Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/373

 

 

 

 

 

 

     2018         05            02                                          373

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

иргэдийн төлөөлөгч Б.Мөнхбаатар

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Д.Э...............р, түүний өмгөөлөгч Н.Шажинбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2146)

шүүгдэгч Ж.М.................н, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1527), өмгөөлөгч Н.Манлайжав (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1284) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Цогтынхон овогт Ж................ны М................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2016 2601 2336 дугаартай, 3 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цогтынхон овогт Ж................ны М.................н, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 1994 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ................... оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар .....................

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхэд ирүүлсэн хэргийн агуулга (яллах дүгнэлт дурдсанаар)

Ж.М.................н нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 8 дугаар орцны орчимд 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө иргэн Д.Э...............рыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж нүд рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөж “зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Ж.М.................н шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Хохирогч Д.Э...............р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ажлаа тараад хоёр найзтайгаа уулзаад бид нар Б.............нтэй уулзахаар Хорхорин захын хойд талын 32 дугаар байр руу явсан. Тэгээд бид нар уулзаад байрны гадна байдаг саадан дотор хүний 2 шил пиво авч уусан. Тэгээд харих гээд утсаараа мессеж бичээд явж байгаад харсан чинь Б.Ш...........аг хэдэн залуучууд тойроод зогсож байгаад нэг залуу нь Б.Ш...............аг цохиод унагаасан. Тэгэхээр нь би болиоч гээд наанаас нь яваад очиход нэг залуу намайг цохиод газар унагаасан. Би газар унасан үеэс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна. Би эмчилгээний зардалд 8.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Мөн би цаашид юм хармаар байна. Шүүгдэгч Ж.М.................нд маш их гомдолтой байна. Би энэ гэмтлийг авснаас хойш ажлаа хийж чадахгүй, өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарсан байгаа...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Э...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн орой 23 цаг өнгөрч байхад ажлаасаа тарсан. Тэгээд бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй Б.Ш...............а гэх залуутай түүний 80770906 дугаартай утас руу залгаж яриад бид хоёр уулзахаар болж...32 дугаар байр руу очиж... найз Б.............нтэй уулзсан. Бид гурав уулзаж хүний 2, 2 сэнгүр пиво авч 32 дугаар байрны урд сааданд сууж уусан. Бид нар юм ярьж сууж байгаад 01 цаг өнгөрч байхад би гэр рүүгээ харихаар болоод Б.Ш...............а миний өмнө утсаар яриад түрүүлээд явж байсан ба би араас нь эгч рүүгээ мессеж биччихээд харсан чинь Б.Ш...............аг баахан залуучууд тойрчихсон нэг залуу шанаадаж байсан. Би тэдэн рүү очиж хөөе болиоч ээ гэхэд намайг Б.Ш...............аг цохиж байсан залуу шууд ам орчимд гараараа цохиод авсан. Тэгэхэд би газарт унасан...Би ходоодны хагалгаанд орсон байсан учраас гэдсээ дараа хажуу тийш харж хэвтсэн...тэгэхэд хэнийг нь мэдэхгүй...нэг нь миний нүд рүү өшиглөсөн...Болор мэлмий эмнэлэгт яаралтай... нүдний хагалгаанд ороод...эмнэлэгт 5 хоног хэвтээд гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-70),

- “...Эрүү шанаа орчимдоо цохиулаад унасан. Унахдаа ухаан алдаад унасан тэгэхдээ бас ухаан орж гараад байсан. Үүнд миний уусан 2 пиво нөлөөлсөн байх...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 71),

- “...Б.Ш...............агийн хажууд зогсож байсан залуу миний нүүр рүү цохиод унагаасан. Тэгэхээр нь би гэдсэндээ хагалгаатай учир гэдсээ тэврээд нүдээ аниад хэвтсэн. Тэгээд хэвтэж байхад нэг нь миний нүд рүү хөлөөрөө өшиглөсөн гэж бодож байна. Тэгээд манараад хэвтэж байгаад харахад Б.Ш...............аг нэг залуу үснээс нь чирээд байсан. Намайг эхлээд нэг хүн 2 удаа нүүр орчимд цохисон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72-74),

- “...Би бас тэр үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан зэргээ бодохоор би одоо тэр хүнийг танихгүй. Тэгэхээр одоо миний өгч байгаа мэдүүлэг үнэн зөв юм. Миний нүд рүү нэг хүн өшиглөсөн. Би яаж мэдэж байгаа гэхээр би гэдсээ дараад нүдээ аньсан байсан ч гэсэн миний нүд рүү цохисон зүйл гарыг бодвол том дээрээс нь хүчтэй цохилт байсан. Бас гарны арьс биш ямар нэгэн гутал пүүзний материал байсан. Тэгэхдээ би гутал пүүз 2-г ялгаж чадахгүй байна. Би яг ямар чимээ гарсныг бол санахгүй байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. Би урд нь нэхэмжилсэн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Төлбөр мөнгөө бүрэн авбал ямар нэгэн санал гомдол байхгүй. Өнөмөнхийн ар гэрээс 800.000 төгрөг өгсөн байгаа. Өөр хэн нэгэн ямар нэгэн байдлаар хохирол барагдуулаагүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 75),

- “...Миний нүд рүү хэн өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй, хараагүй, тухайн үед би нүдээ аниад хэвтэж байсан. Эхлээд миний нүүр рүү цохисон залуу өшиглөсөн гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 51-53),

2. З.Бишрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- Сэжигтнээр өгсөн: “...Өнөмөнхөд цохиулаад унасан буржгар үстэй залуу машины тээшийг налаад суучихсан байдалтай байж байснаа...босох гэтэл Ж.М.................н очоод нүүр рүү нь 1 удаа өшиглөөд унагаачихсан ба өшиглөх үед пид хийх чимээ гарсан. Тэгэхэд Номио эгч Ж.М................нийг уначихсан хүнийг цохихоо болиоч гэсэн утгатай юм яриад байж байсан ба би татаж салгасан... буржгар үстэй залууг...Ж.М................нийг цохиж байхыг надаас гадна Номио эгч харсан байх. Ж.М.................н ах намайг эхэндээ буржгар үстэй залууг өшиглөсөн гэдгийг битгий хэл гээд гуйгаад байсан. Харин би дараа нь М.Энх-Учралд Ж.М.................н буржгар үстэй залууг өшиглөчихсөн юм шиг байна лээ гэж хэлснээс хойш надтай таарахаараа муухай дээрэнгүй харьцах болсон. Тэгээд би хэлээгүй юм. Миний ярьсан зүйлийг Г.Н.............н нотлоно гэж бодож байна. Зодоон болсон өдрөөс бараг сарын дараа би утасны Voice Record тохиргоон дээр Г.Н.............нтай 33 дугаар байрны 6 дугаар орцонд юм ярьж байхдаа хийсэн бичлэг байгаа энэ бичлэгийг авчирч өгье...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 213-214, 204-205),

- Гэрчээр өгсөн: “...Д.Э...............р нь машины багааж хэсгийг налаад суучихсан байхад...Ж.М.................н баруун талд зогсож байснаа Д.Э...............рын нүүр рүү өшиглөсөн. Өшиглөх үед пид гэх аймаар эвгүй чимээ гарсан. Үүнийг Номио эгч харсан. Тэгтэл Номио эгч чи унасан хүнийг цохихоо болиоч гэж байсан. Ж.М.................н Д.Э...............р гэх буржгар үстэй залуугийн зүүн нүдний хэсэгт өшиглөсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 57-59),

3. Г.Н.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- Гэрчээр өгсөн (1 хавтаст хэргийн 119-120, 125-127)  мэдүүлгүүд,

- Сэжигтнээр өгсөн: “...З.Бишрэл бид хоёр дээр 8 дугаар орцны урд ирсэн. Тэгэхэд өндөр буржгар үстэй залуу зогсоол дээр зогсож байсан машины тээшний хэсгийг налаад суучихсан...байснаа...босох гэхэд Ж.М.................н араас нь очоод нүүр рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөхийг харсан боловч дараа нь Ж.М.................нэс асуухад өшиглөөгүй гээд байхаар нь өөртөө эргэлзээд хэлж чадаагүй юм. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хууль зөрчихийг хүсээгүй. Бас Ж.М.................нтэй багын найзууд болохоор бас тухайн үед найзыгаа бодоод хэлж чадаагүй. Дээрх бичлэг дээр яриа З.Бишрэл бид хоёрын хооронд болж өнгөрсөн яриа байна. Эмэгтэй хүн нь би эрэгтэй З.Бишрэл байна. Дээрх яриа яг хэзээ болсон он сарыг нь сайн мэдэхгүй, бичлэг дээрх яриа үнэн зөв бичигдсэн байна. Би бичлэг дээр З.Бишрэлд өөрийнхөө сэтгэгдлийг хэлсэн. Тэгээд Ж.М.................нэс асуухад өшиглөөгүй гээд байхаар нь эргэлзээд байсан юм. ...Намайг харж байхад Ж.М.................нэс өөр хэн нэгэн буржгар үстэй өндөр залууг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 11-12),

- Яллагдагчаар өгсөн: “...Ж.М.................н Д.Э...............рыг өшиглөхөд пид хийх чимээ гарсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 14-15),

“...Тухайн үед би Ж.М.................н Д.Э...............р гэх буржгар үстэй залууг...өшиглөж байхыг харсан. Яг өшиглөх үед пид хийх чимээ гарсан.  Тэгэхээр нь би очоод чи газар уначихсан байгаа хүнийг яах гэж өшиглөж байгаан гэтэл шууд цаашаагаа...яваад өгсөн. ...Ж.М.................н...машин налаад уначихсан байсан залуу...өндийгөөд ирсэн чинь нүүрнийх нь зүүн нүдний хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр үед цохиулсан залуу буцаад хажуу талаараа газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 48-50),

4. Насанд хүрээгүй гэрч М.Энх-Учралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урд өгсөн мэдүүлэгтээ З.Бишрэл надтай цагдаагийн газрын гадаа уулзаад юм яриад зогсож байхдаа буржгар үстэй залууг хэн өшиглөснийг би мэднэ гэж байсан. Тэгэхээр нь би хэн юм бэ гэж асуухад Мөнхөө ах өшиглөсөн юм гэж хэлэхээр нь би чи тэгээд харсан юм бол яагаад байцаагчид үнэнийг хэлэхгүй байгаа юм бэ гэхэд “би нэг байранд цуг өссөн ахыгаа хэлж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд Г.Н.............н эгч бас харсан гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь цагдаагийн газрын гадаа З.Бишрэлтэй тааралдаад чи үнэнийг байцаагчид хэлээч гэхэд Номио эгч бас харсан буржгар үстэй залууг уг өндийгөөд босож ирж байхад нь өшиглөсөн гэж Номио эгч бас надад хэлсэн  гэж байсан. Байцаагч намайг яг нүдээрээ харсан бодит үнэнээ хэл, худлаа ярьж болохгүй гэсэн болохоор би хэлээгүй юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 195-196),

5. Б.Өнөмөнхийн  мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...З.Бишрэл миний мөрөн дээр дарж байгаад Д.Э...............рын гуя орчим жийж өшиглөсөн боловч шүргээд өнгөрсөн. Тэгэхэд Д.Э...............р намайг гэж бодсон бололтой над руу хараад зүүн мөр рүү гараараа түлхээд над руу нэг алхахаар нь би зөрүүлээд цээж рүү нь түлхтэл Д.Э...............р машин налаад зогссон...З.Бишрэл зодоон болж байхад Ж.М.................н Д.Э...............рын толгой дээр дэвссэн тэрийг нь харсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 194-196),

6. Б.Ш...............агийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- Хохирогчоор өгсөн (1 хавтаст хэргийн 61-63) мэдүүлэг,

- Сэжигтнээр өгсөн: “...Д.Э...............р 32 дугаар байрны орцны ойролцоо газар хэвтэж байхаар нь би босгоод 32, 33 дугаар байрны голоор гараад такси бариад миний амьдарч байсан Мэргээ гэж найзын гэрт очоод бид хоёр хоносон. Тэгээд өглөө нь босоод ирэхэд миний бие хөндүүртэй нүүр ам цус болсон. Д.Э...............рын зүүн нүд юм харахгүй байна гэхээр нь Д.Э...............рын хамт ажилладаг Тэмүүжин гэх ах руу ярьж Д.Э...............рыг ирж аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 219-220),

7. Гэрч Г.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө намайг ажил дээрээ байж байхад 10 цагийн орчим над руу Д.Э...............р залгаад өчигдөр орой хүнд зодуулчихлаа нүд өвдөөд юм харахгүй байна гэхээр нь би машинтай Сонгинохайрханы арын гэр хорооллоос...очиж Д.Э...............рыг аваад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд оёдол тавиулсан. ...Намайг Д.Э...............рыг анх очиж авахад түүний зүүн нүдний цагаан нь улаан өнгөтэй болсон...эмнэлгээр дагуулж явж байхад...нүд нь бага зэрэг цустай юм шиг нулимс нь цийлгэнэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 83-84),

8. Гэрч М.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Долгорын Д.Э...............р нь манай “Болор мэлмий” эмнэлэгт зүүн нүдээ 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүнд зодуулсны улмаас зүүн нүд харахгүй болсон гэх зовиуртайгаар ирээд тэр даруйдаа яаралтайгаар мэс засалд орсон. Мэс заслаар нүдний бүх давхаргыг хамарч хагарсан шархыг оёж цэгцэлсэн, гэмтсэн болор, шилэнцэрийг авсан, цус харвалтыг цэвэрлэсэн, торлог бүрхүүлийг суулгаж лазерын бэхэлгээ хийсэн, шилэнцэрийн...хөндийг слекон тосоор дүүргэсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 93-95),

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12732 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний доод зовхинд мэс заслын оёдол бүхий шархтай, дээд доод зовхинд тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн нүдний алимны 7, 10 цагийн түвшинд шархтай, салстад тархмал улаан ягаан өнгийн цус харвалттай. Дээд уруулын дотор салстад 0.7х0.2см хүрэн шаргал өнгийн язралтай.

Болор Мэлмий эмнэлэг өвчний түүх №621/13621:...Клиникийн оношийн үндэслэл: Зовиураас: Зүүн нүд юм харахгүй гэнэ, бага зэрэг өвдөж байгаа. БНХ=1.0, ЗНХ=хөдөлгөөн мэдэрнэ. Эвэрлэгт 7-8мм орчим урагдсан бүх давхаргыг хамарсан ~6мм орчим шархтай, түүгээр шилэнцэр, торлог, судаслаг гоожсон. b-scan: зүүн нүдний бүтэц алдагдсан. Үндсэн онош: Зүүн нүдний битүү гэмтэл, нүдний алим, эвэрлэгийн нэвт гэмтэл. Дагалдах онош: Зүүн нүдний торлогийн ховхрол...зүүн нүд склер дотор талд 7-8мм задарсан босоо шархтай...зүүн нүдний солонгон бүрхүүл склерийн шархаар гарч ирсэн. ...зүүн нүдний хараа хөдөлгөөн мэдрэх төдий...хүүхэн хараа ...зүүн талд...клиник оношийн үндэслэлд . b-scan: зүүн нүдний бүтэц алдагдсан. Онош: Зүүн нүдний битүү гэмтэл, нүдний алим, эвэрлэгийн нэвтэрсэн гэмтэл... ДҮГНЭЛТ:

1. Д.Э...............рын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн шарх, агуулагдахууны гоожилт, торлогийн ховхролт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 5 Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34-д зааснаар 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 157),

- Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Д.Э...............рын нүдэнд учирсан гэмтлүүд нь учирах үедээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 175-176),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 305 дугаар дүгнэлт

1.Урьд гарсан 12731 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Хийгдсэн мэс засал эмчилгээ нь урьд гарсан гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.

3. Д.Э...............рын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн шарх, агуулагдахууны гоожилт, торлогийн ховхролт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хурал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

4. Дээрх нүдний гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34-д зааснаар 35 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 164-165),

11. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд “...З.Бишрэлээс ...хар өнгийн I phone-4 маркийн гар утсыг хураан авав...” гэх баримт, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “..З.Бишрэлд хар өнгийн I phone-4 маркийн гар утсыг хүлээлгэн өгөв...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 51-52),

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сэжигтэн З.Бишрэлээс хураан авсан хар өнгийн I phone-4 маркийн гар утасны “Voice Memos” цэс рүү ороход 2016 оны 12 дугаар сарын 07 гэсэн он сартай 6 минут 39 секундын бичлэг байв...” гэх баримт (1 хавтаст хэргийн 53-54),

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний 0676 дугаар дүгнэлт

“...Шинжилгээнд “SOMEI” гэсэн бичигтэй цагаан өнгийн CD диск ирүүлсэн нь тогтоолд дурьдсантай тохирч байна.

“...1.Шинжилгээнд ирүүлсэн СD дискэнд хадгалагдаж байгаа “01 Тrack” гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн харилцан ярианы бичлэгүүдэд З.Бишрэлийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан УП98062874 регистрийн дугаартай З.Бишрэлийн дуу авиатай дуу авианы үндсэн шинжүүд болох ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэргээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн харилцан ярианы бичлэгүүдэд Г.Н.............нгын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан УХ93112304 регистрийн дугаартай Г.Н.............нгын дуу авиатай дуу авианы үндсэн шинжүүд болох ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэргээр тохирч байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн CD диксэнд хадгалагдаж байгаа “01 Track 1” гэсэн нэртэй дуу авианы бичлэгт эвлүүлэг хийгдээгүй...”  гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 144-148),

13. Ж.М................ний мөрдөн шалгах ажиллагаанд;

- Сэжигтнээр өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 9-ний шөнө 23 цагийн орчимд би өөрийн найз Г.Н.............н, М.Билигжаргал, З.Бишрэл, Отгонбаяр нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны...голд байрлах сагсны талбай дээр сагс тоглож байсан. Тэгэхэд үл таних саарал үстэй хар өнгийн савхи өмссөн 20-25 орчим насны залуу бид нар дээр дөхөж ирээд Төмрөөг таних уу, хэдэн хүний нэр хэлээд та нар таних уу, гээд бид нараас асуухаар нь бид нар танихгүй гэхэд цаанаас нь бас 2 залуу сагсны талбай руу ороод ирсэн. Тэр үед саарал үстэй Б.Ш...............а гэх...залуу сагсны бөмбөг авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би бөмбөгөө булааж аваад шууд эргэж найзуудтайгаа сагсны талбайн нөгөө талын хаалгаар гараад 32-р байрны 8 дугаар орцны урд очоод юм яриад сууж байсан. Тэгэхэд А.Амардөлгөөн аркаар гарч ирээд Төв цэнгэлдэх дээр тоглолт үзчихээд ирлээ гээд бид нартай юм яриад сууж байсан. Тэгээд сууж байхад манай байрны Бадмаа гэдэг хүүхэд 32-р байрны аркны ертөнцийн зүгээр хойд талд нь найзуудтайгаа зогсож байсныг А.Амардөлгөөн хараад бид нарт хэлэхэд З.Бишрэл Бадмааг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Бадмаа найзуудтайгаа бид нар дээр ирэхэд анх сагсны талбай дээр бид нарын бөмбөг булааж аваад байсан 3-н залуу цуг ирсэн. Тэгээд ирснээ Б.Ш...............а М.Билигжаргал руу дөхөж очоод хацар руу нь алгадаад энэ танай ах нар юм уу гэх зэргээр дээрэлхээд байсан. Тэгэхээр нь А.Амардөлгөөн, Отгонбаяр бид гурав 32-р байрны 9 дүгээр орцны зүг явсан. Тэгээд эргээд харахад Б.Ш...............а М.Билигжаргалыг дээрэлхээд байхаар нь Отгонбаяр бид 2 буцаад очсон. Б.Ш...............а М.Билигжаргалыг цагаан өнгийн чихэвчээр хоолойг нь дараад боогоод М.Билигжаргал яг тавиулаад холдож байсан. Тэгэхэд араас А.Амардөлгөөн гартаа архины шил бариад хүрээд ирсэн. А.Амардөлгөөн та нар хэн юм яагаад байранд ирчихээд томроод байгаа юм бэ гэх зэргээр хэлээд гартаа барьсан шилээ хий саваад байсан. Тэр үед З.Бишрэл Б.Ш...............аг цээж орчимд нь жийж өшиглөсөн. Тэр үед шил хагарах чимээ гарсан ба би А.Амардөлгөөнийг хэн нэгнийг цохисон эсэхийг хараагүй. Тэгээд бужигнаад хэн юу хийж байгаа нь харагдахгүй байхад буржгар үстэй залууг нэг хүн нүүр орчим руу нь гараараа цохиод унагаасан. Харин намхан залуу яасныг мэдэхгүй газар уначихсан байсан. Тэгээд шил хагарах чимээ гарсны дараа Б.Ш...............а цаашаа сагсны талбай зүг рүү гүйж байгаад унасан араас нь А.Амардөлгөөн, М.Билигжаргал, З.Бишрэл, Бадам-Очир нар очоод хөл гараараа цохиод байхаар нь би гүйгээд очиход М.Билигжаргал Б.Ш...............аг татаж гаргаж ирээд нүүр рүү 2 гараараа ээлжлэн олон удаа цохисон. Яг энэ үед аркнаас нэг эгч гарч ирээд та нар хүн аллаа цагдаа дуудна гээд орилохоор нь бид нар Г.Н.............н, М.Билигжаргал бид нар 8 дугаар орц руу ороод шууд гэр рүүгээ орсон...Би тэр гурвыг урьд өмнө харж байгаагүй. Харин саарал үстэй залууг Б.Ш...............а гэдгийг дараа нь цагдаа дээр ирэхдээ мэдсэн юм...Б.Ш...............а 2 найзтайгаа халамцуу биеэ авч явах чадвартай байсан. Бид нар эрүүл байсан. А.Амардөлгөөн бага зэрэг халамцуу байсан. А.Амардөлгөөн Б.Ш...............аг унасан байхад үсдэж байгаад газар 2-3 удаа мөргүүлсэн. Бадам-Очир 1-2 удаа Б.Ш...............аг өшиглөсөн. З.Бишрэл бас Б.Ш...............аг унасан байхад нь нэг удаа өшиглөсөн. М.Билигжаргал 2 гараараа ээлжлээд Б.Ш...............аг 5-6 удаа цохисон.  Б.Ш...............агийн найз буржгар үстэй залууг нэг нь цохиж унагаасан хэн гэдгийг нь хараагүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 250, 2 хавтаст хэргийн 1-2),

- Яллагдагчаар өгсөн: “...Би угаасаа Д.Э...............рыг цохиогүй. Тийм болохоор сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...би сэжигтнээр өгсөн байцаалтад дээрээ бүгдийг үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан байгаа одоо надад нэмж ярих зүйл алга...Миний санаж байгаагаар А.Амардөлгөөн, М.Билигжаргал, З.Бишрэл нар Б.Ш...............агийн хажууд очсон байсан ба бараг бүгд очсон байсан. Хэн хэн яг яаж цохиж зодож байсныг нь би сайн харж чадаагүй ямар ч байсан М.Билигжаргалыг Б.Ш...............агийн дээр гараад цохиж байхад хойноос нь тэвэрч салгаад би өөрөө холдсон...Би яг хэн цохисоныг нь хараагүй. Буржгар үстэй залууг 32-р байрны 8 дугаар орцны урд талын зогсоол дээр цагаан өнгийн марк 2 маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсгийг налаад уначихсан байхыг нь харсан. ...Тэр залууг одоо харвал танихгүй...би тэр үед Г.Н.............н хаана зогсож байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 4-5),

“...Д.Э...............рын хажууд 10 жилийн хүүхэд зогсож байсан гэж З.Бишрэл ярьдаг. Отгонбаяр манай ээжтэй уулзаж ярилцахдаа Д.Э...............рын хажууд нэг хүүхэд хэвтэж байгаад босож хойшоо 33 дугаар байрны тийшээ явсан гэсэн. Ээжид тэгж хэлсэн байсан. Ийм учраас тэр хүүхдийг олж шалгуулах хүсэлтэй байна...Би Б.Ш...............аг М.Билигжаргал зодож байхыг хараад очиж М.Билигжаргалыг салгах гэж араас нь очиж тэврээд холдуулсан. Тэгээд орц руугаа Г.Н.............н, М.Билигжаргал нарын хамт яваад орсон....Би хохирогчийг өшиглөөгүй. Газар унасныг ч хараагүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 41-42),

14. Цагдаагийн дуудлага, мэдээллийн бүртгэлийн хуудас (1 хавтаст хэргийн 90),

- Хохирогчийн “Болор мэлмий” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний 621/13621 дугаартай түүх (2 хавтаст хэргийн 151-163), хохирлын баримтууд (1 хавтаст хэргийн 11, 2 хавтаст хэргийн 122-127, 232, 3 хавтаст хэргийн 81), өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ (3 хавтаст хэргийн 82-84), ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал (3 хавтаст хэргийн 195)

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Отгонбаярын өгсөн (1 хавтаст хэргийн 105-107, 2 хавтаст хэргийн 197-199, 3 хавтаст хэргийн 54-56) мэдүүлэг, гэрч П.Энхтөрийн өгсөн (1 хавтаст хэргийн 87-89) мэдүүлэг, гэрч Д.Лхагважавын өгсөн (1 хавтаст хэргийн 96-97) мэдүүлэг, гэрч Ш.Мөнхтулгын өгсөн (1 хавтаст хэргийн 98-100) мэдүүлэг, гэрч С.Эрдэнээгийн өгсөн (1 хавтаст хэргийн 115-116) мэдүүлэг, М.М.Билигжаргалын хохирогч, сэжигтэн, яллагдагчаар тус тус өгсөн (1 хавтаст хэргийн 65-67, 240-242, 2 хавтаст хэргийн 46-47, 3 хавтаст хэргийн 46-47) мэдүүлгүүд, Г.Бадамдоржийн хохирогчоор өгсөн (1 хавтаст хэргийн 202-205) мэдүүлэг, А.Амардөлгөөний сэжигтнээр өгсөн (1 хавтаст хэргийн 229-231) мэдүүлэг,

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 56), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны шинжээчийн 1997 дугаар дүгнэлт (1 хавтаст хэргийн 168), үзлэг хийсэн тэмдэглэл (3 хавтаст хэргийн 60-61),

- Шүүгдэгч Ж.М................ний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 23, 92), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 29), хувийн байдлын талаарх баримтууд (2 хавтаст хэргийн 40-48), хохирол төлсөн баримт (3 хавтаст хэргийн 198) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.М.................нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

- Улсын яллагчаас шүүгдэгч Ж.М................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутай гэх дүгнэлт  гаргасан боловч тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж үзэх нотлох баримт хангалтгүй байна.

Тухайлбал, Б.Өнөмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...З.Бишрэл миний мөрөн дээр дарж байгаад Д.Э...............рын гуя орчим жийж өшиглөсөн боловч шүргээд өнгөрсөн. Тэгэхэд Д.Э...............р намайг гэж бодсон бололтой над руу хараад зүүн мөр рүү гараараа түлхээд над руу нэг алхахаар нь би зөрүүлээд цээж рүү нь түлхтэл Д.Э...............р машин налаад зогссон...” гэх мэдүүлэг,

- хохирогч Д.Э...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн орой 23 цагт...Б.Ш...............а...найз Б.............нтэй уулзсан. Бид гурав уулзаж хүний 2, 2 сэнгүр пиво авч 32 дугаар байрны урд сааданд сууж уусан. Бид нар юм ярьж сууж байгаад 01 цаг өнгөрч байхад би гэр рүүгээ харихаар болоод Б.Ш...............а миний өмнө утсаар яриад түрүүлээд явж байсан ба би араас нь эгч рүүгээ мессеж биччихээд харсан чинь Б.Ш...............аг баахан залуучууд тойрчихсон нэг залуу шанаадаж байсан. Би тэдэн рүү очиж “хөөе болиоч ээ” гэхэд Б.Ш...............аг цохиж байсан залуу шууд миний ам орчимд гараараа цохиод авсан. Тэгэхэд би газарт унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-70) зэргээс үзэхэд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байх ба бусдад цохиулан унасан нь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэж үзэх шалгуурт хамааралгүй гэж үзнэ. 

Харин шүүгдэгчийн өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Д.Э...............рт хүнд зэргийн гэмтэл авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч Д.Э...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн орой 23 цагт...Б.Ш...............а...найз Б.............нтэй уулзсан. Бид гурав уулзаж хүний 2, 2 сэнгүр пиво авч 32 дугаар байрны урд сааданд сууж уусан. Бид нар юм ярьж сууж байгаад 01 цаг өнгөрч байхад би гэр рүүгээ харихаар болоод Б.Ш...............а миний өмнө утсаар яриад түрүүлээд явж байсан ба би араас нь эгч рүүгээ мессеж биччихээд харсан чинь Б.Ш...............аг баахан залуучууд тойрчихсон нэг залуу шанаадаж байсан. Би тэдэн рүү очиж “хөөе болиоч ээ” гэхэд Б.Ш...............аг цохиж байсан залуу шууд миний ам орчимд гараараа цохиод авсан. Тэгэхэд би газарт унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-70),

“...Миний нүд рүү нэг хүн өшиглөсөн. Би яаж мэдэж байгаа гэхээр би гэдсээ дараад нүдээ аньсан байсан ч гэсэн миний нүд рүү цохисон зүйл гарыг бодвол том дээрээс нь хүчтэй цохилт байсан. Бас гарны арьс биш ямар нэгэн гутал пүүзний материал байсан. ...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 75),

2. З.Бишрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- Сэжигтнээр өгсөн: “...Өнөмөнхөд цохиулаад унасан буржгар үстэй залуу машины тээшийг налаад суучихсан байдалтай байж байснаа...босох гэтэл Ж.М.................н очоод нүүр рүү нь 1 удаа өшиглөөд унагаачихсан ба өшиглөх үед пид хийх чимээ гарсан. Тэгэхэд Номио эгч Ж.М.................нд “уначихсан хүнийг цохихоо болиоч” гэсэн утгатай юм яриад байж байсан ба би татаж салгасан... буржгар үстэй залууг...Ж.М.................н цохиж байхыг надаас гадна Номио эгч харсан байх. Ж.М.................н ах намайг эхэндээ буржгар үстэй залууг өшиглөсөн гэдгийг битгий хэл гээд гуйгаад байсан. Харин би дараа нь Энх-Учралд Ж.М.................н буржгар үстэй залууг өшиглөчихсөн юм шиг байна лээ гэж хэлснээс хойш надтай таарахаараа муухай дээрэнгүй харьцах болсон. ...Зодоон болсон өдрөөс бараг сарын дараа би утасны Voice Record тохиргоон дээр Г.Н.............нтой 33 дугаар байрны 6 дугаар орцонд юм ярьж байхдаа хийсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 213-214, 204-205),

- Гэрчээр өгсөн: “...Д.Э...............р нь машины багааж хэсгийг налаад суучихсан байхад...Ж.М.................н баруун талд зогсож байснаа Д.Э...............рын нүүр рүү өшиглөсөн. Өшиглөх үед пид гэх аймаар эвгүй чимээ гарсан. Үүнийг Номио эгч харсан. Тэгтэл Номио эгч чи унасан хүнийг цохихоо болиоч гэж байсан. Ж.М.................н Д.Э...............р гэх буржгар үстэй залуугийн зүүн нүдний хэсэгт өшиглөсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 57-59),

3. Г.Н.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- Сэжигтнээр өгсөн: “...З.Бишрэл бид хоёр дээр 8 дугаар орцны урд ирсэн. Тэгэхэд өндөр буржгар үстэй залуу зогсоол дээр зогсож байсан машины тээшний хэсгийг налаад суучихсан...байснаа...босох гэхэд Ж.М.................н араас нь очоод нүүр рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөхийг харсан боловч дараа нь Ж.М.................нэс асуухад өшиглөөгүй гээд байхаар нь өөртөө эргэлзээд хэлж чадаагүй юм. ...Дээрх бичлэг дээрх яриа З.Бишрэл бид хоёрын хооронд болж өнгөрсөн яриа байна. ...Намайг харж байхад Ж.М.................нэс өөр хэн нэгэн буржгар үстэй өндөр залууг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 11-12),

“...Тухайн үед би Ж.М.................н Д.Э...............р гэх буржгар үстэй залууг...өшиглөж байхыг харсан. Яг өшиглөх үед пид хийх чимээ гарсан.  Тэгэхээр нь би очоод чи газар уначихсан байгаа хүнийг яах гэж өшиглөж байгаан гэтэл шууд цаашаагаа...яваад өгсөн. ...Ж.М.................н...машин налаад уначихсан байсан залуу...өндийгөөд ирсэн чинь нүүрнийх нь зүүн нүдний хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр үед цохиулсан залуу буцаад хажуу талаараа газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 48-50),

4. Насанд хүрээгүй гэрч М.Энх-Учралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.Бишрэл надтай цагдаагийн газрын гадаа уулзаад юм яриад зогсож байхдаа буржгар үстэй залууг хэн өшиглөснийг би мэднэ гэж байсан. Тэгэхээр нь би “хэн юм бэ” гэж асуухад “Мөнхөө ах өшиглөсөн юм” гэж хэлэхээр нь би “чи тэгээд харсан юм бол яагаад байцаагчид үнэнийг хэлэхгүй байгаа юм бэ” гэхэд “би нэг байранд цуг өссөн ахыгаа хэлж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд Г.Н.............н эгч бас харсан  гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь цагдаагийн газрын гадаа З.Бишрэлтэй тааралдаад чи үнэнийг байцаагчид хэлээч гэхэд Номио эгч бас харсан буржгар үстэй залууг өндийгөөд босож ирж байхад нь өшиглөсөн гэж Номио эгч бас надад хэлсэн  гэж байсан. Байцаагч намайг яг нүдээрээ харсан бодит үнэнээ хэл, худлаа ярьж болохгүй гэсэн болохоор би хэлээгүй юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 195-196),

5. Б.Өнөмөнхийн  мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...З.Бишрэл миний мөрөн дээр дарж байгаад Д.Э...............рын гуя орчим жийж өшиглөсөн боловч шүргээд өнгөрсөн. Тэгэхэд Д.Э...............р намайг гэж бодсон бололтой над руу хараад зүүн мөр рүү гараараа түлхээд над руу нэг алхахаар нь би зөрүүлээд цээж рүү нь түлхтэл Д.Э...............р машин налаад зогссон...З.Бишрэл зодоон болж байхад Ж.М.................н Д.Э...............рын толгой дээр дэвссэн тэрийг нь харсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 194-196),

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12732 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “...1. Д.Э...............рын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн шарх, агуулагдахууны гоожилт, торлогийн ховхролт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо. ...3. 5 Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34-д зааснаар 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 157),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 305 дугаар дүгнэлт “...1.Урьд гарсан 12731 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...3. Д.Э...............рын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн шарх, агуулагдахууны гоожилт, торлогийн ховхролт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хурал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх нүдний гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34-д зааснаар 35 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 164-165) зэрэг нотлох баримт болно.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ж.М.................н нь гэм буруугийн санаатай хэлбэр идэвхтэй үйлдлээр хохирогч Д.Э...............рын нүүрэн тус газар өшиглөж түүний бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э...............р нь хохирол, хор уршигт нийт 5.508.650 төгрөг (1 хавтаст хэргийн 210-223) нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Мөн хохирогч Д.Э...............р нь өмгөөлөгчийн зардалд 3.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах гэм хорын зардал нэхэмжлэх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул цаашид гарах хор уршиг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв. Харин хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал гэх 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хохирогч нь өөрийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор өмгөөлөгч хөлслөн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардал нь төлбөрийн чадваргүй хохирогчид хамаарахаар хуульчилсан болно. 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Ж.М................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах дүгнэлтийг,

- Хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

- Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Ж.М.................н нь эцэг эхийн хамт хувиараа барилгын материалын худалдаа эрхэлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн, урь өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан, хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Ж.М.................нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.М.................н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан бодит хохирлыг төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болох хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

IV. Бусад асуудлаар

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М.................н нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож, нийт цагдан хоригдсон 7 хоног буюу торгох ялын 105 нэгж болох 105.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, оногдуулсан ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “SOMEI CD-R 730MB 80MIN 52Х” бичиглэл бүхий цагаан өнгийн CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.М................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Цогтынхон овогт Ж................ны М................нийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М................нийг 15.000 (арван таван мянга) нэгж буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн төлөх 15.000 нэгжийн торгуулийн ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М.................н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М................ний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 7 (долоо) хоног буюу торгох ялын 105 нэгжийг эдлэх ялд оруулан тооцож, торгох ялаас хасаж тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.М.................нд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж, ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь өөрт учирсан хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “SOMEI CD-R 730MB 80MIN 52Х” бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.М.................нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.М.................нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                      Л.БААТАР

 

                                                                              Г.ГАНБААТАР