Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/665

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

       2022           5            09                                        2022/ШЦТ/665

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,   

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.А холбогдох эрүүгийн 2203 00000 0224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ц.А , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                            

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны 13 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжүгийн гудамж, “Сандей” худалдааны төвийн баруун хойд талын замд “Тоуоto Harrier” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжүгийн гудамж, “Сандей” худалдааны төвийн баруун хойд талын замд аспальтан шулуун, тэгш хуурай уулзвар дээр суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй 2 эгнээ явган хүний замтай... “Тоуоto Harrier” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун чиглэлд харсан байрлалтай зогсож байв... явган зорчигч анх тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн гэх цэгийг А үсгээр, Б үсгээр явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлж унасан гэх цэгийг тээврийн хэрэгслийн жолоочоор заалгуулж тэмдэглэв. В үсгээр үл хөдлөх цэгийг тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 1х10м, А цэгээс В цэг хүртэл 2.40х16.90м, А цэгээс хойш замын хашлага хүртэл 5.30м, А цэгээс тээврийн хэрэгсэл хүртэл 3.10м тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйнаас хашлага хүртэл 2.3м баруун урд дугуйнаас хашлага хүртэл 3.0м, зорчих хэсгийн нийт өргөн 6.70м тус тус хэмжээстэй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас),

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай: “... бичлэгийн 54 минут 49 дэх секундэд “Тоуоto Harrier” маркийн тээврийн хэрэгсэл гарцаар гарч байгаа хар саарал өнгийн хувцастай баруун гартаа хар бараан өнгийн цүнх барьсан явган зорчигчийг тээврийн хэрэгслийнхээ баруун урд талын крыло хэсгээр мөргөж, явган зорчигч газарт унаж байгаа харагдана...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

 

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...явган хүний гарцаар гарч байхад миний баруун гар талаас буюу миний баруун хөх рүү машин ирж мөргөсөн. Мөргүүлээд газарт унасан ба нөгөө мөргөсөн машины жолооч миний зүүн хөл дээгүүр машины дугуйгаар дайрсан ...Тэр машин төв замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад, баруун гар тийш эргэж, намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-22 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-нийт өдрийн 5441 дугаар “... ДҮГНЭЛТ 1. Б.М-ийн биед зүүн хөлийн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас),

 

            Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн: “...Шинжээчийн хариулт: Хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Мөн нэг болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээ ижил, хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Автотээврийн хэрэгслийн зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангаагүй, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг гэмтэлтэй байна. Хариулт 2. Шинээр үүссэн гэмтэл байхгүй байна. Урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангаагүй зэрэг ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байх боломжтой. Хариулт 3. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос, зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч, гэмтсэн зүйлгүй байна. Хариулт 4. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас),

 

Мөрдөгчийн 426 дугаар: “...Б. Жолооч Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.” гэх магадалгаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч Б.М-д 1.375.189 төгрөг төлсөн байгаа... Би осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрийн бурууг ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 82, 83, 85, 86 дугаар хуудас), 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А 1988 онд Сүхбаатар аймагт төрсөн. А 1996 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуульд элсэн орсон. Би А тай 5 дугаар ангиасаа эхлэн найзалж нөхөрлөж байгаа. Бид 2 нэг ангид хамт суралцдаг байсан юм. А бол хичээлдээ маш сайн анги хамт олонтойгоо нийтэч зантай, үнэнч шударга зантай маш сайн эмэгтэй байгаа юм. би А тай 2001 оноос хойш найзалж нөхөрлөхдөө хүнд байдаг бүх сайн талыг олж харсан. А хүнд маш их тусалдаг, сайн сонсогч, сайн зөвлөгч байж чаддаг айлын сайн эзэгтэй байгаа юм. А архи тамхи хэрэглэдэггүй. Миний найз А одоо Жаст49 нэртэй сууц өмчлөгчдийн холбооны даргаар сонгогдож ажиллаж байгаа. Би сууц өмчлөгчдийн холбооны даргын ажил маш хариуцлагатай ажил байдаг болов уу гэж боддог манай найз А энэ ажлыг маш хариуцлагатай хийж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

 

Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний эгч А 1988 онд Сүхбаатар аймагт төрсөн. Миний эгч А айлын 3 дахь хүүхэд. Миний эгч А цэцэрлэгт хүмүүжиж 1996 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр 10-н жилийн сургуульд элсэн орсон. 10 жилийн сургуулиа төгсөөд Монгол улсын боловсролын их сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 2017 онд Мэргэжил сургалтын үндэсний төвийг ачаа вагон хүлээлцэгч мэргэжлээр төгссөн. Миний эгч А бол хүнд маш их тусархуу, хүний төлөө байж чаддаг, зарчимч зантай, хүнд тусархуу зантай маш сайн айлын эзэгтэй байгаа юм. Миний эгч А архи тамхи хэрэглэдэггүй. Гэр бүл ах дүү нартаа тус дэмтэй хүн. Миний эгч А урьд нь ямар нэгэн захиргааны болон ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Миний эгч А тээврийн хэрэгсэл жолоодохдоо маш хариуцлагатай жолоо барьдаг юм. ийм осол гарсан гэхэд би сайн итгэхгүй байсан. манай эгч бол маш сайн жодоо барьдаг. Миний эгчид хүнд байж болох бүхий л сайн зан чанар байдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 70, 76 дугаар хуудас),

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 73, 78, 79 дүгээр хуудас),

Оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны 13 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжүгийн гудамж, “Сандей” худалдааны төвийн баруун хойд талын замд “Тоуоto Harrier” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.А нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

 

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны 13 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжүгийн гудамж, “Сандей” худалдааны төвийн баруун хойд талын замд “Тоуоto Harrier” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.М-г мөргөсөн үйл баримт камерын бичлэгээр эргэлзээгүй тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-нийт өдрийн 5441 дүгээр дүгнэлтээр Б.М-ийн биед “зүүн хөлийн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал. зүүн тохойд цус хуралт” гэмтэл тогтоогдож Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирчээ.

 

Мөрдөгчийн 426 дугаар магадалгаагаар шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.

 

Шүүгдэгч Ц.А нь “Тоуоto Harrier” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5441 дугаар дүгнэлтээр “биед зүүн хөлийн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.А-ын Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Б.М нь 1.375.000 төгрөгийг эмчилгээний зардалд гаргуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Ц.А-аас хохирогч Б.М-д 1.375.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ц.А нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.А-д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ЦЦ.А-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.А-д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.М-д 1.375.000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                          М.ТҮМЭННАСТ