанд 6.646.050 төгрөгийг /ТОСК/, орон сууц захиалгаар бариулах гэрээний үнийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 20 хувь буюу 13.292.100 төгрөгийг 2 хувааж, 10 000 000 төгрөгийг 2016 оны  02 сарын 15-ны өдөр, 3.292.100 төгрөгийг 2016 оны  02 сарын 16-ны өдөр Д.Байгаль гарын үсэг зурж шилжүүлсэн нь орон сууц захиалгаар бариулах гэрээ, тус банкны дотоод шилжүүлгийн маягт, депозит дансны хуулга, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гарах тухай 7/413-183 дугаар албан бичиг, зохигчийн тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдоно.

Хариуцагч нь орон сууцны урьдчилгаанд байршуулсан 19 938 150 төгрөгийг аав Ц.Батбаатар, ээж Д.Байгалмаа нараас зээлсэн гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 126, 128 дугаар зүйлүүдэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар хуульчилсан зохигч гэр бүл болсны үр дүнд шинээр авсан орон сууцны төлбөр төлөхөд зориулан мөнгийг шилжүүлснээр Ш.Б хамтран өмчлөгч болсон, мөн хуулийн 127 дугаар зүйлд хуваарьт хөрөнгийг заасан боловч дундаа өмчлөхөд зориулан гэр бүлийн гишүүний мөнгөн хуримтлалаас мөнгө буюу хөрөнгийг шилжүүлж болохыг зохицуулсан байна.

 

Мөнгөн хуримтлал гэдэг нь гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлогоор бий болсон бэлэн ба хадгаламжид хуримтлагдсан мөнгөн хөрөнгө, шинээр бий болсон хөрөнгөд гэр бүлийн гишүүдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлого, мөнгөн хуримтлалаар худалдан авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө хамаарах бөгөөд бусад орлогод бусдаас бэлэглэсэн эд хөрөнгө зэрэг хамаарах бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 20 хувь буюу 13.292.100 төгрөгийг  бидний хуримын бэлгэнд авсан мөнгө гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, Ш.Бийн талаас хуримын бэлгэнд цугларсан 8120000 төгрөг, нийт цугласан бэлэн мөнгө 13 500 000 төгрөг гэх мөнгөн дүнгийн жагсаалт, түүний  хүсэлтээр хуримын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд хуримын ёслолд аав ээж, ах дүү бусдын хэлсэн үг, өгсөн бэлэг, дугтуйтай зүйл, татуулсан зураг зэрэг бичигдсэн нь хэрэгт баримтаар авагдсан.

Мөн Хөргөлт сервис ХХК-ийн Б.Э нь  борлуулалтын менежер албан тушаалтай, 28 хоног төслийн талбайд ажиллаж, 14 хоног амрах хуваарийн дагуу Оюу толгой... төсөлд үр бүтээлтэй ажиллаж байгаа болон цалингийн талаарх  тодорхойлолт, Б.Э, Ш.Б нарын хуримын хүлээн авалт, зурагны төлбөр, багц үйлчилгээ зэрэг хурим ёслолын зардлын төлбөр тооцоог Б.Э, Д.Байгалмаа нар төлсөн баримтууд хэрэгт цугларсан ба гэрч Д.Байгалмаа 2017 оны 08 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд  ...дансанд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь мөнгө хийж байгаагүй. Энэ дансны орлого зарлагын гүйлгээг зөвхөн би хийдэг гэх мэдүүлэг өгсөн байна.

Худалдаа хөгжлийн банкны 413008020 данснаас 2016 оны  04 сарын 06-ны өдөр Эрдэнэ-Очир Батбаатар, Байгалмаа Довдон нарын 413012491 тоот дансруу Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас 19.605.848 төгрөгийг буцаан шилжүүлсэн  ба Д.Байгалмаа 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкны хадгаламжийн данснаас 10 100 000 төгрөгийн зарлага гаргасан нь кассын зарлагын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбарууд нотолно.

Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Э.Э нар тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдүүдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт ...хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно, 26 дугаар зүйлд  эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ,  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх зэрэг үүргийг хуульчлан  заасан.

Зохигч нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тусдаа амьдарсан, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцож маргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс эвлэрч амьдрахыг даалгах хугацаанд гэрлэлтээ үргэлжлүүлж хамт амьдраагүй зэрэг байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлт цуцалж, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Энэрэлийг эхийн асрамжид үлдээх талаар тохиролцсон тул 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Энэрэлийг эцэг Э.Эоос хуульд заасан тэтгэлгийг сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

 

            Нэхэмжлэгч Ш.Бийн хариуцагч Э.Эоос 19.938.150 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын нэхэмжлэгч, охин Э.Энэрэл нарт ногдох хэсэг 10.510.700 төгрөгийг Э.Эоос гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.781.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч Б.Э эцэг байх эрхээ хүүхдийн ашиг сонирхолд харшаар ашигласан, хүүхэдтэйгээ хэрцгий догшин харьцсан, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүйд, ёс зүй, хүмүүжилд хохирол учруулсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эцэг байх эрхийг хасуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ш.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 384.674 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э.Эоос улсын тэмдэгтийн хураамж 182.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бэд олгож, мөн тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн буюу 187398 төгрөгийг  гаргуулж, улсын төсвийн орлого болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Э.Э шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Ш.Бийг охин Э.Энэрэлд зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Э.Э зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах болон хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй болно.

Шүүх хариуцагч Э.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт нарт  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд оролцохоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан,  Ш.Б нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Эын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш.Б,  Б.Энарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Энэрэлийг эх Шаравын Бүдийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зааснаар  2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Энэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Эоос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.  

 

            4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эоос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг зааж, энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

 

            5.  Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг Ш.Б, Б.Э нарт тус тус даалгасугай.

 

            6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 , 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар 19.938.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 10.510.700 төгрөгийг хариуцагч Э.Эоос гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.781.400 төгрөгийг, Э.Эын эцэг байх эрхийг хасуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            7. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 384.674 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э.Эоос улсын тэмдэгтийн хураамж 182.450 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Бэд олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 187398 төгрөгийг  гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

 

8. Гэр бүлийн хуулийн 14 дугаар зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ганцэцэгт даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

11. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.НАРАНГЭРЭЛ