Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч:  *******,

Нарийн бичгийн дарга: *******

Хохирогч: *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, дээд боловсролтой, Түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй,  ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*****************

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн эхнэр *******г 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зүүн мөр лүү нь гараараа цохиж, 2021 оны 12 дугаар сард цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, хацар луу нь алгадаж, мөн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр толгой хэсэг рүү нь цохисон, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн эхнэр *******г 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохих, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шуу, шилбэний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэмшиж байна. Эхнэр бид хоёр 15 жил амьдарсан. Би амьдралаа зөв зохион байгуулж авч чадахгүй байна. Би шүүхээр 2 дахь удаагаа орж ирж байна. 3 дахь удаагаа ийм асуудал гаргахгүй. Би гэрээсээ хол ажилтай байдаг учраас гэртээ баяр ёслолын үеэр л ирдэг. Гэрээс хол байвал хэрүүл хийхгүй юм байна гэж бодож байгаа. 11 сард би өмнөх ажлаасаа гарсан. одоо гэдэг компанид ажилд орсон. Манайх санхүүгийн дарамтад ороод байгаа. Би амьдарч чадахгүй байгаагийн нотолгоо болоод байна. Би хохирогчид шүүх хуралтай холбоотой дарамт үзүүлээгүй. Хавтаст хэрэгт байгаа мэдүүлэг үнэн зөв. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрсөн. Үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Маргааш өглөө анги руу явна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Хэдэн тэрбум төгрөг нэхэмжлэх магадлал тун өндөр байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. гэдэг компани сарын 8,000,000 төгрөг дээр нь орон байраар хангая гэсэн. Энэ байдлыг харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэндээ үнэхээр гэмшиж байна.

Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

Би яллагдагчаар татах тогтоолыг танилцсаныг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 123 /

 Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Бид хоёр 15 жил амьдарсан. 1 сарын 05-ны өдөр надад гар хүрсэн асуудал байгаа. Бусдыг нь хэтрүүлээд ярьсан асуудал байгаа. Манай нөхөр цэргийн ангийн няравын ажилтай болсон. Үүнтэй холбоотой бага насны хүүхдээ харахад хүнд байсан. Энэ болгоноос бухимдаад чи хүүхдүүдээ хараад байж бай ажлаа өг гэж би хэлсэн. Тэгэхэд манай нөхөр ажил хийж энэ болгоныг зохицуулна гэсэн. Үүнээс болоод нөхрөө ажилд явуулахгүй гэж бодоод цагдаад өгчихсөн. Цахим гав зүүгээд ч хамаагүй гэртээ байг гэж бодоод мэдүүлгээ хэтрүүлээд өгчихсөн. Одоо нөхөр маань төмөр замын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Гурван сараас дөрвөн сарын хугацаанд ажиллаад зогсох учраас үнэ өртөгтэй техникүүд байдаг. Нөхөр хоригдох юм бол энэ үнэ өртөгтэй техникийн өрөнд орно. 1 сарын 05-ны өдөр л надад гар хүрсэн. Бусад зүйл дээр гар хүрээд байдаггүй. Хохирол гомдол байхгүй. Энэ асуудлаас хойш эвлэрсэн. Гэр бүлийнхээ хүнээс уучлал гуйж байна. Өмнө ******* 2019 оны 5 сарын 21-ний өдөр зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ хэтрүүлж ярьсан. Надад эрх, үүрэг танилцуулж мэдүүлэг авсан. Намайг ганц, нэг удаа түлхсэн би асуудлыг хэтрүүлж ярьсан. Бид ерөнхийдөө маргалдсан. Намайг тэгж аймар зодоогүй. 11 сарын 07-ны өдөр нөхөр намайг түлхсэн. Хана руу унахдаа би мөрөөрөө унасан. Нөхөр намайг зодоогүй маргалдсан. Нөхрөөс ямар нэгэн дарамт байхгүй. Би нөхрийгөө гэртээ байлгах үүднээс мэдүүлгээ хэтрүүлээд өгсөн гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би нөхөр *******тэй маргалдсан. Манай нөхөр гэртээ байж байгаад хэд хоног хот руу явчихдаг байнга яваад байхаар нь би их дургүй байсан. Гэтэл маргааш Улаанбаатар хот руу явна гэхээр нь би уурлахад намайг шууд золбин удамтай гэх мэтээр доромжилж миний үснээс татаж чирээд миний бие рүү өшиглөж нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би болиоч гэж уйлж байгаад болиулаад, гайгүй болоод байж байгаад би айл руу яваад ирье гэж худлаа хэлж гараад шууд цагдаа дээр ирсэн. Миний гар утсыг авсан байсан болохоор би цагдаад мэдэгдэж чадаагүй юм. Манай нөхөр ******* нь 2007 оноос эхлэн намайг байнга зодож доромжилдог мөн хүний уурлахааргүй зүйл дээр уурлаж дайрч догширч элдвээр хэлж зоддог болсон. Тэгээд хүү Мөнхцоожийг үе үе эхдээ хов зөөдөг гэх мэтээр дайрч зоддог. Өмнө нь намайг зодоход нүүр нүд л их хавдаж хөхөрдөг байсан. Хугарсан зүйл бол байгаагүй..

Манай нөхөр ер нь олон жилийн туршид гадуур явдаг байдалтай болсон, тийм ч ажлаар явлаа гээд байнга л ойр ойрхон Улаанбаатар хот руу явлаа гээд яваад байдаг болсон. 2011, 2012 оноос хойш ийм байдалтай байдаг болчихсон. Баянхонгор аймагт байхдаа бол гадуур их явдаг гэрт байхдаа бол байнга уурладаг, өөлөөд шүүмжлээд доромжлоод эхэлдэг байсан. Тэгээд ер нь гэр бүлийн асуудлыг шийдвэрлэдэггүй, утсаар яриад тийм асуудал байна гэж хэлэхээр огт тоодоггүй эргээд ярья гэж хэлээд утсаа тасалдаг. Би та нараас сална, салах юм чинь гэж хэлж харьцдаг байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хот руу явлаа гэхээр нь би гэртээ байдаггүй, дандаа хот руу явдаг гэж хэлээд бид хоёр маргалдаад нөхөр уурлаад нэлээд олон удаа хөргөгч, ханатай хавсраад толгой руу гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Арагш нь толгойгоор хана руу мөргүүлээд цохисон. Тэгээд хамар луу цохисон, баруун талын нүд чих хэсэг рүү цохисон.

Өмнө нь би одоо яг тэдний өдөр зодсон гэж он сар өдөртэй хэлж чадахгүй байна. Манай нөхөр 2019 оны 11 дүгээр сард л би Улаанбаатар хот руу явлаа ажил хийлээ гэж хэлээд явсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр ирсэн. Тэгээд хотод байсан үедээ л зоддоггүй, байгаа үедээ бол байнга л зодож хэрүүл хийж байсан. Ерөнхийдөө маш их зоддог. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр намайг зүүн мөр рүү гараараа 2-3 цохисон. Тэр үед нь миний зүүн мөр аймаар хөндүүрлээд хөдөлж чадахгүй болсон байсан. 2021 оны 12 дугаар сард би яг өдрийг нь санахгүй байна миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед бас хацар луу алгадсан зэргээр зодож байсан. Бас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тархи толгой руу цохиж зодсон. Хананд шахаж байгаад ханатай хавсраад толгой руу цохиж зодсон.

Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр намайг зодоход нь би цагдаад хандаж шалгуулж байсан. Харин бусад үед нь би цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаагүй. Тухайн үед миний биед гэмтэж бэртэж байсан талаар нотлох баримт, гэрэл зураг зэрэг надад одоо ямар ч баримт байхгүй. Харин 2019 онд би хүүхдүүдийнхээ хамт хамгаалах байранд байрлаж байсан. Манай гэр Баянхонгор сумын 10 дугаар багт Начин дэлгүүрийн орчимд хувийн хаус байшинд амьдардаг болохоор зэргэлдээ хөрш айл гэж байдаггүй. Манайх өөрийнхөө хаусан байшинд ганцаараа амьдардаг. Би нөхөртөө зодуулсан талаар хэн нэгэн хүнд хэлж ярьж байгаагүй. Би өөрөө Завхан аймгийн Их уул сумынх болохоор аймагт надад хамаатан садан байдаггүй. Би энэ талаар хэнд ч хэлж байгаагүй. Би эмчид үзүүлээгүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 97-98 /,

 Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

Би өдөр 13 цагаас давтлагатай байдаг юм. Тэгээд тухайн өдөр би гэртээ байгаагүй юу болсон талаар мэдэхгүй байна. Гэртээ 16 цагийн үед ирэхэд манай аав хувцсаа угааж байсан ээж байхгүй байсан. Тэгээд байж байхад аав цагдаа дээр дуудаад байна гээд гараад явсан удаагүй аав, ээж хоёр ирсэн. Ээжийн нүд нь хөхөрсөн байсан. Би юу болсон талаар нь асуугаагүй. Аав ээжийг хааяа л зоддог. Юунаас болдог бэ гэхээр манай аав Улаанбаатар хотод ажил хийдэг болохоор үе үе Улаанбаатар хот руу явдаг тэгэхээр нь ээж хардаад хэрүүл хийгээд байдаг аавыг ирэхээр нь хардаад гэрийн өрөө өрөө дамжаад араас нь яваад хэрүүл хийгээд байдаг тэгээд аав уурлаад ээжийг цохидог ээж бас зөрүүлээд цохиод байдаг юм. Тэгэхдээ нэг их аймар зодоод байдаггүй. Манай аав бид 3-ыг зодоод байдаггүй. Харин буруу зүйл хийхээр загнаж хааяа зөөлхөн цохидог. Эхдээ хов зөөдөг гэж хааяа загнадаг гэхдээ зодоод байдаггүй... гэх мэдүүлэг /хр-ийн 20-21 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 59 дугаар шинжээчийн

1. *******гийн биед баруун нүдний  дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шуу, шилбэний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 114-118 /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртэл /хх-ийн 01/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-95/, аюулгүй зэргийн  үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 02-04/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 32-36/, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын 2022 оны 1 дүгээ сарын 31-ний өдрийн 1а/06 тоот албан бичиг, хавсралтууд /хх-ийн 38-53/, 1914000265 дугаар зөрчлийн хэргийн материалын хуулбарууд /хх-ийн 60-88/, Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар тушаал /хх-ийн 102/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 129/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 131-132/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 133/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/, депозит дансны хуулганууд /хх-ийн 136-137, 142/,  эвлэрлийн гэрээ /хх-ийн 145-146/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч,хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн эхнэр *******г 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зүүн мөр лүү нь гараараа цохиж, 2021 оны 12 дугаар сард цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, хацар луу нь алгадаж, мөн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр толгой хэсэг рүү нь цохисон, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохиХ, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн эхнэр *******г 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үснээс нь зулгаан нүүр хэсэгт нь гараараа цохих, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шуу, шилбэний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч  *******гийн мэдүүлэг /хх-ийн 123/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 13-14, 97-98/, насанд хүрээгүй гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 59 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан бөгөөд шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь энэ хуулийн үйлчлэлд бүрэн хамаарч байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч ******* нь хохирогч *******г удаа дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 07, 2021 оны 12 дугаар сард, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байнга зодсон,  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* тоотод байх гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүлийн хамараал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г тус тус зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэмт хэргүүдийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байнгын шинжтэй үйлдэл байх ба байнга гэдэг нь тооны илэрхийлэлийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

Мөн гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, аль нэг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна.

Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг бөгөөд хохирогч нь шүүгдэгчид байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх түүний мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч ******* нь эхнэр *******г удаа , дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү .... гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт.... Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй... гэжээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... skyword маркийн 43 инчийн  LCD маркийн зурагт 1 ширхэг....-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ********************************* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 2.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30  хоногийн хорих ялын нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... skyword маркийн 43 инчийн  LCD маркийн зурагт 1 ширхэг....-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА