Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2020/0037

 

 

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 11 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2020/0037                  

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.У

Хариуцагч: Төв аймгийн С сумын З.Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн С сумын З.Д-н 2013 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 60 дугаар захирамжийн Л.Уд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, Төв аймгийн С сумын З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэн Л.У-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Л.У Төв аймгийн  С сумын З.Д-н 2007 оны 06 сарын 11-ний өдрийн 92 дугаартай захирамжаар Баруун Зуунмодын аманд элэгний сувилал байгуулах зориулалтаар Баруун Зуунмодын аманд байгаль хамгаалагчийн байрны хойно баруун талын энгэр 2 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж кадастр хийлгэж, кадастрын зургийг С суманд хүргүүлж мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулсан. Тухайн үед газраа ашиглахаар машин техник, тоног төхөөрөмж оруулж үйл ажиллагаа эхлүүлэх гэсэн боловч байгаль хамгаалагч нарын эсэргүүцэлтэй тулгарсан. Учир нь хамгаалалтын хашаа татсан хэсгээс хойших хэсэгт Богд хан уулын хамгаалалтын бүс учир гаднын машин тоног төхөөрөмж оруулахгүй, газар хөндүүлэхгүй гэсэн бөгөөд тоног төхөөрөмжийг чинь хураах хүртэл арга хэмжээ авна, бүр гадны хүн ч явах эрхгүй гэх мэт шаардлага тавьж бидний хооронд маргаан үүсч өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагааг эхлүүлж ч чадаагүй. Энэ байдал нь дээрх захирамж гарснаас хойш олон жил үргэлжилж байна. Энэхүү асуудлыг тодруулахаар С сумын З.Д, газрын даамалд удаа дараа амаар болон бичгээр олон удаа хандсан. Дээрх байдлыг Богд хан уулын хамгаалалтын захиргаатай хэлэлцэж хариу өгнө гэдэг боловч удаа дараа очиход хурал зөвлөгөөн, гадуур ажилтай гээд тодорхой хариулт өгдөггүй.. Энэхүү асуудлыг тодруулахаар Богдхан уулын хамгаалалтын захиргаанд амаар болон бичгээр хандсан. Мөн л тодорхой хариулт өгөөгүй өдий хүрсэн. Төв аймгийн Газрын албаны газрын мэргэжилтэнтэй уулзахад танай газар дээр 2 захирамж гарч маргадгүй юм байна, асууж тодруулж өгнө гэсэн. Мөн л хугацаа алдаж хариу авч чадаагүй. 2 дахь захирамжийн талаар тодруулахаар аймгийн Байгаль орчны хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг хүлээн авч энэ асуудлаар Аймгийн газрын алба болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас тодруулна уу гэсэн хариу тухайн үед өгч байсан. Энэ мэтчилэн засаг захиргааны байгууллагууд хоорондоо төөрөгдүүлж тодорхой хариу өгөхгүй байсан. Мөн энэ онуудад газраа ч ашиглаж чадахгүй явтал аль хэдийнээ 2013 оны 02 сарын 22-ны өдрийн 60 дугаартай С сумын З.Д-н захирамжаар газрыг хүчингүй болгосон байсныг сая мэдлээ. Одоог хүртэл манай газар мэдээллийн санд устгагдаагүй байгаа, бид аль 2013 онд хүчингүй болсон гэж огт бодоогүй. Уг газрыг хүчингүй болгосон талаар тодруулахад С сумын мэргэжилтнүүд болон З.Д нар нь солигдсон байсан. Бид олон жил ашиглаж чадаагүй энэхүү газрын талаар хэлж тайлбарлахад тухайн газрын болон Богдхан уулын хамгаалалтын зурвасыг тодорхой мэдэхгүй, зөвхөн хүчингүй болсон захирамжийг л танилцуулсан. Иймд 2 га газраа Богдхан уулын хамгаалалтын бүст орсон эсэхийг шалгуулсан. Шалгуулахад танай 2 га газар Богдхан уулын хамгаалалтын хил зурвасаас гадагш 323 метр зайд байна гэсэн 2020 оны 03 сарын 18 өдрийн 07/169 дугаартай Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас албан тоот ирсэн. Энэ асуудлаар дээд шатны байгууллага болох аймгийн З.Д Ж. Батжаргалд гомдол гаргасан. Гомдлын хариуд 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 01/623 албан тоотоор хариу өгсөн.

Иймд Богдхан уулын хамгаалалтын бүс гэж тодорхойлогдож байсан хашаанаас манай газар нь 323 метрийн зайтай байгаа нь дархан цаазат хамгаалалтын бүсэд огт хамааралгүй болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Төв аймгийн З.Д нарын албан тоотоор давхар нотлогдон тогтоогдож байна. Мөн тухай бүрт аймгийн засаг захиргааны байгууллагуудад нь амаар болон бичгээр хандахад албан ёсны хуульд нийцсэн хариу өгөлгүй төөрөгдүүлж байсан нь шударга ёс, тэгш ёсны зарчимд нийцэхгүй байгаа бөгөөд иргэд бид хохирсоор л байна. Сүүлд Төв аймгийн З.Д-н 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 01/623 албан тоотод мөн л ... Энэ нь  таны эзэмшиж байсан газрыг Дархан цаазат газартай давхцуулж өгөөгүй бөгөөд дархан цаазат хамгаалалтын хашаа нь хилийн цэсээсээ гадуур баригдсан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тухай хамгаалалтай газрын захиргаанаас тодруулах зүйтэй байна гэж хариу ирүүлж байгаа нь төөрөгдүүлж хугацаа алдаж ирснийг дахин нотлож байна.

Түүнчлэн Төв аймгийн С сумын З.Д-н 2013 оны 02 сарын 22-ны өдрийн 60 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж нь илт хууль бус акт. Газраа зохих ёсоор эзэмших боломжийг сумаас олгоогүй, өөрсдөө Байгаль орчны яамтай хилийн цэсийн маргаантай байгаа, хүлээж бай гэж өдрийг хүртэл хүлээлгэсэн хэрнээ газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөр төлөөгүй гэж хүчингүй болгосон. Тухайн хүчингүй болгосон газрыг шалгаж нягтлаагүй, энэхүү эрх зүйн актыг мэдэгдээгүй сонсгох ажиллагаа явуулаагүй, захирамжид дурдсан үндэслэлүүд нь утга агуулгын хувьд алдаа байгаа нь иргэн Л.У миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул С сумын З.Д-н 2013 оны 02 сарын 22-ны өдрийн 60 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Л.У миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын З.Д Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сумын З.Д-н 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай захирамжаар эзэмшиж эхэлсэн мөн уг газартаа кадастрын зураг хийлгэж мэдээллийн санд оруулсан нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцаагүй гэдгийг нотолж байна.

Мөн маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшиж эхэлснээсээ хойш газрын төлбөр огт төлөөгүй мөн хувийн хэрэг нь тус сумын архиваас олдоогүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар “газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг хангаж байгаа тул уг газрыг 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Богд уулсын байгаль хамгаалагчдын үйлдэл нь суманд хамаагүй бөгөөд манай зүгээс ямар нэгэн чиглэл өгч ажилладаггүй тусдаа удирдлагатай байгууллага болно. Богд-Хан уулын тусгай хамгаалалтын хилийн цэсийн 1995 онд тогтоосон мөн Газрын тухай хууль нь 2002 оноос хэрэгжиж эхэлсэн тул энд ямар нэг төөрөгдөл үүсэх нөхцөл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Л.У нь “Төв аймгийн С сумын З.Д-н 2013 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 60 дугаар захирамжийн Л.Уд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Төв аймгийн С сумын З.Д-н 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар захирамжаар Л.Уд “Элэгний сувилал”-ын зориулалтаар 2 га газрыг 60 жилийн хугцаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Төв аймгийн С сумын З.Д-н 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дэх заалтыг тус тус үндэслэн 2007 онд сумын З.Дар суманд хүнсний ногоо, газар тариалан, амралт, аялал жуулчлал, зуслан, үйлчилгээний зориулалтаар шийдвэр гаргуулж одоо болтол үйл ажиллагаа явуулаагүй мөн гэрээ хийж дүгнүүлээгүй гэх үндэслэлээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч Л.Уд газар эзэмших эрх олгосон 2007 оны 92 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Үүнд хариуцагчийн тайлбарт дурдсанчлан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл маргаан бүхий актад алга байна.

Нэхэмжлэгч Л.Угийн эзэмшлийн 2 га газар нь Богдхан уулын дархан цаазат газар буюу улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалт гэсэн хилийн цэс тогтоосон хашааны дотор байдаг бөгөөд бодит байдалд албан ёсоор улсын тусгай хамгаалалттай газартай давхцалгүй болох нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Газар зохион байгуулалт геодизе, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/1466 тоот албан бичиг түүний хавсралт, Төв аймгийн С сумын газрын даамал М.Аззаяагын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06/4930 тоот албан бичиг түүний хавсралт зэргээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Уд газар эзэмшүүлэх тухай Төв аймгийн С сумын З.Д-н 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн захирамж гарснаас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулах зорилгоор очиход Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчийн зүгээс улсын тусгай хамгаалалттай газар учир нэвтрүүлэхгүй гэх хариу өгдөг байсан нь гэрч  1991 оноос 2012 он хүртэл байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Д.Баттөмөрийн “...намайг ажиллах хугацаанд 2007, 2008, 2009 оны үед энэ газар авсан гээд ирж уулздаг байсан. Тусгай хамгаалалтын газрын тэмдэглэлтэй хашаанд газар нь байсан учраас энд орох боломжгүй гэдгийг нь хэлдэг байсан..., хязгаарлалтын бүс учраас оруулдаггүй байсан..., гэрч 2013 оноос эхлэн байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Т.Цэдэндамбын “... 2013 оноос хойш 7 жилийн хугацаанд жилдээ 4-5 удаа ирж уулзаж байсан. С сумаас газар эзэмшүүлсэн учир хашаа, байшин барина гэж ирдэг. Тусгай хамгаалалтын газрын хилийн багана зогоон /хил/ тодорхой байдаг. Тухайн хамгаалалтын хилээс дотогш иргэн аж ахуй нэгжид газар олгох боломжгүй гэдэг үүднээс буцаад яв гэж хэлж тайлбарлаад явуулдаг байсан” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн эзэмших эрх үүссэн 2 га газар нь тусгай хамгаалалттай газрын хил болгож барьсан хашаанд байрлах бөгөөд үүнийг сумын болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа зөвтгөж хилийн заагийг газар дээр нь зохион байгуулаагүй. Газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчийг эрхийн газраа эзэмших боломжийг олгоогүй, газар эзэмших эрх олгосон захирамжаар сумын газрын даамал Б.Аззаяа, байгаль орчны хяналтын байцаагч Г.Ганбаяр нарт “Газар эзэмшигч иргэн Л.Уд 2 га газрыг тэмдэглүүлж гэрээ хийж, гэрчилгээ олгох”, “Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах” гэж үүрэг болгосон ч албан тушаалтнууд тус үүргээ гүйцэтгээгүй болох нь нотлогдож байна.

 

Тодруулбал сумын нутаг дэвсгэрт тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа өөрийн хилийн заагийг байх ёстой газраас хэтрүүлсэн тэмдэглүүлсэн буюу хашаа барьсан болох нь дээрх Байгаль орчны яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн баримтаар тогтооогдож байгаа нь одоог хүртэл холбогдох байгууллага, албан тушаалтан газар нутгийн хилийн заагийн асуудлыг зөвтгөж шийдвэрлээгүй, сум орон нутаг нь өөрийн газар нутагт газар эзэмшүүлэх, хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь тогтоогдож байх тул үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтнаас газар нутгийн хил заагийг зөвтгөн зохион байгуулж, улмаар хариуцагч Төв аймгийн С сумын З.Д-н зүгээс тус газар нутгийн хилийн заагт хамаарах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг эдлүүлэх нь зүйтэй байна.

 

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчид энэ асуудлаар хандсан бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх асуудлаар тодорхой хариу өгөөгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зурвасаас илүү гаргаж хамгаалалтын хашаа барьсан асуудлыг шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдсан байна. Нэхэмжлэгчид газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр маргаан бүхий актыг гаргахдаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Улмаар хариуцагч нь 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмшүүлэх захирамж гаргасан боловч захирамжийн биелэлтийг хангаагүй буюу газрын даамал нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр очиж газрын цэгийг тэмдэглүүлж, хүлээлцэх ажиллагаа хийгдээгүй, дээрх ажиллагаа хийгдээгүйн улмаас газар эзэмших эрхийн гэрээ  байгуулах, гэрчилгээ олгох зэрэг ажиллагаа хийгдээгүй тул захирамжийн биелэлтийг хангах ажиллагаа хийгдээгүй буюу актын биелэлт дутуу хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн газар эзэмших эрхийн гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 дахь хэсэгт заасанхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлүүд бодит байдалд нийцээгүй, хариуцагч төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдож байхад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн маргааны бүхий захирамжийн хэлбэрийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсгийг үндэслэл болгосон бөгөөд захирамжийн 1 дэх хэсэгт “2007 онд сумын З.Дар суманд хүнсний ногоо, газар тариалан, амралт, аялал жуулчлал, зуслан, үйлчилгээний зориулалтаар шийдвэр гаргуулж одоо болтол үйл ажиллагаа явуулаагүй мөн гэрээ хийж дүгнүүлээгүй 34 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 1078.5 га газрын газар эзэмших, ашиглах захирамжийг хүчингүй болгосугай” гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох” гэж заасан буюу зөвхөн хууль ёсоор эрх үүссэн хэдий ч үүргээ биелүүлээгүй этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой зохицуулалт бөгөөд хариуцагч нь маргаан бүхий 2013 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 60 дугаар захирамжаар газар эзэмших, эрх олгосон 2007 оны 92 дугаар захирамжийг нэхэмжлэгч эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай акт гэж үзэхээр байна.

Үүнд мөн хариуцагчаас 2013 оны уг актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “”эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг” гэж, 3.1.8 дахь хэсэгт “”гомдол” гэж захиргааны хууль бус актын талаар тухайн байгууллагын удирдах дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд болон шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс бусад өргөдлийг” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг зохих ёсоор шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нь тогтоогдож байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.1 дэх хэсэгт “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг тус тус үндэслэн Төв аймгийн С сумын З.Д-н 2013 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 60 дугаар захирамжийн Л.Уд холбогдох хэсэг нь хариуцагчийн хууль бус үйлдэхүй буюу нэхэмжлэгч эзэмших эрх авсан газраа зохих ёсоор эзэмших боломжийг олгоогүй атлаа эрх олгосон захирамжийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тус актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад утга агуулгын илэрхий алдаатай акт гаргасан бөгөөд илт хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  3.1.6  /2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон/ дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн С сумын З.Д-н 2013 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 60 дугаар захирамжийн Л.Уд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Л.Угийн Баруун Зуунмодны аманд 2 га газар эзэмших эрхийг сэргээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн С сумын З.Д-н Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Уд олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

   

 

ШҮҮГЧ                               Д.ЗОРИГТБААТАР