| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/03403/И |
| Дугаар | 183/ШШ2018/00306 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2018/00306
| 2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2018/00306 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1995 оноос тус байгууллагад ажиллаж, сахилгын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ээлжийн инженерээс шат дараалан дэвшиж хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл намайг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэнэт Б/1227 тоот тушаал гаргаж, үндэслэлгүйгээр 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд томилсон. Би уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, цалин олговорт 608.057 төгрөгийг хариуцагчаас гаргаж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд шимтгэл зохих өөрчлөлт оруулж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. ЗТН ОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээс татгалзаж намайг ажилд эгүүлэн авахгүй байсныг дурдаж байна. Энэ хугацаанд миний бие ажил төрөлгүй, цалингүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан эрх, эрх чөлөө хөндөгдөж хохирсоор байна.
Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн авах тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗТН ОНӨААТҮГ-ын захирлын Б/993 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх цалин 16.099.069.56 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Н нь 1995 оноос хойш ЗТН ОНӨААТҮГ-т ажиллаж, шат дарааллан албан тушаал ахиж, хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Гэтэл 2016 оны 01 дүгээр сард түүнийг үндэслэлгүй албан тушаал буруулсан. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхэд нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Үүнийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөхгүй, давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, 2 шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Ингээд нэхэмжлэгч ажилдаа орох хүсэлт гаргаж байсан ч хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 16.099.069 төгрөгийг 15.268.970 төгрөг болгон багасгасан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 16.099.069 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Л.Нг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б/993 дугаар тушаалаар эгүүлэн томилсон боловч ажилдаа ирээгүй гэж шүүхэд хариу тайлбар өгсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд цалин олговорт 15.268.970 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байна.
Нэхэмжлэгч Л.Нг ЗТН ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 дугаар шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлстийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, гуравдугаар баазад ээлжийн инженерээр ажиллуулсан ба нэхэмжлэгч уг тушаалыг зөвшөөрөөгүй ажилд эгүүлэн томилуулах гомдлыг шүүхэд гаргаж, тус дүүргийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Л.Нг ЗТН ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлстийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг зохигчид болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлал болон УДШ-ийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ЗТН ОНӨААТҮГ-ын ТҮБТ хэлстийн даргаар томилсон тушаал, байгууллагын хөдөлмөрийн гэрээ /захиргаа/, дотоод журам, нэхэмжлэгчийн 2016 оны цалингийн тооцооны карт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлж, хэрэгт хавсаргасан байна.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаа буюу 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс ЗТН ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б/993 дугаар тушаалаар Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлстийн даргаар томилсон хугацаа хүртэлх цалин олговорт 16.099.069 төгрөг нэхэмжилснийг түүний төлөөлөгч шүүх хуралдаанд багасгасан, Л.Нгийн нийгмийн даатгалын дэвтэр, 2016 оны цалингийн тооцооны карт зэрэг баримтуудыг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсөөр тооцон хариуцагчаас 15.268.970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил албан тушаалыг хэвээр хадгалах талаар зааж, иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул ажил олгогч шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргааныг шүүх энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасантай адилтган хянан шийдвэрлэх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийхийг ЗТН ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.445 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 234.295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагч түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч түүний төлөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15.268.970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Нд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Нгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн бичилт хийхийг ЗТН ОНӨААТҮГ-т даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.445 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 234.295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ