| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00694/И |
| Дугаар | 130/ШШ2017/00744 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2017/00744
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дүгээр багт оршин суух, К.А-йн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дүгээр багт оршин суух, Х.Е-ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Машины үнээс үлдсэн 300000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч К.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Х.Е- нь надаас 95-34 дугаартай “Елантра” маркийн машиныг 1200000 төгрөгөөр худалдаж аваад тухайн үед бэлэн 900000 төгрөг өгөөд үлдсэн 300000 төгрөгийг сарын дараа өгнө гэж баримт өгсөн юм. Иргэн Е-аас үлдсэн 300000 төгрөгийг өгөөч гэж асуухаар өгөхгүй, хэл амаар доромжлон намайг хохироож байна. Иймд иргэн Х.Е-аас 300000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Е- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Анх А- надад 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 95-34 улсын дугаартай Елантра машиныг 1200000 төгрөгөөс ярина гэсэн юм. Би машиныг асааж жаахан явж үзсэн юм. Тэгсэн моторын сапоны шланкийг сугалж хаяад ундааны сав \пепси\ угласан байсан. Түүнээс болж мотор нь муудсан байсан. Урьд шил нь хагархай их л хуучин машин байсан. Би 1200000 төгрөгөөр авахгүй гэхэд А- өөрөө бэлэн 900000 төгрөгөө өгөөд ав, дараа нь 100000 төгрөгөөр тохирч болох байх гэснээ чиний эхнэр өвчтэй амьдрал хүнд байгааг үзлээ, ерөөсөө чи надад Елантрагийн аккумулятор өгчихвөл болно гэж тохиролцсон юм. Би 900000 төгрөгөө өгөөд машиныг авсан юм. Бичиг баримтыг дараа очоод авчих гэсэн юм. Тэхээр нь би машинаа миний нэр дээр буулгуулаад өг гэхэд за л гэж тохирсон юм. Машин нь явахаа байхаар нь би 600000 төгрөгөөр мотор худалдан авч тавьсан юм. Би 20-иод хоногийн дараа аккумулятор аваад гэрт нь очиход тэр хөдөө явсан байсан. Авгай нь би авахгүй загнаад гаргасан юм. Өвгөн бичиг баримт өгөөгүй учир би удаа дараа торгуулаад бүр сүүлд 200000 төгрөгөөр номер, бичиг баримтыг худалдаж авсан юм. Миний ахуй амьдрал маш хүнд байгаа болохоор би түүнд одоо мөнгө өгч чадахгүй хэлэлцэн тохиролцсоноор аккумулятор авна гэвэл өгч болно. Өөр өгөх юм алга. Иймд А-йн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч К.А- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар өгсөн мэдүүлэгт: Миний бие “Елентра” маркийн БӨА 9534 улсын дугаартай машинаа Х.Е-ад 1,2 сая төгрөгөөр зарсан. Тэгээд бэлнээр 900000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 300000 төгрөгийг сарын дараа өгнө гэж гарын үсэг зуруулж авсан. Би бичиг үсэг мэдэхгүй гэхээр нь эхнэр нь баримт бичээд гарын үсэг зурж өгсөн. Х.Е- бичиг үсэг мэдэхгүй гээд өөрөө зураагүй. Саяхан зах дээр тааралдаад мөнгө маань яасан бэ гэхэд ямар мөнгө вэ, очих газартаа очоорой гээд доромжилсон. Тэгээд би аргаа барж шүүхэд хандсан. Одоо хүртэл мөнгийг маань өгөхгүй гүрийгээд явж байгаа. Анх машинаа худалдах үед миний бие шинээр авсан машин жижиг аккумулятор дийлэхгүй болохоор нь шинэ аккумулятор авчирч өгөөрэй үлдсэн үнээс хасаж авъя гэсэн. Намайг аккумулятор авсны дараа Х.Е- манай эхнэрт хуучин аккумулятор авч ирсэн байна. Гэнэт шинээр аккумулятор авсан болохоор аваагүй. Иймд машины үнээс үлдсэн 300000 төгрөгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Х.Е-ад мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Х.Е-, А гэсэн 6 дугаар сарын 3-ны өдөр бичсэн гарын баримтад “А-ээс Елентра машиныг 1200000 төгрөгөөр авлаа, 900000 төгрөгийг бэлэн өглөө, маргааш 100000 төгрөг, үлдсэн 200000 төгрөгийг нэг сарын дотор өгнө” гэсэн байна.
Энэ баримтаар нэхэмжлэгч К.А- нь 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Х.Е-ад “Елантра” маркийн машиныг 1200000 төгрөгөөр худалдаж, бэлэн 900000 төгрөг авсан нь, мөн хариуцагч Х.Е- 300000 төгрөгийг төлөөгүй болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Х.Е-ын гаргаж өгсөн “Х.Е- нь ам бүл 7, эхнэр 5 хүүхэдтэй, өрхийн орлогогүй, нэн ядуу өрх, эхнэр нь болох А хөдөлмөрийн чадваргүй” гэсэн Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, мөн өрхийн эмчийн тодорхойлолт нь энэ хэрэгт хамааралгүй болно.
Иймд хариуцагч Х.Е-аас “Елантра” маркийн машины үнээс үлдсэн 300000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.А-эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9700 төгрөгийг улсын орлого болгох хариуцагч Х.Е-аас 9700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-г баримтлан хариуцагч Х.Е-аас “Елантра” маркийн машины үний үлдэгдэл 300000 (гурван зуун мянган) төгрөгийг гаргуулан К.А-эд олгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч К.А-йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9700 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Е-аас 9700 (есөн мянга долоон зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.А-эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК