| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2017/03405/И |
| Дугаар | 102/ШШ2018/00393 |
| Огноо | 2018-02-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2018/00393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.З
Нэхэмжлэгч: Г.Д
Хариуцагч: Ч.М
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: М.Х, Ц.М
80000000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.З, Г.Д
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг
хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтүвшин
гуравдагч этгээд Ц.М
гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Алтанцол
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.З нь гэр бүлийн хүн Г.Дгийн хамт 2004 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр өнөөдрийг хүртэл хүүхдийн тоглоомын худалдаа эрхэлдэг юм. БНХАУ-ын иргэн Tian Su Yue нь мөн хүүхдийн тоглоомын бизнес эрхэлдэг ба бид бизнесийн шаардлагын дагуу хамтран ажилладаг учир худалдан авсан барааныхаа үнийг юаниар хятад руу шилжүүлэх шаардлагатай юм. Иймээс “Найман шарга” худалдааны төв дээр валютын арилжаа эрхэлдэг эгч дүү болох А.О, Ч.М нараар БНХАУ-ын иргэн рүү төлбөрийг юаниар шилжүүлж байсан. Уг нь би өөрөө Голомт банкаар дамжуулан Хятад руу мөнгөө шилжүүлж байсан. Гэтэл Ч.М, А.ОМ.Х нар “Та манай ББСБ-аар хятад руу мөнгө шилжүүлвэл татвар нь банкнаас бага шүү дээ, манайхаар үйлчлүүлээч” гээд байхаар нь зөвшөөрсөн. Ингээд Э.З би 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 50000000 төгрөг, эхнэр Г.Д 21000000 төгрөг, мөн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 38000000 төгрөг, Э.З би 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 25000000 төгрөгийг хийж 134000000 төгрөгийг тус тус Ч.Мын “Хаан” банкны .... тоот дансанд шилжүүлсэн юм. Ч.М нь хятад руу юань болгон шилжүүлэхгүй удаад байсан ба янз бүрийн шалтаг хэлж, бүр сүүлдээ дээрх мөнгийг өөр зүйлд ашигласан учир би арга буюу цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Иймд шүүхэд хандаж байна. Ч.Маас нийт 134 сая төгрөгөөс 54 сая төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэх 80 сая төгрөгийг гаргуулж авч өгнө үү. Дээрх мөнгө авахдаа барьцаанд нь Ц.М, М.Х нарын өмчлөлийн .....тоот 3 өрөө байрыг тавьсан. Дээрх байрыг өмчлөгчид нь зөвшөөрсөн тул үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангаж өгнө үү.
Нэхэмжлэгч Г.Д, Э.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2015 оны 7, 8 дугаар саруудад Ч.Маар БНХАУ-руу 338500 юань шилжүүлэхээр тухайн үеийн ханш 316.50 төгрөгөөр тооцож 107135251 төгрөгийг өгсөн. 3 хоноод мөнгө чинь орно гэж байснаа ороогүй, мөнгийг чинь өгнө гэж байсан сүүлдээ өгөхгүй алга болсон. Нэхэж байж 2015 оны 11 дүгээр сард 80000 юань, 2016 оны 1 дүгээр сард 14 сая төгрөг буюу 44230 юань авсан. Одоо үлдэгдэл 214270 юань буюу монгол мөнгөөр нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 80000000 төгрөгийг нэхэмжилж байна. Ч.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 338500 юань шилжүүлэхээр авсан нь үнэн. Энэ мөнгийг алт болгож М.Жд өгч хилээр гаргуулах гэж байгаад асуудалд орсон гээд өгдөггүй өдийг хүрч байна. Барьцааны гэрээний хувьд тухайн үед Ц.М, М.Х нар өөрсдөө зөвшөөрөөд нотариат дээр очиж хийсэн учраас барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах хэвээр байгаа.
Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Заас Ч.М миний бие 2015 оны 07 дугаар сарын 7-ны өдөр 50000000 төгрөг 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 25000000 төгрөгийг Хаан банкны .... тоот дансаараа хүлээн авч байсан. Нийт 77000000 төгрөг. Эхнэр Г.Д 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 21000000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 38000000 төгрөгийг шилжүүлж байсан. Нийт 59000000 төгрөг. Бүгд 134000000 төгрөг. Үүнээс би 29000000 төгрөгийг төлсөн, юаниар мөнгийг өгсөн. Э.З Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гомдол гаргаж, цагдаа гомдлыг шалгасан. Уг өргөдөл гомдолд намайг 105000000 төгрөг залилсан гэж бичсэн байсан. Тэгээд гомдол гаргах үед би 80000 юанийг бэлнээр өөрийн нөхөр Анараар Их дэлгүүрийн ард бэлнээр хүргүүлж, 6 сая төгрөгийг дансаар, мөн 14 сая төгрөгийг дансаар төлж, нийт үлдэгдэл 66000000 төгрөг үлдсэн одоогийн байдлаар төлөх ёстой. Гэтэл Э.З нь 54000000 төгрөг төлсөн 80000000 төгрөг гаргуулж авна гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 105000000 төгрөг авах ёстой байснаас 80000000 төгрөг үлдсэн гэж ярьдаг. Тухайн үед өгөх ёстой байсан 214270 юанийг тухайн үеийн ханш 316.5 төгрөгөөр бодохоор 67816455 төгрөг болж байгаа. Бид нэхэмжлэгчид үлдэгдэл мөнгийг буцааж өгөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Ч.Мын Э.Заас авсан мөнгийг М.Ж гэж хүн авсан байдаг. М.Ж нь Ч.Маас 623000000 төгрөгийг аваад энэ мөнгөөр алт авч мөнгийг буцааж өгөөгүйгээс болоод Ч.М Э.Зын мөнгийг төлж чадаагүй. Ингээд Ч.М нь М.Жд Э.Зын мөнгийг өгөх ёстой гэхэд М.Ж өөрийн дүү болох М.Х, Ц.М нарын байрыг барьцаалуулж барьцаат зээлийн гэрээ хийсэн байдаг. Ч.М 67816455 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй боловч энэ мөнгийг М.Ж авч буцааж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн дүү нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, энэ үл хөдлөх хөрөнгөөр төлүүлье гэсэн гэрээ хэлцэл хийсэн учраас барьцааны гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.М, М.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ц.М, М.Х нар өөрийн хоёр хүү М.Хишигбаяр, М.Номтойбаяр нарын хамт ам бүл 4-үүл .... тоотод оршин суудаг. 2015 оны 11-р сарын 10-ны үед миний хадам ах болох М.Ж нь иргэн Энэбиш овогтой Золбаярын хамт манай гэрт ирж миний 2 дүү байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Э.Зт журмын дагуу 3 сарын хугацаатай түр тавиулчих. Хэрэв бүтэхгүй бол хэрэггүй гэж хэлээд явсан. Э.Зын хамт Ц.М миний бие нь холбогдох материалыг бүрдүүлж Сүхбаатар дүүрэг Олимпийн гудамжинд байрлах Экокапитал банк бус санхүүгийн байгууллагад 105 сая төгрөгийн барьцаанд тавиулах болж тус байгууллагын эдийн засагч Э.Ё гэх залуутай уулзахад таны материалыг судлаж үзлээ. Манай байгууллага хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Э.Заас Ц.М та 105 сая төгрөгийн зээл авч гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай Экокапитал банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавих материал бүрдүүлсэн. Үүнд иргэн Э.Зын аль банкны хэдэн тоот данснаас хэдэн төгрөг таны ямар банкны хэдэн тоот дансанд орсон, та иргэн Э.З авсан гэх банк хоорондын гүйлгээний баримт байхгүй. Таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 4 хүний дундын эзэмшилд байдаг болохоор та үл хөдпөх гэрчилгээний эзэмшигчийн нэрийг сольж манай байгууллагын нэр дээр шилжүүлэх, хэрэв та зээлээ төлж чадахгүйд хүрвэл иргэн Э.Зын авсан 105 сая төгрөгийн барьцаанд үл хөдлөх хөрөнгөө байраа шилжүүлнэ гэсэн эрсдлийн баталгаа гаргаж дөрвөн талын гэрээ иргэн Э.З, үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигч Ц.М, М.Х, манай байгууллагатай дөрвөлсөн зөвшөөрсөн гэрээг хуулийн дагуу байгуулна шаардлагыг тавьсан тул Ц.М би эхнэр М.Х нар иргэн Э.Заас нэг ч төгрөг аваагүй тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Энэ тухай хадам ах М.Жд хандаж боломжгүй гэж хэлэхэд тэгвэл миний хоёр дүү боль хэрэггүй юм байна гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 10 хонож байтал иргэн Э.З нь өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор удаа дарааллан утсаар ярьж манайд хэд хэдэн удаа ирж манай найз Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газрын даргаар ажилладаг дэд комиссар А.А гэж найз байдаг. Танай эхнэр М.Х Хууль сахиулахын их сургуульд сурдаг юм байна сургуулиа төгсөнгүүт ах нь аль дуртай газар нь хуваарилуулж шууд ажилд оруулж өгнөө, энэ удаа ахдаа тус болж, байраа 3-хан сарын хугацаатай түр л тавиулчих гэж худлаа ярьж хүний итгэл үнэмшлийг олох замаар Баянзүрх дүүргийн 9-р хороо Да хүрээ техникийн захын баруун талд байрлах өөрийн таньдаг Ж.Д гэх нотариатч дээр очиж энэ хүчин төгөдөр бус зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Энэ гэрээг хийсэн өдөр 2015 оны 12-р сарын 02-ны өдөр Ц.М болон эхнэр М.Х нарын хэдэн тоот дансанд хэдэн төгрөг шилжүүлсэн орлого зарлагын баримтыг наториатч нэхэж баримт болгож түүн дээр үндэслэгдэж барьцааны гэрээ байгуулагдах ёстой байтал зүгээр аман гэрээгээр л хийсэн. Гэрээ хийсэн өдрөөс хойш бидний дансны хуулгыг хавсаргав. Бүхэл бүтэн 105 сая төгрөг битгий хэл 10000 төгрөг шилжүүлсэн ч аль ч хаана ч ямар ч байгууллага заавал баримтыг л нэхэж үндэслэж гэрээ хийдэг. /Экокапитал банк бус санхүүгийн байгууллага мөн энэ баримтыг шаардсан./ Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Энэ гэрээ хийгдэх үед эхнэр М.Х байгаагүй Хууль сахиулах их сургууль дээр хичээлтэй байсан мөн зээлийн болон барьцааны гэрээ хийгдсэний дараа Ц.Мгийн Хаан банкин дахь ... тоот данс, М.Хгийн Хаан банкин дахь .... тоот дансанд зээлийн гэрээнд заагдсан 105000000 төгрөгийн гүйлгээ одоог хүртэл хийгдээгүй. Гэрээ хийсний дараа нотариат Ж.Давааням үл хөдлөх гэрчилгээний эх хувийг шууд надаас хурааж аваад ийм журамтай байдаг гэж иргэн Э.Зт шууд авч өгсөн. Иргэн Э.Зын мөнгө зээлүүлсэн гэх н.Мөнх-учрал гэх хүнийг бид зүс үзээгүй танихгүй байтал хүнийг хууран мэхлэж хуурамч гэрээгээр халхавчлах замаар биднийг танихгүй хүнд зээлүүлсэн мөнгө төгрөгөө авах асуудалд гурав дахь этгээдээр татан оролцуулж байгаад иргэн Э.Зт маш гомдолтой байна. н.Мөнх-учрал гэх танихгүй хүний өмнөөс эрсдлийг барагдуулна гэж ямар ч гурвалсан гэрээ баталгаа гаргасан гэрээ хэлцэл хийгдээгүй тул зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцож Ц.М, М.Х, М.Хишигбаяр, М.Номтойбаяр нарын дундын эзэмшлийн үл хөдлөх гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Алтанцол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Х, Ц.М нь өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээ байгуулж барьцаанд тавьсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Ч.М, Э.З, мөн эдгээр хүмүүсийн өмнө үүрэг хүлээсэн М.Ж нарын шаардлагаар байгуулсан. Бид энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Яагаад гэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгө аваагүй, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгө аваагүй ингэхээр дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болж байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Нэхэмжлэгч нарын шаардаж байгаа үүргийг Ч.М өөрөө нэхэмжлэгч нарынхаа өмнө хариуцах ёстой. Ч.Маас М.Ж мөнгө авсан болохоос М.Х, Ц.М нар хэнээс ч ямар ч мөнгө аваагүй. Иймд гуравдагч этгээд нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын шаардлага үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хэлцэл байгуулсантай холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч тал гуравдагч этгээдээс эх хувиар нь авсан байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж байгааг зөвшөөрөхгүй. Тухайн үед М.Ж ахынхаа гуйлтаар өөрсдийн байрыг барьцаанд тавихдаа гуравдагч этгээд нар бодит байдлыг мэдэж байсан. Бид энэ хүмүүсийг залилж мэхэлсэн асуудал байхгүй. Гуравдагч этгээд нар хийж байгаа үйлдлээ бүрэн хянах чадвартай насанд хүрсэн хүмүүс байгаа. Иймд гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн болон бие даасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:
1. Нэхэмжлэгч Э.З, Г.Д нар нь хариуцагч Ч.Маас 80 сая төгрөг гаргуулах, уг үүргийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шаарджээ. Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.М, М.Х нар нь нэхэмжлэгч Э.З, Г.Д нарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах шаардлагыг гаргасан байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Э.З, Г.Д нар нь хариуцагч Ч.Мд төгрөг шилжүүлэх, уг мөнгийг хариуцагч тухайн үеийн ханшаар юаньд шилжүүлж өөрийн ББСБ-аар БНХАУ руу нэхэмжлэгч нарын нэр заасан этгээдэд шилжүүлэх үүрэг хүлээж ама гэрээ хийгджээ. Уг гэрээний агуулга, зорилго, гэрээний зүйл, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар даалгаврын гэрээ байгуулагдсан байна. Даалгаврын гэрээний гол нөхцөл нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар даалгавар гүйцэтгэгч эрх зүйн ач холбогдол бүхий ямар үйлдэл хийхийг буюу гэрээний зүйлийг тохирсон байх бөгөөд заавал хөлс төлөхөөр тохирсон байхыг шаардахгүй.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нар 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 71 сая төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 38 сая төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 25 сая төгрөг нийт 134 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, үүнээс хариуцагч 105 сая төгрөг буюу 338500 юанийг БНХАУ руу шилжүүлээгүй буюу даалгавар гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй талаар талууд маргахгүй байна. Иймд Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар даалгавар гүйцэтгэгч Ч.М нь даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан мөнгийг даалгавар өгөгч Э.З, Г.Д нарт буцаан шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 80000 юань, 6 сая болон 14 сая төгрөгийг дансаар шилжүүлж 66000000 төгрөг төлөх үүрэгтэй гэж, хариуцагчийн төлөөлөгч 214270 юань буюу үүрэг үүсэх үеийн ханш 316.5 төгрөгөөр тооцож 67816455 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан ба харин нэхэмжлэгч 25320000 төгрөг буюу 80000 юань, 14 сая төгрөг буюу 44230 юанийг авсан одоо үлдэгдэл 214270 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 80 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. Зохигчдын тайлбараас үзвэл даалгавар өгөгчид буцааж өгөх мөнгийг юаниар тооцсон хэмжээнд маргахгүй байх ба төгрөгөөр тооцсон хэмжээнд маргаантай байна. Нэхэмжлэгч нар анх нэхэмжлэлээ төгрөгөөр гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нэхэмжлэлийн үнийг хэрхэн тодорхойлсноо тодруулсан нь хууль зөрчихгүй бөгөөд даалгавар гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг юаниар гүйцэтгэхээр тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан нь хариуцагчийн татгалзалтай хамааралгүй болно. Энэхүү заалтыг талууд төлбөр төлөх хугацааг тохирсон, ханшийн өөрчлөлтийг гэрээндээ өөрөөр заагаагүй тохиолдлыг зохицуулсан гэж ойлгоно. Зохигчид төлбөр төлөх хугацааг тохироогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ...бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна”, мөн хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт “даалгавар гүйцэтгэгч нь ...даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй” гэж зааснаар Ч.М нь 214270 юанийг Э.З, Г.Д нарын шаардсан даруйд төлөх үүрэгтэй атлаа төлөлгүй 2015 оны 11 сараас хойш 2 жилийн хугацаа өнгөрч цаг хугацаа алдсан байх тул үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг тооцох үндэслэлгүй байна. Иймд даалгавар өгөгчийн шаардсан даруйд даалгавар гүйцэтгэгч гэрээгээр хүлээн авсан мөнгийг “нэн даруй” буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ийнхүү биелүүлээгүй нь даалгавар өгөгчийн буруутай үйл ажиллагаатай холбоогүй байх тул нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Маас 214270 юань буюу 80000000 төгрөг /Монгол банкнаас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зарласан ханш 1 юань= 373.69 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Э.З, Г.Д нарт олгох нь зүйтэй.
Дээрх үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Э.З, Г.Д нар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.М, М.Х нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ. Э.З нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ц.Мд 105 сая төгрөг зээлж, уг үүргийн гүйцэтгэлийг Ц.М, М.Х нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар барьцаат зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болох боловч дээрх гэрээнд Ч.Мын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй, уг гэрээг хариуцагчтай байгуулаагүй тул 80 сая төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Ц.М, М.Х нарын өмчлөлийн эд хөрөнгөөр хангуулахаар Ч.Маас шаардахгүй эрхгүй гэж үзнэ. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
2. Бие даасан шаардлагын тухайд:
Бие даасан шаардлага гаргасан Ц.М, М.Х нар нь нэхэмжлэгч Э.З, Г.Д нарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3 дахь хэсэгт заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шаарджээ.
Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдсэн боловч зээлдүүлэгч болох Э.З нь энэ гэрээний дагуу зээлдэгч Ц.М, М.Х нарт мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулагдаагүйд тооцно. Барьцаа гэдгийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрх” гэж тодорхойлжээ. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул “барьцаагаар хангагдах үүрэг” гэж байхгүй тул мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Э.З, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.М, М.Х нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг гэрээнд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх шаардлагагүй. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг гэрээгээр хийгдсэн барьцаалбарыг хүчингүй болгож, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг Э.Заас гаргуулж Ц.М, М.Х нарт олгох нь зүйтэй.
3. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс 70200 төгрөг тус, тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Үндсэн болон бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.М-аас 80000000 /наян сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.З, Г.Д нарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.М, М.Х нарын Э.З, Г.Д нарт холбогдох 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432950 тоот гэрчилгээг гаргуулж Ц.М, М.Х нарт олгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432950 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205060976 дугаарт бүртгэлтэй орон сууцны 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр бүртгүүлсэн барьцааны бүртгэлийг улсын бүртгэлээс хасахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Маас улсын тэмдэгтийн хураамжид 557950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.З, Г.Д нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.М, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан Ц.М, М.Х нарт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА