Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/335

 

 

 



 

     2018          04           19                                         335

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Т.Х........р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Шагдар овогт Т........рын Х........р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0132 60372  дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны  04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шагдар овогт Т........рын Х........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ............................... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Т.Х........р нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны автобусны хуучин эцсийн буудлын орчимд иргэн Б.Б.................выг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Т.Х........р шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б.................вагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр...Зүүн салааны хуучин эцсийн автобусны буудал орчим нүүрс зардаг эгч М.............л дээр ажилд нь туслахаар очсон юм. ...Эгчдээ туслаад байж байхад манай нүүрс хураадаг амбаарны хажууд хоёр хүн сууж байхаар нь би “та нар юун хүмүүс бэ” гэж асуусан чинь “чамд ямар хамаатай юм бэ?” гэж нэг нь хэлсэн. Тэгээд би цаашаа яваад дэлгүүрийн үүдэн дээр мод хагалаад сууж байтал манай амбаарын хажууд сууж байсан согтуу залуу ганцаараа ирээд “чи намайг мэдэх үү, би Зүүн салааны атаман” гэх зэргээр хэлсэн. Тэгээд тэр хүн миний толгой руу гараараа 5-6 удаа цохиод,...намайг бостол гэдэс рүү гараараа нэг удаа цохиод, тонгойсон чинь миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай эгч М.............л ирчихсэн бид хоёрыг салгасан юм. ...Х........р ...согтуу байж хэрүүл өдөөд байхаар нь би тэр хүнд та харьж унтаад маргааш өглөө ирж уулзаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3603 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний дээд, доод зовхи нилэнхүйдээ овойж хавдсан, хөхөлбөр ягаан цус хуралттай, зүүн хөмсгөнд 1см оёдол тавьсан шархтай.

2018.03.13-ны өдрийн ГССҮТ эмчийн үзлэгийн онош: баруун хөмсөгний няцарсан шарх, тархи доргилт гэжээ... ДҮГНЭЛТ

1.Б.Б.................вын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 8),

 

3. Шүүгдэгч Т.Х........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би Зүүнсалаанд байдаг найз Т.............ннгийн гэрт Т.............нн, Энхболд нарын хамт хоёр шил архи хувааж уусан. ...Энхболд бид хоёр...гудамжны үзүүрт тамхи татаад сууж байтал цаанаас нэг танихгүй залуу ирээд “та хоёр юу хийж байгаан энд тамхи татахгүй” гэж хэлэхээр нь бид хоёр явсан юм. Тэгээд Энхболдын гэрт очоод ...түүнийг гэрт нь үлдээгээд би буцаж уруудаад Зүүнсалааны хуучин эцсийн автобусны буудал орчим зүс таних ахтай тааралдсан бөгөөд тэр ах надаас “тамхи байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэж хэлээд зогсож байтал Энхболд бид хоёрыг тамхи татаад сууж байхад энд тамхи татахгүй гэж хэлээд байсан залуу тамхи татаад нүүрс, түлээ борлуулдаг цэгийн өмнө сууж байсан. Тэгтэл надтай тааралдсан зүс таних ах тэр залуугаас “нэг тамхи өгчих” гэж хэлсэн чинь тэр залуу өгөхгүй байсан. Тэгтэл миний зүс таних ах тэр залуугийн амнаас тамхийг нь булаагаад авсан чинь нөгөө залуу босж ирээд тэр ахыг түлхээд газар унагачихаар нь би уурлаад “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлээд...хүрэмнээс нь татаж тонгойлгоод нүүр рүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Тэгтэл миний зодсон залуугийн эгч нь гэх эмэгтэй ирээд цагдаад дуудлага өгчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 17, 24), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 18), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 26) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэх авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Х........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

l.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Х........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Т.Х........р нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны автобусны хуучин эцсийн буудлын орчимд, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Б.................выг шууд санаатай үйлдлээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

-Хохирогч Б.Б.................вагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр...Т.Хатбаатар миний толгой руу гараараа 5-6 удаа цохисон. Мөн миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, элэг рүү нэг удаа гараараа цохисон өөрөө цохиж зодсон зүйл байхгүй. Т.Х........р тухайн үед ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3603 дугаар дүгнэлт: ...1.Б.Б.................вын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 8),

- Шүүгдэгч Т.Х........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний зүс таних ах тэр залуугийн амнаас тамхийг нь булаагаад авсан чинь нөгөө залуу босож ирээд тэр ахыг түлхээд газар унагачихаар нь би уурлаад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд хүрмэнээс нь татаж тонгойлгоод нүүр рүү нь нэг удаа өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Х........р нь хохирогч Б.................вааг зодсон болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Т.Х........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Х........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Х........рт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Т.Х........р нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалт, мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Т.Х........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0132 60372 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шагдар овогт Т........рын Х........рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Т.Х........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Х........рыг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах хор уршгийн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ