Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0720

 

 

 

 

 

 

 

 

 

“МФ” ХХК-ийн

    гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Гомдол гаргагч: “МФ” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, үнэлгээний хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 770 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, үнэлгээний хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2023/0806/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч МФ” ХХК-иас хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, үнэлгээний хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З д холбогдуулан “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 5 дахь хэсгийн 5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Мал эмнэлгийн газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Хариуцагчаас нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэн 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэл нь хэрхэн ямар баримтаар нотлогдсон эсэх, мөн шинжилгээгээр муудсан гэж тогтоогдсон гэх өндөг нь нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн бүтээгдэхүүн мөн болох нь хэрхэн ямар баримтаар нотлогдсон эсэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

 

3.2. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын гаргасан актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн этгээдийн нэхэмжлэл, гомдлоор захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах бөгөөд захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа хууль зөрчсөн болох нь тогтоогдвол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргахаар хуульчлагдсан.

 

3.3. Хариуцагчаас “МФ” ХХК-ийн шувууны аж ахуйн үйл ажиллагаанд үйлдвэрийн дарга С.Ш, менежер Р.Э нарыг байлцуулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн боловч С.Ш, Р.Э  нараас тайлбар мэдүүлэг аваагүй, оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлаагүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байхад нэхэмжлэгчийн зөрчлийн хэн, хэзээ хаана үйлдсэнийг тогтоогоогүй, эрх үүрэг тайлбарлах, нотлох баримтыг авах, цуглуулах ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй гэх үндэслэлүүд няцаагдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

 

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдол гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Гомдол гаргагч МФ” ХХК-иас “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

2.2. Хэргийн үйл баримтаас үзвэл Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, үнэлгээний хэлтсийн Мал эмнэлгийн Улсын байцаагч нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 31.3.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд иргэн Б.Н ээс Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд гаргасан гомдлын дагуу “МФ” ХХК-ийн шувууны аж ахуйн үйлдвэрийн үйл ажиллагаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

2.3. Шалгалтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б-39в тоот хаягт байрлах “МФ” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих”, 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар “МФ” ХХК-ийг 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

2.4. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч “МФ” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн мал, амьтны тэжээлийн физик, хими, биологи аюулгүйн шинжилгээнд хамруулаагүй, био хамгааллын төлөвлөгөөгүй, үйлдвэрлэлдээ мөрдөх стандартгүй, дотоод хяналт шалгалтын холбогдох бүртгэл хөтлөлт хийдэггүй, үйлдвэрлэлийн явцад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаггүй, үйлдвэрлэсэн нийт өндөгний мал эмнэлгийн гэрчилгээг гэрээт мал эмнэлгийн нэгжээс авдаггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, нийт өндөгний мал эмнэлгийн гэрчилгээг гэрээт мал эмнэлгийн нэгжээс авдаггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, Өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр хүнсний зориулалтын будгаар үйлдвэрлэгч, зэрэглэл болон үйлдвэрлэсэн огноог тэмдэглээгүй, Өндөгний агуулах стандартын шаардлага хангаагүй, бүтээгдэхүүний агуулахад орсон, гарсан тухай бүртгэл журнал хөтөлдөггүй, агуулахын температур чийгийг хэмжиж бүртгэл хөтөлж хэвшээгүй, Үйлдвэрийн барилга байгууламж, тоног хэрэгслийг өдөр тутам цэвэрлэж, цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгаалал, ажлын хувцас хэрэгслээр хангаагүй, зэрэг зөрчлүүд нь шалгалтын явцад тогтоогдсон гэдэг нь нотлогдсон учраас хариуцагчаас нэхэмжлэгч “МФ” ХХК-ийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 10.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэж гаргасан шийдвэр хуульд нийцжээ” гэж дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

2.5. Тодруулбал, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Хяналтын байгууллага дор дурдсан үйлдвэрлэлийг шинээр эрхлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Хүнсний тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана” гээд 6.5.2-т “өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ гээд мөн зүйлийн 7.1.1-т хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ” гээд 10.1.2-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлэх” гэж, 10.1.7-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах” гэж тус тус заажээ.

 

2.6. Хэрэгт авагдсан фото зургууд, 40-02-140/79-2302000255 дугаартай зөрчлийн материалд авагдсан баримт зэргээс үзвэл “МФ” ХХК нь шувууны аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.7, 10.1.8 дахь заалт, Эрүүл мэндийн яамны сайдын 2014 оны А/340 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам”, 2017 оны А/145 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д тус тус зааснаар хүнс үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлээгүй, үйлдвэрийн ажилчдыг эрүүл мэндийн сургалтад болон урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулаагүй,

Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-д заасны дагуу Шувууны аж ахуй, байгууллагын дотоод хяналт шалгалтын холбогдох бүртгэл хөтлөлт хийдэггүй, үйлдвэрлэлийн явцад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаггүй,

Малын нэмэгдэл тэжээл. Техникийн шаардлага МNS 1077:2008 стандартын 6.2-т заасны дагуу үйл ажиллагааны дүгнэлт гаргуулаагүй, өөрийн үйлдвэрлэсэн тэжээлээ физик, хими, биологи, аюулгүйн шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрлэлд мөрдөх стандартгүй,

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016 стандартын 5.13.1.1-д зааснаар үйлдвэрлэсэн өндөгний гаднах хайрцаг хаяг шошгонд бүтээгдэхүүний шимт бодисын мэдээллийг лабораторийн шинжилгээний дүнг үндэслээгүй,

Тахианы өндөг. Техникийн ерөнхий шаардлага MNS 0095:2022 стандартын 4.7, 8.1-д зааснаар үйлдвэрлэсэн сувиллын өндөгний хайрцаг хаяг шошгонд хадгалах хугацаа нь стандарт техникийн ерөнхий шаардлагад нийцээгүй, өндөр тус бүрийн шохойн бүрхүүл дээр хүнсний зориулалтын будгаар үйлдвэрлэгч, зэрэглэл болон үйлдвэрлэсэн огноог тэмдэглээгүй,

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/67 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мал, эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ын 9.1-д заасны дагуу тухайн өдөр үйлдвэрлэсэн нийт өндөгний мал эмнэлгийн гэрчилгээг гэрээт мал эмнэлгийн нэгжээс авдаггүй, хүнсний түүний эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул хариуцагчаас тус компанийг дээрх хууль, журам, стандарт, зааврыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

2.7. Өөрөөр хэлбэл “МФ” ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болохынхоо хувьд шувууны аж ахуй, хүнсний өндөг үйлдвэрлэх үйл ажиллагааг дээр дурдсан стандартын шаардлага хангасан байранд явуулах, хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэг, холбогдогч этгээдээс авсан мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт зэргээр тогтоогдсон, гомдол гаргагчаас тус баримтуудыг няцаах буюу эдгээр зөрчил огт байгаагүй талаарх хангалттай баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-т “зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, ... гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ... шүүх хуралдааны тэмдэглэл, ...бусад баримтаар тодорхойлогдоно” гэж тус тус заасан.

 

2.9. Гэтэл Улсын байцаагчийн актаар зөрчилтэй гэж үзэж шийтгэл ногдуулсан 2023 оны 09 дүгээр сарыг 01-ний өдрөөс хойшхи хугацаанд гомдол гаргагчаас улсын байцаагчийн зөрчилд тооцсон үндэслэлийг няцаах баримт, нотолгоог шүүхэд гаргаж ирүүлэх боломжтой боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй төдийгүй лабораторийн шинжилгээгээр муудсан гэж тогтоогдсон өндөг нь “МФ” ХХК-ийн бүтээгдэхүүн биш гэж маргаагүй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шинжилгээгээр муудсан гэж тогтоогдсон гэх өндөг нь нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн бүтээгдэхүүн мөн болох нь хэрхэн ямар баримтаар нотлогдсон эсэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

 

2.10. Хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “МФ” ХХК-ийн захирал С.Б-гээс мэдүүлэг авч, хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан болох нь “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд улсын байцаагч эрх үүрэг танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй нь гэх гомдол, тайлбар нь тус компани шийтгэлийн хуудаст заасан зөрчил үйлдээгүйг нотлохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2.11. Мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчилд хамааралгүйгээр Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08-13-03/131/14 дугаартай албан шаардлагаар “МФ” ХХК-д 10 төрлийн шаардлага тавьж, хариу тайланг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтэст бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн байхад гомдол гаргагчаас үүнтэй холбогдуулан аливаа байдлаар хариу хүргүүлсэн эсхүл холбогдох арга хэмжээ авсан болох нь тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.12. Анхан шатны шүүх “МФ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА