Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/085 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ****************** овогт *************************, регистрийн дугаар: /******************/,

 Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны  өдрийн өглөө 05 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн гудамжинд иргэн *******гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, буйлны цус хуралт, дээд доод уруулын няцарч, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой ******* гэх хүнтэй маргалдаад гараараа 1 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Өөр зодож, цохисон зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 /                                              

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

өглөө 05 цагийн үед найз *******ынд байж байтал манай дүү ******* хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд би ямар хүнд зодуулсан талаар асуухад танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн. Би *******ын гэрээс гараад гудамж руу нь ганцаараа гартал гудамжинд гурван хүн зогсож байсанс очоод *******г зодсон юм уу гэж асуутал гэнэт нэг залуу миний нүүр лүү цохиод авсан. Араас манай дүү ******* гарч ирээд намайг цохисон залуутай барилцаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгачихаад зогсож байтал нөгөө үл таних залуу дахиад миний шүд рүү цохисон. Тэгээд миний дээд талын үүдэн 1 шүд унасан. Дээд талын бас нэг шүд хөдөлсөн, яг унах гэж байгаа жаахан арьсан дээр тогтож байна. Тэгээд тэр залуус гудамж уруудаад гүйгээд зугтсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 /,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

Би шөнө 03 цагийн үед найз *******ын хамт тээврийн товчоон дээр очиж хоол идэхээр явж байсан. Би өмнөх өдрүүдэд нь нойр муутай байсан болохоор унтсан байсан нэг мэдсэн чинь машинд хүмүүс суучихсан чанга чанга дуугараад байсан. Тэгэхээр би дуугүй байгаа ч, том яриатай гэсэн чинь нэг залуу нь намайг араас 2 удаа цохиод авсан.Тэгээд буугаад барилцаж авчихаад би уур хүрээд байсан болохоор Хөх толгой руу ах руугаа дагуулаад явсан. Би ахын гадаа очоод ах *******г орж дуудсан. Би хашаа руу орчихоод гараад иртэл ******* гэх залуу манай ах *******гийн ам руу гараараа цохичихоод зугтаасан байсан. Манай ах *******гийн үүдэн 1 шүд нь ойчсон, бас нэг шүд нь хөдлөөд унах гэж байсан. Тэгээд манай ах ******* цагдаад дуудлага өгсөн. Надад бол гомдол санал, хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 /,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

орой 23 цагийн үед Би найз , ******* бид гурав Хөх толгойн голд уулзаад манай дүү ынд орсон. Тэндээ бид гурав том савтай 1 пиво уучихаад нэлээн юм яриад суусан. ******* ах нэг цэргийн он жав руугаа яриад хүргүүлэхээр болсон. Удалгүй цэргийн он жав нь нэг залуутай ирсэн. ******* ах нөгөө залуутай хэрэлдээд араас нь 2, 3 удаа цохиод авсан. Нөгөө үл таних залуу манай ахынд очъё гээд жолоочид хэлсэн. Нэг айлын гадна очсон. Нөгөө үл таних залуу ахыгаа дуудна гээд хашаа руу орсон. Би ******* ахын хамт машины гадна зогсож байтал хашаанаас нэг залуу гарч ирээд ******* ахыг тэврээд автал дүү нь цаанаас нь гарч ирээд ******* ахыг цохисон. Би дундуур нь ороод салгатал дүү нь буцаад хашаа руу орсон. ******* ах нөгөө үлдсэн залуугийн нүүрэнд гараараа цохисон. Хашаанаас дахиад нэг залуу гараад ирэхээр нь бид нар зугтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022  оны 2 дугаар сарын 11-ний  өдрийн 165 дугаар шинжээчийн

1. *******гийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, буйлны цус хуралт, дээд, доод уруулын няцарч, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 34-35/

-Гэмт  хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай /хх-ийн 01-02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 67-68/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн  88/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, депозит дансны хуулганууд /хх-ийн 52-56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 84/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 05 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн гудамжинд иргэн *******гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, буйлны цус хуралт, дээд доод уруулын няцарч, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 76-77 /, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 7-9 /, Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 13-15 /, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 18-20 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022  оны 2 дугаар сарын 11-ний  өдрийн 165 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, буйлны цус хуралт, дээд, доод уруулын няцарч, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 34-35 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 360,000 төгрөг бэлнээр авч, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч ******* нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 10/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу  4 сарын хугацаанд  төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй болно.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **************************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА