Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/1377

 

2015 оны 8 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/1377

Улаанбаатар хот

 

Нийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрчхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Нийн нэхэмжлэлтэй, З аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Аймгийн Засаг дарга Ж 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б/303 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлснөөс хойш гарсан Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 69 дугаартай захирамж, мөн шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 59 дугаартай магадлал зэргийг хүлээн авч хэрэгжүүлэхээс татгалзаж өдий хүртэл иргэн намайг болон манай байгууллагыг олон талаар хохироосоор байна. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/10 дугаартай захирамж гарган намайг сургуулийн захирлаар томилж Гийг захирлаас чөлөөлсөн. Маргааш нь буюу 2015 оны 04-р сарын 02-ны өдөр Б/13 дугаартай захирамж гарган намайг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2009 оны 10 сард журмын дагуу сонгон шалгаруулалтаар орж байж энэ албанд томилогдсон. Эрүүл мэндээр доголдоогүй ажлаа хийж байгаа. Ажилд томилогдсоноос хойш нэг хоногийн дотор намайг ажиллуулах боломж олгоогүй байж Боловсрол соёлын газрын 1/92 тоот санал гарсан нь ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхэд итгэхгүй байна. Яагаад санал гаргах болсноо надад мэдэгдээгүй болно. Хариуцагчийн эдгээр үйлдэл нь өндөр албан тушаалаа буруу ашиглан удаа дараа хууль бус шийдвэр гаргаж намайг олон талаар дарамтлан хохироохын зэрэгцээ шүүх, хуулийн байгууллагыг үл хүндэтгэж эрх тэгш байдлыг алдагдуулсан үйлдэл гэж үзээдиргэнийхээ хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар аймгийн Засаг даргын Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, сургуулийн захирлаар эргүүлэн томилуулах, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн цалин болох 5.487.046 төгрөг, мөн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинг тус тус нөхөж олгуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажлаас чөлөөлүүлэх саналыг Боловсролын газраас ирүүлсэн. Тэр саналыг манайх өөрөө гаргаагүй. Саналыг хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Саналаа гаргахдаа өмнө нь гаргасан дүгнэлтээ үндэслэсэн байна. Тиймээс хуульд нийцээгүй санал байна гэж буцаах эрх байхгүй. Харин тэр саналыгүндэстэй, үндэсгүй гэж шүүхэд ямар нэгэн маргаан гараагүй байгаа. Нэхэмжлэгчийг буруутгаж байгаа гол зүйл бол дүгнэлт. Тухайн дүгнэлтийг үндэслэлтэй дүгнэлт байна гээд шүүх тогтоочихсон. Тийм учраас дүгнэлтээ үндэслээд Боловсролын газраас санал ирүүлсэн. Сургуулийн захирал, албан тушаалтан, нийгмийн хариуцлага хүлээж байгаа хүний хувьд ажил дээр нь шалгалт явуулж дүгнэлт өгсөн байгаа. Түүнээс биш хувь хүн талаас нь дүгнэлт өгөх боломжгүй. Бид нар өөр хууль баримтлаагүй. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиа л баримталсан. Энэ дээр зарчим гажаад байгаа зүйл байхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь нэг өдөр ажиллуулах боломж олгохгүй ажлаас чөлөөлсөн гэдэг асуудаляригдаж байна. Нэг өдрийн ажлыг үнэлж ажлаас чөлөөлөөд байгаа асуудал биш юм. Хэрвээ нэг өдрийн ажлыг үнэлж чөлөөлсөн бол яах гэж дүгнэлтийг үндэслэх юм бэ? Бид нар захирамжаа үндэслэлгүй гаргасан учраас хүчингүй болгож, дахин ажилд томилсон. Тэгээд санал ирэхээр ажлаас нь чөлөөлсөн. Өмнөх шүүх хуралдаанд цалин хөлс нэхэмжлээгүй байсан болохоор манай зүгээс олгох боломжгүй. Үүнийг нийгмийн даатгалын дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэж олгох ёстой байх. Урамшууллыг гаргаж өгөхболомжгүй. Яагаад гэвэл ажил хийгээгүй хүн урамшуулал авах боломжгүй гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан З аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгон Нийг тус аймгийн Түдэвтэй сумын бүрэн дунд боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн Ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал болох 7.025.059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... З аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай захирамж нь Аймгийн Боловсрол, соёлын газрын саналыг үндэслэн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт заасны дагуу гарсан тул үндэслэлтэй гэж үзэж байна. Аймгийн Боловсрол, соёлын газрын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/32 тоот санал нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/159 дугаартай дүгнэлтэнд үндэслэн гарсан байдаг тул Нийг мэргэжил, ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг нь заавал иргэн, аж ахуйн нэгжийн гомдол, хүсэлтийн дагуу шалгаж тогтоосны дараа ажилтанг чөлөөлөх талаар зохицуулалт байхгүй юм. Харин ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь салбарын болон тухайн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардсан байна. Иймд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

З аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б-13 дугаар захирамжаар тус аймгийн Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн захирал Нийг албан тушаалаас нь чөлөөлсөн байх ба уг захиргааны актыг нэхэмжлэгч Н эс зөвшөөрч Засаг даргын захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага гаргажээ.

Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх,Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан нь Засаг даргын эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт боловч аймгийн Засаг дарга энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө хууль бус Боловсрол, соёлын газрын саналыг үндэслэн шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчийн хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн байна.

Учир нь З аймгийн Боловсрол, соёлын газрын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/92 тоот албан бичгээр ирүүлсэн санал нь тус газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/159 дүгээр дүгнэлт, З аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11/745 тоот албан бичиг, төгсөлтийн ерөнхий шалгалтын дүн, багш ажилтнуудын санал, хүсэлтийг үндэслэсэн байх ба дээрхи дүгнэлт болон цагдаагийн байгууллагын албан бичиг, төгсөлтийн шалгалтын дүнд үндэслэж аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/303 дугаар захирамжаар Нийг Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэр,Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 59 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсон атал дахин уг үндэслэлийг баримталж ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг нэг асуудлаар удаа дараа зөрчиж байгаа зөрчил төдийгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй зайлсхийж буй санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Тодруулбал,

1/ З аймгийн Боловсрол, соёлын газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/159 дүгээр дүгнэлтэд захирлын болон багш ажилчдын ажлын чиг үүрэгтэй холбогдуулан хэн ямар үйл ажиллагааг хариуцан хийх байсныг тодорхой тусгаагүйнэхэмжлэгч юу хийх ёстой байсан, энэ үүргээ хэрхэн биелүүлээгүй, багш нарын үүрэг оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй талаар,

2/ З аймгийн Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн үйл ажиллагааг үнэлэхдээ байгууллагын менежмент, үндэсний болон орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, сургалтын орчны бүрдэлт, шаардлага,стандартын хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, арга зүй, багшийн хөгжил үнэлгээ, боловсролын үйлчилгээний хүртээмж, сургууль, эцэг эх, олон нийт, аж ахуйн газруудын хамтын ажиллагаа, чанарын үзүүлэлт зэрэг багц үнэлгээгээр үнэлсэн байхад зөвхөн нэхэмжлэгчийг дангаар буруутгах боломжгүй талаар,

3/ Сургуулийн хүүхдүүдийг тээвэрлэж явсан жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдалд нэхэмжлэгчийн гэм буруу болон нуун далдалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Цагдаагийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11/745 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл Нийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар тус тус анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгсөөр байхад хариуцагч 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Нийг Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилчихоод, аймгийн Боловсрол, соёлын газраас урьд гаргасан дүгнэлтээ санал болгон өөрчилсөнийг нягтлан шалгалгүйгээр маргааш нь буюу 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дахин ажлаас нь чөлөөлжээ.

Энэ нь З аймгийн Засаг даргын үйлдэл, үйл ажиллагаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэж заасантай нийцэхгүй байна.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

З аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/303 дугаар захирамж хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нь уг захирамжийн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, маргаан бүхий Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б-13 дугаар захирамжийн улмаас ажилгүй байсан хугацааны олговор болон урамшуулалт цалингийн талаарх маргаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ О.НОМУУЛИН