Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/341

 


 

 

 

 

     2018          04            20                                        341

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч П.М............н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Халзан овогт П...................ийгийн М............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0002 10353 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Халзан овогт П...................ийгийн М............н, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн 1981 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “..................й, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .......................... оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........................

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга

Яллагдагч П.М............н нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсвгэрт иргэн У.Б..................ныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр Шүүхийн хэлэлцүүлэгт М............н: “...Мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч У.Б..................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад 11 цагийн орчим ус авахаар ганцаараа худаг руу явсан. Ингээд манай гэрээс холгүй байдаг худгаас усаа авчихаад буцаад явж байхдаа зүс таних Б..................оо ахын хашааны хаалга нь онгорхой байхаар нь би Б..................оо ахыг ирсэн юм байх гэж бодоод тэднийд орсон...Намайг Б..................оо ахынд ороход Б..................оо ах Замын-Үүдээс саяхан ирсэн гээд Жадамбаа, Мэндээ гэх хүмүүстэй нийлээд Хятадаас авчирсан гэх архи уугаад сууж байсан. Тухайн үед би Б..................оо ах болон тэнд байсан хүмүүстэй мэнд усаа мэдэлцэхэд Б..................оо ах надад ууж байсан Хятад архинаас 2 хундага хийж өгөхөөр нь би уусан. Тэгээд удаа ч үгүй тэдний ууж байсан архи нь дуусахад Б..................оо ах Жадамбаа гэх залууг архи аваад ир гээд мөнгө өгөөд явуулсан бөгөөд Жадамбаа удалгүй 0.75 литрийн 1 шил архи авчирсан бөгөөд би сөн түшээд авчирсан архийг хундгалж байхад зүс таних Мэндээ гэх залуу хажууд сууж байснаа ямар нэгэн зүйл хэлэлгүй, шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би Мэндээд цохиулчихаад толгой манараад л явчихсан. Тэгсэн чинь Мэндээ үргэлжлүүлээд гараараа миний нүүр рүү цохиод эхлэхээр нь би нүүрээ дараад тонгойсон. Мэндээ ойролцоогоор 5-6 удаа намайг цохисон бөгөөд зодохоо больчихоор нь босоод гараад зугтсан. Тухайн үед Мэндээд цохиулснаас болж миний хамарнаас цус гарсан...хамар мурийнсан байгаа, одоо хамраа тэгшлүүлэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 431 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: 2 хацар, хамар, 2 гарын сарвуунд тав бүхий өнгөц зулгаралтуудтай, хамар, 2 нүдний дээд, доод зовхинд шаргал хөх өнгийн цус хуралтуудтай, хамрын уг хавдсан.

2018.01.23-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ...онош: Тархи доргилт. Хамар ясны далд хугарал гэжээ.

2017.12.17-ны “МЕД-ТРАУМА” КТГ-н хариунд: “...зүүн хажуу хана зөрөөтэй хугаралтай, хамрын таславч урд 1/3 хэсгээр зөрөөтэй хугаралтай бөгөөд баруун тийш бага зэрэг мурийлттай, хамрын хөндийн самалдаг хавагнан агааржилт буурсан” гэжээ...ДҮГНЭЛТ:

1. У.Б..................ны биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамар, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 хацар, хамар, 2 гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтлүүд нь 2017.12.17-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

3. Шүүгдэгч П.М............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14:00 цагийн орчимд шиг санаж байна. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад хуучин танил ах Болдтой тааралдсан. Тэгээд тэдний гэрт орж архи уухаар болсон. Бид хоёр уулзаагүй удсан байсан учир бид хоёр ороод 2 шил Хятад архи уугаад сууж байтал гаднаас хамт нэг газар ажиллаж байсан Б..................н ганцаараа орж ирээд хамт нийлээд архи уусан. Б..................н удаагүй согтоод ирсэн. Б..................н согтчихоод агсраад байсан. Тэгээд Б..................ны үгийг нь сонсоод дуугүй сууж байтал Б..................н намайг заамдаад авахаар нь би уурандаа зөрүүлээд түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгтэл ч хамт байсан Б..................оо ах бид хоёрыг салгасан. Ер нь бол энэ хэрэг гарсан шалтгаан гэвэл Б..................н согтчихоод над руу дайраад, агсарч байснаа цамцнаас зуураад авахаар нь зөрүүлээд 2-3 удаа түүний нүүрэн тус газар нь цохисон. ...У.Б..................ны бие учирсан хөнгөн гэмтэл нь бид хоёр муудалцаад би тухайн үедээ түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон улмаас үүссэн гэмтэл байгаа... Б..................ны нүүр рүү цохисны дараа бол түүний хамраас цус гарч байсан. ...би...Б..................нд учруулсан хохирол болох 400.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

4. Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 16-19),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 24), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 26, 27), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 41) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.М............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч П.М............н нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн У.Б..................ныг шууд санаатай үйлдлээр, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь.

- Хохирогч У.Б..................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мэндээ гэх залуу хажууд сууж байснаа ямар нэгэн зүйл хэлэлгүй, шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ...Мэндээ ойролцоогоор 5-6 удаа намайг цохисон бөгөөд зодохоо больчихоор нь босоод гадаад зугтсан. Тухайн үед Мэндээд цохиулснаас болж миний хамарнаас цус гарсан...хамар мурийнсан байгаа, одоо хамраа тэгшлүүлэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

- Шүүгдэгч П.М............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болд ах... бид хоёр 2 шил Хятад архи уугаад сууж байтал гаднаас хамт нэг газар ажиллаж байсан Б..................н ганцаараа орж ирээд хамт нийлээд архи уусан. ...Б..................н согтчихоод агсраад байсан. Түүний үгийг нь сонсоод дуугүй сууж байтал Б..................н намайг заамдаад авахаар нь би уурандаа зөрүүлээд түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. ...У.Б..................ны бие учирсан хөнгөн гэмтэл нь бид хоёр муудалцаад би тухайн үедээ түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон улмаас үүссэн гэмтэл байгаа... намайг цохисны дараа У.Б..................ны хамраас цус гарч байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32)

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 431 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “...1. У.Б..................ны биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамар, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 хацар, хамар, 2 гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...5.Дээрх гэмтлүүд нь 2017.12.17-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан дээрх баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, П.М............н нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр хохирогч У.Б..................ныг зодсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч П.М............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч П.М............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч П.М............н эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М............н нь “МАК” ХХК-д автомашины засварчин ажилтай болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагч гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808000210353 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Халзан овогт П...................ийгийн М............ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М............ныг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6500.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М............н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ