| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/0029/Э |
| Дугаар | 293 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 293
Д.Б-холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Д.Б-өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Багабанди, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б-д холбогдох эрүүгийн 1808054901527 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.Б-нь 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 09 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байрлах, “Ундрах” нэртэй хүнсний дэлгүүрийн баруун талын жалганд насанд хүрээгүй буюу 12 настай Л.Э-нүүрэн тус газар цохиж, хоолойг нь боож унагаан хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон куртикных нь халаасанд байсан 1830 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б-үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Д.Б-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б-давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн болчимгүй үйлдлээс болж хөдөлмөрлөж, ажиллах насандаа торны цаана сууж, ял эдэлж байгаадаа маш их гэмшиж, харамсаж байна. Миний ард хөгшин настай ээж, аав хоёр минь үлдсэн. Аав элэгний циррозтой ба өвчтэй ахыг минь хардаг. Ээж минь Увс аймагт байдаг. Гэрээсээ би ажил хийж амьдарлаа залгуулдаг. Миний хувьд гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ илэрхийлж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан надад нэг удаа боломж олгож өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Д.Б-1 жил 3 сарын хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хохирогчийн зүгээс Д.Б-ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад энэ талаар удаа дараа илэрхийлж байсан. Д.Б-нь өсвөр насан дээрээ явж байгаа залуу хүүхэд бөгөөд миний дүү, хүүхдээс ялгаагүй тул түүнд ялыг зайлшгүй биечлэн эдлүүлж ялтан болгож, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Өнөөгийн нийгэмд нэг хүүхэд ч гэсэн хорих ял эдлэхгүй байгаасай гэж хүсч байна.
Иймд залуу хүүхдийн цаашдын ирээдүйг нь харгалзан үзэж нэг удаа боломж олгож, хорих ял эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багабандийн хувийн байдлын хувьд ам бүл 6, аав, ах, эгч нарын хамт амьдардаг. Хэрэгт холбогдох үедээ, “Тайга” нэртэй хүнсний дэлгүүрт хамгаалагчаар ажиллаж байсан. Урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Багабанди нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн асуудалд маргадаггүй, хийсэн хэргээ хүлээж өөрийн гэмт үйлдэлд маш их гэмшиж, ухаарч байгаа. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гол зорилго нь өсвөр насны болон гэмт хэрэгт холбогдсон этгээдийг заавал нийгмээс тусгаарлаж хорих ял эдлүүлэхгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч, ялтныг нийгэмшүүлэх, тэдгээрийг гэмт зан үйлээ засахад боломж олгоход чиглэгдэж байгаа болно. Үүнийг хуулиар зохицуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...” гэж заажээ.
Мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар тогтоосон эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно...” гэж хуульчилжээ.
Багабандийн хувьд одоо 20 нас 4 сартай бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Д.Б-нь 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 09 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байрлах, “Ундрах” нэртэй хүнсний дэлгүүрийн баруун талын жалганд насанд хүрээгүй буюу 12 настай Л.Э- нүүрэн тус газар цохиж, хоолойг нь боож унагаан хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон куртикных нь халаасанд байсан 1830 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Л.Э-гийн: “...2018 оны 12 дугаар сарын 1-ний өглөө 9 цагийн үед ... би “Ундрах” нэртэй хүнсний дэлгүүрийн баруун талын жалга уруудаад эмээгийнхээ гэр лүү явж байтал дэлгүүрээс хар хөх өнгийн богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн жинсэн өмдтэй ах такси барих гэж байгаа бололтой гар өргөөд зогсож байсан. Би тэр ахын хажуугаар өнгөрөөд доошоо явж байсан чинь тэр согтуу ах миний араас хүрч ирээд “пиздаа минь мөнгөө гаргаад ир, ална шүү” гэж хэлэхээр нь “ахаа надад мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “чамд мөнгө байгаа лалар минь, хуцаад байгаарай, одоо чи надтай хамт яв” гэхээр нь “ахаа намайг явуулчих л даа” гэсэн. Тэгтэл миний хоолойг гараараа багалзуурдаж боогоод, намайг газар унагаасан. Тэгэхээр нь би айсандаа болоод “туслаарай” гээд орилсон чинь тэр ах миний амыг таглаад ... миний нүүр рүү хэд хэдэн удаа алгадсан. ... “Пизда минь мөнгөө гаргаад ир” гээд миний куртикны баруун талын халаасыг ухаад 1830 төгрөгийг авч байхдаа миний баруун талын халаасыг урсан. Тэгээд миний гараас бариад “гэрээсээ мөнгө олж ир, удмыг чинь тасдана, чи янхан Зулаагийн дүү мөн биз дээ, эгч чинь хаана байна” гэхээр нь би “ахаа мэдэхгүй, тийм хүн танихгүй” гэсэн чинь миний гарыг бариад намайг дагуулаад хойшоо өгсөөд явсан. Тэр ах намайг дагуулж явж байхдаа зугтаах юм бол ална шүү, мөнгө олж өг гээд байхаар нь би айсандаа болоод гараа мулталж аваад шууд зугтаасан. Тэр ах миний араас хөөж байхдаа газраас чулуу аваад далайгаад хөөсөн ... Тэр ахаас архи нилээн үнэртэж байсан ...” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
гэрч Ж.О-ийн: “... 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ... хүүг маань “Ундрах” дэлгүүрийн баруун талаар жалга дагаад явж байхад үл таних согтуу хүн манай хүү рүү дайраад миний өгсөн задгай 1830 төгрөгийг дээрэмдээд “гар утсаа гаргаад ир, гэрээсээ мөнгө олж ирэхгүй бол гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ, удам угсааг чинь тасална, хаанаас ч чамайг олоод хутгалж чадна шүү” гээд нүүр ам, хацар руу нь цохисон гэсэн. Хоолойг нь боож улайлгасан, баруун нүдийг нь цохисон тул хөхөрч хавдсан байдалтай байна ...” /хх-19-20, 21/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Н-ын: “... ахын хүүхэд Л.Э- “эмээ” гээд уйлж орж ирээд “намайг дээрэмчихлээ. Тэр хүн хашаанаас зүүн тийшээ гүйчихлээ” гэхээр нь араас нь хөөсөн ... Би гүйцэж очиход ... тэр залуу чулуу гартаа бариад “би яасан юм” гээд орилоод байхаар нь би ойртож чадахгүй байсан. Тэгээд би түүнд “чи манай дүүг дээрэмдсэн байна, дээрэмдсэн юмаа буцаагаад өг” гэсэн ...Тэр залуу “би юу ч аваагүй, миний авсан зүйл энэ” гээд задгай мөнгө өгсөн ...” /хх-22-23, 24/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Д-ын: “... 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ... үүрэг гүйцэтгэж байхад 09 цагийн үед “Бүргэд-10”-аас ... “Хүн дээрэмдсэн хүнийг бариад авлаа” гэх дуудлагын дагуу очсон ... Очиход 20 орчим насны согтуу залуу, бас 20 гаруй насны залуу хоёр байсан. 20 гаруй насны залуу нь “энэ залуу манай дүүг дээрэмдсэн. Би дээрэмдсэн мөнгийг нь авчихлаа” гээд гартаа 1000 орчим төгрөг барьсан” байсан. Тэгээд дээрэмдсэн гэх согтуу залуугаас юу болсон талаар асуухад “би дээрэм хийгээгүй, харин нүүр лүү нь нэг удаа алгадсан” гэж хэлсэн. Хэрэгт холбогдсон залууг эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлсэн.” /хх-26/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Д.Б-сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 1-нд цэргийн он жав Шинэтулгын гэрт нь очиж нэг шил архи уусан ...гудамж уруудаад явж байснаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь эрүүлжүүлэхэд орсон байсан. Маргааш өглөө нь Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирэхэд бага насны хүүхэд дээрэмдсэн гэдгээ мэдсэн ...” /хх-33, 39-40/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн 14261 дугаартай: “ 1. Л.Э-биед хамрын угт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-29/ гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-12/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-67/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Б-бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээр баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Багадбандийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх, Д.Б-гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Харин шүүх шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “6.7 дугаар зүйлийн заасныг журамлан” гэж тухайн зүйлийн чухам аль хэсэгт заасныг баримталсан нь ойлгомжгүйгээр бичсэн байх тул давж заалдах шатны шүүх уг заалтыг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “... Д.Б-нь одоо 20 нас 4 сартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн,
шүүгдэгч Д.Б-“... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорих ялыг өөрчилж өгнө үү” гэсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-“...Д.Б-хорих ял эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Д.Б-нь хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн, уг хуулийн зохицуулалтыг заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгоогүй, хэрэгт Д.Б-өсвөр насны хүнтэй адилтган үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Анхан шатны шүүх хуульд заасан ялыг хөнгөрүүлэх хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохируулан ял шийтгэл оногдуулсан нь зөв байх тул шүүгдэгч Д.Б-үүнээс өөрөөр ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Багабанди, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн заасныг журамлан...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ