Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/00396

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

       Дугаар 184/ШШ2018/00396

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..тоот хаягт оршин суух,....овогт Ч...-ийн Ц....../РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт Г...-ийн Б........../РД:......../-д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 11.620.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-, хариуцагч М.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие З.Н- 2014 оны 4 сарын 26-ны өдөр М.Б-тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, 7.000.000 төгрөг зээлүүлсэн. Гэвч М.Б- нь зээлийн гэрээний 1 дэх хэсэгт заасан үндсэн зээл 7.000.000 төгрөг, зээлийн хүү 2014 оны 4 сарын 26-ны өдрөөс 2014 оны 12 сарын 26-ны өдрийг хүрэл 8 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй гэрээний үүргээ зөрчсөн. Миний зүгээс хариуцагч М.Б-д удаа дараа утсаар хэлсэн. Зээлсэн мөнгөө нэхэж залгаж байсан. Мөн зээлийн гэрээний 3 дахь хэсэгт зээлдэгч нь зээлийг буцаан төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу үндсэн зээлээс 2014 оны 12 сарын 26-наас хойш тооцож алданги 3.500.000 төгрөгөөр тооцсон. Иймд М.Б-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7.000.000 төгрөг, 2014 оны 4 сарын 26-ны өдрөөс, 2014 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, сар бүрийн 2 хувиар хүү тооцсон. Хүү 1.120.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 11.620.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Н- 2014 оны 3 сарын 25-ны өдөр “И” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж 47 тоот лангууг түрээсэлсэн. Энэ өдөр М.Б- мөн 58Б тоот лангууг түрээсэлсэн. Тухайн үед нэхэмжлэгч болон хариуцагч нараас өөр олон иргэд “И” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж байсан. Тийм учраас лангуу дууссан гэж хэлэх нь үндэслэлгүй. Яагаад гэвэл тухайн үед хариуцагч ч гэсэн гэрээ байгуулж байгаа нь тухайн үед лангуу байсан юм байна гэдгийг хэлж байгаа. 2013 оны 12 сараас энэ худалдааны төвийн барилгын ажил дуусаж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан. Тус худалдааны төвийн бүх лангууг түрээсэлж дуусаагүй байсан. Учир нь ашиг орлого болон янз янзын шалтгаанууд байсан. Замын эсрэг талд нь 44 дүгээр зах, хажуу талд нь том дэлгүүр байсан учраас олон лангуу аваад ажиллуулахад тун төвөгтэй. “И” ХХК тухайн үед нэг этгээдэд түрээслүүлэх лангууны хязгаарыг албан ёсоор тогтоогоогүй. Нэг этгээдэд зөвхөн нэг лангууг түрээслэнэ гэсэн зохицуулалт байхгүй хэдэн ч лангуу түрээслэх боломжтой. Хэрэв түрээслэгч нь нэгээс илүү лангуу хэрэгтэй гэж үзвэл “И” ХХК-д хандан лангуунаас түрээслэх боломжтой гэж үзэж байгаа. М.Б- лангуугаа түрээсэлж авсан, худалдаа үйлчилгээ эхлүүлээгүй байсан. Түүний нөхрийн бие нь муу байсан учраас эргэлтийн хөрөнгө байхгүй гэж ярьж байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 болон 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэж байна. Тийм учраас мөн хуулийн 43.2.1-т заасны дагуу Иргэний хуулийн 281-т заасан зээлийн гэрээ албан ёсоор байгуулсан гэж үзэж байгаа. Зээлдүүлэгч нь зээлдэгчид бэлнээр 7.000.000 төгрөгийг өгсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тухайн үед түрээсэлсэн лангуундаа худалдаа хийнэ гэж ярьж байсан боловч нөхрийн биеийн байдлаас шалтгаалан лангуундаа худалдаа явуулах боломжгүй болоод н.Ж-д түрээсэлсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарласан. Хэрвээ халхавчилж хийсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа бол халхавчилж хийсэн хэлцэл нь зээлийн гэрээ юм бол халхавчлагдсан гэрээ хийгдсэн тэрийгээ зайлшгүй нотлох үүрэгтэй. Бид хариуцагчийн хэлж байгаа лангуу худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэдгээ нотолж чадахгүй байгаа гэж үзэж байна. Учир нь түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч эд хөрөнгийн ямар эрхийг шилжүүлэх вэ гэхээр эзэмших, ашиглах эрхийг шилжүүлнэ. Хуульд заасан эзэмших, ашиглах эрхийг бусдад худалдаж болох боловч лангууны түрээсийн гэрээгээ худалдахыг хориглосон байгаа. Тийм учраас талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Гэхдээ хариуцагч н.А- гэрчийн мэдүүлгийг үндэслэж худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. н.А-ын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг биечлэн уулзуулж өгөөгүй байдаг. н.А- утасны дугаарыг нь өгөөд холбогдоорой гэж хэлсэн байдаг. Тэгээд талууд уулзаж тохиролцоод хоорондоо гэрээ байгуулахад н.А- байгаагүй. Талуудын хүсэл зориг гэрээ байгуулах санал, хэлцэлээ дараа нь бичгээр хийсэн болж байгаа. Тэр хүн өөрийнхөө бодлыг тайлбарласан. Хариуцагчийн тайлбараас үзвэл 2014 оны 12 сарын 31-ний өдөр буюу лангууныхаа эрхийг шилжүүлж өгнө гэсэн хугацаа хариуцагчид хэвээр байсан. “И” ХХК-тай байгуулсан лангууны гэрээ хүчин төгөлдөр байсан учраас лангуугаа шилжүүлж өгөх боломжтой байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсанаар н.Ж-д 2014 оны 6 сарын үед лангууг түрээсэлж байсан. Харин 2015 оны 5 сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ нь цуцлагдсан байгаа. Яагаад гэвэл 3 сарын түрээсийн төлбөр хийгээгүй учраас цуцлагдсан, үүнийг гэрээндээ тусгаад өгчихсөн байдаг. Үнэхээр 2014 оны 12 сарын 31-ний өдөр шилжүүлж өгч болоогүй юм бол 2015 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл шилжүүлж өгөх боломжтой байсан. Энэ хүн шилжүүлж өгөөгүй нь юуг илэрхийлж байгаа вэ гэхээр хариуцагч лангууны эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүрэггүй буюу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Харин хариуцагчийн тайлбарлаж байгаагаар энэ лангууг худалдаад авчихсан юм бол 39 сарын түрээсийн төлбөрөөр худалдаж авчихаад 3 сарын түрээсийн төлбөр төлөхгүй хураалгана гэдэг нь логикийн хувьд маш зөрчилтэй. 3 сарын түрээс 560.000 төгрөгийг мэдээж төлөх байсан. Тийм учраас лангуу худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэдэг нь үндэслэлгүй юм. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг нь хариуцагчийн өөрийнх нь тайлбар. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт 11.620.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч М.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...И ХХК-ийн “Г-2” барилгын материалын захад 58/Б тоот лангууг би түрээслэхээр гэрээ хийсэн байсан. Үйл ажиллагаа огт явуулаагүй. Манай нөхрийн дүү н.М-, түүний эхнэр н.А- нар манай хажуугийн лангууг ажиллуулдаг байсан. З.Н-ыг би өмнө нь огт таньдаггүй байсан. Нэг өдөр надад “...З.Н- гэдэг эмэгтэй танай лангууг худалдаж авъя” гэж байна гэж хэлсэн. Би огт үйл ажиллагаа явуулаагүй, нөхөр эмнэлэгт байсан болохоор лангууг ажиллуулж, тогтмол суух боломжгүй байсан. н.М-, н.А- нарыг хэлэхээр нь болдог бол зарчих юмсан, өөрөө ажиллуулж чадахгүй байгаа юм чинь гээд ярьж байсан. З.Н- миний утсыг н.А-аас авсан байсан. Өдөр шөнөгүй надруу залгаад таны ажил, зав юу байна гэж ярьдаг болсон. Би бол лангууг яг хэдэн төгрөгөөр зарах гэсэн бодол төсөөлөл байгаагүй. Ингээд З.Н- өөрөө 7.000.000 төгрөгөөр лангууг чинь худалдаж авъя гэсэн. 2014 оны 4 сарын 26-ны өдөр надад 7.000.000 төгрөгөө “Г-2” захын гадаа үүдэн дээр өгөөд миний лангууг авсан. Лангууны түрээсийн гэрээ нь миний нэр дээр байсан. З.Н-ын нэр дээр шилжүүлж өгөх гэсэн боловч оны эцэс болж хугацаа дуустал гэрээ шинэчлэхгүй гэж зохион байгуулагч нь хэлсэн. Тэгсэн З.Н- би танд мөнгө өгсөн юм чинь мөнгө өгөлцөж авалцсан талаараа бичиг хийе гэхээр нь би худалдах-худалдан авах гэрээ хийе гэсэн чинь захын удирдлага мэдчихвэл лангуугаа хураалгачихна, лангууг бусдад худалдах хориотой, зээлийн гэрээ байгуулж баримт үйлдье, дараа нь ямар ч асуудал байхгүй, та битгий санаа зов гэсэн. Тэгэхээр нь би хүнээс мөнгө авсан болохоор зөвшөөрсөн. Одоо бодоход хууль мэдэхгүй учраас хүнд ашиглуулсан байна. Би “И” ХХК-ийн лангууг түрээслэх эрхийг хүнд зарсанаас биш зээл авсан зүйл огт байхгүй. З.Н- нь лангууг надаас аваад н.Ж- гэдэг найздаа давхар түрээслүүлсэн. Тэр хүнтэйгээ муудалцаж, асуудал үүсгэснээс болоод мөн бусдад давхар түрээслүүлсэнээсээ болж надаас авсан лангуугаа хураалгасан юм байна лээ. 2014 оноос хойш нэрээ шилжүүлэхээр би очсон боловч лангууг давхар түрээслүүлж, хэрүүл маргаан хийсэн гээд намайг хавьтуулаагүй. Энэ мөнгийг би зээлээгүй хүн гүтгэж байна. “И” ХХК-ийн 58/Б тоот лангууг түрээслэх эрхийг худалдсан. Мөнгө авсан учир зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс зээлийн гэрээ бодитоор огт байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Н- нь хариуцагч М.Б-д холбогдуулан 2014 оны 4 сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.000.000 төгрөг, 8 сарын хүү 1.120.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 11.620.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргав.

 

Хариуцагч М.Б- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, мөнгө зээлээгүй, лангуу түрээслэх эрхээ 7.000.000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэгч лангуугаа ашиглаж байгаад түрээслүүлэгчид хураалгасан болохоор мөнгөө буцаан шаардаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Талууд 2014 оны 4 сарын 26-ны өдөр 7.000.000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 2014 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, зээлийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээнд тусгаж М.Б-д 7.000.000 төгрөг З.Н- өгсөн болох нь тогтоогдов. /хх-4х/

 

Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан, 7.000.000 төгрөгийг М.Б- З.Н-аас хүлээн авсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

2014 оны 3 сарын 25-ны өдөр М.Б- нь “И” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан Б-58 дугаарын лангууг сарын 240.000 төгрөгөөр 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохиролцжээ. Гэрээний 4.9, 4.25-д зааснаар ажлын байрыг бусдад худалдах, шилжүүлэх, давхар түрээслэхийг хориглосон байжээ. /хх12-13х/

 

Гэрч Д.А-ын “...З.Н- ахын лангууг асуухаар нь ах эгч хоёроосоо асуухад энэ хоёр маань лангуугаа ажиллуулж чадахгүй болохоор зарсан ч яахав гэхээр нь З.Н-д М.Б-гийн утсыг өгч холбосон” гэх мэдүүлэгээс үзэхэд анхнаасаа лангуу түрээслэх эрхийг З.Н- худалдан авахаар Д.А-аар дамжуулан М.Б-тай холбогдсон гэж үзэхээр байна. З.Н- нь М.Б-гийн эзэмшлийн Б-58 дугаартай лангууг эзэмшиж, уг лангууны түрээсийн төлбөрийг төлж байсан болох нь гэрч Д.А-ын мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд гэрчийн мэдүүлэг нь хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд авагдсан маргаан бүхий Б-58 дугаартай лангууны 2014 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг З.Н- 2014 оны 6 сарын 3-ны өдөр төлсөн талаарх баримтаар давхар нотлогдов. /хх86,134-136/

 

Лангуу түрээслэх гэрээнд ажлын байрыг бусдад худалдах, шилжүүлэх, давхар түрээслэхийг хориглосон талаар З.Н-, М.Б- нар нь мэдсэн атлаа   түрээсийн эрх худалдах-худалдан авах гэрээг талууд амаар хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс энэхүү гэрээ нь эрх бүхий этгээд болох “И” ХХК-ийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл болжээ.

 

Зохигчид зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн түрээсийн эрх худалдах-худалдан авах гэрээгээ халхавчлах зорилгоор 2014 оны 4 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна.

 

Дээрхээс дүгнэхэд З.Н- М.Б- нар нь “И” ХХК-ийн өмчлөлийн Б-58 дугаартай лангууны түрээсийн эрхийг худалдах-худалдан авах авах зорилгоор дүр үзүүлэн, халхавчилж зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдов.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч түрээсийн эрх худалдах-худалдан авах гэрээний талаар шаардлага гаргаж маргаагүй, Ц.Н-ын зээлийн гэрээний үүрэгт 11.620.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204.190 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага 11.620.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 200.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3.320 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.Б-д холбогдох 11.620.000 төгрөг гаргуулах тухай З.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204.190 төгрөгөөс 200.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3.320 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ